Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00997

 

 

 

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00997

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ******байрлах, М.Т

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** дугаар багийн ****дугаар байрны *** тоотод оршин суух, э.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,588,069 (нэг сая таван зуун наян найман мянга жаран ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01031/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л ийн дарга ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б  нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныгтөрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасныг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Э.Д  нь Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Номын санч-мэдээллийн ажилтан Ч.Б ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна.

Иргэн Ч.Б  нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********** дугаар шийдвэрээр Ч.Б ыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн Номын санч-мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас 2024 оны 5, 9 дүгээр сард Ч.Б т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 1,588,069 төгрөгийг тооцож тус тус олгосон байна.

Т.Б өөс хариуцагч Э.Д д 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 02/1280 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Э.Д  нь төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй талаар хариу тайлбар ирүүлсэн.

Иймд иргэн Э.Д ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 1,588,069 төгрөгийг Төрийн сангийн ************* тоот дансанд буруутай албан тушаалтан болох Э.Д аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Д  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Д  миний бие М.Л ийн нэхэмжилж буй 1,588,069 төгрөгийг Т.Б д төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Төрийн сангийн ******* тоот дансанд төлж барагдуулна. Одоогоор би ажилгүй байна. Ажилд орж орлоготой болохоороо төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б  нь Э.Д д холбогдуулан гэм хорын хохирол 1,588,069 (нэг сая таван зуун наян найман мянга жаран ес) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,588,069 (нэг сая таван зуун наян найман мянга жаран ес) төгрөгийг Төрийн сангийн ************* тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Б ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Д аас 1,588,069 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,359 төгрөгийн тал хувь болох 20,179.50 (хорин мянга нэг зуун далан есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Э.Д  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д д холбогдох, гэм хорын хохирол 1,588,069 (нэг сая таван зуун наян найман мянга жаран ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,588,069 (нэг сая таван зуун наян найман мянга жаран ес) төгрөгийг Төрийн сангийн ********* тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Б ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Д аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,179.50 (хорин мянга нэг зуун далан есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Д  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ