Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 2305035770406 |
Дугаар | 2024/ДШМ/1016 |
Огноо | 2024-09-05 |
Зүйл хэсэг | 17.4.2.2., |
Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1016
2024 9 05 2024/ДШМ/1016
Э.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.А,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Д,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ч.М-ийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлээр Э.А-д холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ......... дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......................... ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 82.533.918 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ээс нийт 81.043.918 төгрөгийг гаргуулж, хохирогч ................. ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.М бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/539 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Н.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлээс сонгон оногдуулсан боловч шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас ............................ ХХК-д учруулсан 82.533.918 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч нөхөн төлөх чадвартай гэдгээ нотолсон баримт байхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би учруулсан хохирлоо гүйцэд төлж барагдуулна. ...” гэв.
Шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.А нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон. Прокуророос 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан. Компанийн захирал нь Э.А-г хамгийн итгэлтэй, найдвартай, хөдөлмөрч, өөрийн хуваарьт ажлаас гадна ажлын бус цагаар ажилладаг талаар шүүх хуралдаанд хэлсэн бөгөөд учруулсан хохирлоо ажлаа хийж байгаад төлөх үү, цалингүй ажиллаж төлөх үү гэдэг асуудлыг ярьж байсан. Компанид хохирол учруулсан 3 хүний хамгийн итгэлтэй, найдвартай хүн нь Э.А болох талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүгдэгч Э.А одоо нүүрсний машин барьж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хилийн хориг тогтооно гэхэд өмгөөлөгч миний зүгээс прокурорт санал, хүсэлт гаргасан бөгөөд миний хүсэлтийг хангаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангасан. Шүүгдэгч Э.А нь 2 нялх хүүхэдтэй бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Хохирогч тал гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Ч.М-ийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд .......... дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ................. ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх явцдаа компанийн худалдаалах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүний орлогоос 82.533.918 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгоор өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэн авч зарцуулан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ы “...Э.А нь мөнгөн дүнг зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн. Дараа нь захирал, А-ийн тооцоог дахин бодоход 80.000.000 орчим төгрөг болж байгаа. ...” /хх 15/ гэх мэдүүлэг,
“...Тус компанид борлуулагчаар ажиллаж байсан Э.А нь компанийн борлуулалтын орлогоос 82.829.117 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг тушаагаагүй дутагдуулсан байна. ...” гэсэн ............ аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 25-28/,
............. ХХК-д Э.А-г ажилд авах тухай захирлын тушаалын хуулбар /хх 29/, .......... ХХК-ийн барааны үнэ өөрчлөх тухай захирлын тушаал /хх 30-33/, ............ ХХК-ийн борлуулалтын ажилтан Э.А-ийн 2019-2023 оны тооцооны жагсаалт /хх 34/, .......... ХХК-ийн борлуулалтын ажилтан Э.А-ийн 2019-2023 оны хооронд компанийн харилцах дансанд тушаасан мөнгөний жагсаалт /хх 35-36/, дансны хуулга /хх 37-44/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, хавсралтууд /хх 45-50, 51-68/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.А-г бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. …” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүх, шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг сонгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ч.М-ийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ