Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2026/0029

 

 

 

2026       03         17                                            123/ШШ2026/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            .... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө” шашны байгууллага,

Нэхэмжлэгч: иргэн Л.О,

Хариуцагч: .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.У,

Хамтран хариуцагч: .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: иргэн К, П.А, П.Н нарын хоорондын хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ө” шашны байгууллагын тэргүүн, иргэн Л.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Б, Г.Д, хариуцагч Г.У, хамтран хариуцагч .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямханд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Нэхэмжлэгч “Ө” шашны байгууллага, иргэн Л.О нараас .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Уд холбогдуулан “улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2,3 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “хяналтын улсын байцаагчийн 2025 оны 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

            1.2. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т заасныг үндэслэн Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох”,

“илт хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К, Монгол Улсын иргэн П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны  өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[1].

1.3. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны акт, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбогдох гомдлоо урьдчилан шийдвэрлүүлсэн талаар:

-Нэхэмжлэгч нараас “.... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/9054 дугаартай албан бичгээр “...шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн хариуг авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

- Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл болон иргэн К, П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны  өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[2]. Нэхэмжлэгч нар нь эдгээр бүртгэлтэй холбогдуулан эрх бүхий гомдол гаргаагүй бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас урьд, “Ө” шашны байгууллагын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосонтой холбогдох гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүл” гэсэн хариуг авсан тус тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй...” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч, .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан[3] болно.

            Хоёр. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд,

2.1. Нэхэмжлэгч “Ө” шашны байгууллага, иргэн Л.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ө” шашны байгууллагыг 2006 онд Бурханч багш П-н санаачилгаар үүсгэн байгуулсан ба 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, үүсгэн байгуулагч Г.П, удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Э, Л.О, Ө.Т, Б.С, Д.Б нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Ц.М, С.Л, Б.Ч нарын бүрэлдэхүүнтэй өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Багшийг бурхан болсны нэг жилийн ойн хугацаа өнгөрсний дараа 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Ө” шашны байгууллагын дүрэм удирдлагын асуудлыг шийдвэрлэж, удирдах зөвлөлийн гишүүн Д.Э, Л.О, Ө.Т, Б.С, Б.Б нар хуралдаж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, Г.Пын аав Б.Г гуайг гишүүнээр нэмж, Л.О миний биеийг удирдах зөвлөлийн дарга, хийдийн Тэргүүн ламаар сонгосныг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлж, 000329631 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хуучин гэрчилгээ, тамга хүчингүй болсон. Тамгаа шинээр хийлгэж авах гэтэл манай байгууллагын шинэ бүртгэл, шинэ гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас түдгэлзүүлсэн гэх тайлбар хийж, манай байгууллагын тамгыг солих ажиллагаанд саад учруулж байна. Энэ асуудлыг тодруулахад багшийн эхнэр асан К, охин П.А, П.Н нар нь “...Ө шашны байгууллага нь өөрөө хувийн өмч бөгөөд бурханч багшийн маань өв залгамжлагч нар нь учраас бид өвлөж авах ёстой...” гэх үндэслэлээр манай байгууллагын шинэчилсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдлыг бүртгэлийн байгууллагад гаргасан байсан. “Ө” шашны байгууллага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.6, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Дээрх хууль тогтоомжийн хүрээнд ашгийн төлөө бус тэр тусмаа шашны байгууллагын хөрөнгийг хэн нэгэн үүсгэн байгуулагч өмчилдөггүй, тухайн байгууллагын өмч байдаг тул манай байгууллага нь хэн нэгний өмч биш, мөн тус байгууллагын өмч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлөгдөх эд хөрөнгө болон өвлөгдөх эрхэд хамаарахгүй. Хариуцагч хяналтын улсын байцаагч Г.У 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр "Бүртгэл хүчингүй болгох тухай" 2302 дугаартай дүгнэлтийн "ДҮГНЭХ" хэсгийн 2 дахь заалтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 1480001006 дугаарт бүртгэлтэй 1044567 регистрийн дугаартай Ө шашны байгууллагын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгосон байна. Улсын байцаагч шийдвэрийнхээ үндэслэлийг "улсын бүртгэгч Б.Ц нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр...1044567 регистрийн дугаартай Ө шашны байгууллагын Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй,...улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эрхийн талаар үнэн зөвийг холбогдох хуулийн этгээдээс тодруулж, тайлбар мэдээлэл аваагүй, өмнө нь хувийн хэрэгт авагдсан Ө сүм шашны байгууллагын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг нягтлан шалгаагүй улсын бүртгэл хөтөлсөн..." гэж тайлбарласан нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй, хууль бус дүгнэлтийг хийжээ. Тухайлбал:

1. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь тухай хуулийн этгээдийг төлөөлөх эрх хууль зүйн үндэслэл байдаггүй. Тодруулбал үүсгэн байгуулагч нь тухайн хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасан байгууллагыг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийг сонгох, томилох журмыг холбогдох хууль болон дүрэмд зааснаар тодорхойлдог бөгөөд ямар нэгэн албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд байгууллагын дүрэмд заасан тэр албан тушаалынхаа бүрэн эрхийн хүрээнд тухайн хуулийн этгээд төлөөлдөг. Түүнээс биш үүсгэн байгуулагчийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд хамааруулж үздэггүй.

2. Багшийн тухайд “Ө” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн шийдвэрээр манай байгууллагын тэргүүнээр томилогдон, дүрэмд зааснаар тэргүүний хувиар манай байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөн ажиллаж байсан. Аливаа байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаал нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлөгдөх эрхэд хамаарахгүй юм. Улсын байцаагч "...улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй..." гэсэн нь Иргэний хуулийн уг зохицуулалтад нийцээгүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан дүгнэлт хийсэн байна. 3. Улсын байцаагч "... улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эрхийн талаар үнэн зөвийг холбогдох хуулийн этгээдээс тодруулж, тайлбар мэдээлэл аваагүй..." гэж буруутгахдаа шашны байгууллагын тухайд ямар хуулийн этгээдээс ямар асуудлыг тодруулж тайлбар, мэдээлэл аваагүй талаар тодорхой тайлбарлаагүй байна. 4. Улсын бүртгэгч холбогдох бүртгэлийг хийхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд авагдсан манай "Ө" шашны байгууллагын ямар бүртгэлийг нягтлан шалгаагүй талаар нэг ч үг дурдалгүйгээр "..."Ө" шашны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийг нягтлан шалгаагүй..." гэж хэт хийсвэр, баримт нотолгоогүй дүгнэлт хийсэн. 5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар ойлгох бөгөөд хуулийн тус зохицуулалтаар "тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүн"-ийг ойлгодог. Тэгвэл шашны байгууллага нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6 дахь хэсэг, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд шашны байгууллагын өмч, хөрөнгөтэй холбоотой харилцааг Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар шашны байгууллагын өмч, хөрөнгө нь хэн нэгэн хувь хүнд өмчлөгддөггүй. Гэтэл улсын байцаагч манай байгууллагын тэргүүн асан Г.П-ыг эцсийн өмчлөгч гэж дүгнэсэн нь хууль бус юм. Улсын байцаагч дүгнэлтдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус үндэслэн бүртгэлийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан байна. Эдгээр хуулийн зүйл, заалтууд нь бүртгэлийн үйл ажиллагааг хэрхэн яаж явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан процессын шинжтэй зохицуулалт юм. Харин дээр дурдсан шашны байгууллагын зорилго, өмчлөл, эрх барих дээд байгууллага, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, шийдвэр гаргах эрх хэмжээтэй холбоотой үйл баримтуудад хамаарах харилцааг зохицуулсан материаллаг хуулийн тодорхой зохицуулалтыг огт хэрэглээгүй байна. Иймд .... аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Угийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2302 дугаартай дүгнэлтийн ДҮГНЭХ хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

...Нийслэлийн тойргийн нотариатч Д.О 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0032, 0033, 0034 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг БНСУ-ын иргэн К, П.А, П.Н нарт олгосон байдаг уг өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг үндэслээд 2025 оны 6 сарын 05-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 2302 дугаартай дүгнэлтийг гаргасан, түүнчлэн 2025 оны 6 сарын 23-ны өдөр дээрх өв залгамжлагч нарыг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн талаар дурдсан. "Ө" шашны байгууллагын хувийн хэрэгтэй танилцахад БНСУ-ын иргэн К, охин П.А, П.Н нарыг тус байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хийхэд бүрдсэн баримтууд, хурлын тэмдэглэл, Ө шашны байгууллагын өвлөгч нарын тогтоол, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд харин 2020 оны 12 сарын 28-ны өдөр Г.П агсныг эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт хувийн хэрэгт авагдаагүй байна. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэх ойлголтыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тайлбарласнаас харахад "эцсийн өмчлөгч" гэх хууль зүйн нэр томъёо нь зөвхөн ашгийн төлөөх хуулийн этгээдэд хамаарахаар байна. Хуулийн этгээд нь байгуулагдсан зорилго болон өмчийн хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 25.2-т "...ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно", 33 дугаар зүйлийн 33.1-д "Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна", 33.2-т "Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна", 99.1-д "Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна", 99.2-т "Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй", 99.3-т "Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна" гэж тус тус хуульчлагдсан. Бүтэц зохион байгуулалт болон эрх зүйн харилцаанд оролцох онцлогийн хувьд Иргэний хуулийн 36.6-д "Сүм хийд нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө”, 37.1-д “Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ" гэж тус тус заасан байгаагаас харахад шашны байгууллага нь ашгийн төлөө бус хуулийн этгээдэд хамаарч байна. Ийм учраас шашны байгууллагын хувьд эцсийн өмчлөгчийн бүртгэл хийгдэх болон хэн нэгний хувийн өмч байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй, удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байхаар, Удирдах зөвлөлийг хэн нэгэн эцсийн өмчлөгч томилох хууль зүйн үндэслэлгүй, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлд Сантай холбоотой нарийвчилсан зохицуулалтууд байдаг зэргээс дүгнэхэд эрх зүйн байдлыг нь Төрийн бус байгууллагатай адилтган ойлгох, энэ нь шашны байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой харилцаанд Төрийн бус байгууллагын хууль мөн адил үйлчлэхээр байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр "Ө" шашны байгууллагын тухайд анхнаасаа буюу 2020 оны 12 сарын 28-ны өдөр Г.Пыг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 2025 оны 6 сарын 23-ны өдөр К, П.А, П.Н нарыг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл аль аль нь хийгдэх ёсгүй байсан болно. Эцсийн өмчлөгчтэй холбоотой бүртгэлийг ийнхүү хууль зөрчиж хийснээс болоод манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь цаашид улам даамжирч, хууль ёсны удирдах зөвлөл нь байгууллагынхаа дотоод үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг хангах боломжгүй байдалд орж, байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагааг хянах, өмч хөрөнгөө эзэмдэн авах, төрийн болон бусад байгууллага, иргэдтэй эрх зүйн харилцаанд орох боломжгүй болсон, санхүү татварын тайлан, балансаа гаргаж чадахгүй, татварын өр нэхэгдээстэй, цаашилбал хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа этгээдүүдэд тоногдох маш эрсдэлтэй нөхцөл байдлыг улам дэвэргэсэн үр дагавар үүсгэж байгаа. Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т заасныг үндэслэн урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 1. Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох”, 2. Дээрх хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К, Монгол Улсын иргэн П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны  өдрийн бүртгэлийг илт хууль бус болох” тогтоолгох гэжээ.

2.2. Нэхэмжлэгч “Ө” шашны байгууллагын тэргүүн, иргэн Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” шашны байгууллага нь 2006 онд бурханч лам Г.П багшийн санаачилгаар анх үүссэн байгуулагдсан. 2016 оны 3 дугаар сарын 24-нд удирдах зөвлөлд н.Б лам, Л.О лам миний бие, н.С лам, н.Т лам, н.Э 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон. Байгууллагын харьяа Аглаг бүтээлийн сүм дээр бүтээгдсэн чулуун сийлбэрүүдийн үнэлгээг хийлгэж хийдийн хөрөнгө болгож бүртгүүлсэн. Энэ бүртгэл хийгдсэнээс хойш  шинэчлэлт өөрчлөлт явагдаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 10-нд бурханч лам багшийг таалал болсноос хойш гэр бүлийнх нь хүмүүс хийдийн эд хөрөнгөд халдаж, цоож цуурга бүх зүйлийг сольсон. Бид нар хүндэтгэлтэй хандсан. 2025 оны 4 дүгээр сарын 15-нд Хууль зүйн сайд Алтангэрэлийн тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч Гэрэлзул гэж хүн над руу холбогдсон. 4 дүгээр сарын 18-ны өдөр би очиж байгууллагын бичиг баримт хувийн хэргүүдийг аваад удирдах зөвлөлийг хуралдуулж шинээр бурхан лам багшийн аав Б.Ганхүүг удирдах зөвлөлд бүртгүүлсэн. Багшийн аав Б.Ганхүү гуай Хууль зүйн сайдад гомдол гаргаад хариуг нь Б.Ганхүү гуайд өгсөн. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бид нар улсын бүртгэлд бүртгүүлээд 4 дүгээр сарын 28-нд  шинэчилсэн гэрчилгээ олгогдсон. Бид нар шинээр тамга тэмдгээ гаргуулж авахаар бүртгэлд хандсан. Гэвч бид нарт байцаагч Г.У-гаас гэрчилгээг түдгэлзүүлсэн гэсэн хариу тайлбар өгсөн. Энэ түдгэлзүүлснээс хойш 2025 оны 6 дугаар сарын 5-нд багшийн хоёр охины хүсэлтээр өвлөх эрх нээлгэсэн байгаа тул “Ө” шашны байгууллагыг өвлөж авах ёстой гэсэн шаардлага тавиад 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрчилгээг цуцлуулах хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлт дээр дүгнэлт хийгээд 2025 оны 6 дугаар сарын 5-нд шийдвэр гаргасан. Улсын бүртгэлийн газрын хяналтын байцаагчийн 2302 дугаар дүгнэлтэд гомдол гаргасан. Эцсийн өмчлөгчтэй холбогдох 2 дахь нэхэмжлэлийн талаар бол 2020 оны 12 дугаар сарын 28-нд эцсийн өмчлөгчөөр бурханч лам багшийг бүртгэсэн, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн 3 гишүүнийг өмчлөгчөөр бүртгэсэн. Энэ үйлдэл нь илт хууль бус. Эцсийн өмчлөгчийн бүртгэлтэй холбогдуулаад манай байгууллагад хохирол учирч эхэлсэн. Асуудлууд зөндөө гарч байгаа. Тэтгэврийн тайлан, санхүүгийн тайлан, торгууль гэх мэтчилэн юмнууд бид нараас шаарддаг. Бид нараас төлбөрийг шаарддаг улирал болгон мессеж ирдэг торгууль нэхэмжилдэг боловч бид нар дотоод үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаатай холбогдуулаад тайлан баланс юмнууд гаргаж чадахгүй байгаа. Энэ байгууллагын үндсэн захиргаа нь .... аймгийн Борнуур сумын .... дээр байгаа, салбар Аглаг бүтээлийн сүм, бясалгалын зориулалттай газрын гэрчилгээ авсан. Энэ байгууллагын үндсэн хөрөнгө гэж нэрлэгдэж байгаа тэр 6 тэрбум 255 сая төгрөгийн үнэлгээ бүхий бүтээл нь Аглаг бүтээлийн сүм буюу сүм нь ууланд байгаа чулуун сийлбэр байгаа. Энэ нь тусгай хамгаалалттай бүс нутагт байдаг. Газрын хөрснөөс үл салгах чулуу, ургаа модыг бүгд Монгол Улсын өмчлөл гэж хэлсэн. Манай байгууллага эзэмших эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ  байхгүй. Урлагийн бүтээлүүд маш олноор шинээр хийгдсэн. Ирээдүйд энэ Монгол Улсын үнэт соёлын өв гэж бодож байна. Хийдийг байгуулагдахад маш олон судар ном, бурхан шүтээн Монголын сүсэгтэн олноос хандивлагдаж ирсэн, цуглуулагдсан байдаг, Аглаг бүтээлийн сүмийн хөрөнгө гэж байгаа. Уулан дээр ургаа хадан дээр сийлчихсэн бурхны тухай уран бүтээл яригдаад 6 тэрбум төгрөг гээд байна. Яах вэ ургаа хадан дээр хэн нэгэн санаж сэдээд, миний багш өөрөө санаж сэдэж нэг уран бүтээлч хүн бүтээсэн нь үнэн. Энийг бүтээхэд Монголын ард түмэн хандив өргөсөн нэг бүрчлэн тус тусдаа өвийн эзэнтэй энэ нь энэ гэр бүлийн хөрөнгө болгоё гэж өгсөн гэж би ойлгохгүй байна. Энэ Монголын бурхны шашин цаашдаа энэ ард түмэн, нутгийн ард түмэн, Монголын сүсэгтэн олон багшид дэмжлэг үзүүлсэн ард түмний хөрөнгө оруулалт, өргөл барьц. Яг энэ өвлөх эрхийн гэрчилгээ дээр бичсэн 6,255,995,400 төгрөг гээд байгаа чулуун сийлбэр бол төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт байгаа, хад мод, уул, ургаа ус, газар шороо бүгдээрээ Монгол Улсын өмч. Энэ дээр дүгнэлт хийж өгнө үү. Одоо энэ бүгд эрсдэлд орчихсон байгаа. Хамгийн анхны жишээ гэхэд энэ хийдийн улсын татвар дээр бүртгэлтэй байгаа 400 гаруй малыг нядалгаанд өгчихсөн юм. Өнгөрсөн 2025 оны 09 дүгээр сард энэ шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаад шалгагдаад явж байхад л зэрэгцээд энэ тэнд нотариатынх ч юм уу юуных ч юм бичиг баримт гарч ирсэн. Дээрээс нь гадаад иргэн орчихсон, ер нь багшийн доор ажиллаж байсан энэ бүтээн байгуулалтын ажил нам зогссон. Өөд болмогц нь жилийн дараа өв нээгдээгүй байхад л захиран зарцуулаад эхэлсэн. Хамаг ажилчдыг нь халсан. Одоо бол энэ хийдийн данс тэг, энэ хувь хүмүүсийн данс руу бүх орлого ордог. Үүнээс мөнгө өгөөд ордог бүх хүний мөнгө орж байгаа. .... аймгийн улсын бүртгэлийн улсын байцаагч Г.Угийн 2203 дугаартай дүгнэлтийн хоёр дахь заалтыг хүчингүй болгуулах саналтай байна. ...Багш маань хүсэл зорилгоо амьд ахуй цагтаа илэрхийлчихсэн. Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо энэ миний хувийн өмч биш, ард түмний өмч гээд өөрөө айлдсан байгаа. Шүүхээс бичлэгт үзлэг хийсэн. Бүртгэл нь мөн процессын хувьд буруу явсан, хариуцагч нар Татварын байгууллага бүртгэчихсэн байсан гэдэг. Татварын байгууллага бүртгэл хийх чиг үүрэгтэй байгууллага биш бүртгэлийг бол зөвхөн бүртгэлийн байгууллага хийнэ. Тэгэхээр 2020 оны 12  дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчөөд хийгдчихсэн эцсийн өмчлөгчдийн бүртгэл огт хийгдэх ёсгүй байсан. Хууль зөрчөөд хийгдсэн энэ илт хууль бус бүртгэлийг үндэслээд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нотариатч Д.О өв залгамжлалын гэрчилгээ өгсөн, өв залгамжлалын гэрчилгээг үндэслээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эцсийн өмчлөгчөөр 3 иргэнийг бүртгэчихсэн. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсны удирдах зөвлөл бүртгэлийн албанд хандаж бүртгэлээ хийлгэж байх үед тэр өв залгамжлалын гэрчилгээ нь гараагүй байсан. Бид нар зөрчөөд байгаа зүйл байхгүй, энэний эсрэг Л.О лам хувьдаа авъя гээд өргөдөл өгсөн үйлдэл байхгүй. Энэ хүсэл зорилгыг нь хүндлээд энүүнийг цаашид нь үргэлжлүүлээд явахын төлөө энэ удирдах зөвлөл хуралдсан. 2025 оны 4 дүгээр сарын 15-нд Улсын бүртгэлийн газраас миний бие рүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч Гэрэлзул гэж хүн Хууль зүйн сайд Алтангэрэл гэж хүний тушаалаар над руу холбогдоогүй байсан бол би энэ тухай хөөцөлдөхгүй байсан. Яагаад гэвэл би энд оролцоогүй. Өв нээгдэхэд бүтэн жилийн хугацаа байдаг юм байна. Өв нээгдээгүй байхад энэ сүм хийдэд нүүж очоод захиран зарцуулагдах энд байгаа ажилчдыг нь халаад хүний эрх зөрчигдсөн...Энэнээс өмнө ойр дотно байсан энэ сүм хийдийн хурал номыг хариуцаж байсны хувьд надаас маш олон хүн энэ юу болоод байгаа бэ гэж асуусан. Жишээ нь энэ миний хажууд энэ сууж байгаа Удирдах Зөвлөлийн гишүүн н.Энх-Амгалан хөндлөнгийн ажиглагчаар ирчихсэн байна. Энэ хүн багшийн төрсөн эгчийнх нь хүүхэд. Энэ “Өлзий бадруулагч” сүм шашны байгууллагын тэр тусмаа Аглаг бүтээлийн сүмийг үүсгэн байгуулахаас авхуулаад өдийг хүртэл бүх ажлыг гардан гүйцэтгэж зүтгэсэн хүн. Энэ хүн багшийнхаа дараа ямар нэг олз ашгийн төлөө биш чин сэтгэлээсээ уран бүтээл туурвисан. Гэтэл энэ улсууд энэ хийд дээр ирсэн цагаасаа ундны усыг нь хаасан. Энэ хүн Борнуур сумаас 5 литрийн саваар ус зөөгөөд амьдарч байна. Энэ хүн өөрийн гараар чулуу үүрээд худаг хийсэн. Төрсөн аав, ээж 2 нь миний багшийн 49 хоног хураагаад дүүрэхэд өрөөнд нь орж бурханд нь мөргөмөөр байна гээд уйлж байсан. Энгийн юугаа ч мэдэхгүй хэдэн хүн ирээд би энэ шашныг лам нар авчирч хуралд оруулаад сүм хийдийн лам нарыг нь хөөж туугаад байж болох юм уу. Хурал тогтмол үргэлжилж байгаа гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Манай багш байхдаа бид нар ном хурж байсан. Багшийн маань эхлүүлсэн зорьсон хурал тасалдсан. Энэ Монголын бурхан шашны өв уламжлал цаашаа үргэлжлэхэд нэг лам нь хийдийн тэргүүн үүсгэн байгуулж санаачилсан гээд гэр бүл эхнэр хүүхэд нь ирээд цаашдаа бид нар өөр лам нар авчирна гээд энд 10, 20 жил багшийнхаа доор сүсэглээд явсан сүсэгтнүүдийг бас гадуурхаад байх юм. Ар гэр, төрөл садан, энэ өвлөх эрхийн гэрчилгээ гээд нэг яриад байна. Яагаад багшийн аавд мэдэгдээгүй байдаг юм. Бид нар 2013 онд томилогдсон. Лам багшийн үгийг дагадаг байсан учир бид нар удирдах зөвлөлийн хурал хийж байгаагүй...Би “Ө” шашны байгууллага 2011 онд нээлтээ хийж, тухайн жилийн өвлийн цагаан сарын хурал номын үйл ажиллагаа эхэлснээс хойш тогтмол хурал номын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож, хурал номыг багшийн удирдлага дор ахлах, багшийг зав чөлөөгүй үед ахлах болон унзад ламын үүрэг гүйцэтгэж 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Хадан дээрх сийлбэр бол ард түмний хандиваар буюу чулуун сийлбэр хийдэг хоёр компаниар гэрээгээр хийлгэдэг. Ард түмнээс хандив авч загвараа өөрсдөө гаргаж тэр хүмүүсээр хийлгэдэг. Ихэнх загварыг багш болон удирдах зөвлөлийн гишүүдээс гаргана. Удирдах зөвлөлийн гишүүн н.Э бас хадан дээрх сийлбэрээс хэд хэдийг сийлсэн, өөрөө мөн бие дааж загвар гаргадаг. Сийлэх ажлыг нь н.Энх-Амар зарим нэгийг нь гүйцэтгэсэн. Ер нь бол ихэнхийг нь “Боржигон чулуу” ХХК, “Чандмань чулуу” ХХК 2 компани гэрээгээр гүйцэтгэсэн....Гурван удаа зөвшилцөхөөр очиход бид нарыг хүлээж аваагүй. Борнуур сумын ....өөс цагдаа дуудсан байхад ч өрөө тасалгааг дотроос нь түгжээд нь оруулдаггүй. Харуул хамгаалалтын бүгдийг нь сольчихсон. Тэгээд бид нар орж чаддаггүй юм... Ашгийн төлөө бус шашны байгууллагад хэн нэгэн эцсийн өмчлөгч байх ёсгүй...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...“Ө” шашны байгууллага Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.6, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх эдэлж үүрэг хүлээдэг. Ашгийн төлөө бус шашны байгууллагын хөрөнгийг хэн нэгэн хүн, хэн нэгэн этгээд хувийн өмч гэж өмчлөх ойлголт хууль зүйн хувьд огт байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан эд хөрөнгө болон эрхийг өвлөх гэдэг ойлголт бас байх боломжгүй. Өв залгамжлах хуулийн зохицуулалт хувийн өмч л өв залгамжилна, иргэний хувийн өмч. Тэрнээс биш нийтийн өмчийг буюу шашны байгууллагын өмчийг өв залгамжлах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй юм. Бурханч лам Г.П гуай тухайн үед “Ө” шашны байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэрээр “Ө” шашны байгууллагын тэргүүний томилгоотой ажиллаж байсан. Дүрэмд зааснаар тэргүүний хувьд “Ө” шашны байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөн ажиллаж байсан бол тэр албан тушаалын эрх нь бол байсан. Энэ албан тушаал маань өөрөө өмчлөгдөхгүй гэсэн үг...” Бурханч лам Г.П өөрөө тухайн үед 2005, 2006 оны үед санаачлаад үүсгэн байгуулагчаар нь оролцоод маш идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, шашны байгууллагад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тэгээд дээрээс нь тухайн шашны байгууллагыг үүсгэн байгуулах, бүтээн байгуулалтын ажлыг хувийнхаа хөрөнгөөр хийгээд байгаа юм байхгүй. Монголын ард түмний хандиваар тухайн байгууллагыг бий болгож босгоод яваад байгаа юм. 3-рт улсын байцаагч улсын бүртгэлд бүртгүүлж буй эрхийн талаар үнэн зөвийг холбогдох хуулийн этгээдээс тодруулж мэдээлэл аваагүй гэж буруутгадаг. Хуулиа харахад шашны байгууллагын дээд байгууллага нь Удирдах зөвлөл байгаа. Удирдах зөвлөл нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр очоод бүртгэл хийхдээ тэр шинээр бүртгүүлсэн 5 гишүүн тавуулаа биечлэн орчихсон. Одоо 100 нас хүрч байгаа Ганхүү гуай өөрийн биеэр ирсэн. Тэгэхээр тэндээс бүртгэл хийсэн улсын бүртгэгч Цэндсүрэнгийн хувьд хэнээс юуг тодруулах ёстой байсан нь ойлгомжгүй. 4-рт улсын бүртгэгч бүртгэл хийхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд авагдсан шашны байгууллагын ямар бүртгэлийг нягтлан шалгаагүй талаар нэг ч үг дурдаагүй. Хуулийн этгээдийн бүртгэлийг нягтлан шалгаагүй гэж хийсвэр баримт нотолгоо хийсэн. 5-рт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар тухайн байгууллагаас үр ашиг үр шимийг нь хүртдэг хүнийг ойлгохоор тодорхойлсон. Тэгэхээр ашгийн төлөө бус, ямар нэгэн ноогдол ашиг тараадаггүй байгууллага дээр эцсийн өмчлөгчийн талаар мөн яригдах боломжгүй. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тухайн үед мэдээгүй, шүүхэд гаргаж өгч байгаа гэрчилгээ дээр тэр бүртгэл огт байхгүй, тийм бүртгэл хийгдсэн гэдгийг хэн аль нь мэдээгүй учраас гомдол нэхэмжлэл тухайн үед гаргаагүй. Улсын байцаагч дүгнэлтдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3, Хууль этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус үндэслэн бүртгэлийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан байгаа. Энэ хуулийн заалтуудыг нэг харахаар материаллаг эрх зүйн зохицуулалт ерөөсөө байхгүй зүгээр процесс юм. Ийм учраас энэ өв залгамжлагч хүмүүс нь өв залгамжлах ёстой юм гэдэг хууль зүйн материаллаг хэм хэмжээ тэнд ерөөсөө дүгнэлт дээр огт байхгүй. Шашны байгууллага дээр хэн нэг хүн нэгэнд өмчлөх тухай ойлголт байхгүй, тэр байгууллага өөрөө л өмчлөлийн эзэн байна. Үр шим, ашиг орлогыг хүртэл тухай ойлголт шашны байгууллагад байхгүй учраас Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг хэрэглэгдэхгүй учраас эцсийн өмчлөлд бүртгэл хийгдэх бол ёсгүй. Эцсийн өмчлөгчийн бүртгэлийг хамгийн анх бол 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.П агсныг бүртгэчихсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн агуулгыг харахаар бүртгэлийн өөрчлөлтөөр тухайн байгууллага өөрөө төлөөлөх эрх бүхий этгээдүүд батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж, улсын бүртгэлийн албанд тоотоор хандаж бүртгэлээ хийлгэх зохицуулалттай. Гэтэл Улсын бүртгэлийн алба өөрсдөө сайн дураараа бүртгэл хийчихсэн, хуулийг бүхэлд нь зөрчсөн байгаа. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч нар Татварын байгууллага бүртгэчихсэн байсан гэдэг. Татварын байгууллага чинь бүртгэл хийх чиг үүрэгтэй байгууллага биш. Хууль зөрчөөд хийгдсэн энэ илт хууль бус бүртгэлийг үндэслээд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нотариатч өв залгамжлалын гэрчилгээг гаргасан. Өв залгамжлалын гэрчилгээг үндэслээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эцсийн өмчлөгчөөр гуравдагч этгээд 3 иргэнийг бүртгэчихсэн байдалтай байгаа. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсны удирдах зөвлөл бүртгэлийн албанд хандаж бүртгэлээ хийлгэж байх үед тэр өв залгамжлалын гэрчилгээ нь гараагүй байсан. Тэгэхээр 25-ны өдөр хүлээж аваад 28-ны өдөр хийгдсэн бүртгэл маань өв залгамжлалын гэрчилгээ нь угаасаа гараагүй байсан юм чинь тэнд бас ямар нэгэн хууль зөрчсөн алдаатай зүйл огт байхгүй. Хариуцагч Г Ундармаа 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2302 дугаартай дүгнэлтийг гаргахдаа улсын байцаагчийн албан шаардлага ирсэн учраас дүгнэлт гаргасан гэсэн агуулгыг хэлчихлээ. Энэ дүгнэлт тухайн Г.У байцаагчийн өөрийнх нь дотоод итгэл үнэмшил болон хуульд үндэслээгүй байна. Түүнийгээ өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа юм байна... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх хүн нэг юмыг ойлгоосой. Л.О гэдэг хүн багшийгаа тэнгэрийн оронд очсоны дараа эхнэр хүүхдийг нь зовоогоод байна гэж ойлгоод байх шиг байна, тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч Л.О маш олон жил багшийнхаа гарын шавь гэж явсан, маш олон захиас энэ хүнээр үргэлжилж байгаа. Энэ хүний цаана удирдах зөвлөлийн олон хүмүүс, төрөл төрөгсөд нь байгаа. Үүний араас багшийг хүндэлж байсан бүх шавь нар нь байгаа. Энэ хүн өөрийн нэр хүндийг золиослоод энд сууж байгаа. Сая хурал дээр гадаад хүн гэдэг үг хэллэг орсон. Ялгаварлан гадуурхсан байдлаар тайлбарлаагүй. Зан заншлын маш олон хэм хэмжээгээр зохицуулагддаг. Бурхны шашны зан үйлээр сэтэрлэсэн байсан малыг нядалгаанд өгсөн гэж эмзэглэснээ ярьж байна. Иргэдээс өгсөн хандив хувийн өмч гэж байна. Г.П гэдэг хүнийг зорьж очоод гардаж өгсөн ч байгаа, өөрийн хэлсэн банкны данс эсвэл байгууллагын дансанд өгсөн ч байх. Гэхдээ Г.П багшид хувьд нь өгөөгүй. Маш олон өглөгийн эзний буянаар бүтээсэн гэж байна. Багш удирдаж олон шавь нарынхаа хамт бүтээсэн гэдэг. 6,255 сая төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгө дан ганц багш өөрөө хийсэн зүйл биш. Маш олон өглөгийн эзний хандив шавь нарийнх нь оролцоотой бүтсэн зүйл. Тэгэхээр шашны байгууллагын хөрөнгө бол хувь хүний хөрөнгө болохгүй. Шашны байгууллагын хөрөнгө гэдгийг бүртгүүлж баталгаажуулсан. Хариуцагч байцаагч нь хуулийн этгээдийн гэрчилгээг дахин гаргасан, бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа Г.П агсны эхнэр хүүхдийн итгэмжлэл, гомдлыг үндэслэж энэ шийдвэр гарсан. Энэ агуулгаар үзэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 92.1-д заасан гомдол гаргах эрх хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 9 бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргасан хүний ямар эрх хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдсөн, зөрчигдсөн байна гэж үзвэл яаж сэргээх вэ гэдгийг шалгаж тогтоох байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудал өөр шүүх дээр шийдэгдэх ёстой. Тэр өв залгамжлах эрх нь энэ хуулийн этгээдийн бүртгэлтэй хамааралтай байна уу гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Нотлох баримтаар ирсэн гэрчилгээ харахад нэхэмжлэгчийн ямар эрхийг өвлүүлээд, ямар эд хөрөнгийг өвлүүлээд байгаа нь тодорхойгүй байсан. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан өвлөгдөх эрх гэдэг ойлголтод орох уу гэдгийг бүртгэх байгууллага шалгах хүрээндээ тодорхойлох ёстой. Шаардах эрхгүй этгээдүүдийн гаргасан гомдлыг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2-т заалтыг зөрчсөн. Гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэдгийг тогтоогоогүй байж шийдвэр гаргасан нь хууль бус болж байна. Хууль бус шийдвэр гарснаар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Гэрчилгээ байхад дахин гэрчилгээ олгосон гэж байна. Тухайн үед авах гээд дийлдээгүй. Нэгэнт гэрчилгээ олдохгүй бол гээд зөвлөмж өгсөн юм байна лээ. Манай үйлчлүүлэгч шашны байгууллагын гишүүд. Багшийн аав бүгд бидний үйлчлүүлэгч. Бүтэн жил өв залгамжлах эрх нээгдэх бүх зүйлийг эзэмдэж аваад байсантай холбоотой энэ хүмүүс яаж бүртгэлээ хийлгэх юм бэ. Энэ байгууллагын үүсгэн байгуулахад Г.П байгуулаагүй, 22 хүн байгуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сүм байгуулахыг дэмжиж шийдвэр гаргасан байдаг. Г.Даваахүү өмгөөлөгч олон үндэслэлийг тайлбарласан...Хуулийн этгээд болох шашны байгууллагын дүрэмд зааснаар тухайн хуулийн этгээдийн удирдах эрх бүхий удирдах зөвлөл өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэргүүн ламын хууль дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх, тэргүүн ламын болон удирдах зөвлөлийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. Иргэн Л.О гэдэг хүний хувьд бол тухайн шашны байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр, тэргүүн ламаар томилогдон ажиллах эрхтэй. Энэ эрхийнх нь хүрээнд удирдах зөвлөл нь хуралдаад удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэгдээд, удирдах зөвлөлөөс нь тэргүүн ламаар томилсон. Тэргүүнээр ажиллах энэ эрхийг нь хувь хүнийх нь хувьд зөрчиж байгаа. Шашны байгууллагын нэрээр нэхэмжлэл гаргаж ирж байгаа. Үүний цаана удирдах байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд мөн удирдах зөвлөлийн өөрийнх нь эрх ашиг бас давхар хамгаалагдах учраас заавал бүх гишүүдээр нэхэмжлэл гаргалцаагүй, тэргүүний хувьд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.5. Хариуцагч .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/6668 дугаартай албан бичгээр Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн. Энэхүү албан шаардлагын дагуу "Ө" шашны байгууллага (1044567)-ын хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн улсын бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажилла" гэсэн. Хуулийн этгээдийн хувийн хэрэг болон мэдээллийн санг шалгахад "Ө" шашны байгууллагын мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлд мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолд удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Б-г чөлөөлж, Б.Г-г удирдах зөвлөлийн гишүүнээр томилсныг бүртгэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр "Ө" шашны байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр Л.Оыг бүртгэсэн бүртгэлтэй байсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 20.1.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийг шалгасан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай албан шаардлагын хавсралтад Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0032, 0033, 0034 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсарган ирүүлсэн байсан. Өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Баяржаргал, П.Анхаа Ханаа, П.Н, Л.О, Б.Ганхүү, Д.Энх-Амар, Ө.Төгөлдөр нартай сонсох ажиллагаа хийсэн...Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэлийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0032, 0033, 0034 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай шийдвэр байдаггүй. "Ө" шашны байгууллагын хувийн хэрэгт байх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүрмийн 9.3 дахь заалтад удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацааг 2 жил гэж заасан байсан... 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2302 дугаар дүгнэлт гаргасан...” гэжээ.

2.6. Хариуцагч .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...шашны байгууллагыг өв залгамжилдаг харилцаа ороод ирсэн. Шашны байгууллага энэ тохиолдлоор өмнө бүртгэлд бүртгэгдэж байгаагүй. .... аймгийн хэмжээнд ч бүртгэгдэж байгаагүй. Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас манай бүртгэгч тодруулсан юм байна. Шашны байгууллага өвлөгдөх үндэслэлгүй ээ яагаад өв нээснийг бид нар тайлбарлаж мэдэхгүй байна гэсэн. Өвлөх эрх нь нотариатын үйлдэлтэй байгаа учраас тухайн үедээ дүгнэлтийг гаргасан. Хууль зүйн яамнаас тухайлсан бичиг ирснийг би мэдэхгүй, хараагүй... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

2.7. Хамтран хариуцагч, .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед мэдээлэл нь Татварын ерөнхий газрын мэдээллийн сангаас манай бүртгэл дээр автоматаар орж ирсэн. Манайд Ө шашны байгууллагын эцсийн өмчлөгч бүртгүүлэх албан ёсны хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргаж маягт бөглөж өгөөгүй учраас бид бүртгэлийг хийсэн гэж үзэхгүй байгаа. Манай дээр эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн гэсэн нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

2.8. Гуравдагч этгээд иргэн К, П.А, П.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч Г.Ж нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 03 сарын 22-ны өдөр Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсны дагуу Монгол улсад бүртгэлтэй 194,000 хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийг 2021 оны 01 сарын 01-ны өдрөөс өмнө Улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас явуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр тус сүмийн үүсгэн байгуулагч Г.Пыг бүртгэсэн нь хуульд нийцнэ. .... аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 12 сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Ө” хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хийдийн тэргүүн Г.Пад олгосон, Г.П нь 2006 оны 01 сарын 02-ны өдөр “Ө” хийдийг, өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулж холбогдох хүсэлт, өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өгч бүртгүүлсэн байдаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14-т заасныг үндэслэн Хуулийн этгээдийн хувийн хэрэгт эцсийн өмчлөгчийн мэдээллийг заавал тусгасан байх хуулийн шаардлагыг хангаж үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн. Гэвч нэхэмжлэгч эцсийн өмчлөгч нь зөвхөн ашгийн төлөө хуулийн этгээд байх ёстой мэтээр хуулийг тайлбарлаж хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бур хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйл 25.1-т заасан хүрээнд Монгол улсад бүртгэлтэй бүх хуулийн этгээдүүд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 4.1.11, 10.14, Татварын Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.12, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн.“Ө” хийдийн эцсийн өмчлөгчийг тодорхойлж бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцнэ...Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нээлттэй, нийтэд илэрхий мэдээллээс үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 02-нд Өмгөөлөгчдийн холбооны Их хурлаар Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Өмгөөлөгчдийн холбооны эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Бүртгэл хийх эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Хоёр дахь шаардлага: иргэн К, П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ" гэж, мөн хуулийн 36.6 дэх хэсэгт "Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө” гэж тус тус зохицуулж өгсөн бөгөөд одоогоор Монгол улсад Сангийн үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалт байхгүй. Иймд шашны болон сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаагаа дүрмээрээ нарийвчлан зохицуулж өгөхөөр хуульчилсан байна. "Ө” шашны байгууллагын дүрмийг 5 дахь хэсэгт “Сүмийг нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр 2005 оны 09 сарын 06-ны өдөр өөрийн санаачилгаар байгуулав", 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт"... Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч Тэргүүн лам ...", мөн дүрмийн 9 дүгээр зүйл 9.1 дэх хэсэгт "Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална" гэж зохицуулсан. Дүрэмд үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүнийг томилохоор зааж уг дүрмийг эрх бүхий байгууллага бүртгэсэн бөгөөд тус дүрэмтэй нэхэмжлэгч тал маргаагүй байна....Гуравдагч этгээд нар Г.П агсныг нас барсны дараа холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн тойргийн нотариатчид талийгаачийн эд хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасныг үндэслэн 2025 оны 04 сарын 30-ны өдөр 0032, 0033, 0034 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөгч нар эд хөрөнгө өвлөсөн гэхээс илүүтэй эцсийн эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх хариуцлагыг өвлөж авсан гэж үзэхээр байна. Иймд хүчин төгөлдөр өвийн гэрчилгээг үндэслэн Г.П-ын үүсгэн байгуулсан "Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр гуравдагч этгээдүүдийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нар нь 2025 оны 04 сарын 25-ны өдөр “Ө” шашны байгууллагын Удирдах зөвлөлийн хурал гэх ажиллагаа явуулж 2016 оны 03 сарын 24-ны өдрийн 03/01 дугаартай тогтоолоор баталсан удирдах зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж тогтоол үйлдэн Улсын бүртгэлд хүргүүлсэн байдаг. Бүртгэлд өгсөн баримт нь тамга, тэмдэг байхгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй баримт. Эдгээр хүмүүс тухайн хуулийн этгээдийн өмнөөс хурал зарлах, тогтоол гаргах, Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх хэмжээ байхгүй. Дүрмийн 9 дүгээр зүйл 9.3 дахь хэсэгт “Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Улируулан сонгож болно” хэмээн заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дууссан ба бүртгэлийн хувийн хэрэгт улируулан сонгох тушаал, шийдвэр гаргаагүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно" гэж заасан. Нэхэмжлэгч нарын зүгээс 2016 оноос хойш нэг ч удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон талаар шийдвэр гаргахыг, эрхийн бүртгэлийн газар бүртгүүлэхийг шаардаж байгаагүй. Эцсийн өмчлөгчөөр Г.Пыг 2020 оны 12 сарын 28-ны өдөр бүртгэсэн байхад нэхэмжлэгч нарын зүгээс нэг ч удаа маргаж байгаагүй нь талийгаачийн амьд сэрүүн байх үед эцсийн өмчлөгч нь Г.П болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсныг харуулж байна...Тэр хүний амьд ахуйдаа хийлгэсэн тамга, авсан гэрчилгээ нь гэр бүл болон үр хүүхдүүд нь байгааг мэдсээр байж хаяж гээгдүүлчихсэн байна гэх хүсэлтийг өгөөд шинээр авсан. Улсын бүртгэгч тамга тэмдгээ та нар гээсэн үү, шинэ удирдах зөвлөл батлах, тэргүүнээ сонгох эрх хэмжээ байна уу, үгүй юу гэх асуудлыг шалгах хуульд заасан чиг үүргүүдийг биелүүлээгүй учраас энэ бүртгэлийг хүчингүй болгосон. Төр сүм хийдийн тухай хуульд шашны байгууллагын нэр томьёог заасан, шашны байгууллага нийтийн өмч болчихдог зүйл байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.П гэдэг хүнийг хуульд заасны дагуу эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1..6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна...Гуравдагч этгээд нар дураараа очоод эзэн суучихсан асуудал ерөөсөө байхгүй. Холбогдох хууль журмын дагуу асуудал явж байгаа. Хамтраад энэ багшийн, аавын хань ижлийн бүтээсэн үйл хэргийг үргэлжлүүлээд явахад гуравдагч этгээд тал үргэлж бэлэн байгаа. Энэ маргаан үүсгэхээс илүүтэйгээр цаашдаа хамтраад явахад бэлэн. Харамсалтай нь нэхэмжлэгч тал энэ нөхцөл байдал дээр ерөөсөө байр суурь илэрхийлдэггүй юм...Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын “.... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”, “Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “илт хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К, Монгол Улсын иргэн П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэг. Нэхэмжлэгч нарын “.... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Маргаан бүхий захиргааны акт: .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаар дүгнэлтээр: “...тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ө” шашны байгууллагын хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй, Ө шашны байгууллага (1044567)-ын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/01 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 9.1 дэх хэсэгт "удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална." гэж, мөн 9.3 дахь хэсэгт хэсэгт "удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна." гэж заасан бүрэн эрхийн хугацаа дууссан байхад улсын бүртгэл хөтөлсөн...” гэсэн үндэслэлээр “Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд Ө шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож”[4] шийдвэрлэжээ.

1.2. Хавтаст хэрэгт авагдсан, бичгийн нотлох баримтууд:

            1/ “Ө” шашны байгууллагыг иргэн Г.П үүсгэн байгуулж, 2005 оны 10 дугаар сарын 29-ны өдөр анхны хуралдаанаа хуралдуулж, удирдах зөвлөлд Г.П, Л.Лосол, Ч.Бандидмаа, Баянсан, Наранцэцэг, Өлзийтогтох, Гүенбаатар нарыг, удирдах зөвлөлийн даргаар Г.Пыг сонгон[5], “Ө”-ын дүрмийг баталсан[6], 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Ө” шашны байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн 1480001006 дугаарт бүртгүүлсэн[7].

2/ Тухайн байгууллагын тэргүүн Г.П удирдан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хурлаа хийж, 03/01 дугаар тогтоолоор байгууллагын дүрмээ шинэчлэн баталж, удирдах зөвлөлийн даргаар Тэргүүн лам Г.П, гишүүнээр лам Д.Э, лам Л.О, лам Ө.Т, лам Б.С, лам Д.Б нарыг, мөн хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, байгууллагын хөрөнгийг 6,255,995,400 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд холбогдох баримтуудыг хүргүүлэн бүртгэлийн байгууллагад өөрчлөлтүүдээ бүртгүүлэн, 000070642 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг авсан[8].

3/ тус байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор[9] баталсан “Ө” шашны байгууллагын дүрмийн 7 дугаарт “7.1.Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, сүсэгтний холбоо гэсэн бүтэцтэй байна. 7.2. Төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч Тэргүүн лам, даамал, сүсэгтний холбооны тэргүүн нарыг оролцуулна. Өдөр тутмын үйл ажиллагааг Тэргүүн лам удирдан зохион байгуулна. 7.3. Тэргүүн лам нь Удирдах зөвлөлийн дарга байж, сүмийг гадаад, дотоод байгууллагад төлөөлөх, Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах...бүрэн эрх эдэлнэ” гэж, 9 дүгээрт “9.1. Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална. 9.3.удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.", 12 дугаарт “12.1.Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна....тогтоолд дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 12.2. Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр тэмдэглэл хөтөлнө” гэж тус тус заасан.

4/ Дээр дурдсан баримтуудаар, “Ө” шашны байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны 03 дугаар сард дууссан байх бөгөөд тус байгууллага нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг улируулан сонгосон, мөн шинээр сонгосон шийдвэрийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.

5/ “Ө” шашны байгууллагын тэргүүн Ганхүүгийн Пүрэвбат 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг Иргэний бүртгэл мэдээллийн сангийн бүртгэлийн 588 дугаарт бүртгэжээ[10]

6/ 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “Ө” шашны байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг Л.О удирдан, гишүүд Д.Б, Д.Э, Ө.Т, Б.С нар, мөн Тэргүүн, үүсгэн байгуулагч Г.П-ыг төлөөлүүлэн түүний аав Б.Г нарыг оролцуулан хуралдсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Д.Б-г удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж оронд нь үүсгэн байгуулагч тэргүүн Г.П-ын аав Б.Ганхүүг хүсэлтээр нь Удирдах зөвлөлийн гишүүнээр томилон, удирдах зөвлөлийн дарга, тэргүүн Г.Пыг /нас барсан тул/ чөлөөлж, Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн ламаар Л.Оыг сонгон, шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын тамгыг үрэгдүүлсэн тул шинээр нөхөн авч, бүртгэлийн өөрчлөлтийг холбогдох байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн[11],

7/ .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нь “Ө” шашны байгууллагаас гаргасан “хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах” өргөдөл, удирдах зөвлөлийн тэмдэглэл, тогтоол, баримтуудыг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулан, тус байгууллагын тэргүүнээр Л.О-ыг бүртгэж, 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ[12].

8/ Хариуцагч, улсын байцаагч Г.У нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаар дүгнэлтээр, “Ө шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан үүсчээ.

1.3. Ө” шашны байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор[13] баталсан “Ө” шашны байгууллагын дүрэм”-ийн[14]

4 дүгээрт “...Үүсгэн байгуулагч: Ганхүүгийн Пүрэвбат” гэж,

- “Хуулийн этгээдийн улсын лавлагаа” /регистр дугаар:1044567/-нд  “Үүсгэн байгуулагчийн мэдээлэл: “ЧК:..., Ганхүүгийн Пүрэвбат, бүртгэсэн он,сар, өдөр: 2010.03.09, 2016.04.01” гэж бүртгэгдсэн, үүнээс өөр иргэн бүртгэгдээгүй байна.

Үүнээс үзвэл, Ө” шашны байгууллагыг зөвхөн 1 иргэн, тодруулбал “Г.П” үүсгэн байгуулсан,

-Тус байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор[15] баталсан “Ө” шашны байгууллагын шинэчилсэн дүрэм” хүчин төгөлдөр байгаа,

            - тухайн дүрмийн 9.3-т зааснаар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор[16] Удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр сонгогдсон Г.П, Д.Э, Л.О, Ө.Т, Б.С, Д.Б нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан бөгөөд Удирдах зөвлөлийн дарга гишүүдийн улируулан сонгосон болон шинээр сонгосон шийдвэр гаргаагүй байна.

Үүний улмаас, “Ө” шашны байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор сонгогдсон Д.Э, Л.О, Ө.Т, Б.С, Д.Б нар Г.П-ын аав Б.Г нарыг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Удирдах зөвлөлийг хуралдуулсан болох нь нэхэмжлэгч Л.Оын “2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсны удирдах зөвлөл бүртгэлийн албанд хандаж бүртгэлээ хийлгэж байх үед тэр өв залгамжлалын гэрчилгээ нь гараагүй байсан. Багшийн...хүсэл зорилгыг нь хүндлээд цаашид нь үргэлжлүүлээд явахын төлөө энэ удирдах зөвлөл хуралдсан. 2025 оны 4 дүгээр сарын 15-нд Улсын бүртгэлийн газраас миний бие рүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч Гэрэлзул гэж хүн Хууль зүйн сайд Алтангэрэл гэж хүний тушаалаар над руу холбогдоогүй байсан бол би энэ тухай хөөцөлдөхгүй байсан. Яагаад гэвэл би энд оролцоогүй. Өв нээгдэхэд бүтэн жилийн хугацаа байдаг юм байна. Өв нээгдээгүй байхад энэ сүм хийдэд нүүж очоод захиран зарцуулагдах ажилчдыг нь халаад хүний эрх зөрчигдсөн...өмнө нь ойр дотно байсан энэ сүм хийдийн хурал номыг хариуцаж байсны хувьд надаас маш олон хүн энэ юу болоод байгаа юм бэ гэж асуугаад байсан...” гэсэн тайлбараар нотлогдож байна.

1.6. Үүнээс гадна,  “Ө” шашны байгууллагын гэрчилгээ, тамгыг үрэгдүүлээгүй, тус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан Г.П агсны гэр бүл болох эхнэр, хүүхдүүдэд нь хадгалагдаж байсан нь гуравдагч этгээд нарын төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн №000070642 дугаартай гэрчилгээний хуулбар,  хариуцагч Г.Угийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл[17] зэргээр тогтоогдож байна.

1.7. Гэтэл, .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нь “Ө” шашны байгууллагын “Удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол нь тухайн байгууллагын дүрэмд нийцсэн эсэх, улмаар тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Пын эрх, үүрэг тус байгууллагын дүрэмд, мөн хуульд заасан журмаар шийдвэрлэгдсэн эсэх, мөн үүсгэн байгуулагч Г.Пад хууль ёсны өвлөгч нар  байгаа эсэхийг өргөдөл гаргагч “Ө” шашны байгууллага, тус байгууллагын тэргүүнээр сонгогдсон Л.О нараас болон тодруулаагүй, тайлбар, нотлох баримт, лавлагааг гаргуулахгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэл хийсэн, 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс гадна, улсын бүртгэгч Д.Ц нь хариуцагч Г.У “...Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ө” шашны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах тухай удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоол, мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, 04 сарын 21-ний өдрийн тэмдэглэлийг үндэслэн хуулийн этгээдийн тэргүүнээр бүртгэж дахин гэрчилгээ олгосон: Тухайн бүртгэлийг бүртгэхдээ 2016 онд батлагдсан удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон шийдвэр, дүрмийн 9.1.1, 9.2, 12.1 дэх заалтуудыг үндэслэсэн” гэсэн тайлбар гаргасан атлаа,

2025 оны оны 12 дугаар сарын 01-ний өдөр .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...1. Хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэн эрх дууссан, “Ө” шашны байгууллагын  2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр баталсан дүрмийн 9.3-т “Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил” гэж заасан байдаг. Иймд 2016 онд сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийн дууссан тул туханй зөвлөл нь хуулийн этгээдийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй болсон. 2. Үүсгэн байгуулагч нар барсан тул удирдах зөвлөлийг дахин сонгох боломжгүй Дүрмийн 9.1-д Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгон батална гэж заасан.  Уг заалтын дагуу удирдах зөвлөлийг батлах эрх бүхий үүсгэн байгуулагч Г.П нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан тул дахин удирдах зөвлөл сонгох боломжгүй нөхцөл үүссэн...” гэсэн тайлбар гаргасан. Тухайн бүртгэгч нь улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид болон шүүхэд ийнхүү өөр агуулгатай тайлбаруудыг гаргасан байна.

 1.8. Иймээс, хариуцагч, .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Угийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ө” шашны байгууллагын хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй, Ө шашны байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/01 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 9.1 дэх хэсэгт "удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална." гэж, мөн 9.3 дахь хэсэгт хэсэгт "удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна." гэж заасан бүрэн эрхийн хугацаа дууссан байхад улсын бүртгэл хөтөлсөн нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр

 “Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан”-д “Ө” шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Г.Уг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.1.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, 4.1.4.үнэн зөв, бодитой...байх, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх…” гэж заасан зарчуудад нийцсэн байна.

Мөн, Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 16.1.1. бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах; 16.1.2. бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах, 16.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.3....нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ: 7.1.6.шашны байгууллага” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-т "Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд...түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.1. улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу" гэж, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тус тус зааснаар “Ө” шашны байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, тэргүүнийг сонгох эрхтэй эсэх, улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн эсэх шалгах, баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхээс татгалзах эрх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар тухайн байгууллагаас шаардсан баримт хувийн хэрэгт хавсаргагдаагүй байх тул “улсын байцаагчийн дүгнэлт” Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-т “Улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: 18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

1.9. Маргаан бүхий 2302 дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул, нэхэмжлэгч нарын “.... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.10. Хариуцагч  нь “шашны байгууллагын дүрэм, удирдах зөвлөлийн тогтоол” зэргийг үндэслэн маргаан бүхий 2302 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Иймд, шүүхээс, зөвхөн бүртгэлийн байгууллагын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 1480001006 дугаарт бүртгэлтэй 1044567 регистрийн дугаартай Ө шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэл”, уг бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаартай дүгнэлтэд Улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, тогтоомжийн хүрээнд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн.

1.10. Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэл нь “Ө” шашны байгууллагын эрхийг өвлөх эрхийн 0032, 0033, 0034 дугаартай гэрчилгээг иргэн К, П.А, П.Н нарт 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр “Ө” шашны байгууллага, Л.О, Б.С, Ө.Т, Д.Э, Б.Г нарын нэхэмжлэлтэй, нотариатч Д.О-д холбогдох, “Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Харин, нэхэмжлэгч, гуравдагч, тэдгээр төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “...иргэний маргааныг шийдвэрлэхээс өмнө захиргааны маргааныг шийдвэрлүүлнэ”[18] гэсэн тайлбарыг гаргасан.

Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2 дах хэсэгт “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ...Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно..” гэж тайлбарлажээ.

Үүнээс гадна, хариуцагч нь дүгнэлтийн үндэслэлдээ “Нийслэлийн тойргийн нотариатчийн “Ө” шашны байгууллагын эрхийг өвлөх эрхийн 0032, 0033, 0034 дугаартай гэрчилгээ...”-г заагаагүй байна.

Иймд, нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын “...Ө шашны байгууллага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.6, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээд,...шашны байгууллагын хөрөнгийг хэн нэгэн үүсгэн байгуулагч өмчилдөггүй,...тус байгууллагын өмч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлөгдөх эд хөрөнгө болон өвлөгдөх эрхэд хамаарахгүй...”хэмээн маргаж буй үндэслэлд болон “өвлөх эрхийн гэрчилгээ” хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч нарын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т заасныг үндэслэн Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. нэхэмжлэгч нараас зөрчигдөж буй эрхээ:

-Улсын бүртгэлд байгаа 2020 оны бүртгэлийн улмаас хуулийн этгээд болох шашны байгууллагын дүрэмд зааснаар тухай хуулийн этгээдийн удирдах эрх бүхий удирдах зөвлөл өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэргүүн ламын хууль дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх, тэргүүн ламын тэргүүн ламын болон удирдах зөвлөлийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа,

-иргэн Л.О-ын хувьд, тухайн шашны байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах тэргүүн ламаар томилогдон ажиллах эрхийг нь хувь хүнийх нь хувьд зөрчиж байгаа гэж тодорхойлон маргаж байна.  

2.2. Г.П нь Оюуны өмчийн газрын “Зохиогчийн эрхийн мэдээллийн сан”-д “Ө” шашны байгууллагын нэр дээр 37 бүтээл, Г.П-ын нэр дээр 18 бүтээл бүртгүүлсэн бөгөөд энэ талаар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “дүрмийн сангийн хэмжээг 6.255,995.400 төгрөг болгон нэмэгдүүлж, дүрэмд өөрчлөлт оруулсныг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах” өргөдөл гаргаснаар[19] тус хэлтэс тухайн өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд уг өөрчлөлтийг бүртгэн, гэрчилгээнд бичилт хийж, гэрчилгээг дахин олгосон[20],

2.3. “Ө” шашны байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн  мэдээлэл” бүртгүүлэх хүсэлтээ “УБ-12 маягт”-аар Татварын ерөнхий газрын цахим татварын систем /etax.mta.mn-ээр гаргаснаар[21], тухайн байгууллагын мэдээлэлд Г.П-ыг 6,255,995,400 төгрөгийн хөрөнгийн “эцсийн өмчлөгч"-өөр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн[22] зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:12.2.3.хуулийн этгээдийн ...эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр...” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.11."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ: 7.1.6.шашны байгууллага” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-т “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна: 10.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, 10.1.14.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч...-ийн талаарх мэдээлэл” гэж,

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.6. "эцсийн өмчлөгч" гэж: 3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ... тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг ойлгоно.” гэж,

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Сүсэгтэн олны шашин номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, байгууллагыг шашны байгууллага гэнэ.”, 9 дүгээр зүйлийн 3-т “Сүм хийд дүрэмтэй байна. Дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана: 1/сүм хийдийн нэр,...хөрөнгийн хэмжээ..”, 4.-т “Сүм хийд нь дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад тухай бүр албан ёсоор мэдэгдэнэ”, 11 дүгээр зүйлийн 1-т “Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.”, 4-т “Сүм хийд нь шашин-номын үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, ахуйн хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардагдах аж ахуйг өмчийнхөө хүрээнд эрхэлж болно.” гэж,

Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай  2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн 9 дүгээр зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтуудаар, шашны байгууллага нь “хуулийн этгээдийн улсын бүртгэл”-д бүртгүүлэх, өөрийн эзэмшил, өмчлөлдөө хөрөнгөтэй байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн шашны байгууллага нь “эцсийн өмчлөгч”-ийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

2.5. Дээрх хуулийн заалтуудын дагуу “Ө” шашны байгууллагын тэргүүн, эрх барих этгээд Г.П нь “Ө” шашны байгууллагын “хуулийн этгээдийн бүртгэл”-д “эцсийн өмчлөгч”-өөр бүртгүүлсэн байх тул уг бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, маргаж буй бүртгэлийг “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

2.6. Иймд, нэхэмжлэгч нарын “Г.П агсныг Ө шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, “Ө” шашны байгууллагын “хуулийн этгээдийн бүртгэл”-д  6,255,995.400 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн эцсийн өмчлөгчөөр Г.П-ыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг үндэслэн, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэл нь “Ө” шашны байгууллагыг өвлөх эрхийн 0032, 0033, 0034 дугаартай гэрчилгээг иргэн К, П.А, П.Н нарт 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр “Ө” шашны байгууллага болон Л.О, Б.Санжаажамц, Ө.Төгөлдөр, Д.Энх-Амар, Б.Ганхүү нарын нэхэмжлэлтэй, нотариатч Д.Одгэрэлд холбогдох, “Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч,гуравдагч этгээд нарын өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 онд “эцсийн өмчлөгчийн мэдээлэл бүртгэгдсэн” тул өвлөх иргэний маргааныг шийдвэрлэхээс өмнө захиргааны маргааныг шийдвэрлүүлнэ” гэсэн тайлбарыг гаргасан.

Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2 дах хэсэгт “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ...Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно..” гэж тайлбарлажээ.

Иймд, шүүхээс зөвхөн Г.П нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх “эрх зүйн үндэслэл байсан, эсэх”, тодруулбал, “шашны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэл”-д “эцсийн өмчлөгч”-ийг бүртгэх талаар хууль тогтоомжид заасан эсэх, мөн тухайн бүртгэл нь “утга агуулгын илэрхий алдаатай” эсэх” зэрэгт Улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны  тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар… гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. “ гэж заасан тул, “Ө” шашны байгууллагын хөрөнгө, өмчийг Г.П өмчлөх эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Гурав.  Нэхэмжлэгч нарынилт хууль бус бүртгэлийг үндэслэн БНСУ-ын иргэн К, Монгол Улсын иргэн П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны  өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. “Ө” шашны байгууллагын “хуулийн этгээдийн бүртгэл”-д  6,255,995.400 төгрөг /хөрөнгийн/-ийн эцсийн өмчлөгчөөр Г.П-ыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг үндэслэн, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэл нь “Ө” шашны байгууллагыг өвлөх эрхийн 0032, 0033, 0034 дугаартай гэрчилгээг иргэн К, П.А, П.Н нарт 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон.

Эдгээр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн, бүртгэлийн байгууллага нь Ө” шашны байгууллагын “хуулийн этгээдийн бүртгэл”-д иргэн К, П.А, П.Н нарыг тус бүр 2,085,331,80 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн эцсийн өмчлөгчөөр 2025 оны 06 сарын 23-ны  өдөр бүртгэжээ.

3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр “Ө” шашны байгууллага болон Л.О, Б.Санжаажамц, Ө.Төгөлдөр, Д.Энх-Амар, Б.Ганхүү нарын нэхэмжлэлтэй, нотариатч Д.Одгэрэлд холбогдох, “Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

3.3. "Ө" шашны байгууллагын бүртгэлд “эцсийн өмчлөгч”-өөр бүртгэх үндэслэл болсон, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлон зааж буй “Ө” шашны байгууллагыг өвлөх эрхийн 0032, 0033, 0034 дугаартай гэрчилгээтэй холбогдох маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш, Иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд тухайн маргааныг Иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй нь дээр дурдсанаар тогтоогдож байна.

3.4. Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын “...Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарлажээ.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-т “54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “иргэн К, П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 сарын 23-ны  өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Дөрөв. Бусад асуудлаар,

4.1. Шүүхээс, “Ө шашны байгууллагын санхүүгийн тайлан, мөн нэхэмжлэгч Л.Оын нийгмийн даатгал төлсөн талаарх баримтуудыг гаргуулахаар эрх бүхий байгууллагуудаас шаардсан ч тогтоосон хугацаанд ирүүлээгүй бөгөөд шүүхээс шаардсан нотлох баримт маргаанд ач холбогдолтой эсэх талаар хэргийн оролцогчид тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдаанд нотлох баримтын талаар санал хүсэлтгүй гэсэн тайлбар гаргасан тул шүүх тухайн байгууллагуудаас нотлох баримтуудыг дахин шаардаагүй болно.

Нэхэмжлэгч нар нь маргааны улмаас зөрчигдөж буй эрхээ Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэн тайлбарласан бөгөөд Ө шашны байгууллагын санхүүгийн тайлан, нийгмийн даатгал төлсөн үйл баримтуудтай холбогдуулан тайлбарлаагүйг дурдаж байна.

4.2 Шүүх хуралдаанд хариуцагч Г.У, хамтран хариуцагч .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нараас “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан, харин гуравдагч этгээд нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад зөвшөөрөхгүй гэж тайлбар өгч байснаа өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбарласан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд харшилж байгаа учраас бид зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан тул шүүхээс, хариуцагч нарын зөвшөөрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар батлах боломжгүй гэж үзсэн болно.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.3 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.9 дэх заалт, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4, 11 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” шашны байгууллага, иргэн Л.О нарын “.... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”, “Г.П агсныг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ө” шашны байгууллага, иргэн Л.О нарын “хууль бус бүртгэлийг үндэслэн иргэн К, П.А, П.Н нарыг "Ө" шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

[1] Хавтаст хэрэг-2, 91-92 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-2, 91-92 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-2, 99-102 дахь талд,

[4] Хавтаст хэрэг-1, 27-29 дэх талд,

[5] Хавтаст хэрэг-1, 196-198 дахь талд,

[6] Хавтаст хэрэг-1, 200-203 дахь талд,

[7] Хавтаст хэрэг-1,66 дугаар хуудсанд,

[8] Хавтаст хэрэг-1, 149 дэх талд,

[9] Хавтаст хэрэг-1, 152 дах талд,

[10] Хавтаст хэрэг-1, 110 дахь талд

[11] Хавтаст хэрэг-1, 130 дахь талд,

[12] Хавтаст хэрэг-1, 124 дэх талд,

[13] Хавтаст хэрэг-1, 152 дах талд,

[14] Хавтаст хэрэг -1, 157-161 дэх талд,

[15] Хавтаст хэрэг-1, 152 дах талд,

[16] Хавтаст хэрэг-1, 152 дах талд,

[17] Хавтаст хэрэг-1, 33 дах хуудасны ар талд,

[18] Хавтаст хэрэг-2, 236, 243-246 дахь талд,

[19] Хавтаст хэрэг-1, 148 дах талд,

[20] Хавтаст хэрэг-1, 149 дэх талд,

[21] Хавтаст хэрэг-2, 229-233 дахь талд,

[22] Хавтаст хэрэг-1, 66 дахь талд,