Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

                                          *******од холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Энхбаяр /цахим/

Хохирогч ******* /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0037 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ын *******, ****** оны ***** сарын *****-ны өдөр төрсөн, **** настай, *****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ****** ***** баг ***** тоотод оршин суух, /РД:*****/

Яллагдагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг Хустайн даваа орчимд “******” СЭА улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг төв зам дээр байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас “Тоуоtа Рriuss-20” загварын “*****” улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаан ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1          дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

Хохирогч *******н өмгөөлөгч Р.Булган миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/71 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Үүнд: ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний орой Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, Хустайн даваа орчимд ***** СЭА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг төв зам дээр байршуулахдаа МУ-ын ЗХД-ийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.5 дахь заалтуудыг зөрчсний улмаас Тоёото приус-20 маркийн ****** ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл араа нь мөргөж, *******н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон билээ.

Уг осол гарснаас хойш бараг 2 жил орчим болж байгаа бөгөөд уг хэргийг шалгах явцад холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан олон хүсэлтийг хангаж, прокурорын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явсаар асар их цаг хугацаа өнгөрсөн билээ.

Дээрх хугацаанд хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт нь хэрэгт хамааралгүй, хэргийг мөрдөн шалгах явцад шалган тогтоож тодорхой болсон зүйлийг илтэд гуйвуулж, дахин мөрдөн байцаалтад буцаан хэргийн нөхцөл байдлыг бүдэгрүүлэх, цаг хугацаа хожих гэсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьж яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн үндэслэлгүйгээр дүгнэлт хийж буцаасан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийy 2024/ШЗ/71 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн №02 дугаартай эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ” гэж, 8.2.1 -д “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэж, 10.4-т шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу “АСБЦД” ХХК-ийн захирал, жолооны багш *******аас тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой эсэхийг тодруулан, техникийн шинжилгээ хийлгэх санал тавьж, түүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг хуулбарлан, хэрэгт хавсаргаж, мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээг хийлгэсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь шалгаж тогтоосон байна.

Мөн “АСБЦД” ХХК-ийн захирал, жолооны багш гаргасан *******ын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/05 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/56 дугаартай дүгнэлтүүд эргэлзээтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Яллагдагч *******ын өмгөөлөгчөөс гаргасан тусгай мэдлэг шаардсан этгээдээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг ханган мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан талаар:

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, техникийн ухааны болон шинжlэн магадлахын магистр, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа шинжээчээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3214 дугаартай дүгнэлт,

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, техникийн ухаан болон шинжлэн магадлахын магистр, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 29 жил ажиллаж байгаа, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжлэн магадлахын магистр, гал, автотехникийн шинжээч мэргэжилтэй, мэргэжлээрээ 7 жил ажиллаж байгаа, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, авто инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 жил ажиллаж байгаа шинжээчдийн бүрэлдэхүүнээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1372 дугаартай дүгнэлтийг тус тус гаргасан.

Прокуророос яллагдагчийн өмгөөлөгч Э.Уянгаас удаа дараа Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг ханган шинжээч, шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулахад 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8 дахь хэсэгт “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол, мөн хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан бол” гэсэн заалтыг удирдлага болгон дүгнэлт гаргахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгm “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дүгнэлтүүдийг шүүхээр хянан хэлэлцүүлж, хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хийснээр шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзэх ажиллагаа бус бөгөөд шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжmой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу яллах болоод цагаатгах баримтуудыг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах боловч хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийж гүйцэтгэсэн байхад, шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/Ш3/71 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/71 дугаартай “хэргийн прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийн хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

1.Прокурор “..Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8,2.1, 10 дугар зүйлийн 10.2, 10.4 дэх хэсэгт заасны дагуу “АСБЦД” ХХК-ийн захирал, жолооны багш *******аас тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой эсэхийг тодруулан, техникийн шинжилгээ хийлгэх санал тавьж, түүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг хуулбарлан, хэрэгт хавсаргаж, мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээ хийлгэсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь шалгаж тогтоосон байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг дагуу дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна. ,. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн хууль бусаар хязгаарласан гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

-Мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо миний бие 2023 ны 01 дүгээр сарын 31-ний өдөр №19 дугаартай хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын прокурорын газарт гаргасныг бүрэн хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтэд дурдсан ажиллагааг хийгээгүй нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цагаатгах болон яллах талын нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй буюу хууль ёсны шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг хийгээгүй гэж үзнэ

Харин анхан шатны шүүхийн захирамжийн үндэслэл тодорхой ойлгомжтой бичигдсэн, шүүхээс оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийгээгүй байхад прокурор яагаад эсэргүүцэлдээ ийнхүү дүгнэж бичсэнийг огт ойлгохгүй байна.

-Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн газрын үзлэг, осол болсон А цэгийг тогтоосон байдал маргаантай, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлд дүгнэлт гаргасан шинжээч гэх ******* нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.2, 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй тул хууль бус нотлох баримт юм. Тодруулбал: Хуулийн шаардлага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дзх хэсэгт “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно" гэж, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт шинжээчийн уйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг тодорхой заасан байтал иргэн *******ын дээрх хуулийн заалтыг хангасан талаарх баримт хэрэгт байхгүй,

-Харин Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, жолооны багшийн үнэмлэх олгох журам зэргийг баталсан байдаг.

Энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хичээл заах, замын хөдөлгөөний хууль, дүрэм сургах, заах арга зүй, автотехникийн бүтэц, зохион байгуулалт, засвар, үйлчилгээний талаар, мөн багшийн ёс зүй, харьцааны соёл, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг онолын болон дадлагын нийт 160 цагийн сургалтад хамрагдсан иргэнийг жолооны багшаар ажиллах эрх олгодог байна. Энэ тушаал, журмын дагуу багшлах эрхийн үнэмлэхтэй этгээдээр дүгнэлт гаргуулсныг хууль ёсны шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүйг шүүх хүлээн авч, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй буюу замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг харгалзан үзэж хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай байтал мөрдөн шалгах ажиллагаанд Авто замын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар “Авто замын улсын хяналтыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах” ажиллагааг огт хийгээгүйг, ”11-81 СЭА“ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтлийн улмаас зайлшгүй зогссон болохыг тогтоолгох, “******* *******’ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгох, хэргийн газрын үзлэгээр “******* *******” улсын дугаартай тээврийн хэрэгсэл тосмос гишгэж, зогсоох арга хэмжээ авсан эсэх, хэрэв тийм бол хэдэн километр, метр зайнаас эхлэн тормос гишгэсэн болохыг тогтоох, “******* *******" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч урд байгаа саадыг харах боломжтой байсан эсэх, тийм бол зогсоох арга хэмжээ авч, самбаачлах үйлдэл хийх боломжтой байсан эсэх зэргийг тогтоогоогүйг тус тус тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

...Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/71 дугаартай “хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие их гомдолтой байна. Өөрийнхөө өмгөөлөгчтэй 100% санал нийлж байна. Хэрэг шийдэгдээгүй жил 6 сар болж байна. Энэ хэрэг шийдэгдэхээргүй ээдрээ маргаантай хэрэг юм болов уу?. Яагаад ингэж удаад байгааг гайхаж байна. Хавтаст хэрэгт авагдаж байгаа зургаар ойлгомжтой байхад яагаад энийг хараад дүгнэхгүй байна вэ. ... Дүрмийг бид нар биелүүлэх ёстой. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Миний бие стресстэй, өвдөлттэй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бол уг хэргийг шийдвэрлэх боломжтой. Цаг хугацааны хувьд цаг алдсан хэрэг байгаа учраас хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байгаа учир анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж шийдвэрлэх боломжтой байгаа учраас захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ... Прокурорын эсэргүүцлийг дэмжих байр суурьтай байна. Хүсэлтүүд хангагдсан.  Тийм учраас анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэв.   

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       

...Анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******од холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2024/ШЗ/65 дугаартай захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж хэргийг Прокурорт буцаахаар шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2024/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,

1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Яллагдагч *******од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ