Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2026/0149

 

 

 

 

 

 

 

   2026          02          09                                   128/ШШ2026/0149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* овогт Д******* А******* /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга,

Маргааны төрөл: Шүүхийн шийдвэрээр ажилд томилохыг даалгуулах, ажилгүй байлгасан хугацааны цалин хөлс гаргуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг И.Маргад-Эрдэнэ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:   

1.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалыг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Д.А*******ыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах,

1.2. Ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин, 13 сарын урамшуулалт цалин /2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14,688,960 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 2 дугаар сарыг хүртэл 30,997,820 төгрөг/, 2024, 2025 оны ээлжийн амралтын олговор 1,990,230 төгрөг, нийт 47,677,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар Д.А*******ыг эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас халсан.

2.2. Д.А******* Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* дүгээр тушаалыг хүчингүй болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.  

2.3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос 1 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч “шүүхийн магадлалд зааснаар 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул чөлөөлсөн ******* дугаар тушаал хүчингүй болсон” үндэслэлээр хууль бусаар чөлөөлөгдсөн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сараас 2026 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс 47,677,010 төгрөгийг гаргуулах, энэ хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр маргаж,

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газар уг магадлалтай холбогдуулан Улсын дээд шүүхэд гомдол гаргаагүй, мөн магадлалыг гардан авснаас хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/125 дугаар тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас намайг ажилд эргүүлэн томилох асуудлаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ерөөсөө холбогдоогүй. 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Б*******ид хандан өмнө нь ажиллаж байсан албан тушаалд томилж, үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтийг шуудангаар илгээсэн. Миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байсан тул 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б******* даргатай биечлэн уулзсан бөгөөд тухайн үед албан тушаалд нь томилохгүй гэдэг хариуг гаргасан байсан. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/092 дугаар магадлалыг биелүүлэхгүй байгаа тул намайг урьд нь ажиллаж байсан эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай акт гаргахыг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгах, мөн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

Анх нэхэмжилсэн ажилгүй байх хугацааны цалин хөлс дээр 2026 оны 02 дугаар сарын цалин хөлсийг нэмэгдүүлэн ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, ажилгүй байсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны цалин, 13 сарын урамшуулалт цалин /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 14,688,960 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 2 дугаар сарыг хүртэл 30,997,820 төгрөг/, 2024, 2025 оны ээлжийн амралтын олговор 1,990,230 төгрөг, нийт 47,677,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэхээр нэмэгдүүлж байна.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.А******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар хууль бусаар өөрийнхөө ажил албан тушаалаас халагдсан ба давж заалдах шатны шүүх хариуцагчийг процессын алдаа гаргасан, мөн хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй шийдвэр гаргасан үндэслэлээр тухайн захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж процессын ажиллагаа хийгээгүй. Мөн үүнээс хойш ч шүүхийн шийдвэрийг биелүүлж,  хууль бус акттайгаа холбоотойгоор ямар нэгэн үйлдэл хийгээгүй эс үйлдэхүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь манай үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Бид хууль бус захиргааны актыг анхнаас нь хүчин төгөлдөр бус байсанд тооцсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид хэлмээр байна. Нэхэмжлэгчийг эргүүлэн томилох, цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэмж хийсэн ажиллагаа байхгүй. Тухайн үед буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзсан. Цалингийн хэмжээтэй холбоотой нэмж хэлэх тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэрт заасны дагуу дахин шалгах ажиллагаа явуулж, дахин шинэ акт гаргах талаар мэдэж байсан. Гэхдээ нэг зүйлийг буруу ойлгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарахдаа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай, маргаан бүхий тушаалын огноог 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаал гэж тушаалын огноог алдаатай бичсэн байсан. Үүнийг нь шүүхэд хүсэлт гаргаж засварлуулна гэж бодож байгаад мартсан бөгөөд үүнээс болоод миний бие магадлал алдаатай гарсан юм чинь хүчин төгөлдөр биш гэж ойлгосон байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж үргэлжлүүлэн ажиллуулаагүй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Д.А*******ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-7 буюу “төрийн захиргааны дэс түшмэл” ангилал, шатлалаар үндсэн цалинг /2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 1,452,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд 1,539,000 төгрөгөөр/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 8 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 18 хувиар тооцож нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин, 2023-2025 оны ээлжийн амралтын олговор, 2024-2025 оны 13 дугаар сарын урамшуулалт цалин, ажилгүй байсан хугацааны хоол, унааны хөнгөлөлт шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Д.А*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох “2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0235 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаал хүчингүй болохоор шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2025/0392 дугаар магадлал 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд үүнээс хойш 1 сарын хугацаанд хариуцагчаас сахилгын зөрчлийн асуудлыг шалгах ажиллагааг хийгээгүй, дахин шинэ акт гаргаагүй байна.

3. Шүүхийн шийдвэрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан төрөл нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан алдаагаа дахин нягталж, өөрөө тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд хэрэглэгдэнэ.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны актыг хууль ёсны болгож болохуйц, хуульд нийцүүлж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

Тиймээс ч давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Д.А*******ын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг, дээрх журмын дагуу хэн, ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй, сахилгын зөрчил гарсан эсэх талаар дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан ямар үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийн чухам алийг нь гаргасан болохыг хууль зүйн хувьд тодорхойлох боломжгүй буюу хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. ... Д.А******* нь ямар хугацаанд цаг бүртгэлийн системд бүртгүүлэхгүй, хэд хоногийн ажил тасалсан болох, тэр нь холбогдох хууль, хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлсон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ноцтой зөрчилд хамаарах, магадгүй захиргааны байгууллагаас илэрхий гэж үзсэн энэ зөрчлийг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмаар хэрхэн шалгаж дүгнэлт гаргасан, маргаан бүхий актад төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг хамт хэрэглэсэн бодит нөхцөл, хууль зүйн үндэслэл тодорхой бус ойлгомжгүй байна. ... Нэхэмжлэгчийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь сахилга ба ёс зүйн ноцтой зөрчил болохыг захиргааны байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, түүний хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулийн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтын аль үндэслэлээр дуусгавар болгосон нь эргэлзээтэй. Д.А*******ын гаргасан гэх зөрчлийг зохих журмын дагуу, бүрэн шалгаж тогтоосон эсэх, мөн түүний хөдөлмөрийн харилцааг хууль зүйн ямар үндэслэлээр дуусгавар болгосон нөхцөл байдал нь тушаалын хуулийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход ач холбогдолтой боловч шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тодорхойлогдохгүй байх тул цаашид маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой эдгээр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзсэн байна.

Мөн “зөрчлийг шалган тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах бөгөөд маргаан бүхий актад үндэслэл болгосон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрэм, Д.А*******ын зөрчил гаргасан гэх хугацааны цагийн бүртгэл хэрэгт бүрэн ирээгүй зэргийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон сахилгын ноцтой зөрчлийг шалган тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарна. Тухайлбал цагийн бүртгэлд бүртгүүлээгүй хэзээний аль үйлдлийг давтан зөрчил гэж үзсэн, уг дотоод хяналтын чиг үүрэг бүхий нэгжээр шалган тогтоолгож, зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах сонгох боломжид хамаарах тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу явуулах нь зүйтэй” гээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаал хүчингүй болохыг дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасанчлан хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар зөрчлийг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтаар шаардагдах захиргааны акт гаргах шүүхээс тогтоосон хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тооцох бөгөөд магадлалыг гардан авсан хугацаанаас 1 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш үүсэхээр байна.

5. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийгээгүй, дахин шинэ акт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасан үр дагавар үүссэн, тодруулбал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Д.А*******ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон” тушаал хүчингүй болсон, эрх зүйн нөлөөлөлгүй болсон байна.

6. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаа үргэлжлэхээр, Д.А*******ыг урьд эрхэлж байсан эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилж үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хариуцагчид үүснэ.

7. Нэхэмжлэгч Д.А******* нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилоогүй, үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.А*******ыг урьд эрхэлж байсан эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилж үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

8. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой уг хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэсэн зохицуулалтыг хэрэглэж ажилгүй байсан 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойших урьд эрхэлж байсан эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилж ажлаар хангах хүртэлх хугацаанд цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

9. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үндсэн цалин болон төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл олгогдоно.

Нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-7 буюу төрийн захиргааны дэс түшмэл шатлалаар, үндсэн цалин /2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 1,452,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд 1,539,000 төгрөг/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 8 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 18 хувиар тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сард цалин хөлс олгоогүй байх тул 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд үндсэн цалин 1,452,000.00 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 116,160 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 261,360 төгрөг буюу сарын цалин хөлсийг 1,829,520 төгрөгөөр тооцож 10,977,120 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарыг дуустал үндсэн цалин 1,539,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 123,120 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 277,020 төгрөг буюу сарын цалин хөлсийг 1,939,140 төгрөгөөр тооцож 25,208,820 төгрөг, цаашид ажилд томилж ажлаар хангах хүртэл хугацаанд сарын цалин хөлсийг 1,939,140 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй”-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үргэлжлэх ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь ажил олгогчийн үүрэг тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

11. Харин Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заагаагүй буюу төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний бүрдэлд хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас “2024-2025 оны 13 дугаар сарын урамшуулалт цалин 2,061,840 төгрөг болон ажиллаагүй хугацааны хоол, унааны хөнгөлөлт 6,875,000 төгрөг /сар бүр 275,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд нэхэмжилсэн/ нөхөн гаргуулах” шаардлагыг, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр, мөн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй “ажиллаж байх хугацаанд 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин /үнийн дүнг тодорхойлоогүй/ гаргуулах, 2023-2025 оны ээлжийн амралтын дутуу олговор 1,908,744.60 төгрөг гаргуулах”[1] шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А*******ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.А*******ыг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулаагүй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Д.А*******ыг Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулахыг  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгаж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг төрийн захиргааны дэс түшмэл ТЗ-7 ангилал, шатлалаар, үндсэн цалинг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 1,452,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажлаар хангах хүртэл хугацаанд үндсэн цалин 1,539,000 төгрөг, тус хугацаанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 8 хувиар, зэрэг дэвийн нэмэгдлийг 18 хувиар тооцож /2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд сарын цалин хөлсийг 1,829,520 төгрөгөөр тооцож 10,977,120 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарыг дуустал сарын цалин хөлсийг 1,939,140 төгрөгөөр тооцож 25,208,820 төгрөг, цаашид ажилд томилж ажлаар хангах хүртэл хугацаанд сарын цалин хөлсийг 1,939,140 төгрөгөөр тооцон/ нэхэмжлэгчид нөхөн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “2024-2025 оны 13 дугаар сарын урамшуулалт цалин 2,061,840 төгрөг, ажилгүй байсан хугацааны хоол, унааны хөнгөлөлт 6,875,000 төгрөг, ажиллаж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндэслэлгүй хассан, дутуу олгосон цалин, 2023-2025 оны ээлжийн амралтын дутуу олговор 1,908,744.60 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 65, 67, 68, 96 дугаар хуудас