Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 119

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Ш.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Шын Тт холбогдох 1812000860091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн 05-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Шын Т /РД:.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Солонготын давааны гүүрний орчимд 31-30 ЗАН улсын дугаартай ачааны автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812000860091 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна, би өдөр, сарыг нь сайн санахгүй байна, өөрийн нагац ах Тын хамтаар 31-30 ЗАН улсын дугаартай ТРАК маркийн том оврын ачааны автомашинтай хар мод ачаад Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд явсан юм. Би замдаа унтаж явсан бөгөөд нэг сэртэл Т ах машины тормос барихгүй байна, хийгээ хураахгүй алдаж байна гэсэн. Тэгээд нэг сэртэл газарт хэвтэж байсан. Дахиад нэг сэртэл Архангай аймгийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд удалгүй ухаан алдсан. Тэгээд сэртэл Улаанбаатар хотын “Гэмтлийн эмнэлэг”-т буюу одоо хэвтэж байгаа газартаа сэргэсэн. Миний хөлийн баруун талын дунд чөмөг хугарч хадуулсан, зүүн хөлийг дунд чөмгөөр нь тайрсан байсан. Өөр бэртэл гэмтэлгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Т ах жолоо бариад би туслах жолоочийн суудал буюу жолоочийн хажуу талын суудалд сууж унтсан байдалтай явж байсан. Т ах хий хурахгүй байна, тормос барихгүй байна гэж ярих үед машин их зөөлхөн 10, 20 км/цагийн хурдтай явж байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Өглөөний 10, 11 цагийн үед тухай осол болсон. Осол болох үед Т ах бид хоёр л явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Гэрч Ш.Нгийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16:00 цаг өнгөрч байхад манай төрсөн ах Сүхзагд над руу залгаад Т Архангай аймгийн Цахир сумын Солонготын даваан дээр машинтайгаа осолдоод бие нь тааруу байна гэж надад хэлсэн. Тэгээд би Тын эхнэр болон, ах, дүү нартаа хэлээд Архангай аймаг руу гарсан. Орой 23:00 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын төвд эмнэлэг дээр ирсэн. Намайг ирэхэд эмч нар анхны тусламж үзүүлээд аймгийн төв рүү авч явах шаардлагатай гээд Архангай аймгийн төв рүү авчирсан. Манай дүү 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн төвөөс өөрийн ачааны машинаа унаад Улаанбаатар хот руу явсан бөгөөд замдаа ачаа ачна гээд гэрээсээ гарсан гэж эхнэр нь хэлсэн. Би хаанаас ачаагаа ачсан талаар нь мэдэхгүй байна. Хамт явсан гэх Нямдэмбэрэл бол манай төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд Тын туслахаар нь хамт ажилд явдаг юм. Манай дүү 7-8 жил ачаа зөөж, ачааны машин унаж байгаа туршлагатай хүн байгаа юм. Манай дүү архи уудаггүй, ажлын төлөө хүн байгаа юм. Манай дүү эхнэртэйгээ 2006 оны намар гэр бүл болж байсан юм. Одоо Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг. Ам бүл 4 бөгөөд 2 хүүтэй хүн байгаа юм. Хүнд тусархуу янз бүрийн ааш зан байхгүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй зөөлөн сэтгэлтэй сайн хүн байгаа юм. Гэр бүлдээ хайр халамж сайн, архи дарс хэрэглээд байдаггүй, бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүний эвийг олоод нийлчихдэг, ах дүү нартаа нэр хүндтэй миний сайн дүү байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Гэрч М.Оийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай нөхрийн төрсөн эгч Н над руу залгаад миний дүү тайван байгаарай, Т Солонготын даваан дээр явж байгаад машинтайгаа осолдсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Завхан аймгийн Улиастай сумаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед гарсан. Тэгээд Архангай аймгийн Цахир сумын эмнэлэгт орой 22 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд манай нөхрийн уруулыг нь оёчихсон, хамт явсан гэх манай нөхрийн эгчийн хүүхэд болох Нямдэмбэрэл хөлөндөө хүнд бэртэл авчихсан эмчлүүлж байсан. Манай нөхөр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн төвөөс өөрийн ачааны машинаа унаад Улаанбаатар хот руу явсан бөгөөд замдаа ачаа ачна гэж байсан. Би хаанаас ачаагаа ачсан талаар нь мэдэхгүй байна. Хамт явсан гэх Н бол манай нөхрийн туслахаар хамт ажилд явдаг юм. Манай нөхрийн өөрийнх нь машин байгаа юм, эвдрэл гэмтэл байгаагүй зүгээр байсан, тогтмол ачаа ачиж хот хооронд явдаг байсан юм. Манай нөхөр архи уудаггүй юм. Гэрээсээ гарахдаа архи дарс хэрэглээгүй байсан. Манай нөхөр бид хоёр 2006 оны намар гэр бүл болж байсан юм. Одоо Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг, ам бүл 4, 2 хүүтэй хүн байгаа юм. Хүнд тусархуу янз бүрийн ааш зан байхгүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй сайн хүн байгаа юм. Мөн гэр бүлдээ хайр халамж сайн, архи дарс хэрэглээд байдаггүй юм. Манай нөхөр өөрийн ачааны автомашинаар ачаа зөөдөг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Яллагдагч Ш.Тын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн төвөөс банз ачаад Улаанбаатар хот руу явж байгаад Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны уруу руу уруудаж яваад гүүрний наад талын тойрог дээр хурдаа хасах гээд тормосоо гишгэсэн чинь машины тормос муухан бариад доод талын тойрог дээр багтаалгүй гүүрний хажуу талын эрэг рүү алдчихсан юм. Би осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч тормос сайн барихгүй, хийгүй болоод тойрог дээр нь багтаалгүй осолд орсон. Миний ойролцоо ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Миний унаж явсан машин миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надтай хамт явсан Б хажуу талын суудал дээр хамгаалах бүс хэрэглэчихсэн сууж байсан. Миний машинд өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би үзлэг оношилгоонд цаг тухай бүрд нь оруулдаг байсан. Миний тээвэрлэж явсан банз миний өөрийн банз байсан юм. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас ачаад Улаанбаатар хот руу аваачиж зарах гэж байсан юм. Би тухайн хэрэгт их гэмшиж байгаа бөгөөд өөрийн дүү болох Бын эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний мөнгийг бүрэн төлж барагдуулж байгаа бөгөөд хойшдоо гарах төлбөр мөнгийг өгч барагдуулж харж хандах байхаа. Түүний ар гэр болон өөрт нь хэлсэн тул миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Ш.Т нь 31-30 ЗАН улсын дугаартай Хьюндэй маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь ослын газарт хийсэн үзлэгээр зогсоох арга хэмжээ аваагүй байна. Ослын газар автомашины дугуйн шарвалтын мөр  5,20 см гарсан байна. 2. Жолооч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гаргах боломжтой. 3. Осол болсон зам нь сайжруулсан шороон зам, уруу өгсүүр, хуурай хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал зам байв. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх боломжгүй байна. 4. Иймд дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан байх боломжтой. 5. Жолооч Ш.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гаргах боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/   

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бын биед гэмтлийн улмаас зүүн хөлийн дунд чөмөг ясны дунд, доод 1/3 хэсгийн заагаар бүрэн тайрах хагалгааны дараах байдал, баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 17-103-2-т зааснаар зүүн хөлийн дунд чөмөг дунд 1/3 хэсгээр тайрагдсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтмол алдагдуулна. Баруун дунд чөмөг ясны дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал нь 2-3-1, 2-3-2-т зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтонги алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ. Тархи доргилт нь 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 03 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Солонготын давааны гүүрний орчимд зам тээврийн осол гарч, иргэн Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Солонготын давааны гүүрний орчимд 31-30 ЗАН улсын дугаартай ачааны автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан иргэн Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна, би өдөр, сарыг нь сайн санахгүй байна, өөрийн нагац ах Тын хамтаар 31-30 ЗАН улсын дугаартай ТРАК маркийн том оврын ачааны автомашинтай хар мод ачаад Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд явсан юм. Би замдаа унтаж явсан бөгөөд нэг сэртэл Т ах машины тормос барихгүй байна, хийгээ хураахгүй алдаж байна гэсэн. Тэгээд нэг сэртэл газарт хэвтэж байсан. Дахиад нэг сэртэл Архангай аймгийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд удалгүй ухаан алдсан. Тэгээд сэртэл Улаанбаатар хотын “Гэмтлийн эмнэлэг”-т буюу одоо хэвтэж байгаа газартаа сэргэсэн. Миний хөлийн баруун талын дунд чөмөг хугарч хадуулсан, зүүн хөлийг дунд чөмгөөр нь тайрсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Ш.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16:00 цаг өнгөрч байхад манай төрсөн ах С над руу залгаад Т Архангай аймгийн Цахир сумын Солонготын даваан дээр машинтайгаа осолдоод бие нь тааруу байна гэж надад хэлсэн. Тэгээд би Тын эхнэр болон, ах, дүү нартаа хэлээд Архангай аймаг руу гарсан. Орой 23:00 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын төвд эмнэлэг дээр ирсэн. Намайг ирэхэд эмч нар анхны тусламж үзүүлээд аймгийн төв рүү авч явах шаардлагатай гээд Архангай аймгийн төв рүү авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч М.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тухайн өдөр манай нөхрийн төрсөн эгч Н над руу залгаад миний дүү тайван байгаарай, Т Солонготын даваан дээр явж байгаад машинтайгаа осолдсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Завхан аймгийн Улиастай сумаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед гарсан. Тэгээд Архангай аймгийн Цахир сумын эмнэлэгт орой 22 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг ирэхэд манай нөхрийн уруулыг нь оёчихсон, хамт явсан гэх манай нөхрийн эгчийн хүүхэд болох Нямдэмбэрэл хөлөндөө хүнд бэртэл авчихсан эмчлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, Ш.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн төвөөс банз ачаад Улаанбаатар хот руу явж байгаад Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны уруу руу уруудаж яваад гүүрний наад талын тойрог дээр хурдаа хасах гээд тормосоо гишгэсэн чинь машины тормос муухан бариад доод талын тойрог дээр багтаалгүй гүүрний хажуу талын эрэг рүү алдчихсан юм. Би осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч тормос сайн барихгүй, хийгүй болоод тойрог дээр нь багтаалгүй осолд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 03/, ослын газрын схем зураг /хх-ийн 04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч С овогт Шын Тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Ш.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 220597 дугаартай “В,С” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00909763 дугаартай 31-30 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Ш.Тт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ш.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ш.Т нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Ш.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Ш-ын Т-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Т-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Т-ын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 220597 дугаартай В, С ангиллын жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00909763 дугаартай 31-30 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Ш.Тт буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Ш.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ