| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 136/2024/00575/И |
| Дугаар | 192/шш2025/05373 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 192/шш2025/05373
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: ********** аймаг ********* сум ******** баг ******* байр байрлах, ********** овогт ********** /РД:****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 164,731,518 төгрөг 1 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****о,
Хариуцагч *********,
Хариуцагчийн өмгөөлөгч ***********о,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Иргэний Нисэхийн ерөнхий газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус газар нь иргэн ***********ын Г*************г Канад Улсын British Columbia мужийн Burnaby хотын "British columbia" технологийн институтэд "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер" мэргэжлээр 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай суралцуулахаар сургалтын гэрээг 2011 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр, тус гэрээний батлан даагчийн гэрээг *********н ***************тай 2011 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр тус тус байгуулсан.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 48,722 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна.
Гэвч ********************2016 оны 10 дугаар сард сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.6 дахь "Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг ИНЕГ-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно" гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлөх үүрэгтэй.
Мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Зөвлөмж 4-т "Сургалтын гэрээний үүргийг хангаагүй, сургуулиа төгсөөгүй суралцагчдаар төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын болон барьцаа гэрээний үүргийг хангуулах" гэж заасны дагуу М.Гэрэлт-Одыг 2024 оны 03 дугаар сарын 15, 20, 27-ны өдрүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газарт ирж ажлын ярилцлагад орох, эсвэл суралцсан хугацааны нийт зардал 48,722 ам.долларыг буцаан төлж барагдуулан, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай мэдэгдэх хуудсаар өөрт нь болон батлан даагчид мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг Иргэний нисэхийн ерөнхий газарт гэж тусгайлан заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-Т "Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.
Иймд хариуцагч **************оос 164,731,518 төгрөг 1 мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний нисэхийн ерөнхий газрын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай дараах хариу тайлбар гаргаж байна.
Иргэн *********** миний бие нь 2008 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ын 3 дугаар 10 жилийг сурч төгссөн бөгөөд тухайн жилдээ улсын техник технологийн олимпиадад оролцон 3 дугаар байр эзлэн ШУТИС-ын харъяа МИС-ын нисэхийн механик инженерийн ангид урилгаар суралцах эрхээр шагнуулсан. Суралцаж байх хугацаандаа идэвх санаачилгатай суралцаж байсан бөгөөд 2011 онд буюу 3 дугаар курсд байхад ИНЕГ-аас гадаад улсад нисэхийн 6 мэргэжлээр суралцуулах тухай тэтгэлэг зарлагдсан. ИНЕГ-аас зарласан тэтгэлэгт шалгалт өгч тэнцсэн бөгөөд Канад улсын British Columbia мужийн Burnaby хотын British Columbia технологийн институтэд "агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер” мэргэжлээр суралцахаар болж ИНЕГ-тай тэтгэлгээр суралцуулах гурван талт сургалтын гэрээг байгуулсан юм. 2012 оны 08 сард Канад улсын Ванкувер хотод очин агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж эхэлсэн. Суралцаж байх хугацаандаа гэрээний үүргээ биелүүлж ямар нэгэн зөрчил гаргалгүй өөрийгөө бүрэн дайчлан 2016 оны 10 дугаар сарын 28-нд сургуулиа амжилттай төгссөн.
Гэрээнд заасан заалтын дагуу үүргээ бүрэн биелүүлж амжилттай суралцаж төгсөөд гэрээний 3.6-д заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *********-ийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер ******* даргад ажиллах хүсэлт өргөдлөө, дипломын хуулбарын хамт өгсөн. Гэрээний 2.3-т заасны дагуу шийдвэрлэж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй ямар нэгэн албан тоот хариу өгөөгүй бөгөөд удаа дараа утсаар өргөдлийн хариугаа тодруулсан боловч тодорхой хариу өгөлгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарыг хүргэсэн. Би өөрийн биеэр дахин 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга болох **********тэй /тухайн үеийн/ хадам аав болох *********ийн хамт уулзаж гэрээний үүргээ биелүүлэх болон ажилд орох хүсэлт уламжилсан боловч тодорхой хариу мөн л өгөөгүй эргэж холбоо барина гэж хэлээд гаргасан болно.
Миний бие энэ хугацаанд төрсөн эцгээ алдсан мөн эхнэр маань тухайн үед бие давхар, бага насны хоёр хүүхэдтэй байсан тул цаашид амьдрал ахуйгаа авч явахад хэцүү болж ирсэн. Ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх амьдралын шаардлага үүссэн тул 2 жил хувиараа олон ажил хийж явсаар 2018 оны 11 дүгээр сард Монголросцветмет ТӨҮГ-т ажилд орсон бөгөөд өнөөдрийн хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна.
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургуулиа төгсөөд Канад улсад үлдэх боломж байсан боловч улсын мөнгөөр сурч боловсрол эзэмшсэн болохоор ямар ч байсан монголдоо очиж ажиллана гэж бодон ирсэн билээ. 2012 оноос өнөөдрийг хүртэл ИНЕГ-тай байгуулсан гэрээн дээр бичигдсэн холбоо барих утас болон гэрийн хаяг солигдоогүй бөгөөд ИНЕГ-аас надтай холбогдоход ямар нэгэн хүндрэл учраагүй байх ёстой. 2024 оны 04 дүгээр сард ИНЕГ-аас утсаар холбогдон ажлын ярилцлагад ирж ор гэдгийг мэдэгдсэн. Тухай үед би хөдөө томилолтоор ажиллаж байсан тул очих боломжгүй тухай хариу өгсөн болно. Сургууль төгссөнөөс хойш 8 жилийн дараа ингэж холбогдож байгааг ойлгохгүй байна.
Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийн тухай зохицуулсан бөгөөд 74.1."Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна" гэж хуульчилсан мөн хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилсан байдаг.
Иргэний хуулийн 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж 75.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; хуульчилсан байх тул Иргэний нисэхийн ерөнхий газар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2471 тоотоор гэрээний үүрэгтэй холбогдуулж гэрээ байгуулснаас хойш 13 жил, сургууль төгсөөд ажиллах өргөдөл гаргасан 2016 оноос хойш 9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх хуулийн шаардлага хангаагүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэж байх тул иргэн *******гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас хэрэгт дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас, тэмдэглэл /хх-4,5, 22,23,/, ИНЕГ-ын даргын 2011 оны Б/349 дугаартай тушаал /хх-6/, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ /хх8-11/, ИНЕГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдийн А/723 дугаартай тушаал /хх-11/, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хх-12-13/, барьцааны гэрээ /хх14-15/, хариуцагч ********** диплом /хх16-20/, ИНЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/182 дугаартай тушаал /хх-21/, гэрээний дагуу сургалтын төлбөр шилжүүлсэн санхүүгийн баримтууд /хх24-28, 30-61/, **********ын сургалтад хамрагдах тухай хүсэлт /хх-29/, итгэмжлэл /хх-64,89/ зэргийг өгсөн байна.
4. Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Үүнд: 3 талт гэрээ /хх-93-98/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх114-115/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх116-118/ зэргийг өгсөн байна.
5. Шүүх зохигчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг цуглуулсан байна. Үүнд:***********ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-106/, гэрч ********н оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл /хх-108/, гэрч *****, Т.******* нарыг асуусан тэмдэглэл /хх124-137/, ИНЕГ-ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/16 дугаартай тушаал, хавсралт /хх140-147/, ИНЕГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх148/, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг /хх149-171/, ИНЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/55 дугаартай тушаал, түүний хавсралт /хх172-180/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч ********д холбогдуулан 164,731,518 төгрөг 1 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1 Иргэний нисэхийн ерөнхий газар нь ********той 2011 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр “Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-г байгуулж, ***********ыг Канад Улсын British Columbia мужийн Burnaby хотын "British columbia" технологийн институтэд "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер" мэргэжлээр суралцуулахаар харилцан тохиролцсон бөгөөд суралцах хугацааны нийт зардалд нэхэмжлэгч талаас нийт 48,722 ам.доллар буюу 164,731,518 төгрөг 1 мөнгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
2.2. Тус гэрээний 3.6-д зааснаар ******** нь сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг ИНЕГ-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно" гэж заасныг зөрчиж, мэргэжлээрээ ажиллаагүй байна.
2.3 Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч **********ыг 2024 оны 04 дүгээр сард ажлын ярилцлагад оруулахаар дуудсан боловч тэрээр дуудсан хугацаанд ирж ярилцлагад ороогүй гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч *********** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч талтай гэрээ байгуулж, тус байгууллагын зардлаар Канад улсын British Columbia мужийн Burnaby хотын British Columbia технологийн институтэд "агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер” мэргэжлээр суралцаж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургуулиа амжилттай төгссөн.
3.2 Сургуулиа төгсөж ирээд гэрээнд заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд орох хүсэлтээ удаа дараа илэрхийлж, очиж уулзаж байсан боловч 2018 он хүртэл намайг ажилд аваагүй. Надад ямар нэгэн хариу өгөөгүй.
3.3 Би гэр бүлээ, үр хүүхдээ тэжээх үүргээ биелүүлэхийн тулд ажилд өөр ажилд орохоос өөр сонголт байгаагүй тул 2018 онд өөр байгууллагад ажилд орсон.
3.4 Нэхэмжлэгч тал гэрээнд заасан ...намайг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй тул би сургалтын зардлыг буцаан төлөх үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн гэрчээр асуугдсан тэмдэглэл болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр ********* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад Улсын British Columbia мужийн Burnaby хотын "British columbia" технологийн институтэд "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер" мэргэжлээр суралцаж, төгсөж ирээд Иргэний нисэхийн ерөнхий газрын томилсон ажлын байранд мэргэжлээрээ тасралтгүй 5-аас доошгүй жил ажиллах, Иргэний нисэхийн ерөнхий газар нь *********ын суралцах хугацааны зардлыг бүрэн хариуцахаар үүрэг хүлээжээ.
4.2 Энэхүү гэрээнд заасны дагуу ******** нь 2012 оноос 2016 оны хооронд Канад Улсын British Columbia мужийн Burnaby хотын "British columbia" технологийн институтэд "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер" мэргэжлээр суралцаж, төгссөн байх бөгөөд түүний сургалтын зардалд Иргэний нисэхийн ерөнхий газраас нийт 48,722 ам.доллар буюу 164,731,518 төгрөг 1 мөнгийг шилжүүлсэн байна.
4.3 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил ажиллана гэж заасан боловч ******нь тус сургуулийн төгсөж ирээд 2018 оны хүртэл ажил эрхлээгүй байх бөгөөд 2018 оноос эхлэн өөр байгууллагад мэргэжлийн бус чиглэлээр ажиллаж эхэлжээ.
5.Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин ********оос сургалтын зардалд шилжүүлсэн 48,722 ам.доллар буюу 164,731,518 төгрөг 1 мөнгийг буцаан шаардах эрх нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт үүссэн эсэх талаар маргаж, өөр өөрийн үндэслэлээ заан, мэтгэлцсэн.
5.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-д сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд ИНЕГ-аас хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн байгууллагад мэргэжлийн дагуу ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.
5.2 Хариуцагч ****** нь сургуулиа төгсөж ирээд нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд орох тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болох нь гэрч *********, ******* нарын гэрчээр асуугдсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сард хариуцагчийг ажлын ярилцлагад ирж ор гэж дуудсан боловч ирээгүй гэж тайлбарлаж байх боловч тус ажлын байр нь хариуцагч *******ын эзэмшсэн мэргэжил болох "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер"-ийн ажлын байр байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болно.
5.3 Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар хариуцагч ******** нь эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 5 жил ажиллахаар үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ хэрэгжүүлэх нөхцөлөөр нэхэмжлэгч тал хангах үүрэгтэй байжээ.
Өөрөөр хэлбэл гэрээний 2.3, 3.6 -д тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эзэмшсэн мэргэжил болох "Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер"-ийн ажлын байранд томилох, хариуцагч нь уг томилогдсон ажлын байранд тасралтгүй 5 жил ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү ажиллаагүй тохиолдолд сургалтын зардлыг буцаан төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Гэтэл хариуцагч нь сургуулиа амжилттай төгсөж ирээд ажил орох хүсэлтээ нэхэмжлэгч талд удаа дараа гаргасан байх боловч гэрээнд заасан үүргийнхээ дагуу хариуцагчийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байранд томилоогүй байхад хариуцагч нь мэргэжлээрээ 5 жил тасралтгүй ажиллах үүргийг биелүүлэх боломжгүй юм.
6. Иймд шүүх хариуцагч ***********д нь гэрээний 3.6-д зааснаар мэргэжлээрээ тасралтгүй 5 жил ажиллах үүргээ биелүүлээгүйд хариуцагч тал буруугүй байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мэргэжлээрээ ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид хариуцагчаас сургалтын зардлыг буцаан шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцагч ******д холбогдуулан гаргасан 48,722 ам.доллар буюу 164,731,518 төгрөг 1 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцагч ********** холбогдуулан гаргасан 164,731,518.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА