Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00333

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00333

 

 

 

Б.О-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-эд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Гэрлэлт цуцлуулж,

1.2 Хүүхдийн асрамж тогтоолгох,

1.3 Хүүхдийн тэтгэлэг гаргуулах,

1.4 Гэр бүлийн өмчлөлийн хашаа байшингаас ногдох хэсгийг гаргуулах,

Ц.Б-тэй 2010 онд танилцаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, бидний дундаас 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр охин Б-ийнЦ- төрсөн, одоо 8 настай эхийн хамт амьдарч байна. Ц.Б- нь охин бид хоёрыг гэрээс хөөсөн, одоо бид түрээсийн байраар амьдарч байна. Цаашид Ц.Б-тэй хамтран амьдрах боломжгүй. Өмнө нь эвлэрүүлэн зуучлах төвд хандсаны дараа шүүхэд хандсан ба 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 184/Ш32016/04269 шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.

Нөхөр Ц.Б- Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Миний нүдийг цус шүүрүүлж хүртэл урж байсан учраас цагдаад дуудлага өгч 14 хоног баривчилгаанд явуулж байсан. Намайг хүсэхгүй байхад хүртэл надтай унтах гэж дайрдаг байсан. Миний хүүд хүртэл янз бүрээр хандахад хүүгээ би эмээ рүү нь явуулж байсан. Өмнөговь аймагт очиж амьдаръя гэхэд үгүй гэсэн. Өөр тийшээ хөдөө яваад юу хийж явдгийг нь мэдэхгүй. Охиноо хүртэл голын ус руу шидээд сэл гээд хатуу ширүүн ханддаг. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх талаар юу ч мэдэхгүй гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1 Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

2.2, 2.3 Охин Б.Ц-ийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.

2.4 Дундын хөрөнгө гээд байгаа хашаа байшингийн хувьд бол Б.О-т хамаагүй, миний эх Т.Ц-гийн надад өвлүүлсэн хуваарьт хөрөнгө юм.

Маргаж буй хашаа байшин нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш харин Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар Ц.Б-ийн хуваарьт хөрөнгө юм.

Ц.Б-ийн эх Т.Ц-2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа өмнө өөрийн өмчлөлд байсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны Хангайн 38 дугаар гудамжны 7 тоотод байх 94 м.кв хувийн сууц бүхий 689 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн хүү Ц.Б-эд өвлүүлэхээр болсон юм. Тухайн үед хуульчаас зөвлөгөө авахад өвлүүлэх юм бол нас барснаас хойш 1 жилийн дараа өвлөх эрх үүсдэг, мөн бусад өвлөгчид маргаж болдог учраас ажиллагаа ихтэй, бэлэглэлээр бол шууд нэр дээр чинь үл хөдлөх хөрөнгө шилждэг учраас илүү хялбар гэж зөвлөсөн. Гэхдээ бэлэглэлээр хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийг банк санхүүгийн байгууллагууд барьцаанд авч зээл өгдөггүй учраас худалдах, худалдан авах гэрээгээр хийх хэрэгтэй гэж зөвлөсөн. Энэ зөвлөгөөний дагуу Т.Ц-нас барахаасаа 1 сар орчмын өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б-эд хашаа байшингаа нийтэд нь 3,000,000 төгрөгөөр худалдсан болж гэрээг хийн үл хөдлөх хөрөнгө Ц.Б-ийн нэр дээр шилжсэн. Ц.Б- нэг төгрөг ч Т.Ц-д өгөөгүй, ийм хямд үнэтэй хашаа байшин байхгүй, талийгаач Т.Ц-гийн хүсэл зорилго бол нас барахаасаа өмнө хүүдээ үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгөх байсан юм. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн цэргийн ангийн нэг хүнтэй амьдрах болж нийлж намайг гэр оронгүй болгох гэж хичээж байна. Намайг хүчиндэх гээд байна гэж хүртэл цагдаад дуудлага өгч байсан удаа бий. Би өөрөө охиноо өсгөмөөр байна.

 

3. Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Б-ы О /РД:ТЕ79070264/, Боржигон овогт Ц-н Б- /РД:ТБ75021811/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.Ц-ийг эх Б.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б-ийнЦ- /рд:ут12301964/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б- /РД:ТБ75021811/-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201049416 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц зориулалттай, 000843174 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 000629556 дугаартай, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201043691 дугаарт бүртгэлтэй газрыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоон хариуцагч Ц.Б-ийн өмчлөлд хэвээр үлдээн, хувийн сууц, газрын нийт үнэлгээнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 20,666,600 төгрөгөөр тооцон, нэхэмжлэгч Б.О-т 10,333,300 төгрөгийг, охин Б.Ц-т 20,666,600 төгрөг нийт 30,999,900 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,333,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,230 төгрөг /70,200+70200+37,030/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 242,749 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Ц.Б-ээс 420,179 төгрөг /70,200+37,030+312,949/-ийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.А-т даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт дурдсанаар 30,999,900 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба шийдвэрийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

4.б. Миний эх Т.Ц-2017.11.02-нд өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа өмнө өөрийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны Хангайн 38 дугаар гудамж, 7 тоотод байрлах 94 м.кв хувийн сууц бүхий 689 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг надад өвлүүлэхээр болсон. Эх Т.Ц-нас барахаасаа 1 сар орчмын өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа байшингаа бэлэглэн нотариатаар батлуулахдаа гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж нотариатад хэлэн хашаа байшингаа нийтэд нь 3,000,000 төгрөгөөр надад худалдсан болж гэрээг хийн үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжсэн.

Эх Т.Ц-хүнд өвчнөөр нас барахаасаа өмнө надад энэ хашаа байшинг худалдсан зүйл байхгүй, би ээждээ нэг төгрөг ч өгөөгүй, ийм хямд үнэтэй хашаа байшин байхгүй, миний эх Т.Ц-гийн хүсэл зорилго бол нас барахаасаа өмнө хүүдээ үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж өгөх байсан.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Б, Ц.Э болон нэхэмжлэгч Б.О- хүртэл өөрөө энэ талаар ... үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зөвхөн Ц.Б-ийн нэр дээр гарах ёстой, Б.О-ийн нэрийг гэрчилгээнд оруулахгүй... гэж талийгаач Т.Ц-нас барахаасаа өмнө хэлж байсан талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хэлдэг. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар миний хуваарьт хөрөнгө болох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж атал анхан шатны шүүх эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн надаас 30,999,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан. Хариуцагч нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөлийг 2017 онд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шүүх үзсэн. Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн оногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ц.Б-эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Б.О-, Ц.Б- нар 2010 онд танилцан, 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1116870753 дугаарт гэрлэлтээ бүртгүүлэн гэрчилгээ олгогдсон байна. /хх10/

 

Гэрлэгчдийн дундаас 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Б-ийнЦ- төрсөн болох нь №0000841348 Г-6148 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх9/

 

Гэрлэгчид тус шүүхэд 2016 онд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, улмаар шүүхийн шатанд эвлэрч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 184/ШЗ2016/04269 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх15-17/

 

Шүүх талуудын хамтран амьдрах боломжгүй болсны улмаас гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн нөхцөл байдал болон гэр бүлийн хүчирхийлэлтэй байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасан нийцжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.Ц- нь төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжид байсан нь тогтоогдож байх бөгөөд хүүхдийн ээнэгшин дассан байдал, өсөж бойжсон орчин нөхцөл байдал болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу эцэг эхийн хэний асрамжид үлдэх талаар саналыг харгалзан үзэж охин Б.Ц-ийг эх Б.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, эцэг Ц.Б-ээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б-ийнЦ-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.1, 40.1.2-т заасанд нийцсэн байна.

 

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201049416 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц зориулалттай, 000843174 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 000629556 дугаартай, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201043691 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, газрыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, өөрийн төрсөн эх Т.Ц-гээс шилжүүлсэн хуваарьт хөрөнгө учир хуваагдахгүй, харин эхнэр хүүхдэдээ өөрийн зүгээс 10,000,000 төгрөгийн дотор хашаа, гэр авахад нь зориулан гаргаж өгөх боломжтой гэж маргажээ.

 

Талуудын маргаан бүхий уг үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Ц-гийн өмчлөлд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байна. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т.Ц-, Ц.Б- нарын хооронд хийгдсэн газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Ц.Б-ийг өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх97/

 

Мөн өмнөх өмчлөгч Т.Ц-нь хариуцагч Ц.Б-ийн төрсөн эх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны лавлагаа, төрөл садангийн лавлагаа болон Ц.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх хувийн сууцад эх Т.Ц-гийн хамт 2016 оноос түүнийг нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан, хашаа байшинг Т.Ц-худалдан авсан боловч хашаа байшинг гэрлэгчдийн хөрөнгө, хөдөлмөрийн оролцоотойгоор засан сайжруулсан, түүнээс хойш гэрлэгчид тусдаа амьдрах хүртэл хамт амьдарч байсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Б, Ц.Э нарын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх94, 109-110/

 

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүх Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201049416 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц зориулалттай, 000843174 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 000629556 дугаартай, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201043691 дугаарт бүртгэлтэй газар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэнийг буруутгахгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.О-ийг уг хөрөнгийг бий болоход өөрийн оруулсан хөрөнгө болон хөдөлмөрийн оролцоог нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул түүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар багасган 10,333,300 төгрөгөөр тооцон олгож, охин Б.Ц-т ногдох хэсэг болох 20,666,600 төгрөг, нийт 30,999,900 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, маргаан бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201043691 дугаарт бүртгэлтэй газар болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Б-ийн өмчлөлд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,445 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД