2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/05626

 

2025              07               02                                                 192/ШШ2025/05626                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, С ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, Г.Б /РД:***/-д холбогдох,

 

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь манай компанийн өмчлөлийн орон сууц болох *** тоот, 78,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар амьдарч байгаа тул тус орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь уг орон сууцыг Ш.Э-тай харилцан тохирсны дагуу эзэмшилдээ авсан. Ш.Э нь өөр орон сууцыг Г.Б-д худалдахаар тохирсон байсан бөгөөд тухайн орон сууцыг өгч чадахгүй, оронд нь *** тоот, 78,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өгсөн. Г.Б нь Ш.Э-д 88 500 000 төгрөг,  60 700 000 төгрөгийг тус тус орон сууцны үнэнд шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбар болон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан *** тоот, 78,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шаардлагын үндэслэлээ “...Г.Б нь компанийн өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа, түүний эзэмшил хууль бус...” гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч “... тухайн орон сууцыг Ш.Э-ын санал болгосноор худалдан авахаар тохиролцож, байрны төлбөрт 88 500 000 төгрөг,  60 700 000 төгрөгийг тус тус Ш.Э-ын дансанд шилжүүлсэн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэргийн баримтаар С ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот 9984,46 м.кв талбайтай 129 ширхэг орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

            6. Улмаар дээрх 129 ширхэг орон сууцны нэг болох  *** тоот хаягт бүртгэлтэй 78,01 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаар салгаж бүртгүүлсэн, өмчлөгч нь С ХХК болох нь *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

 

8. Хариуцагч нь орон сууцыг худалдан авахаар тохиролцож, байрны төлбөрт 88 500 000 төгрөг,  60 700 000 төгрөгийг тус тус Ш.Э-ын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч болон түүний эрх олгосон этгээдтэй хариуцагч Г.Б нь гэрээ байгуулаагүй, Ш.Э-тай байгуулсан гэрээнд үндэслэн орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

9. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ш.Э-д орон сууцны төлбөр төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгааг зөвтгөх үндэслэлгүй. Хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй юм.

 

10. Иймд нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Г.Б-ийн эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт бүртгэлтэй 78,01 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

 

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт бүртгэлтэй 78,01 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ