Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0227

 

 

 

 

 

 

 

 

 2026             03            06                                         128/ШШ2026/0227

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б******* /РД: *******/,

Хариуцагч: Нийслэлийн засаг дарга хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол ******* замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсны хохиролд 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах”

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар “...Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон  хууль тогтоож, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар...” арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

2.2. Нэхэмжлэгч Н.Б******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар хороолол, ******* зам дагуу байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг иргэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс ******* дүүргийн засаг даргаас 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дугаартай “Газрын зөрчил дуудлага шийдвэрлэх тухай” захирамж, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлж, газрын зөрчил арилгах тухай” захирамж, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай” захирамж гарган нэхэмжлэгч Н.Б*******т 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн *******/3, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08/01, 2025 оны 8 дугаар сарын *******х/5 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлжээ.

2.3. Улмаар мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй тул газрыг албадан чөлөөлсөн байна.

2.4. Үүний дараа нэхэмжлэгч Н.Б*******ээс Нийслэлийн засаг даргын ******* дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр “...маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацаа алдсан тул хүлээн авахаас татгалзаж байна...” гэж хариуг хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ******* дугаар захирамжийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар хороолол, ******* замын ард талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон хохиролд 22,088,250 төгрөгийг гаргуулах...”  гэж ихэсгэсэн шүүх хуралдаанд “Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол ******* замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгох, эд хөрөнгөд учруулсны хохиролд 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” гэж тодруулж байна.

3. Нэхэмжлэгч Н.Б******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

3.1. Иргэн Н овогтой Б******* би 2014 оноос хойш Улаанбаатар хот ******* дүүргийн *******-р хороо -р хорооллын Натур зам дагуу Түргэн Үйлчилгээний Цэг буюу ТҮЦ-ний бизнесийг 11 жил эрхэлж байна. 2025 оны 04-р сарын 04 ний өдрөөс эхлэн ******* дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын албанаас үл мэдэгдэх шалтгаанаас миний Түргэн үйлчилгээний Цэгийг удаа дараа ачих гэсэн түрэмгий үйлдлийг гаргасан. Учир байдлыг судлаад юу болсон талаар мэдэхэд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 14 ний өдрийн дугаар ******* захирамжаар Түргэн Үйлчилгээний Цэг ачих, зөөх шийдвэр гаргасан гэж ойлгосон. Уг захирамжийн 1 дэх хэсэгт... иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах... гэх үндэслэлээр гэж газрын мэргэжилтэн, дүүргийн холбогдох албан тушаалтнууд тайлбарласан. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагат Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хамаарч байна.

3.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н нь маргаан бүхий дээрх захиргааны актыг гаргахдаа ТҮЦ эзэмшигч нарт мэдэгдээгүй, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, хүнлэг бус хэрцгий аргаар олон төрлийн хууль, журам баримтлан захирамж гаргасан. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 98 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг, бусад цөөн тооны иргэдийн гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд зарим иргэдийн гаргасан захиргааны хэрэг маргаан нь Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын гаргасан захирамжуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн гаргасан захирамжийг биелүүлэхгүй Түргэн үйлчилгээний цэгийн бизнес эрхлэгч миний эрх ашгийг ноцтой зөрчиж, олон дахин шинээр захиргааны акт гарган ТҮЦ эзэмшигчдийн амьдралыг сүйтгэж, олох орлогогүй, амь зуух нөхцөлгүй болгож байгаад үнэхээр их харамсаж байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар  зүйлийн 12.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй..." гэж заажээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хууль дээдлэх, хүнлэг, энэрэнгүй байх зэрэг наад захын ёс зүй байхгүй байна. ТҮЦ эзэмшигчдийн зүгээс шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамжийг танилцуулсан боловч үл хүндэтгэн, хүч хэрэглэн ТҮЦ-ээр амь зуудаг нийт иргэдийн эрх ашгийг зөрчсөн.
Улаанбаатар хотод байгаа ТҮЦ нь нийтийн ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин ч автобус хүлээн зогсож байгаа иргэдэд ая тухтай үйлчлэх зорилготой ажилладаг. ТҮЦ нийтийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн талаарх нэг ч байгууллагын дүгнэлт баримт байхгүй. Мөн шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин шинээр захиргааны акт гаргаж хүч хэрэглэн хуучин байсан ТҮЦ-үүдийг буулгалаа. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 14 ний өдрийн дугаар ******* тоот захирамжийг ТҮЦ эзэмшигч нарт мэдэгдээгүй. Шууд газар дээр нь ирээд ТҮЦ-ийг эвдэж хэмхлэх, ачиж нүүлгэх зэрэг хүнлэг бус хэрцгий хууль бус ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2025 оны 5-р сарын 09 ний өдрийн № тоот зөвлөмжөөр хүний эрхийг удаа дараа зөрчиж байгааг сануулаад 4 чиглэлийн зөвлөмжийг өгсөн байдаг. Иргэн Н.Б******* би өөрийн зүгээс болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо ТББ байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.О, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н нарт холбогдох гомдлоо 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн ч хуулийн дагуу надад ямар нэгэн албан бичгээр гомдлын хариу ирээгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн "Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай" ******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

3.4. Миний бие Н.Б******* нь 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 14-ний өдрийн дугаар ******* захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 15-ний өдөр ямар ч шалтгаангүй Нийслэлээс 10 төрийн албан хаагч, ******* дүүргийн Цагдаагийн газраас 40 албан хаагч, Онцгой байдлын Ерөнхий газраас 10 албан хаагч, ******* дүүргийн засаг даргын тамгын газраас 20 албан хаагч нийт 100 гаран хүн ямар ч захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэж, дахиж тухайн Түргэн үйлчилгээний цэгийн объектыг ашиглах боломжгүй болтол эвдэн сүйтгэж авч явсан.

3.5. Би Нийслэлийн Засаг даргын ******* дугаартай захирамжид нэхэмжлэл гаргаж захиргааны маргаан үүсгэсэн тухай тайлбарлахад Захиргааны шүүх бол бидэнд  хамаагүй шүү, шүүхийн маргаан чинь дуусах хооронд бид эвдээд аваад явж болдог мэтээр Нийслэлээс ирсэн газрын албаны мэргэжилтэн гэх залуу хэлж ярьж байсан. Иргэн би 2025 оны 6 дугаар сарын 20-ний өдөр “ ” ХХК-аар тухайн объектоо үнэлүүлсэн байсан. гээр нийт миний объект 22,088,250 төгрөг болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 14-ний өдрийн дугаар ******* захирамжийг үндэслэн 2025 оны 08-р сарын 15 ний өдөр ******* дүүрэг *******-р хороо, -р хороолол ******* замын ард талд байрлах Түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэж авч явсан тухайн объектын хохиролд нийт 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн Засаг даргын "Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд холбогдох байгууллага, албан хаагчид хяналтаар ажиллаж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Нийслэл болон дүүргүүдийн газар зохион байгуулалтын албадаас нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр бүгдэд нээлттэй мэдээллэсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн болно.

4.2. Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамж нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандсан захиргааны акт биш харин нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглаж байгааг нийслэлийн хэмжээнд цэгцлэх, орчныг сайжруулах ерөнхий зохицуулалт бүхий шийдвэр юм. 2025 оны 02 дугаар сарын 26-ны НИТХ-ын тогтоолоор Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журмыг шинэчлэн баталсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт “ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна. Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.2 Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үүргийг заасан байх ба 6.2.2 дах хэсэгт холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байна.

4.3. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3 “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасныг тус тус үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.4. Нэхэмжлэгч иргэнд холбогдох байгууллагуудаас удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 09, 6 дугаар сарын 15, 8 дугаар сарын -ны өдрүүдэд ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудсыг хүргүүлж ажилласан ч нэхэмжлэгч удаа дараа өөрийн ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг)-ийг дахин байршуулж ажиллуулсаар байсан ба уг зөрчлийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бүрэн чөлөөлсөн байдаг. Иймд иргэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэснийг зөрчсөн ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар бүхий "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэг Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна.

4.5. Түүнчлэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамж нь 2025 оны 3 дугаар сарын 10, 2025 оны 3 дугаар сарын 28, 2025 оны 4 дүгээр сарын 01, 2025 оны 4 дүгээр сарын *******, 2025 оны 4 дүгээр сарын 21, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус тус 3 үе шаттайгаар хэрэгжиж дууссан уг захирамж нь нэг удаагийн шинжтэй нийтэд чиглэсэн нийтийн эрх ашгийг хамгаалах, Нийслэл хотод хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрдүүлэх зорилготой гарсан захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч талын болон ТҮЦ эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн шууд үйлчлэл байхгүй мөн нэхэмжлэлд дурдсан албадлагын арга хэмжээ нь хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар “...нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон  хууль тогтоож, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллах...”-ыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

3. Тус захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Б*******ээс “...нийтийн эрх ашгийг хэрхэн хохироосон гэж үзээд түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг хориглож, албадан нүүлгэх шийдвэр гаргаж буй нь тодорхойгүй, харин ч иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа, ...захирамж гарсан болохыг мэдэгдэхгүйгээр албадан нүүлгэж, эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн хохирлыг гаргуулна...” гэж маргасан бол хариуцагчаас “...нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшсэн этгээдэд хамааралтай захирамж бөгөөд Н.Б******* нь түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөлгүй бол тус захирамжийн үйлчлэл түүнд хамааралтай гэж үзнэ..., нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх талаар удаа, дараа мэдэгдэл өгсөөр байхад чөлөөлөөгүй, түүнчлэн албадан нүүлгэсээр байхад түргэн үйлчилгээний цэгийг буцаан байршуулсаар байсан...” гэж тайлбарлажээ.

4. Маргаан бүхий захирамжийн хувьд, “нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшиж, ашиглаж буй байдлыг зогсоох, зөрчлийг арилгах арга хэмжээний зохион байгуулалт”-ын удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан, харин “нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг хориглосон” шийдвэрийг гаргаагүй байна.

5. Гэтэл нэхэмжлэгчээс “...түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргасан...” гэх агуулгаар маргах тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий актын хүрээгээр хэргийг хянан шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн зам талбайг Н.Б******* дур мэдэн эзэмшиж, ашигласан эсэх, тус захирамжийг үндэслэн газар чөлөөлсөн үйл ажиллагаа Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг эхэнд тэмдэглэх нь зүйтэй.

6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”[1]-аар түргэн үйлчилгээний цэгээр худалдаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлж, үүнд холбогдох харилцааг зохицуулдаг байна.

7. Тус журмын Хоёрдугаар бүлэгт  “Худалдаа, үйлчилгээний төрөл ангилал” гээд, 2.1.16-т “түргэн үйлчилгээний цэг” гэж, 3.1.-д “Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.”, 3.4.-т “"Зөвлөл" нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 3.4.4.-т “ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах;”, 5.2.3.3.-т “ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах.” гэж заажээ.

8. Журмын зохицуулалтуудаас үзвэл, дүүргийн Засаг даргын баталсан байршилд түргэн үйлчилгээний цэг байрлах ба тухайн батлагдсан байршилд худалдаа эрхлэхийг хүссэн иргэд зохих журмын дагуу хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны үндсэн дээр түргэн үйлчилгээний цэгээр худалдаа эрхлэх боломжтой байна.

9. Хэрэгт авагдсан, ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/555 дугаар захирамжаар 6 байршилд 14 түргэн үйлчилгээний цэг, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/361 дүгээр захирамжаар 15 байршилд 31 түргэн үйлчилгээний цэг ажиллуулах байршлыг баталсан, эдгээр байршилд ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол ******* замын ар талд байрлах нэхэмжлэгч Н.Б*******ийн түргэн үйлчилгээний цэг хамрагдаагүй, нэхэмжлэгчээс “...миний ТҮЦ байрлаж буй байршил нийтийн эдэлбэрийн явган хүний замын хойно байрлаж байгаа ба явган хүн явахад саад болдоггүй, ******* дүүргийн Засаг даргаас миний ТҮЦ байршлыг баталж өгөх ёстой...” гэж тайлбарлах боловч энэ асуудлаар холбогдох этгээдэд хүсэлт гаргаж байгаагүй, энэ үйл баримтын талаар маргаангүй.

10. Нэхэмжлэгчээс тухайн байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хүсэлтийг удаа, дараа Нийслэлийн Засаг дарга, ******* дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд 2014 оноос хойш гаргаж байсан гэж тайлбарлах боловч хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдоогүй, архивын баримтуудад энэ талаарх баримт хадгалагдаагүй, түүнчлэн дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Н.Б******* батлагдаагүй байршилд түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа энэ тохиолдолд хүсэлт гаргаснаар үйл баримт өөрчлөгдөхгүй.

11. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Н.Б******* нь түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг зөвшөөрснөөс өөр байршилд, дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайд түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийг байрлуулж, газрыг ашиглаж байсан болох нь тогтоогдсон тул газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан үндэслэлээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн захирамж, үйл ажиллагаа уг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

12. Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий захирамжийг мэдэгдэхгүйгээр түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэж, учирсан хохиролд 22,088,250 төгрөгийг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “хууль бус захиргааны үйл ажиллагаа” гэдэгт “...2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албадан нүүлгэх ажиллагааг...” зааж, хууль бус болохыг тогтоолгоно гэж маргажээ.

. Гэвч, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газрыг чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл өгч, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр газрыг албадан чөлөөлсөн, уг үйл баримтыг нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагаанд холбогдуулан маргаагүй болохоо хүлээн зөвшөөрнө.

14. Үүний дараа нэхэмжлэгчээс маргаан бүхий байршилд түргэн үйлчилгээний цэгийг дахин байршуулсан тул 2025 оны 6 дугаар сарын 15, 8 дугаар сарын -ны өдөр тус тус дахин мэдэгдэл өгч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газрыг албадан чөлөөлөх үйл ажиллагаа явагджээ.

15. Нэхэмжлэгчээс “...газрыг чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдлийг хүлээн аваагүй, газрыг чөлөөлөх боломж олгоогүй, хууль бусаар чөлөөлөх ажиллагааг явуулсан, захирамжийг танилцуулаагүй...” зэргээр нэхэмжлэлийн тус үндэслэлээ тайлбарласныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

16. Учир нь, төрийн хяналт, зохицуулалттайгаар нийтээр эзэмших газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх эрхийг нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтаар олгосон, гэтэл нэхэмжлэгч Н.Б******* нь “сайн  дураар” газрыг чөлөөлүүлэх эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, түргэн үйлчилгээний цэгийг дахин байрлуулж, нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшсээр байсан тул түүний хууль зөрчсөн үйлдлийг хуулийн дагуу хамгаалах үндэсгүй, газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна.

17. Түүнчлэн тус захиргааны хэрэг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үүссэн, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны газрыг албадан чөлөөлөх эхний ажиллагаа явагдсан зэргээр маргаан бүхий захирамж болон тухайн байршилд түргэн үйлчилгээний цэг байрлуулах боломжгүйг нэхэмжлэгч мэдсээр атлаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагааг явуулахдаа захирамж танилцуулаагүй, мэдэгдэл өгөөгүй, газрыг сайн дураар чөлөөлөх боломжгүй олгоогүй зэргээр маргаж буй нь бодит байдалтай нийцэхгүй, түүний тайлбар нотлогдсонгүй.

*******. Иймд Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.Б*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан Н.Б*******ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус захирамжийг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол ******* замын ар талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн объектыг захирамж танилцуулахгүй хүч хэрэглэж, эвдэлж авч явсныг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 22,088,250 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

  

  

  

 

 

[1] Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж гарах үед мөрдөгдөж байсан.