Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0250

 

 

 

  2026            03            12                                         128/ШШ2026/0250

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г******* /РД:*******/,

Хариуцагч: дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б*******/РД:*******/ нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******с, Д.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,  иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Б*******т газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүүргийн дүгээр хороо, 1-41 тоот хаягт байрлалтай газрыг  эзэмшүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгчээс 2017 онд дүүргийн дүгээр хороо, 1-41 тоот хаягт байрлах 448 м.кв газрыг иргэн Г.Мтай тохиролцсоны үндсэн дээр уг газрыг шилжүүлэн авч, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан дээрх газрыг эзэмших хүсэлтийг гаргахад, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр “...Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...”, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр “...2022 онд кадастрын цахим системд газар эзэмших хүсэлт бүртгэгдсэнээс өөр хүсэлт бүртгэгдээгүй, дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар өөр иргэнд газар эзэмших эрх олгосон газартай давхцалтай гэсэн хариуг өгчээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Г*******аас тус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулахаар маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Г.Г******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Иргэн Г.Г******* миний бие 2017 оны 08 сарын 04-ны өдөр иргэн Гэндэн овогтой Маас түүний амьдарч байсан дүүргийн -р хороо, 1-41 тоот хаягт байрлалтай газрын эзэмших эрхийг гар бичмэл бүхий гэрээ хийж, тохиролцоод шилжүүлж авах эрхтэй болсон. Миний хувьд тус газрын нэгж талбарын хил, заагийн газарт эргэлтийн цэгийг бэхлүүлж, кадастрын зураг гаргуулж, мөн холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж "газар эзэмших эрх олгуулах захирамж гаргуулахаар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр хүсэлт өгсөн. Иргэн Г.М болон бидний дунд газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон болохыг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн "нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт", кадастрын зураг, иргэн Г.Мтай байгуулсан 2017 оны 08 сарын 04-ний өдрийн гар бичмэл бүхий гэрээ, 2018 оны 03 сарын 29-ний өдрийн Г.Мын өөрийн гар бичмэл зэрэг баримтаар нотлох боломжтой байна.

3.2. Бусад нотлох баримтыг захиргааны хэрэг үүссэний дараа дүүргийн газрын алба, мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн материал зэргийг шүүхийн журмаар гаргуулан авч нотлох боломжтой байна. Мөн иргэн Г.Маас гэрчээр мэдүүлэг авах боломжтой юм. Миний хувьд 2017 оны 01 сарын 14-ны өдөр шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж "газар эзэмших эрх олгуулах захирамж гаргуулахаар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсанаас хойш дахин 2017 оны 10 сарын 2, 2021 оны 09 сарын 20, 2022 оны 09 сарын 23-нд нийт 3 удаа өргөдөл өгч, газрын кадастрын зургийг 2 удаа хийлгэсэн байдаг. Хамгийн сүүлд 2024 оны 01 сарын 29-ны өдөр газар зохион байгуулалтын албанд, 2024 оны 2 сарын 28-нд дүүргийн Засаг даргад хандан тус тус гомдол гаргасан боловч түүний хариуд хууль зүйн үндэслэлтэй хариу өгөөгүй.

3.3. Иймд хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн дүгээр хороо, 1-41 тоот хаягт байрлалтай газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. Иргэн Г.Г******* нь тус газрын нэгж талбарын хил, заагийн газарт эргэлтийн цэгийг бэхлүүлж, кадастрын зураг гаргуулж, мөн холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж "газар эзэмших эрх олгуулах захирамж гаргуулахаар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт өгсөн.
Гэтэл Г.Г*******ын хүсэлтийг шийдвэрлээгүй 5 жил болсны дараа буюу 2022 онд иргэн Б.Б*******т газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан нь цаг хугацааны хувьд өмнө нь хүсэлт гаргасан миний эрх ашгийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулаад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4. захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан ба гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах...” гэжээ.

4. Хариуцагч дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.1. Иргэн Г*******с овогтой Г******* нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1055 дугаартай өргөдөл ирүүлсэн байсан. Улмаар иргэн Г******* тус газар дээр иргэн Б.Б******* дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн дугаар захирамжаар зусланд эзэмшүүлсэн 411 м.кв газартай давхацсан байсныг хэлсэн. 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гомдол ирүүлсний дагуу шалган үзэхэд иргэн Б.Б******* нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших хүсэлт ирүүлсэн байсан. Иргэн Г.Г******* нь 2017 онд хүсэлт гаргасан гэх боловч хүсэлт гаргасан талаарх мэдээлэл манай албаны 2017 оны өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэгдээгүй байсан, мөн хүсэлт өгсөн гэх өдөр нь амралтын өдөр байсан болно. 2021 оны агаар сансрын зургаас шүүж үзэхэд тухайн газар дээрээ амьдарч байсан гэдэг нь тогтоогдоогүй, мөн иргэн Б.Б*******т мэдэгдэл хүргүүлэхэд тэрээр гадаадад байгаа, тус газар дээр нь байсан хашаа, пин зэрэг байсан гэх тайлбар өгсөн бөгөөд дoogle-ийн Street view-ээр харахад дээрх хашаа пин нь мөн адил харагдаж байсан тул 2024 оны 02-р сарын 26-ны өрийн - р албан бичгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн болно...” гэжээ.

5. Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

5.1 Иргэн Б.Б******* /*******/ нь Улаанбаатар хот, дүүрэг, 4-р хороо, , наадамчдын зам гудамж 102 байрны 8 тоотод оршин суудаг, уг хаягтаа албан ёсны бүртгэлтэй болно. Б.Б*******ийн 2020 онд гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн 24 дүгээр хороо зуслан дахь нэгж талбарын дугаартай 411 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул одоо зуслангийн зориулалтаар эзэмшиж байна.
Уг газрын эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэн Б.Б*******, түүний эцэг Д.Бү, төрсөн ах Б.Баттулга нар нь 2003 оны үеэс эхлэн хөөцөлдөж эхэлсэн бөгөөд өөрсдийн танил Г.Маар модон хашаа бариулж, Г.М нь эхнэр, хүүхдийн хамт уг хашаанд мал маллан түр амьдарч байгаад 2013 онд эхнэр нь нас барж, удалгүй Улаанбаатар хотын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглосон учраас нүүж явсан.

5.2. Б*******ийн ээжийн эрүүл мэндийн байдал, Ковид- цар тахал гарсан зэрэг шалтгааны улмаас 2018 оны зунаас хойш зусландаа гараагүй, хааяа уг хашаа, болон эцэг эхийн зуслангийн хашаа байшинг эргэж очдог байсан бөгөөд эцэг Б.Бүг 20 онд нэг удаа очиход хашаа хороо нь нурж, зарим хэсэг нь алга болсон байсан тул зургийг нь аваад явсан, дараа нь нэг ирэхэд хашааг нь буулгаад өөр хашаа барьчихсан байсан тул уг хашааг барьсан хүмүүстэй уулзах гэж удаа дараа очоод тааралдаж, уулзаж чадаагүй. Ингээд хашааг барьснаас хойш 2 жил орчмын дараа буюу 2023 онд зөөврийн сууц авчирч тавьсан байсан. Иймд нэхэмжлэгч Г.Г*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

6. Иргэдийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Нэхэмжлэгч талаас ямар бичиг баримтыг үндэслэж биш аман гэрээ байгуулж газрыг авсан байна. Хариуцагч байгууллага иргэдийн гаргасан өргөдлийг шат дараатай хүлээж авдаг ч иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцаа, холбоогүй ажиллан, 2020 онд гуравдагч этгээд түрүүлж хүсэлт гаргаж, 2022 онд гуравдагч этгээдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна. Хариуцагч төрийн байгууллагаас таны хүсэж байсан газар өөр иргэний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан талаар иргэнд мэдэгдэхгүйгээр 2024 он хүртэл явуулсан нь төрийн байгууллага иргэдтэй харилцаа холбоо муутай дүр зураг нь харагдаж байна гэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн -р хороо, зусланд байрлах, нэгж талбарын дугаартай, 411 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Б*******т эзэмшүүлэх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Г*******аас “...2017 оноос эхлэн газар дээр тасралтгүй амьдарч байгаа, тухайн газрыг Г.Маас худалдан авсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж хүсэлт гаргаж байсан, газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, хэрэв хийсэн бол манайх тус газар дээр оршин сууж байсныг мэдэх боломжтой байсан...” гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Б.Б******* 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, түүндээ кадастрын зураг, гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтууд хавсаргаж өгснийг өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын дугаарт бүртгэж, уг хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгосон байна.

 

4.  Харин нэхэмжлэгч Г.Г*******аас тус албанд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан, түүний эзэмшихийг хүсэж буй газар нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий дээрх 411 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн газрын давхцалын зураглалаар нотлогдсон.

 

5. Нэхэмжлэгчийн “...тухайн газарт 2017 оноос хойш амьдарч байгаа, газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан...” гэх нэхэмжлэлд дурдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

6. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г*******аас 2017 онд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлан, тус үйл баримтыг нотлохоор тухайн өргөдлийг бүртгэсэн тодорхойлолт болох “Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын иргэнд өгөх хувь гэх дүүргийн газрын албаны тамга дарагдсан, хүлээн авсан хүний гарын үсэг хэсэгт Дэчмаа” гэж гараар бичсэн баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлжээ.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхээс дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэргийн ажилтан Д.Дэчмаагаас гэрчээр мэдүүлэг авахад “тус баримтад гарын үсэг зураагүй, өргөдлийг хүлээн аваагүй” гэж мэдүүлсэн тул “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтод зурагдсан гарын үсэг Д.Дэчмаагийн гарын үсэг мөн эсэх”-ийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлтээр “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-д зурагдсан гарын үсэг Д.Дэчмаагийн гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

8. Нэхэмжлэгчээс “...2017 онд газар эзэмших хүсэлт гаргах үед цуг явсан Г.Мө, Э.А нар өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг надад өгсөн...” гэх тул шүүхээс тэдгээр иргэдийг гэрчээр асуухад, гэрч Э.Ааас “... дүүрэгт Д.Н******* эгч хүсэлт өгсөн. Би дүүрэгт ажилладаггүй учраас нотолж чадахгүй. Гэхдээ 2016 билүү 2017 онд газар эзэмших хүсэлтээ өгөөд буцаад явж байсан.” гэж, гэрч Г.Маас “... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахаар очиход Д.Н*******, Э.А нар хамт байсан..., Газрын алба руу хүсэлт гаргахаар ороод... материалыг Э.Ат өгсөн...” гэж зөрүүтэй мэдүүлснээс гадна мэдүүлэгт дурдсан үйл баримтыг нотлох бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

 

9. Иймд, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт” болон зөрүүтэй мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул нэхэмжлэгч Г.Г*******ыг 2017 онд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт гаргасан гэж дүгнэх боломжгүй.

 

10. Нэхэмжлэгчийн “... газар эзэмших хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 14, 2017 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 9 дүгээр сарын 20, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан...” гэх тайлбарын тухайд, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивын баримт бичигт шүүхээс үзлэг хийхэд, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт Г.Г*******ын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн газар эзэмших хүсэлт бүртгэгдсэн, үүнээс бусад хүсэлт бүртгэгдээгүй, нэхэмжлэгчээс “...газар эзэмших хүсэлтээ өгөхөөр очиход хүлээж авдаггүй байсан...” гэх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, хэрэв захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн шийдвэртэй нь холбогдуулан маргаагүй байх тул түүнийг газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэхгүй.

 

11. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс“...Нэхэмжлэгч талаас ямар бичиг баримтыг үндэслэж биш аман гэрээ байгуулж газрыг авсан байна. Хариуцагч байгууллага иргэдийн гаргасан өргөдлийг шат дараатай хүлээж авдаг ч иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцаа, холбоогүй ажиллан, 2020 онд гуравдагч этгээд түрүүлж хүсэлт гаргаж, 2022 онд гуравдагч этгээдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байна...” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн дээрх дүгнэлттэй тохирч байна.

 

12. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт 2017 оноос тасралтгүй амьдарч байсан эсэх үйл баримтыг тогтоохоор, шүүхээс дүүргийн 24 дүгээр хорооны байранд очиж, тус хорооны Засаг дарга болон ажилтнуудын хөтөлдөг бүртгэлийн дэвтрүүд, бусад баримт бичигт үзлэг хийхэд, нэхэмжлэгч Г.Г*******, түүний эцэг Д.Г*******с, эх Д.Н******* нарын нэр дээр үйлдэгдсэн баримтгүй, өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

 

13. Нэхэмжлэгчээс гарган өгсөн Г.Мын нэр дээр үйлдэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зурагт газрын байршлын хаягийг “ дүүргийн дүгээр хороо, ийн 1-41 тоот хаяг” гэсэн байх тул шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийх явцдаа хэргийн оролцогчдыг байлцуулан тус хаягт байрлах газар очиход маргаан бүхий газраас өөр газар болох нь тогтоогдох бөгөөд энэ талаар гэрч Г.М “...нэгж талбарын зургийг үйлдэхдээ хадам аавынхаа хашааны хаягаар зураг хийлгэсэн...” гэж шүүхэд тайлбар гаргасан.

 

14. Мөн, шүүхийн үзлэгийн явцад дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаас маргаан бүхий 411 м.кв газарт хаяг олгогдоогүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс хүлээн зөвшөөрнө.

 

15. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, тус газрыг хашаалан зөөврийн сууц байрлуулсан байх хэдий ч дүүргийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохоос өмнө, 2017 онд баригдсан болох нь нотлогдсонгүй, мөн дээр дурдсанчлан дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамж гарснаас хойш анх удаа 2022 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдоод байна.

 

16. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж тус тус зааснаар иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй болно. Иймд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгоогүй тул түүний хувьд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, газар эзэмших эрхгүй этгээд гэж үзнэ.

 

17. Мөн 2017 оноос тухайн газарт амьдарч байгаа үндэслэлээр газар эзэмших ашиг сонирхол түрүүлж үүссэн, оршин сууж байсан газарт давхцуулан Б.Б*******т эзэмших эрх олгосон гэх боловч маргаан бүхий акт гарсны дараа нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд эрхийн гэрчилгээ олгогдоогүй газарт хашаа, барьсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй.

 

18. Хэдийгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ч газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн гэж маргасан тохиолдолд тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг шалгахад тухай газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, мөн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь “бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх”-ийг харгалзан үзэх ёстой.

 

. Гэвч дээр тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч Г.Г******* 2020 оноос өмнө маргаан бүхий газарт бодитойгоор оршин сууж, амьдарч байсан нь нотлогдохгүй, тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй тул түүнд Газрын тухай хуулиар хамгаалагдах газар эзэмших ашиг сонирхол үүссэнд тооцогдох боломжгүй.

 

20. Иймд, дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд Б.Б*******т 411 м.кв газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Г.Г*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзээд маргаан бүхий актыг хүчингүй болгох, газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г*******ын дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Иргэн Б.Б*******т газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүүргийн дүгээр хороо, 1-41 тоот хаягт байрлалтай газрыг  эзэмшүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНГЭРЭЛ

                                       

                                         ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

                                       

                                         ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ