Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 790

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.Талстболорын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 10 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэр дэвших эрхийг сэргээх” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Талстболор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулга, шүүх хуралдааны нарийн дарга А.Ганзориг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Талстболор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Миний бие 2016 оны сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Сонгуулийн тухай хуулийн 155, 157 дугаар зүйлд заасны дагуу материалаа бүрдүүлэн, Сонгуулийн хороонд хүргүүлж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны хооронд сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу явуулж байтал Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот нэр дэвшигчийн жагсаалтаас хассан  тухай тогтоол үйлдсэн байна. 

Тухай тогтоолын үндэслэл нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар 104/ШШ2016/00404 захирамж болох эвлэрүүлэн зуучлалын үндсэн дээр гарсан “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай” юм. Иймд Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Налайх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол нь илтэд хувийн ашиг сонирхлоо илэрхийлэн гаргасан байна. Үндэслэл нь Налайх дүүргийн Сонгуулийн хорооны гаргасан тогтоол нь  2016 оны 7 дугаар сарын 28-ны Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай” дугаар 104/ШШ2016/00404 үндэслэн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэхь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж хассан байна. Энэ нь Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг илтэд зөрчиж байгаагийн нотолгоо юм. Дээрх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 10 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэр дэвших эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 158.1.3-т  дугаар зүйлд заасны дагуу баримт бичиг дутуу эсвэл хуурамч байна. Тогтоолын агуулгаас харвал баримт бичиг дутуу гэдэг зүйл харагдахгүй байна. Хууль хэрэглээний хувьд алдаатай тогтоол гарсан байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасан үндэслэлийг захиргааны байгууллага нотлох ёстой байтал үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байгаа тул маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү. Хуурамч гэдгийг хийх ёсгүй ажлыг, ашиглах ёсгүй баланк, тэмдэгтийг ашиглаж үйлдсэнийг хуурамчаар үйлдсэн гэж ойлгох бөгөөд хуулийн байгууллага тогтооно. Нэхэмжлэгчийн хувьд төрийн эрх бүхий байгууллагаас төлбөргүй гэсэн лавлагаа авсны үндсэн дээр бүртгэгдсэн. Маргаан бүхий 10 сарын 12-ны өдрийн тогтоол гарахаас өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 10 сарын 04-ний өдөр өмнөх төлбөрийг хийж дууссан талаар лавлагаа ирсэн. Тиймээс тогтоол гарахаас өмнө төлбөр дууссан бөгөөд төлбөртэй эсэх дээр бид маргаагүй” гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт заасны дагуу бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэж, намуудаас нэр дэвшсэн нэр бүхий 50 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгсөн.

Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б.Түмэндэмбэрэлийн 2016 оны 10 дугаар

сарын 03-ны өдөр ирүүлсэн “Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга Г.Талстболор нь бусдад өртэй байж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нь хэн ч гэсэн өр төлбөргүй байх ёстой байтал бусдад өртэй мөртлөө сонгуульд нэр дэвшиж байгаа нь хууль зөрчиж байгаа тул холбогдох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өргөдлийн дагуу нэр дэвшигч Г.Талстболороос өөрөөс нь тайлбар болон нийслэлийн Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт заасны дагуу лавлагаа авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдийн хуралдаанаар хэлэлцсэн.

Г.Талстболор нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх хэсэгт

заасан “нэр дэвшигч нь банк, бусад этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон

төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байна” гэсэн заалт, 158 дугаар

зүйлийн 158.1.3-д заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан

баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул нэр

дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр шийдвэрлэсэн болно.

Иймд дүүргийн Сонгуулийн хорооны хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 12-ны

өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож

өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Г.Талстболорын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Г.Талстболорыг тус дүүргийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгожээ.   

Тус сонгуулийн хорооны дарга, 9 гишүүнийг оролцуулан нэр дэвшигч Г.Талстболорын талаар иргэн Б.Түмэндэмбэрэлийн гаргасан гомдлыг хэлэлцээд “нэр дэвшигч Г.Талстболор нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.3-д заасан нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон” гэж үзэн, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн байна. 

Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б.Түмэндэмбэрэл 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Сонгуулийн хороонд Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга Г.Талстболор нь бусдад өртэй талаар гомдол гаргажээ. 

Налайх дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар албан бичгээр дээрх гомдолд дурдагдсан асуудлыг Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс тодруулсаны дагуу тус хэсгээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/2142 дугаар албан бичгээр “...Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2016/00404 тоот шүүгчийн захирамжаар Г.Талстболороос 1.731.475 төгрөгийг гаргуулж Б.Алтанзулд олгохоор шийдвэрлэж, шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.” гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор үүсч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 212 дугаар тогтоолоор дууссан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна, 154.3.1.”банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй”; 157.2.5.”энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд тухайн сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж буй иргэн нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байхыг шаардсан байх бөгөөд нэр дэвшигч Г.Талстболор нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өр төлбөргүй гэж мэдүүлсэн байдаг. 

Гэтэл Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай 104/ШШ2016/00404 дугаар захирамжаар хариуцагч Г.Талстболор үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар болж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2016 оны 10 дугаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 104/Ш32016/01292 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлсэн байна. 

Дээр дурдсан байдлуудаар нэр дэвшигч Г.Талстболор нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй байсан нь тогтоогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5, 157 дугаар зүйлийн 157.3.4, 159 дүгээр зүйлийн 159.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Талстболорын Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 10 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэр дэвших эрхийг сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү шийдвэр гарсанаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8573 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолын үйлчлэл сэргэхийг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН