Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0356/Э

 

 

 

 

 

 

 

 

2024      08          28                                          2024/ШЦТ/370

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Т,

хохирогч З.Э, өмгөөлөгч Э.Т,

шүүгдэгч Г.А, өмгөөлөгч М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн 2425001710413 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Г.А

Шүүгдэгч Г.А нь;

2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны ар талын төв зам дээр өөрийн эзэмшлийн “Ford Escape-ZD/Форд Ескапи-зэтди/ загварын 88-09ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.“жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан хохирогч З.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Г.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч З.Э “...Би 11 цагт ажилдаа явдаг, гэрээсээ гараад гарцаар гарах гэхэд их хурдтай машин ирж байсан, шууд ирээд намайг дайрсан, би унаад босож ирээд “чи намайг яагаад дайрчихав” гэхэд “өө эгчээ яана аа, би таныг дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд явах гэхэд хөл сийгээд байхаар нь харахад гутал салбайсан байсан, би нөхрийгөө болон замын цагдаа дуудсан, нөхөр маань ирээд эмнэлэг рүү хамт явсан. Би нэхэмжилсэн мөнгөө энэ хүнээс авмаар байна, цаашид хөл яаж эдгэхийг мэдэхгүй байна, өөрөө янз бүрийн аргаар эмчилгээ хийлгээд явж байна, тахимаараа нугарахгүй байгаа, эмч нар “гамаа сайн барь, зүгээр болно” гэсэн, миний хөл одоо ч боолттойгоо явж байна. Энэ хүнийг сэтгэл муутай юм уу гэж бодсон, нэг ч удаа “эгчээ та яаж байна” гэж утсаар яриагүй, би эмнэлэгт хэвтсэн байхдаа “төлбөрөө дийлэхгүй байна, миний дүү төлбөр хийгээд өгөөч” гэхэд эхнэр нь ирээд төлбөр хийж өгсөн, дараа нь “томографик зураг авахуулмаар байна” гэхэд “та шүүхээр явах гэж байгаа юм бол шүүхээрээ явахгүй юу” гэсэн, үүнд нь би гомдож байгаа. Би настай хүн, нэг удаа ч гэсэн “яаж байна” гээд утсаар ярьчихгүй гэж бодож байгаа, утсаар ярьсан, яриагүй надад хамаагүй, энэ хүн муухай сэтгэлтэй юм билээ, утсаар ярихаараа “би өөрөө муу байна”, “миний бие муу байна” гэдэг. Хөл маань яахыг мэдэхгүй, би настай хүн, тэр битгий хэл хөлний хагалгаанд ороод хөлгүй болдог юм билээ, хөлөндөө л эмзэглэж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны  тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14, 15-17 дахь тал/,

хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18 дахь тал/,

хохирогч З.Э-ийн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10.40 цагийн орчим...“Натур мед” эмнэлэг буюу ажил руугаа очихоор гэрээсээ гарсан, ... намайг 6-15 дугаар байрны арын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтээ дунд оврын цагаан өнгийн жийп машин хурдтай ирж явахаар нь би “хурдаа хасаарай” гэж баруун гараараа жолооч руу дохисон, гэвч жолооч хурдаа хасалгүй явган хүний гарцаар гарч явсан намайг хүчтэй мөргөж унагасан. ...хөл рүүгээ харсан чинь өмсөж явсан годон гутлын арьс нь урагдаж, миний баруун хөл ил гарчихсан байсан. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч 40-50 орчим настай, эрэгтэй хүн машинаас бууж ирээд “эгч ээ та зүгээр үү, таныг гутлыг оёулаад өгье” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм” гээд өөрийнхөө утаснаас нөхөр Л руу залгаж, машинд мөргүүлсэн талаараа хэлж дуудсан, удалгүй нөхөр хүрч ирсэн, бид хоёр түргэний машинд суугаад БОЭТ-рүү явсан. ...намайг эмнэлэгт хэвтэх үед 550.000 төгрөг өгсөн, дараа нь холбогдож “өвдөгний зураг авахуулна, 385.000 төгрөг хэрэгтэй байна.” гэхэд “та өмгөөлөгч ав, шүүх, цагдаагаараа явж байгаа юм бол тэр талаараа явж мөнгө, төгрөгөө олж авахгүй юу даа.” гэж хэлсэн. Миний хувьд эмчилгээний зардалд 597.300 төгрөг, өмсөж явсан хувцас 2.100.000 төгрөг, авах ёстой байсан цалин хөлс 2.700.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 8.580.000 төгрөг нийт 13.977.300 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч Б.Л-гийн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед... эхнэр Эрдэнэчимэг “ажилдаа явлаа” гээд гэрээсээ гарсан. ...тэгээд 10-15 минутын дараа өөрийнхөө утаснаас над руу залгаж “намайг машин дайраад унагачихлаа, би машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн, би түүнийг сонсоод гайхаж, балмагдаад хаана байгаа гэдгийг нь асуугаад 6-15 дугаар байрны арын явган хүний гарц дээр гүйж очиход замын хойд талд эхнэр маань өөрийг нь машинаараа мөргөсөн гэх эрэгтэйтэй зогсож байсан. Намайг хараад “энэ залуу намайг мөргөөд унагачихлаа, би мөргүүлчихлээ” гээд доголчихсон, өмсөж явсан годон гутал нь юу ч үгүй задарч урагдсан, гадуурх куртик нь урагдсан байдалтай боржур дээр сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Г.А-гийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед санагдаж байна, БОЭТ орж шинжилгээ өгчихөөд буцаад гэртээ харих замдаа Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан танихгүй эмэгтэй хүнийг мөргөж унагасан. Би гарц дээр хүн мөргөчихөөд машинаасаа буугаад нөгөө эмэгтэйгээс шууд уучлалт гуйж, “миний буруу” гэдгээ хэлсэн. Тэгээд нээх удалгүй тэр эмэгтэйн хүү болон нөхөр ирсэн, хүү нь гэх залуу ирээд “ээжийг мөргөсөн” гээд уурлаж, миний цээж рүү нэг удаа түлхсэн. ...ийм явдал болсонд маш их харамсаж байна, миний машинд мөргүүлсэн эмэгтэйн эмчилгээний мөнгийг олж өгөх болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91, 99 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 299 дугаартай; “...З.Э-ийн биед тахилзуур ясны хугарал, зүүн тохой, баруун өвдөг, баруун гуя, баруун шилбэ, баруун шагай, баруун тавхай, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тахилзуур ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны даргын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 528 дугаартай “...З.Э 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс тус төвийн хүлээн авах хэсгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, ...тус төвд хэвтэн эмчлүүлээгүй болно.” гэсэн албан бичиг, амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбарууд /хавтаст хэргийн 40, 41-51 дэх тал/,  

Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн шинжээч Л.Э, Б.М, Б.З нарын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай;

“...уг тээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд ямар нэгэн гэмтэл байхгүй, стандарт шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэлд эвдрэлтэй эд анги байхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагааг хэвийн бус болохыг явдал дунд мэдэж засварлах боломжгүй, тусгай багаж, тоног төхөөрөмж дээр нарийвчлан хэмжилт хийж илрүүлэн засварлана. Уг тээврийн хэрэгслийг дахин, дахин ашиглах боломжтой гэж үзлээ.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-70 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М нарын  2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 551 дугаартай;

“...З.Э-ийн сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “...Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.“жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

шүүгдэгч Г.А-гийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/,

жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

жолоочийн 137827 дугаартай үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 128 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн, хохирогчид 550.000 төгрөг төлснийг нотлох Хаан банкны дансны хуулга, амбулаторийн карт,

хохирогч З.Э-ийн;

“Шинэ Эрин мед” эмнэлгээс ирүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 54-63 дахь тал/,  

эмчилгээний зардал 597.300 төгрөг, өмсөж явсан хувцасны үнэ 2.100.000 төгрөг, авах байсан цалин 2.700.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 8.580.000 төгрөг, нийт 13.977.300 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 111, 112-125 дахь тал/,  

шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн, эм худалдан авсан гэх 119.082 төгрөгийн, Улаанбаатар хот явж шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал гэх 344.766 төгрөгийн, нийт 462.848 төгрөгийн баримтууд, “Натур мед” эмнэлгийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон Г.А-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Г.А-гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

хохирогч З.Э-ийн “...гарцаар гарах гэхэд их хурдтай машин ирж байсан, шууд ирээд намайг дайрсан, би унаад босож ирээд “чи намайг яагаад дайрчихав” гэхэд “өө эгчээ яана аа, би таныг дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. ...нэхэмжилсэн мөнгөө энэ хүнээс авмаар байна, ...хөлөндөө л эмзэглэж байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч З.Э-ийн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10.40 цагийн орчим...6-15 дугаар байрны арын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтээ дунд оврын цагаан өнгийн жийп машин хурдтай ирж явахаар нь би “хурдаа хасаарай” гэж баруун гараараа жолооч руу дохисон, гэвч жолооч хурдаа хасалгүй явган хүний гарцаар гарч явсан намайг хүчтэй мөргөж унагасан.” гэх,

гэрч Б.Л-гийн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед... эхнэр Эрдэнэчимэг “ажилдаа явлаа” гээд гэрээсээ гарсан. ...тэгээд 10-15 минутын дараа өөрийнхөө утаснаас над руу залгаж “намайг машин дайраад унагачихлаа, би машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн, ...6-15 дугаар байрны арын явган хүний гарц дээр гүйж очиход...“энэ залуу намайг мөргөөд унагачихлаа, би мөргүүлчихлээ” гээд доголчихсон, өмсөж явсан годон гутал нь юу ч үгүй задарч урагдсан, гадуурх куртик нь урагдсан байдалтай боржур дээр сууж байсан.” гэх

Г.А-гийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед санагдаж байна, БОЭТ орж шинжилгээ өгчихөөд буцаад гэртээ харих замдаа Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан танихгүй эмэгтэй хүнийг мөргөж унагасан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны  тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 299 дугаартай, “...З.Э-ийн биед тахилзуур ясны хугарал, зүүн тохой, баруун өвдөг, баруун гуя, баруун шилбэ, баруун шагай, баруун тавхай, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М нарын  2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 551 дугаартай, “...З.Э-ийн сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтүүд,

мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаа, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны даргын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 528 дугаартай албан бичиг, амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд болон “Шинэ Эрин мед” эмнэлгийн З.Э-ийн өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Г.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.А-гийн гаргасан үйлдэл “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаагаас гадна Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй,

тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.“жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн түүний буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Э-ийн эрүүл мэндэд “тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоо байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас, мөн Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөнөөс уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Э.Т “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзана байх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлснийг, одоогоор хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдож түр хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал  сайжирмагц “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т усны машины жолоочийн ажилдаа эргэн орж ажиллах зэргийг нь харгалзан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж, хуульд заасан хамгийн бага хэмжээний торгох ялаар торгож өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав. 

          Шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, төлбөрийг төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.А гэм буруутай үйлдлээрээ хохирогч З.Э-ийн эрүүл мэндэд тахилзуур ясны хугаралбүхий гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.

Шүүх шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Э.М нарын  2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 551 дугаартай, “...З.Э-ийн сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 3.293.400 төгрөгөөр тогтоож,

хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас; эмчилгээний зардал 597.300 төгрөг, авах байсан цалинд 1.800.000 төгрөг, шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн, эм худалдан авсан гэх 114.282 төгрөг, Улаанбаатар хот явж шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал гэх 344.766 төгрөг нийт 6.149.348 төгрөгийг шүүгдэгч Г.А-ээс гаргуулж хохирогч З.Эт олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг хохирогчийн дансанд даруй шилжүүлсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. 

Харин шүүх хуралдааны үед хохирогчийн тухайн үед өмсөж явсан куртик болон гуталны зах зээлийн үнэ ханш, үнэлгээ нь тодорхойгүй байгааг хэлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тайлбарлахад хохирогч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн энэ шаардлагаа /2.100.000 төгрөгийг/ “...энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлнэ” гэсэн тул шүүх гуталны үнэ 650.000 төгрөг, куртикны үнэ 1.450.000 төгрөг нийт 2.100.000 төгрөгийн шаардлагыг,

мөн шүүх хуралдааны үед хохирогч З.Э “...би 3 дугаар сарын 11-ний өдөр аваарт орсон, 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу тэр сарын мөнгийг надад бүтэн олгож өгсөн.” гэж тайлбарласан тул түүний авах байсан цалингаас 3 дугаар сарын цалин 900.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Хохирогч нь хэдийгээр нийгмийн даатгал төлдөггүй, шаардлагатай нотлох баримтууд дутуу байсан ч “Натур мед” эмнэлэгт үйлчлэгч ажилтай болохыг нотолж 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04/01 дугаартай, 8 дугаар сарын 28-ны өдрийн 08/07 дугаартай албан бичгүүдийг хэрэгт хавсаргуулсан бөгөөд уг ослын улмаас 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй болох нь тогтоогдсон тул түүний 2024 оны 4, 5 дугаар сарын цалин 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

Г.А-ээс хураан авсан “В” ангиллын 137827 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэрийн хамт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6.Шүүгдэгч Г.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгт хураан ирүүлсэн “В” ангиллын 137827 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг,

шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э