Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00317

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00317

 

 

Г.А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч МД ХК--д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 6,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашинд учирсан хохиролд 5,985,000 төгрөг, автомашин ачиж тээвэрлэсэн зардалд 260,000 төгрөг, үнэлгээний төлбөр 270,000 төгрөг, оношлогооны төлбөр 75,000 төгрөг, нийт 6,590,000 төгрөгийг МД ХК--аас гаргуулна.

Нэхэмжлэгч нь Vauxhall Agila гэх 1199 мотортой машины эзэмшигч бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр МД ХК--д автомашинаа 10,000,000 төгрөгөөр үнэлж, Алтан жолоо гэсэн 100 хувийн бүрэн даатгалын ангиллыг сонгож, 3 хувийн хураамжийн үнэ 300,000 төгрөгийг төлж даатгуулсан. МД ХК--тай 851127115 тоот автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан.

Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар чиглэлд Амгалан хотхоноос 1 км зайд машины урд дугуйны боолт суларсан, уг боолтыг чангалах үед машин газрын уруу өнхөрч эвдрэн, их хэмжээний хохирол учирсан. Машин газрын уруу өнхөрч, улмаар хөрвөөсөн учир цагдаа, даатгалыг дуудсан ба даатгалын ажилтан үнэлгээгээ хийлгээд, материалаа бүрдүүлээд МД ХК--д өгөөрэй гэж хэлсэн. Үүний дараа замын цагдаагийн албан хаагч ирээд газар дээр үзлэг хийгээд таны энэ осол бол авто тээврийн осол биш, та даатгалаараа машинаа янзлуулаарай, харин машиныг журмын хашаанд хийнэ, одоо ачлагын машин ирж байгаа гэж хэлсэн.

Машинаа журмын хашаанаас авахдаа тээвэрлэсэн зардалд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 260,000 төгрөг, мөн машины оношилгоонд 75,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний зардалд 270,000 төгрөгийг тус тус төлсөн. Ашид билгүүн ХХК-аас автомашины хохиролд үнэлгээг 5,985,000 төгрөгөөр тогтоож өгсөн. Ийнхүү хохирлын үнэлгээ хийлгээд МД ХК--д баримтаа бүрдүүлж өгөөд нөхөн төлбөрөө авахаар хүлээж байтал 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/622 тоот албан бичгээр МД ХК- нөхөн төлбөр олгохоос татгалзсан. МД ХК- ослын газар дээр очиж үзэхэд сольсон запас дугуй байхгүй, ослын газрын зураг дээр уруу газар өнхөрч унасан гэх мөр байхгүй байгаа нь тогтоогдсон гэж худал тайлбар хийж нөхөн төлбөр олгохоос татгалзсанд гомдолтой. Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.3-т даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу даатгуулагчид олгох гэж заасан байх бөгөөд автомашинд учирсан хохирол, оношилгоо, тээврийн, үнэлгээний зардлуудаа алтан жолоо багцад хамаарах эрсдэлээс үүссэн хохирлоо МД ХК--аас бүрэн гаргуулан авах эрхтэй гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

МД ХК- нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.А-той 90С200000206 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, түүний өмчлөлийн VAUXHALL AGILA маркийн, 65-39 УНЯ улсын дугаартай автомашины хөдөлгөөний үеийн осол, байгалийн эрсдэлүүд, жолоо шилжүүлэх эрсдэл, хөдөлгөөний бус үеийн осол, галын эрсдэлүүд, хулгай дээрмийн эрсдэлүүд, жолоочийн гэнэтийн осол гэх мэт учирч болох дээрх эрсдэлүүдийг даатгасан. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад Г.А- нь МД ХК--ийн шуурхай албаны 1800-1990 утсанд өөрийн 9552-2040 дугаар утаснаас холбогдож Төв аймаг явах замд Амгалан хотхоноос 1 км зайд дугуй сольж, боолтыг чангалах үед тээврийн хэрэгсэл уруу газар өнхөрч чулуу мөргөсөн гэх дуудлага өгч бүртгүүлсэн.

Уг дуудлагын дагуу МД ХК--ийн шуурхай албаны ажилчид газар дээр нь очиж үзлэг хийхэд VAUXHALL AGILA маркийн, 65-39 УНЯ улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь хуучин хохирол байсан ба сольсон гэх запас дугуй байхгүй, уруу газар өнхөрч унасан мөр байхгүй, цагдаа даатгалаараа учраа ол гэсэн гэх тайлбар хэлсэн боловч 102-т залгасан дуудлага байгаагүй, шалгуулахаас эрс татгалзсан тул 17 цагт үзлэгийг дуусгаж, тэмдэглэл үйлдсэн. Г.А- нь авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.6-д заасан баримтуудыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг замын цагдаагийн газрын акт, тодорхойлолтгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр МД ХК--д гаргасан. Уг хүсэлтийг МД ХК--ийн зүгээс хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр даатгалын гэрээний 12.7.1-д даатгуулагч эсхүл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан бол нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасны дагуу дээрх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэн 01/622 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн.

Даатгуулагчийн анх МД ХК--ийн шуурхай албаны 1800-1990 утсанд ослын талаарх дуудлагыг өгөхдөө дугуйгаа сольж байхад тээврийн хэрэгсэл өнхөрч чулуу мөргөсөн гэдэг боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урд дугуйн боолт суларсан, уг боолтыг чангалах үед машин газрын уруу өнхөрсөн гэж зөрүүтэй байдлаар мэдүүлж байна. Мөн даатгуулагч нэхэмжлэлдээ замын цагдаагийн алба хаагч ирээд газар дээр үзлэг хийгээд таны энэ осол бол авто тээврийн осол биш, та даатгалаараа машинаа янзлуулаарай, харин таны машиныг журмын хашаанд хийнэ, одоо ачлагын машин ирж байгаа гэж хэлсэн, машинаа журмын хашаанаас авсан гэж бичсэн байх боловч МД ХК--ийн шуурхай албаны ажилчид ослын газар очиж үзлэг хийхэд даатгуулагч Г.А- уг ослын талаар зам тээврийн ослын дуудлага өгдөг 102 дугаарт ослын дуудлага өгөөгүй байсан ба шүүхийн хэрэгт ч ослын дуудлага өгсөн талаарх баримт, уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч ирж үзлэг хийсэн талаарх баримтууд байхгүй, зам тээврийн осол биш гэж үзсэн хэрнээ цагдаагийн алба хаагчийн шийдвэрийн дагуу автомашиныг журмын хашаанд шилжүүлэн тээвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна.

Цагдаагийн алба хаагч осол биш гэж үзсэн бол тээврийн хэрэгслийг журмын хашаанд шилжүүлэх шийдвэр гаргах боломжгүй.

Ослын талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, даатгалын нөхөн төлбөр олгох материалыг дутуу бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд даатгалын нөхөн төлбөрт 6,590,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч МД ХК--аас даатгалын нөхөн олговорт 6,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй. Миний бие эгчийн бие өвдсөн учир Дархан хотод очих зайлшгүй шаардлага үүссэн учир энэ нөхцөл байдлаа бичиж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан анх удаа зарлагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй.Талуудыг мэтгэлцүүлэх боломжоор хангаагүй, тэгш эрхийг олгоогүйд гомдолтой.

4.б Хариуцагч шүүх хуралдаанд худал тайлбар өгсөн.

Миний бие МД ХК--аар 100 %-ийн автомашины иж бүрэн даатгал хийлгэсэн бөгөөд ослын газарт цагдаа, даатгал хоёр ажилласан. МД ХК- нь даатгалын нөхөн төлбөр олгохоос санаатай татгалзсан бөгөөд нэг ч төгрөг төлөхгүй байгаа нь шударга бус болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, шүүх хуралд биечлэн оролцож мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал гаргасан хариу тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч МД ХК--д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт автомашинд учирсан хохиролд 5,985,000 төгрөг, машиныг ачиж тээвэрлэсэн зардалд 260,000 төгрөг, үнэлгээний төлбөр 270,000 төгрөг, оношлогооны төлбөр 75,000 төгрөг нийт 6,590,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Хэрэгт нэхэмжлэгч Г.А-ыг хэргийн материалтай танилцуулсан тухай, ийнхүү танилцуулснаа баримтжуулсан баримт авагдаагүйгээс хэргийн оролцогчийн эрхийг бүрэн эдлүүлсэн, талуудыг бүрэн мэтгэлцүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд талууд автомашинд 5,985,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн үнэлгээний байгууллагын дүгнэлт, оношлогоо хийлгэсэн гэх байдлыг хэрхэн үгүйсгэж байгаа, цагдаа дуудаагүй гэх боловч машиныг ачиж тээвэрлэж журмын хашаанд хүргэсэн гэх байдлын талаар зохигч мэтгэлцсэн баримтгүй байна.

 

Хэрэгт талууд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр маргааны зүйл болох автомашиныг даатгасан даатгалын гэрээг байгуулсан тухайд маргаагүй байна. /хх29-31/

 

Даатгалын тохиолдол үүссэн эсэх үйл баримтын талаар талууд бүрэн мэтгэлцээгүйгээс гадна хариуцагчийн Дарханд гачигдалтай явж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаагүй нь учир дутагдалтай болжээ. /хх89/

 

Зохигч даатгалын тохиолдол үүссэн эсэх, нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэх, цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийсэн эсэх, автомашинд учирсан хохирол хуучин шинийн аль нь болох зэрэг олон асуудлын хүрээнд маргасан байхад анхан шатны шүүхээс хариуцагч нь даатгалын баримт дутуу бүрдүүлсэн тул зөвшөөрөхгүй маргасан гэж маргааны зүйлийг дутуу тодорхойлсон. /хх29-31/

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг бүрдүүлэхээр заасан.

 

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөрийг олгохоос даатгагч татгалзахаар заажээ. Гэвч Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасан даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх байдлыг даатгагч яаж нотолсон нь тодорхойгүй, энэ үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хэргийн баримтаас шүүх хуралдаан нэг удаа товлогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд бэлдэх, биечлэн оролцох боломжийг хангасан гэх байдал тогтоогдоогүй./хх96-97/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД