Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 120/2017/0015/з |
Дугаар | 221/МА2018/0102 |
Огноо | 2018-02-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0102
2018 оны 02 сарын 07 өдөр Дугаар 221/МА2018/0102 Улаанбаатар хот
Г.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.С-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас халах тухай” б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-г мөн аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 4,948,065.00 /дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга жаран тав/ төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан Г.С-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “1. 2017 оны 02 сард Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч М.О-с тус Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.С-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу аймгийн ёс зүйн хороо тус суманд ажиллаж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Тамгын газрын дарга Г.С-г Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.8 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.3, 5.3.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж тогтоосон. Уг дүгнэлтийг Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулснаар Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 18 тоот тогтоол болон ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Ханхонгор сумын Засаг дарга миний бие өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2017 оны 06 сарын 05-ны өдөр Б/12 дугаар захирамж гаргасан.
2. Г.С нь төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж өөрийн удирдлага доор ажилладаг төрийн албан хаагчдад байнга дамарт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхаж хавчих зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан нягтлан бодогчоор ажиллаж байсан М.О-ийг ажлаас үндэслэлгүй халсан болон өөрийн шууд удирдлага доор ажилладаг бичиг хэргийн ажилтантай гэр бүлээс гадуур хувийн харилцаа тогтоох зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж байсныг хамт ажиллаж байсан 13 албан хаагч тайлбар гаргаж нотолсон байдаг.
3. Нэгэнт Г.С-ийн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг эрх бүхий байгууллагаас дүгнэлтээр тогтоосон тул миний хувьд тухайн байдлыг дахин нотлох шаардлагагүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт “маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан гэж үзэхээр байх тул” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь Г.С-ийн ёс зүйн зөрчлийн талаар нэгэнт эрх бүхий байгууллагын дүгнэлт гарч холбогдох албан тушаалтны гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдан хүчин төгөлдөр бичгийн хэлбэрээр гарсан байсныг миний бие холбогдох хууль тогтоомжид үндэслэн шийдвэр гаргасан. Гэтэл миний гаргасан захирамжийн дараагийн хугацаанд буюу 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 1083 дугаар тогтоол, дүгнэлт хүргүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 148 дугаар албан бичгийг шүүхээс үндэслэж төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үгүйсгэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг бүх талаас бүрэн бодитой талаас нь тогтоогоогүй байна гэж харагдаж байна.
Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлээр эрх бүхий байгууллага буюу Төрийн албаны салбар зөвлөлийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гаргасан дүгнэлтийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчийг Захиргааны ерөнхий хуульд заасныг дагуу өөрт нь зохих ёсоор мэдэгдэж, ажлаас халах болсон үндэслэлийг танилцуулж гаргасан захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий Г.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/12 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.С-г төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг нэхэмжлэгч Г.С эс зөвшөөрч маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заажээ.
Хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл хариуцагч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна” гэснийг зөрчиж “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасныг шалган тогтоолгүйгээр албан тушаалаас халжээ.
Тиймээс маргаан бүхий захиргааны акт болох Ханхонгор сумын Засаг даргын 2017 оны Б/12 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Мөн энэ талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй, зөв дүгнэсэн байна.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР