Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0347/Э/217/2024/0052

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      07          31                                         2024/ШЦТ/

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,   

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Э.Б, О.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Б, О.М нарт холбогдох эрүүгийн 2425000000429 дугаартай хэргийг 2024 оны 7  дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

1.-Э.Б

2.-О.М

Шүүгдэгч Э.Б, О.М нар нь;

согтуурсан үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 6 дугаар  сарын 17-ны өдрийн 06.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Цах маркет” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Б.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Э.Б, О.М нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тэдний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Б.Б-ийн “...2024 оны 6 дугаар сарын 16-ны орой Э, Э, А, П, Г бид зургаа уулзаад “Хангарьд” спорт хорооны гадаа пиво ууцгаасан. Би 6 дугаар сарын 17-ны үүрээр өлсөөд байхаар нь найзуудаа үлдээгээд “CU” орж юм авч идэх гээд явж байтал “Төгөл” төвийн гадаа гурваас дөрвөн хүүхэд байсан, тэгсэн хэн нэгэн зодуулаад байгаа бололтой байхаар нь би “хөөе” гэж нөгөө хүүхдүүдийг дуудахад цаашаа гүйгээд явсан. Би араас нь хөөж “Цах маркет” худалдааны төвийн доод талд байрлах машины зам дээр нэгнийг нь барьж авсан, гэтэл том биетэй Б ирээд намайг шууд цохиж газар унагаасан, унасан хойно дээрээс өшиглөцгөөсөн, ...намайг намхан биетэй, өндөр том биетэй хоёр хүүхэд зодсон.” гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Ө.Я “...2024 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө урд асар дээр хөлбөмбөг үзчихээд “Төгөл” төвийн зүүн талд байрлах “CU” орж уух юм авчихаад харих гэж байснаа буцаж асарт очиж хөлбөмбөг үзэх гээд “Цах маркет”-ын ард явж байтал үл таних хоёр хүүхэд зөрөх үедээ миний араас жийж унагаагаад зодсон. ...Тэгж байтал “хөөе” гээд холоос хэн нэгний дуу гараад ирсэн, тэгсэн тэр хүүхдүүд зугтаачихсан. Би босоод араас нь очсон чинь Б тэр хүүхдүүдэд зодуулсан байсан.” гэх /хавтаст хэргийн 35 дахь тал/,

гэрч О.Ө-ын “...дүү маань залгаад “Б.Б ах зодуулчихлаа” гэхээр нь яваад очтол манай найз зодуулчихсан, тухайн хүүхдүүдийн ээж, аавууд нь ирчихсэн нөгөө хүүхдүүд машинд суучихсан гар, хөл нь гозолзоод байсан.” гэх /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

гэрч Э.Э-ийн  “...2024 оны 6 дугаар сарын 16-ны орой найзуудтайгаа Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах спорт ордны урд уулзсан, тэнд пиво ууцгаасан, найз Б.Б “...“CU” орж юм авч иднэ” гээд ганцаараа явсан. Тэгж байтал гурван танихгүй хүүхэд “ахаа тэнд найз чинь зодуулаад байна” гэж хэлсэн, гүйгээд очиход нөгөө дөрвөн хүүхэд цааш зугтаасан. Б араас нь хөөгөөд нэгийг нь бариад авсан.” гэх /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

гэрч Э.Э-ын “...тэр өдөр найзуудтайгаа уулзаад спорт ордны гадаа пиво ууцгаасан, бие засах гээд явахад найз Б байхгүй байсан, ирээд “цаадах чинь хаачив” гэхэд “...“CU” орж орж юм идэх гээд явсан” гэж найзууд маань хэлсэн. Би машин дээр очоод хүнтэй уулзаж байхад хоёр хүүхэд ирээд “Б ах хүнд зодуулчихлаа” гэхээр нь яваад очтол манай найз зодуулчихсан байсан.” гэх /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

гэрч Ц.Ц “...2024 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө М, Ц, Б нарын хамт дөрвүүлээ явж байхад “Төгөл” төвийн арын шатан дээр үл таних согтуу ахтай Б маргалдаад байсан. ... М-ийг Б ах боогоод зогсож байсан, тэрийг Б хараад М-ийг өмөөрч Б ахын нүүрэн тус газар гараараа цохиод, тэр хоёр хоёулаа Б ахыг зодсон.” гэх /хавтаст хэргийн 37-43 дахь тал/ мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 584 дугаартай; “...Б.Б-ийн биед духанд баруун хөмсөгний дунд шарх, хуйх, дух, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Духанд баруун хөмсөгний дунд шарх, хуйх, дух, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б, О.М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогчид хохирол төлсөн баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдэнд оногдуулж,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Э.Б, Б овогт О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, О.М нарыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, О.М нарыг 1 /нэг/ сарын хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

   4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Б, О.М нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э