Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 311

 

“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Улсын гуравдугаар төв эмнэлэг, тус

 эмнэлгийн Тендерийн үнэлгээний

хороонд холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийн “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хүргүүлэх гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0392 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Л.Н, Д.Т,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Э т”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0392 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Улсын гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Т-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, М.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг захиргааны акт гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч нь анх “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/1304 дугаар албан бичгээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр “Э”ХХК-г шалгаруулсан шийдвэр нь худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4. Үүний дараа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сангийн яамнаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан байхад хариуцагчаас ... хамгийн сайн тендер гэж маргаан бүхий актаар дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ... заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон, хууль бус энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна” гэж дүгнэжээ.

5. Шүүх нь “шийдвэрийг хүчингүй болгож” гэж дүгнэж, түүнийгээ “маргаан бүхий актаар, хууль бус энэ актын улмаас” гэж байдлаар тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “05 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг” гэж тодорхойлсон. “05 дугаартай дүгнэлт” нь захиргааны акт мөн эсэх, актын шинжийг агуулж байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа “маргаан бүхий акт, энэ актын улмаас” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

6. Хоёрт: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитой зөрчигдөж хөндөгдөж байгаа эсэх талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс “дахин тендер шалгаруулалт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгаснаар Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгч компанийг шалгаруулан, захиалагчид гэрээ байгуулах эрх олгож, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, лед дэлгэцийг суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргахгүй, уг уйл баримтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн хорооны дүгнэлт дээр үндэслэн гаргасан захиргааны акт болох шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь бүрэн хамгаалагдсан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э”ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн гэх хууль зүйн үр дагавар бүрэн арилсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар хангалттай тогтоогдож байна.

7. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангалттай дүгнэлт хийсэн атлаа “... дээр дурдсанчлан маргаан бүхий акт хүчингүй болсон, нэхэмжлэгчээс тендерт шалгарч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо /өмгөөлөгчийн зардал, тендерт цаг хугацаа алдсаны улмаас компанид учирсан хохирол/ нэхэмжлэх ашиг сонирхол байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.

8. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн. эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж тодорхой хуульчилсан ба нэхэмжлэгч “Э т”  ХХК-ийн “зөрчигдсөн” болон “зөрчигдөж болзошгүй” эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, тогтоогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

9. Мөн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг тайлбарлахдаа “нэхэмжлэгчийн хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо /өмгөөлөгчийн зардал, тендерт цаг хугацаа алдсаны улмаас компанид учирсан хохирол/ нэхэмжлэх ашиг сонирхол байх тул ...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол буюу өмгөөлөгчийн зардал, тендерт цаг хугацаа алдсаны улмаас компанид учирсан хохирол нэхэмжлэх ашиг сонирхол байх тул гэж нэхэмжлэгчийн “зөрчигдсөн”, “зөрчигдөж болзошгүй” өрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүй тайлбарлан дүгнэлт хийсэн.

10. Шүүхээс актын улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад, мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд өмгөөллийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгддэг, улмаар өмгөөллийн зардлыг актын улмаас учирсан шууд хохиролд тооцох үндэслэлгүй асуудлын талаар хийсвэрлэн дүгнэлт өгч, мөн цаг хугацаа алдсан гэх асуудлыг хохиролд тооцон дүгнэж, тийм эрх ашиг сонирхол бодитой байгаа мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

11. Түүнчлэн шүүхээс хариуцагчийг зөрчсөн гэх хуулийн зүйл, заалтууд нь хуулиар тусгайлан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэхээр зохицуулсан байхад, үнэлгээний хороо үнэлгээг хийж байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан захиалагчийн шийдвэрт гомдол гаргах талаарх журмыг зөрчин 56 дугаар зүйлийг зөрчсөн байдлаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0392 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасанд нийцсэн байна.

14. Нэхэмжлэгч “Э т” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр анх шүүхэд Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 05 дугаар дүгнэлтийн “Э т” болон “Э”компаниудад холбогдох хэсгийг, “Э” компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг, “Э” компанитай байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар дүгнэлтийн “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хүргүүлэх гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан “Лед дэлгэц худалдан авах, суурилуулах нээлттэй ШУГТЭ 2018/11 дугаартай тендер”-т захиалагчийн байгуулсан Үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 7 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгосон, уг шийдвэрийн дагуу захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Эмнэлгийн хурлын танхимд лед дэлгэц худалдан авах, суурилуулах гэрээ” НТГ/19/01 дугаартай гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч, гүйцэтгэгч нар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”-аар хүлээлцсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн “захиргааны акт хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 05 дугаар дүгнэлт”-ийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, улмаар “Э т”  ХХК-ийн тендерийг шалгаруулснаар тус компани нь тендерийн дагуу ажил олж авч тодорхой үр дагавар гарсан байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор тус тус зааснаас үзвэл, “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 05 дугаар дүгнэлт”-ийн “Э”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа нь шүүхийн журмаар тогтоогдвол “хууль бус байсан болох”-ыг шүүх тогтоох үндэстэй.

18. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар хуралдааны дүгнэлтээр “Э т”  болон “Э” ХХК-иудын тендерийг үнэлж, хамгийн бага үнийн саналаар “Э”компанийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж гаргасан, уг шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянаж, “Э”ХХК-ийн “тендер”-ийн материалд “ажлын байрны сургалтыг 2-оос дээш хоногоор зохион байгуулах талаар мэдээлэл, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн жагсаалт ирүүлээгүй нь Тендерийн баримт, бичгийн шаардлагыг хангаагүй болох”-ыг тогтоож, улмаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн, үүний дараа Үнэлгээ хороо нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж “тодруулга” хэлбэрээр дээр дурдсан баримт бичгийг “Э”ХХК-иас нэмж авахаар шийдвэрлэсэн, нэмж ирүүлсэн баримтыг хүлээн авч, үнэлж, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “хамгийн бага үнийн санал”-аар “Э”ХХК-ийг шалгаруулсан зэрэг нь тогтоогджээ.

19. Түүнчлэн, уг шийдвэрт нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/1304 дүгээр албан бичгээр “... тодруулга авах байдлаар дутуу материалыг нөхөн авч үнэлгээ хийсэн нь буруу болох ”-ыг тогтоож, улмаар Үнэлгээний хорооны дээрх 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нь тус шийдвэрийг гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ асуудлаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор, хуульд заасан үндэслэлээр “захиргааны акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хэрэгжсэн” захиргааны актын хувьд түүнийг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байсан нь тогтоогдсон тул захиалагчийн байгуулсан “Үнэлгээний хорооны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар дүгнэлтийн “Э”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хүргүүлэх гэсэн хэсэг”-ийг хууль байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

20. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Т-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, М.Э нарын хяналтын журмаар гаргасан “... 05 дугаартай дүгнэлт акт мөн эсэх, актын шинжийг агуулж байгаа талаар дүгнээгүй, ... 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг буруу тайлбарласан” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0392 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ