2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04892

 

 2025              06             05                                                 192/ШШ2025/04892                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Б овогт Б.Г /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Д.Ш /РД:***/-д холбогдох,

 

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар бүхий өмчлөлийн эрхийн гэрчилгээтэй *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 39.90 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгч билээ. Иргэн Х.М (РД:***) нь төрсөн охин Б.Г (РД:***)-ийн зөвшөөрлөөр *** тоот 39.90 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар 12-ны өдөр түрээслэхээр зар тавьсан болно. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** дугаараас иргэн Ш.Э /РД:***/ гэгч нь ярьж, дээрх байрыг түрээслэхээр аман гэрээ хийж тохиролцож, Саруул хотхонд Б.Г-ийн ээж М байрны түлхүүр аваачиж өгсөн болно. Ш.Э гэгч Б.Г-ийн ээж Х.М-д "Уг байранд Т гэгч хүнийг суулгана" гэж хэлсэн байдаг. Иргэн Ш.Э нь сар бүр түрээсийн мөнгөө Х.М-ийн дансруу өгч байсан боловч 2024 оны 9 сараас түрээсийн мөнгөө өгөхөө больсон ба утас нь 10 сараас холбогдохоо больсон байна Б.Г-ийн ээж Х.М нь иргэн Ш.Э-ын ажил дээр 10 сард очиход, ажлаасаа гарсан гэдгийг мэдээд, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Саруул хороололд гэрт нь очиход, иргэн Ш.Э нь амиа егүүтгэж нас барсан гэсэн мэдээг гэрийнхнээс нь авсан байна. Тэгээд Х.М нь өөрийн түрээслүүлсэн байр болох Буянт-Ухаа 2 хорооллын дээр дурдсан хаягт байрлах байрандаа очиход, уг байрыг түрээсэлж байсан Т түрээсэлж байгаа гэсэн боловч Д.Ш гэгч иргэн гэртээ оруулахгүй тэдний гэрт байсан нэг залуу ээжийг шалтгаангүй зодож хөөсөн байсан. Мөн хариуцагч этгээд Д.Ш нь байранд түр оршин суудаг боловч миний үйлчлүүлэгчийн өмчлөлийн байранд Иргэний тухай хууль болон Сууц өмчлөгчдийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин СӨХ-ийн үйлчилгээний хураамж болон түрээсийн хөлсөө төлөөгүй амьдарч байна. Миний үйлчлүүлэгч нь тухайн өмчлөлийн орон сууцаа өөрийн өмчлөлдөө буцаан авах шаардлага, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн хэдий ч тэднийг үл тоомсорлож шаардлагыг хүлээн авахгүй урдаас шидэж, хөөж тууж хууль шүүхийн байгууллагаараа яв гэж хүндрэл учруулсан байна. Хариуцагч Д.Ш-тэй итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар биечлэн уулзуулж, байрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай асуудлаар түр оршин суугчид шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч үл тоон, биелүүлэхгүй хууль ёсны өмчлөгчийн өмчлөлийн байранд амьдарсаар байна. Итгэмжлэн төлөөлүүлэгч Б.Г нь цаашид өөрийн өмчлөлийн байраа захиран зарцуулах хэрэгцээ шаардлага гарсан бөгөөд анх аман хэлцэл хийж давхар түрээсэлж байсан Ш.Э гэгч нь нас барсан байх тул үйлчлүүлэгчийн өмчлөлийн байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрхийг хангаж, *** тоот 39.90 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөлд байгаа Ү- *** улсын бүртгэлтэй байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Ш-ийн хадам ээж Ө.Н гэмтэл согогийн эмнэлэгт 34 жил асрагчаар ажиллаад тэтгэвэрт гарсан, хуучин социализмын үед улсаас байр авч байгаагүй, гэр хороололд буюу *** тоотод 1977 оноос хойш амьдарч байсан ба хариуцагч Д.Ш-ийн энхэр М.А нь өөрийн дүүгийн танил Ш.Э-тай 2020 оны 3 дугаар сард уулзахад Нийслэлээс хөнгөлөлтэй нөхцөлөөр иргэд байртай болох боломжтой гэх мэдээллийг өгсөн. Ш.Э тухайн үед бол холбогдох баримт бичиг бүрдүүлээд өгчихөө Нийслэлээс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд байр өгөх асуудал судлагдаж байгаа хэмээн тайлбарласан. Хөнгөлөлттэй нөхцөл учраас зөрүү төлөгдөнө, нэгдсэн байдлаар хүмүүсийнхээ төлбөрийг төлнө гэх мэт зүйлийн талаар ярилцсан юм. Тэрээр удалгүй Ш.Э нь 2020 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр бидэнд "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн өмчлөх орон сууцаар хангах журмын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох иргэдийн нэрс" гэсэн бичиг зураг дараад өөрийн цахим хуудсаар үзүүлсэн. Тухайн зургийн 22 дахь жагсаалтад Ө.Н 49,23м2 хөнгөлөлт 50% гэсэн бичиг үзүүлсэн. Түүний дараагаар Ш.Э нь БАТЛАМЖ гэсэн зураг цахим хуудсаараа үзүүлээд энэ мэтчилэн бүх хүн дээр батламж гарч байгаа удахгүй байрандаа танайх орох нь байна гэж хэлсэн. Дараа нь бол байранд орох иргэдийн хуваарь, нэрс гэсэн жагсаалт үзүүлээд Ө.Н 8 дугаар сарын 17-ны өдрөөс 49,23м2 бичгийг тус тус үзүүлсэн юм. Хариуцагч Д.Ш-ийн хадам ээж нь тухайн үед ганцаараа амьдрах боломжгүй 2018 оноос хойш эмчилгээтэй, хагалгаанд ордог байсан учраас Д.Ш нь гэр бүлээрээ ярилцаад, хадам ээжтэйгээ хамт амьдарна гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Ш нь *** тоотод 2020 оны 10 дугаар сараас эхлэн амьдарсан бөгөөд СӨХ, ус дулаан, цахилгаан зэрэг бүх ашиглалтын төлбөрийг тухай бүрд төлдөг ямар нэгэн өргүй, үлдэгдэлгүй. Тус маргаан бүхий байрны төлбөрт зориулан 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Ш.Э-ын *** гэсэн Хаан банкны дансанд 8 000 000 /найман сая/ төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 /гурван сая/ төгрөг, 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 1 000 000 /нэг сая гаран төгрөгийг төлснөөр 2020 онд нийт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг төлсөн. Тухайн үед байрууд дийлэнх нь Д.Г гэсэн нэрээр бүртгэлтэй байсан бөгөөд бүх л байрны гэрчилгээ гараагүй улс буюу Нийслэлийн орон сууцны корпорац болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан, бүхэлдээ тэнд барьцаатай гэж хариуцагч Д.Ш ойлгож байсан. Байрны гэрчилгээ эхнээсээ гарч эхэлж байгаа шүү гэж 2021 онд хэлж байсан, түүний дараагаар *** тоот Ү-*** гэсэн дугаартай Б.Г гэсэн гэрчилгээний зураг дараад цахим хаягт үзүүлж байсан. Байрны гэрчилгээ гарна үлдэгдэл төлбөр шилжүүлээрэй гэж Ш.Э хэлсний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, П Т-ийн Хаан Банкны дансанд 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгийг хариуцагч Д.Ш-ийн эхнэр М.А тушаасан. Хариуцагч Д.Ш байрны төлбөрт зориулан 33 000 000 /гучин гурван сая/ төгрөг төлсөн ба тухайн *** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн бусад төлбөр нь хөнгөлөлттэй нөхцөлөөр чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хаягийн тодорхойлолт, мэдэгдэл, шаардах хуудас, дансны хуулга, итгэмжлэл, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хур системээс авсан хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, 2020.07.03-ны өдрийн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ,

Хариуцагчаас итгэмжлэл, М.А-ын Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хаяглан өргөдөл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025.02.24-ны өдрийн *** дугаар хариу мэдэгдэх хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл санангийн лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ш.Э-ын нас барсаны лавлагаа, хариуцагч Д.Ш-ийн иргэний бүртгэлийн лавлагаа, хаягийн лавлагааг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулсан.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Ш-д холбогдуулан *** тоот, 39,90 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шаардлагын үндэслэлээ “...өөрийн ээж Х.М-д зөвшөөрөл өгснөөр Х.М нь Ш.Э-тай орон сууцыг түрээслүүлэхээр амаар тохиролцсон. Ш.Э нь Х.М-ийн дансанд сар бүр түрээсийн төлбөр шилжүүлдэг байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сараас түрээсийн мөнгө өгөхөө болсон ба утас нь холбогдохоо больсон. Гэтэл Ш.Э нь амиа егүүтгэн нас барьсан талаар гэрийнхнээс нь сонссон. Байрандаа очиход Д.Ш шалтгаангүйгээр ээжийг зодож хөөсөн байсан. Хариуцагч Д.Ш-тэй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч “... тухайн орон сууцыг Ш.Э-ын санал болгосноор хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авахаар тохиролцож, байрны төлбөрт 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Ш.Э-ын *** гэсэн Хаан банкны дансанд 8 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 1 000 000 төгрөгийг төлснөөр 2020 онд нийт 12 000 000 төгрөг төлсөн. Байрны гэрчилгээ гарна үлдэгдэл төлбөр шилжүүлээрэй гэж Ш.Э хэлсний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, П Т-ийн Хаан Банкны дансанд 21 000 000төгрөгийг хариуцагч Д.Ш-ийн эхнэр М.А тушаасан. Хариуцагч Д.Ш байрны төлбөрт зориулан 33 000 000 төгрөг төлсөн ба тухайн *** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн бусад төлбөр нь хөнгөлөлттэй нөхцөлөөр чөлөөлөгдсөн гэж ойлгосон...” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.Нэхэмжлэгч Б.Г нь Нийслэлийн орон сууц корпораци ХК-тай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр*** дугаар Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 39,90 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

5.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

 

5.3. Хэргийн 45 дугаар талд авагдсан Төрөл садангийн лавлагаагаар Б.Г нь Х.М-ийн охин болох нь тогтоогдож байх бөгөөд Х.М-ийн Хаан банк дахь *** тоот дансны хуулгаар “Ш.Э-аас”, “Э”, “байр”, “түрээс” гэх мэт утгаар орлогын шилжүүлэг хийж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “... өөрийн ээж Х.М-д зөвшөөрөл өгснөөр Х.М нь Ш.Э-тай орон сууцыг түрээслүүлэхээр амаар тохиролцсон...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

5.4. Тодруулбал, нэхэмжлэгчээс өөрийн эх Х.М-д орон сууцыг бусдад хөлслүүлэх эрх олгосны дагуу Х.М, Ш.Э нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.5. Орон сууц хөлслөх гэрээний дагуу Ш.Э гэрээний зүйлийг эзэмших эрхтэй боловч захиран зарцуулах эрхгүй. Гэвч хариуцагч Д.Ш болон түүний гэр бүлийн гишүүдэд маргаан зүйл болох орон сууцыг худалдах эрхтэй мэтээр ойлголт төрүүлэн 33 000 000 төгрөгийг авсан талаар хариуцагч тайлбарлаж байна.

 

5.6. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч болон түүний эрх олгосон этгээдтэй хариуцагч Д.Ш нь гэрээ байгуулаагүй, Ш.Э-тай байгуулсан гэрээнд үндэслэн орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

5.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ш.Э-д орон сууцны төлбөрт 33 000 000 төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгааг зөвтгөх үндэслэлгүй. Хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй юм.

 

 

5.8. Иймд нэхэмжлэгч Б.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Ш-ийн эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 39,90 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

 

5.9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 39,90 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Ш-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш-с улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ