2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04893

 

  2025              06             05                                                 192/ШШ2025/04893                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Д.Г /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** хаягт байрлах, Т ХХК /РД:***/-д холбогдох,

 

*** тоот, 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр, цаашид "ГЗБГЗЗГ" гэж товчлох/ нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших өөрийн эзэмшлийн 3000 м.кв газар дээрээ Т ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ" байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт 209 айлын орон сууцны барилгыг Т ХХК барьж, үүнээс 84 айлын орон сууцыг манай агентлагийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалга аван орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, *** дугаар гэрээний 2.2-т "84 албан хаагчийн сонгосон орон сууцыг 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр орон сууц захиалан бариулах, 40 автомашины дулаан зогсоолыг 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна гэж заасан. Нэхэмжлэлд энэхүү гэрээг нотлох баримтаар хавсаргасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ГЗБГЗЗГ-ын ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч Т ХХК-тай байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа орон сууцны 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр тохиролцож, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 51 000 000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч Т ХХК-д гэрээний төлбөрийг тухай бүр шилжүүлж, төлбөр төлөх үүргийн ямар нэгэн зөрчилгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2.1-д “... урьдчилгаа төлбөр 30%", 2.2.2-т "каркас дүүргэлт хийгдэж дуусмагц нийт төлбөрийн 20%", 2.2.3-т "байр ашиглалтад орж, байнгын ашиглалтад хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа үлдэгдэл үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлнө" гэж тохиролцсон байдаг. Гэрээний төлбөрийг 100% урьдчилан бүрэн төлсөн. Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн учраас захиалсан орон сууцаа хүлээж авах, орон сууцандаа орохоор хэдэн жил хүлээж байсан боловч 2024 оны 3 сараас эхлэн орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт орсон. 1 м.кв-ын босох өртөг 2 209 000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцална гэсэн мэдэгдлийг өгч эхэлсэн. Орон сууц захиалан бариулах гэрээ болон ГЗБГЗЗГ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд "гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2021 оны 4-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна" гэж тохиролцсон байдаг. Гэтэл Т ХХК нь өөрөө хүсэлт гаргаж, ГЗБГЗЗГ-тай уулзаж тохиролцон, Хамтран ажиллах гэрээнд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, "2021 оны 4-р улиралд" гэснийг "2022 оны 3-р улиралд" гэж өөрчилсөн байсан. Гэвч барилгыг 2022 оны 3-р улиралд барьж дуусгана гэдгээ үүргээ бас биелүүлж чадалгүй, мөн ГЗБГЗЗГ-т хүсэлт гаргаж, Хамтран ажиллах гэрээнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг "2024 оны 2-р улиралд" гэж дахин өөрчилсөн байна. Ийнхүү барилгыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрчлөхдөө нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулж байгаагүй төдийгүй энэ талаар бидэнтэй хэлэлцэж тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч би гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн хэдий ч орон сууцаа хүлээж авах эсэх нь мэдэгдэхгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөөд байна. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд "Гүйцэтгэгч барилгын ажлыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм, дүрмийн дагуу энэхүү гэрээний 6-д заасан материалаар эрхийн болон биет байдлын доголдолгүй орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэх өгөх", "Орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, өмчлөх эрхтэй холбогдсон бичиг баримтыг түүнд гаргаж өгөх" үүрэгтэй гэж заасан заалтыг үндэслэн, мөн Иргэний хуулийн 343.1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ", 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна", 343.3-т "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ", мөн 350.1.6-д гүйцэтгэгч нь "захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх" үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргаад байдаг. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлийн тухайд газар зохион байгуулалт зураг зүй геодезийн газрын ажилтан албан хаагчдын квотын байр байсан. Тэр квотын байрны хүнээс шилжүүлж авсан баримтаа хэрэгт өгөөгүй байна. Б гэдэг хүнээс авсан байгаа юм. Дараагийн зүйл 2021 оны ашиглалтад орох ёстой байсан гэдэг хавтаст хэрэгт авагдсан байгаа газар зохион байгуулалт руу гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ашиглалтад орох хугацаагаа хойш нь сунгасан байдаг. Хавтаст хэргийн 14 дүгээр тал дээр байгаа. 2024 оны 02 дугаар улиралд өөрчилсөн мөн гэрээний метр квадрат тутмын үнийг харилцан танилцуулна гэсэн юм байгаа. Г-ийн тухайд мэдэхгүй байгаа асуудал нь энэ компанид ажилладаггүй учраас үүнийг мэдэхгүй байгаад байгаа. Төлбөр бүрэн төлөгдсөн эсэх асуудал дээр бас эргэлзээтэй зүйл байгаа. Тус хэргийн 13 дугаар талд авагдсан баримт бол өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй учраас үүнийг төлөгдсөн гэж үзэхэд хэцүү байгаад байдаг. Нэхэмжлэгч маань Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар шаардлагаа тодорхойлдог. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйл гэж маргаж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд захиалагчийн өөрийнх нь хүссэн загвараар тавьдаг төрөл тоо хэмжээ шалтгаалдаггүй бол өнөөдөр бид нар зураг төсөл нь гарчихсан өөрчлөх боломжгүй нийтийн зориулалттай орон сууцыг нэгж талбайн үнэлгээг худалдсан асуудал байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байгаад байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний зүйл эд хөрөнгө байгаа юм. Эд хөрөнгө хөдөлчихсөн учраас энэ 343 дугаар зүйлийн эхний хэсэг үгүйсгэгдэж байна гэж харж байгаа. Орон сууц захиалгаар бариулах гэрээний гүйцэтгэгчийн ажиллагаанд тухайлсан нэг орон сууцыг бариагүй. 209 айлын орон сууцаас 84 ширхэг айлыг нь газар зохион байгуулалт зураг зүйн газрын ажилтан албан хаагч нарт өгөхөөр тохирчихсон улмаар газар зохион байгуулалт зураг зүйн газартай хамтран ажиллах гэрээ байгуулаад газар зохион байгуулалтын эрх ашиг хөндөгдсөн гээд гуравдагч этгээд ороод ирчихсэн явж байна гэж ойлгосон. Энэ хамтран ажиллах гэрээнээс Газар зохион байгуулалтын газартай байгуулсан гэрээний үндсэн дээр албан хаагч нартай байгуулж байгаа гэрээ гэдгийг хэлмээр байна. Ингээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ гэж үзэж байгаа учраас бид хавтаст хэрэгт өгсөн байгаа гэрээнээс татгалзах саналаа гаргасан. Энэ саналыг гаргаад гэрээнд өөрчлөлт оруулах саналыг мөн гаргасан. Үүнийг цуцлаад бид нар М гэдэг хүнд худалдсан юм. Тодруулбал гэрээ байгуулах үед 2020 онд бид нар барилгын материал төсөв өртөг хэд байх талаар сүүлд гаргаж өгсөн баримтаар дотоод хэрэгцээнд гэж байгаад 1 метр квадрат нь 1 000 000 төгрөгөөр босох боломжтой юм байна гэж үзээд Газар зохион байгуулалт зураг зүйн газрын тэр газар дээр бид нар барилга барьсан. Бодит шалтгаан бол манай компани энэ дээр илтэд хохиролтой хэлэлцэгдээд байсан учраас бид нар өөрчлөлт оруулах санал гаргасан. Газрын суурь үнэлгээ тооцох журмаар бид нар газрыг тооцоод үзэхээр 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй газар байгаа. Бид нар 100 хувь өөрийн хөрөнгөөр барихдаа 84 айлын орон сууцыг өртөг үнээр нь буюу энүүгээр нь тооцоход бид алдагдалгүй юм байна гэж тооцсон тэгтэл шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдчихсан байгаа. Төсөвчний үнэлгээ маань өөрөө 2 209 000 төгрөг болсон байна гээд гараад ирсэн. Бид нар бүхэл бүтэн 16 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болсон. Ингээд 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцалсан тухай мэдэгдлээ өгсөн. Тэрнээс өмнө нэхэмжлэлдээ ч гэсэн дурдсан байгаа, үнээ нэмнэ гэдэг талаар мэдэгдэж байсан. Энэ үнэ нэмэх гээд, гэрээ цуцлах гээд байсан асуудал дээр хэн аль нь байгаа. Гагцхүү үнэ нэмэх болсон шалтгаан маань өөрөө энэ ковидын нөхцөл байдал, нийтэд илэрхий баримт байгаа, үүний улмаас үнэ өссөн асуудал яригдаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн нийтэд илэрхий баримт Монгол банкны албан ханшийг харахаар 2024 оны байдлаар гэхэд валют өөрөө 22.4 хувиар өссөн, барилгын материалын хэмжээ бүүр 116.37 хувиар өссөн байдаг. Тэгэхээр ийм өсөлттэй тохиолдолд компанид хохиролтой байсан. Ийм зүйл болж магадгүй гээд гэрээний 2.3 дахь хэсэг дээр барилгын материал, ханш өссөн тохиолдолд үүнд өөрчлөлт оруулна гэдэг заалт байсан. Энэ заалтынхаа дагуу л бид гэрээнд өөрчлөлт оруулахаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар саналаа гаргасан. Яагаад гэрээ хэрэгжээгүй вэ гэдэг асуудалд гэрээг заавал хийх зарчим гээд байгаа, бид нар гэрээний үүргээ шударгаар биелүүлэх гэхээр үүнийг үгүйсгэх ганц нөхцөл байдал нь Иргэний хуулийн 220.1-д зааснаар нөхцөл өөрчлөгдсөн. Бид цаг үеийг тооцох боломж байхгүй, урьдчилан хил хаагдахыг тооцох боломж байхгүй, барилгын материалын үнийг тооцох боломж байхгүй буюу бид нараас шалтгаалахгүй хүчин зүйлээс шалтгаалаад маш их өссөн. Үүнийг мэдсэн бол тухайн үедээ 1 000 000 төгрөгөөр гэрээ байгуулахгүй байсан. Гэрээний хүсэл зориг ерөөсөө л газар нь 100 000 000 юм бол бид нар 84 айл метр квадратыг нь боссон өртгөөр нь өгчихөд үлдсэнийгээ бид нар борлуулаад ашгаа авчих юм байна гэдэг байдалд байсан. Гэхдээ 16 тэрбум төгрөг алдаад байгаа. Тэгээд бид мэдэгдлээ өгөөд, гэрээ цуцлаад 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцлаад М-д худалдсан. М уул нь процессын хувьд харахаар сүүлд гаргаж өгч байгаа баримттай танилцах эрх нь байсан. Гэрээ цуцалж байгаа үндэслэлийг ойлгооч гээд байгаа юм. Нэгэнт талуудын маргаагүй үйл баримтыг дахин нотлохгүй гэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд манай гаргаж өгсөн баримтыг үгүй гэж үзэж байгаа бол үүнтэй холбоотой татгалзлаа гаргах байсан. Харин барилгын материалын үнэ өртөг өссөн талаар нэгэнт маргаагүй учраас 1 метр квадрат тутам 2 209 000 төгрөгөөр боссон гэдэг үйл баримт дээр өнөөдрийг хүртэл маргаагүй гэж харж байгаа. Маргаад явсан бол үүнийг хөндлөнгийн шинжээчээр тогтооно. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт худалдагч эд хөрөнгийг нэг буюу хэд хэдэн этгээдэд худалдаж болох зохицуулалтыг тухайлан оруулсан байдаг ингэхдээ хэрвээ худалдагч эд хөрөнгийг нэг буюу хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд түрүүлж эзэмшилдээ авсан этгээд давуу эрх эдэлнэ гэж байгаа. Хэрвээ бид нар энэ орон сууцыг хүлээлгээд, түлхүүр хүлээлгэж өгөөд, зээлийн төлөлтөө төлөө,д сар болгон хийгээд явчихсан энэ үйл баримт тогтоож байхад байранд нь оруулчихсан энэ хүнийг үнэхээр гаргах боломжгүй. Компанийн зүгээс энэ байрыг суллах гээд маш их оролдлого хийсэн. Гэтэл намайг хэрвээ гаргана гэж байгаа бол 3 500 000 төгрөгөөр метр квадратад нь тооц тэгэхгүй бол би гарахгүй гэдэг юм ярьдаг. Тэгтэл бид нар худалдчихаад үнийг нь дахиад Г-т байрыг нь гаргаад өгөхийн тулд дахин мөнгө гаргана гэж хэцүү. Г-тай нэг л юмыг яриад байгаа нь бид нар газрын албатай тохирсон 2 200 000 төгрөг байгаа үүгээр нь аваачъя гээд ярьж байгаа. Нэхэмжлэл гаргаад шүүх дээр явж байгаа тэр үед 9 хүн байснаас 7 хүн нь эвлэрээд шийдчихсэн. М нэгэнт орчихсон, эзэмшилдээ авчихсан энэ зүйл дээр бид нар өнөөдөр гаргах боломжгүй байна гэдгийг хэлсэн. Үндэслэл нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар үндэслэлээ гаргаж байгаа. Үнийг төлсний дараа шаардах эрхтэй, үнийг төлсөн гээд байдаг боловч хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй учраас үнийг төлсөн гэж үзэхгүй байна. Иймд шаардаж байгаа нь үндэслэлгүй байна, гуравдагч этгээдэд шилжүүлээд өгчихсөн байрыг эд нараас шаардаж байгаа нь боломжгүй гэв.

 

3. Гуравдагч этгээд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр) (цаашид *ГЗБГЗЗГ гэж товчлох) нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр "Т" ХХК-тай 2020 онд **** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээ байгуулан хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу "Т" ХХК-д 2020-2021 онд 84 албан хаагч орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувь буюу нийт 2.7 тэрбум төгрөг, гэрээний дагуу улсын комисс хүлээн авсны дараа үлдэгдэл 50 хувийг төлөх ёстой байсан ч компанийн зүгээс удаа дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байна, хамтарч байраа яаралтай ашиглалтад оруулъя гэсэн хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 3-р улиралд орон сууц ашиглалтад ороогүй болно. Орон сууцны 1 дүгээр орц (1218/1 байр) 2024 оны эхээр ашиглалтад орсон бол 2-3 дугаар орц (1218 байрны 1-2-р орц)-ны барилгын ажлыг 2024 оны 2-р улиралд дуусгахаар *** дугаартай гэрээний хугацааг сунган ажиллаж байна. Гэвч Т ХХК нь "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээний 2.4-т "Талууд валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед орон сууцны болон дулаан зогсоолын үнэд өөрчлөлт оруулахгүй" гэж заасныг зөрчиж орон сууцны үнийг өсгөн, гэрээ цуцлах мэдэгдлийг албан хаагчдад хүргүүлэн гарцаагүй байдалд оруулан зарим албан хаагчидтай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд харин гүйцэтгэгч Т ХХК-аас захиалагч байгууллага ГЗБГЗЗГ-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй албан хаагчдын захиалж, гэрээ байгуулсан орон сууц захиалгын гэрээг нэг талын буюу "Т" ХХК-ийн санаачлагаар цуцалж, захиалсан байруудыг давхардуулан өөр иргэдэд зарсан тохиолдлууд гарсан тул 45 захиалагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү гомдол гаргасны нэг нь Д.Г юм. ГЗБГЗЗГ нь "Т" ХХК-тай 2020 онд байгуулсан *** дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээг хэрэгжүүлэх, гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарч дараах байдлаар бодит дэмжлэг үзүүлж ажилласан болно. Үүнд:

1. Т ХХК-ийн барьж байгаа ГЗБГЗЗГ-ын албан хаагчдын орон сууцны доорх газар нь тус байгууллагын эзэмшилд байсан газар бөгөөд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх буюу орон сууц захиалан бариулах зорилгоор газар эзэмших эрхийг тус компанид шилжүүлсэн болно.

2. ГЗБГЗЗГ нь өөрийн эзэмшил газар дээр баригдах ГЗБГЗЗГ-ын албан хаагчдын орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Т ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө батлуулсан байсан.

3.ГЗБГЗЗГ-ын албан хаагчдын тус компанитай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт дээр дурдсанчлан 2.7 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд энэ хөрөнгө оруулалтаар тус компани барилгын ажлыг эхлүүлж бусад орон сууцанд иргэдээс захиалга авах нөхцөл боломж бүрдсэн юм.

4. "Т" ХХК-аас ГЗБГЗЗГ-т ирүүлсэн хүсэлтийг хангах, барилга угсралтын ажилд дэмжлэг үзүүлэх, захиалагчийн хувьд гэрээний үүргийг биелүүлж ажиллахад анхаарч, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан болно. Тухайлбал,

4.1. Эзэмшил газар дээр баригдах ГЗБГЗЗГ-ын албан хаагчдын орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Т ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө батлуулсан байсан.

4.2. Т ХХК-аас 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 30-ны 06-*** дугаартай албан бичгээр ирүүлсэн газар эзэмших эрхийг тус компанийн нэр дээр шилжүүлэн авах тухай хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 8 дугаар сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан ба 2022 онд нийслэлийн Засаг даргын 2022 оны ***дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжсэн.

4.3. Т ХХК-аас ГЗБГЗГ-ын албан хаагчдын үйлчилгээтэй орон сууцны "А", "Б" барилгад хаяг дугаар авах, мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11-03/1 дугаартай албан бичгээр ирүүлснийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт уламжилж "Буянт ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 1218, 1218/1" гэсэн хаяг дугаар олгогдсон.

4.4.ГЗБГЗГ-ын албан хаагчдын орон сууцны барилга руу нэвтрэх орц гарцын асуудлыг компани дангаар шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байгаа, холбогдох газруудад албан бичиг хүргүүлж шийдвэрлүүлэх, Авто замын байгууламж төлөвлөх зураг төслийг батлуулж өгөх хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлснийг Нийслэлийн замын хөгжлийн газар, Архивын ерөнхий газарт хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлсэн.

4.5. Барилгын ажил удааширсны улмаас барилгын гадна цэвэр, бохир усны техникийн нөхцөлийн хугацаа, түр цахилгааны нөхцөлийн хугацааг сунгуулах, гадна бохир усны холболтын цэгийг шинээр тодорхойлуулах хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ***, *** дугаартай албан бичгээр тус тус ирүүлснийг холбогдох байгууллагад уламжилж техникийн нөхцөлийг шинэчлэх, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах арга хэмжээ авсан болно.

4.6. Мөн Т ХХК нь өөрийн хөрөнгөөр цахилгааны дэд өртөө /ХТП/ барьж цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр байсныг Соёлын өвийн үндэсний төвд хүсэлт гарган тус төвийн ТП1004-өөс тэжээл авах зөвшөөрлийг авч, холбогдох арга хэмжээг авсан болно.

Т ХХК нь гэрээ байгуулахын өмнөх үе шатанд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ***, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай албан бичгүүддээ доллар, юаны ханш өссөн нь бараа материалын үнэд нөлөөлж байгааг тооцон, өөрийн компанийн эдийн засгийн нөөц бололцоо, бараа материалын захиалга, үнийн өсөлт, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, банкны зээл, эргэн төлөлт, цаг агаарын нөхцөл зэрэг бүхий л боломжит нөхцөлийг судлан үзэж ГЗБГЗЗГ-ын албан хаагчдад орон сууцны м2-ыг гэрээнд заасанчлан 950 000-1 000 000 төгрөгийн үнийг санал болгож байгаа талаараа бичиж гэрээ байгуулах хүсэлт ирүүлж байсан болно. Дараа нь ковидын нөхцөл байдлын үед 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичигтээ албан хаагчид 2 дахь үе шатны төлбөрөө төлсөн тохиолдолд ажил хэвийн үргэлжлэх мэтээр тайлбарлан, ийнхүү төлүүлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж өгөхийг ГЗБГЗЗГ-аас хүссэн хүсэлт ирүүлж, албан хаагчдын ажиллаж байгаа байгууллага, түүгээр дамжуулан гүйцэтгэгч компанид итгэсэн итгэлийг далимдуулан орон сууц ашиглалтад ороогүй байхад үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлүүлсэн юм. Т ХХК нь дээр дурдсанчлан анх гэрээ байгуулах үед нөхцөл байдлыг бүгдийг харгалзан тооцож, санал болгосон үнээ "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээний 2.4-т "Талууд валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед орон сууцны болон дулаан зогсоолын үнэд өөрчлөлт оруулахгүй" гэж заасныг зөрчин өсгөж, гэрээ цуцлах мэдэгдлийг албан хаагчдад хүргүүлэн гарцаагүй байдалд оруулан зарим албан хаагчидтай гэрээг шинэчлэн байгуулсан юм. Харин гүйцэтгэгч Т ХХК-аас захиалагч байгууллага ГЗБГЗЗГ-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан, нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй албан хаагчдын гэрээг цуцлах, давхардуулан худалдах зэрэг үйлдлүүд гаргаж байгаа болно. ГЗБГЗЗГ-т ажиллаж байгаа албан хаагчдын /ТЗ-6-1-ээс ТЗ-10-5 хүртэлх албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн сүлжээгээр цалинжиж байгаа/ дундаж үндсэн цалин гэрээ байгуулах үед буюу 2020 онд 690 000-1 008 000 төгрөг байсан ба гэрээ байгуулах үед ихэнх албан хаагчид амьдарч байсан хашаа байшин, орон байраа зарах, цалингийн зээл авах, бусдаас зээлэх байдлаар байрны урьдчилгаагаа төлж байсан. Гэрээ байгуулснаас хойш албан хаагчид орон сууц ашиглалтад орохыг нийт 4 жил хүлээж байгаа бөгөөд энэ хугацаанд түрээсийн байранд амьдрах нь амьдарч, зээлтэй нь зээлээ төлсөөр л байна. Энэ мэтээр эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирч байгаа албан хаагчдын өмнөөс Т ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг ГЗБГЗЗГ буюу захиалагчийн зүгээс удаа дараа шаардаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

4. Гуравдагч этгээд Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 2023 оны 07 сард Т ХХК-тай 2 өрөө байр худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т ХХК-ийн менежер Б.Б гэдэг хүн яриад төлбөрийн график зөрчсөн гэсэн шалтгаанаар гэрээг шууд цуцалсан. /viber-аар ирсэн болно/ хавсаргав. Гэрээ цуцалсан асуудлыг захирал Ч.О-д мэдэгдсэн боловч гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлага тавьж үнийн дүнг нэмэгдүүлэн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр байгуулсан. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн туслах Э.Шинэжаргал *** дугаарын утсаар "Таны гэрээтэй байрны 22 тоотод захиалга өгсөн Д.Г гэдэг хүн шүүхэд гомдол гаргаж, таны эрх ашиг хөндөгдөж байгаа тул та шүүхэд ирнэ үү" гэсэн. Уг байрыг 2 хүнд давхардуулан гэрээ хийж хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй иргэн намайг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна. Хэрэв 4-т заасан нөхцөл байдлыг хууль зүйн үүднээс дүгнэвэл эхлээд хямд үнээр гэрээ хийж мөнгийг нь авчхаад дараа нь үнийг нэмэгдүүлж дахин мөнгө нэхэж байгаа нь залилангийн гэмт хэргийн шинж чанарыг агуулж байна гэж үзэж байна. Иймд байрны гэрээг хүчингүй гэж үзвэл Монгол улсын Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасны дагуу надад учруулсан хохирлыг Т ХХК-аар барагдуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдах газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ, дансны хуулга, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах *** дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах *** дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01-*** дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Т ХХК-ийн захиалагч Д.Г-т хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн **дүгээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Т-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн автомашин хүлээлцсэн тухай тэмдэглэл, *** арлын дугаартай *** УАЕ улсын дугаартай,  Toyota Sai-K10 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Геодези, зураг зүйн газрын ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн харьцуулсан төсөв 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Т-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, төлбөрийн график, дансны хуулга, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Т ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төсвийн тухай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас итгэмжлэл, хариу тайлбар, Т ХХК-ийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ***дүгээр албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр албан бичиг, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 06-*** дүгээр албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Нийслэлийн зам хөгжлийн газарт хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичиг, Нийслэлийн зам хөгжлийн газрын Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зураг,  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Т ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар албан бичиг,  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Т ХХК-д хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/891 дүгээр албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Төрийн орон сууцны корпорацид хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дүгээр албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн*** дугаар албан бичиг, Соёлын өвийн үндэсний төвийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Т ХХК-д хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/1568 дугаар албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Т ХХК-ийн захирал Э.Г-д хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дүгээр албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар албан бичиг зэргийг нотлох баримт гаргаж өгсөн.

Гуравдагч этгээд Ж.М-аас хариу тайлбар,Т ХХК-ийн захиалагч Ж.М-д хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхоны *** тоот, 51 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай УБ хотын ХУД-ийн 21-р хороонд баригдах Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанаас өмнө биелүүлсэн тул *** тоот, 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр татгалзаж буйгаа бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөөгүй, барилга босох өртөг нэмэгдсэн өөрчлөгдсөн нөхцөлөөр гэрээ байгуулах саналыг хүлээн аваагүй тул гэрээ цуцлаад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Т ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь өөрийн эзэмших эрхийн улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээтэй, нэгж талбарын *** дугаар бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Архивын ерөнхий газрын баруун талд байрлах 3000 м.кв талбай бүхий эзэмшлийн газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 209 айлын орон сууцны барилгыг барих боломжийг гүйцэтгэгч талд олгох, гүйцэтгэгч Т ХХК нь захиалагчийн эзэмшлийн газар дээр баригдах 209 айлын орон сууцны 40 хувь буюу 84 орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалах барилгын дотор болон гадна талбайн тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

5.1.а. Дээрх гэрээний 1.2-т барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 04 дүгээр улиралд гэж тодорхойлсон байх ба 2.4-т “талууд зайлшгүй шаардлагаар буюу валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед орон сууцны болон дулаан зогсоолын үнэд өөрчлөлт оруулахгүй.” гэж тохирсон байна. /хх-ийн 16-19 тал/

 

5.1.б. Гэрээний талууд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус тус барилгыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулж, сүүлийн байдлаар 2024 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах гэж гэрээнд өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 14-15 тал/

 

5.2. Улмаар дээрх Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг үндэслэн хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Д.Г-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** дугаартай, УБ хотын ХУД-ийн 21-р хороонд баригдах газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.

 

5.2.а. Уг гэрээгээр Т ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивын Ерөнхий газрын барилгын баруун талын 209 айлын орон сууцны барилгын *** тоот, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барьж гүйцэтгэн, 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч Д.Г нь гэрээ байгуулах үед нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 15 300 000 төгрөг, каркас дүүргэлт хийгдэж дуусмагц нийт төлбөрийн 20 хувь буюу 10 200 000 төгрөг төлөх, байр ашиглалтад орж хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа үлдэгдэл 50 хувь буюу 25 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирсон байна. хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй тал нь алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-8 тал/

 

5.3. Зохигчид дээрх гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан зүйлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Г нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилтан биш, квотын байрыг шилжүүлэн авсан гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төлөөлөгч няцааж, нэхэмжлэгч Д.Г-н захиалсан байр Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулах 84 ширхэг орон сууцны нэг гэж тайлбарласан.

 

5.4. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр * дугаартай, УБ*** хотын ХУД-ийн 21-р хороонд баригдах газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.5. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.6. Хэрэгт авагдсан дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжлэгч Д.Г нь төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь нотлогдож байна.

 

5.7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2024 оны 4 сард орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй.

 

5.8. Хариуцагчийн “...барилга босох өртөг нэмэгдсэн өөрчлөгдсөн нөхцөлөөр гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй тул гэрээ цуцлаад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан...” гэх татгалзал Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.”, 220.4-т “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасанд нийцэхгүй болно.

 

5.9. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК нь захиалагчийн эзэмшлийн газар дээр 209 айлын орон сууцны барилга барьж, түүний  40 хувь буюу 84 орон сууцыг албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гүйцэтгэн хүлээлгэн өгөх, валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед ч үнэнд өөрчлөлт оруулахгүй байх гол нөхцөлийг тохирсон тул хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

5.10. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

5.11. Хариуцагч Т ХХК нь маргааны зүйл болох орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.М-д 113 343 790 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй гэж үзнэ.

 

5.12. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Д.Г-тай байгуулсан гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй атлаа нэхэмжлэгчийн захиалан бариулсан орон сууцыг бусдад худалдахаар тохиролцсон нь гэрээ заавал хэрэгжих зарчимд нийцэхгүй юм.

 

5.13. Шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

5.14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Ж.М-ын тухайд хариуцагч Т ХХК-д холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийг *** тоот, 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 482 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ