Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0343/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      07          30                                         2024/ШЦТ/

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,   

улсын яллагч Т.Д,

хохирогч Д.Э,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Э-т холбогдох эрүүгийн 2425000000426 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Д.Э

Шүүгдэгч Д.Э нь;

2024 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 28-03 тоот гэрийнхээ хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Э-г “хаагуур алцаганаж явж байгаад оройтож ирдэг юм” гэж уурлан нүүр хэсэгт нь цохиж, газарт унаган өшиглөж, эрүүл мэндэд нь “...баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Д.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Д.Э-гийн “...2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай бага ангийн багш С, С, Ж нарын удирдсан 1-р ангийн үсэглэлийн баяр болж дээрх багш нар маань хамт олноо хоолонд урьж ресторанд орсон, бид нар 20 цаг өнгөрч байхад ресторанд орж хоол идчихээд үргэлжлүүлэн хоёр цаг караокед суусан. Ингээд такси барьж, шөнийн 00 цаг 25 минутад гэртээ очсон. ...нөхөр Э хашааны хаалга онгойлгож өгсөн, тэгснээ үгийн зөрүүгүй миний уруул руу гараараа нэг удаа цохисон бөгөөд би газарт унасан, үргэлжлүүлэн миний хавирга руу, баруун хөлийн шагай хэсэг руу хөлөөрөө нэг, нэг удаа дэвссэн, “хаагуур алцганаж явж байгаад оройтож ирдэг юм” гээд уурлаад байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Сэтгэцэд хор уршиг учраагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 33 дахь тал/,

гэрч Ч.Н “...Э “хөлөө хугалчихсан” гээд ажилдаа ирэхгүй байсан, ажилдаа ирсний дараа “манай нөхөр миний хөлийг хугалчихсан юм, бид нарыг гадуур гарсны орой нөхөр хугалсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

гэрч Э.О-ийн “...Тухайн өдөр...ээж 24 цаг өнгөрөөж гэртээ ирсэн, би хүүхдээ тэврээд сууж байсан. Ээжийг аав “чи яасан оройтдог юм” гэж уурлаад баруун талын хөлөөрөө ээжийн хөл рүү өшиглөөд авсан. Ингээд манай ээж хоёр долоо хоног таяг тулж ажилдаа явсан, хөл нь эдгэхгүй болохоор нь эмнэлэгт үзүүлтэл хөлийн шагайны хавчаар яс нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б.ын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 573 дугаартай; “...Д.Э-гийн биед баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал, баруун, зүүн шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай; “…Д.Э-гийн биед баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал, баруун, зүүн шилбэ, баруун чихний дэлбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун, зүүн шилбэ, баруун чихний дэлбэнд сорви гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Баруун шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун, зүүн шилбэ, баруун чихний дэлбэнд сорви гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч нь ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.Э