Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1834000000150 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Авдрангийн ар” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Цогтгэрэлийн нүүрэн тус газар гараар цохиж, мөн дух руу нь хөлөөрөө өшиглөн зодож улмаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясанд хугарал, таславчийн муруйлт, дух уруулын салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, уруулын салстад цус хуралт,” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Б мэдүүлсэн: “.... тэгээд сууцгааж байгаад Сумъяабазар гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн дараагаар нь Бямбацэрэн ах төд удалгүй араас нь гараад явчихсан тэгтэл гэрийн үүдэнд машин дотор Бямбацэрэн ах унтчихсан байна лээ. Тэгээд би Цогтгэрэл ахад за за би нэлээд согтчихлоо одоо харъя даа гэтэл Цогтгэрэл ах за байж бай гээд надад аяганд пиво хийж өгөхөөр нь би “за одоо би ууж чадахгүй байна нэлээн согтчихлоо” гэхэд өөдөөс Цогтгэрэл ах “айлд орж ирээд хоёр пиво ууж чадахгүй юм бол яах гэж айлд орж ирдэг юм бэ? “ гэж хэлж байсан тэгээд бид хоёр нэлээн согтуу байсан болохоор маргалдацгаагаад бие биенийхээ үгийг дааж чадалгүй Цогтгэрэл ах миний хамар луу цохихоор нь би зөрүүлээд цохьчихсон юм. Тэгээд тэр шөнө дөө сумын эмнэлэг дээр ирж Цогтгэрэл ах духандаа оёдол тавиулсан. Цогтгэрэл ах эхлээд намайг нэг цохихоор нь би түүний хамар луу гараараа нэг удаа цохиж дараа нь нэг удаа дух руу нь гараа цохьсон нийтдээ яг гараараа хоёр удаа Цогтгэрэл ахыг цохьсон. ..Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байгаа би Цогтгэрэл ахаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

            мөрдөн байцаалтад хохирогч Т.Цогтгэрэл мэдүүлсэн: “2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд би эхнэр Өнөрмөнхийн хамт саахалт айлын Сумъяабазар гэдэг айлд очиход Бямбацэрэн Сумъяадорж, Д.Б нар 2,5 литрийн хүрэн савтай пиво уугаад сууж байсан тэгэхээр нь ууж байсан пивоноос нь ганц хоёр аягыг уучихаад тэд нарыг та нар араас манай гэрт яваад очоорой гээд найз Бямбацэрэнг дагуулаад гэртээ очоод байж байтал араас Сумъяабазар, Д.Б хоёр ирээд манайд бид хэд хоол идэцгээгээд тэгээд би тэд нарт 0,5 литрийн нэг шил Соёрхол архи, 2,5 литрийн Нийслэл пиво гаргаж өгөөд бид хэд тэрийг ууцгаагаад байж байтал Сумъяабазар гэрлүүгээ яваад өгсөн төд удалгүй араас нь Бямбацэрэн гараад миний машины кабин дотор унтаад өгсөн байсан гэрт манай эхнэр Өнөрмөнх, Д.Б бид 3 үлдээд Д.Б бид хоёр нөгөө архи пивоноосоо уусан тэр үед хоёр ам мурийж маргалдаж би архи аягалахаар Д.Б асгалаад архи хийж өгөхгүй байхаар нь харамлалаа гээд над руу үг хаяад тэгээд миний баруун талын хацар луу нэг удаа алгадахаар нь би баруун гараа зангидаад цохих гэтэл Д.Бийг оноогүй тэгтэл Д.Б босч ирээд намайг миний хамар луу нэг удаа цохиход миний хамарнаас их цус гарсан тэр үед ахиад миний дух руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд төд удалгүй сумын эмнэлэг дээр ирж духандаа оёдол тавиулсан. Маргаан бол сүйдтэй зүйлээс эхлээгүй Д.Б бид хоёр архи уучихсан байсан болохоор  бие биенийхээ үгийг даахгүй л маргаж ийм асуудал үүслээ. Би архинаасаа Д.Бид хийж өгөхөөр асгалаад хийхгүй байхаар харамлалаа гээд над руу үг хаяад үүнээс л маргаан үүссэн. Д.Б, манай эхнэр Өнөрмөнх бид 3 л байсан. Миний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан дараа нь гараараа миний хамар луу нэг удаа цохиход миний хамарнаас цус гарч намайг тонгойтол миний дух руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Д.Б намайг алгадахаар нь би түүнийг нэг удаа хамар хэсэг рүү хальт цохьсон. Өөр бол цохиж зодсон зүйл байхгүй. Би 1000000 төгрөгөөр хамарны хагалгаанд орно хамараа 130000 төгрөгөөр татуулж янзлуулна. Нийтдээ 1200000 төгрөг нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг /хх-05-06 тал/, .. Д.Б манайх хоёрын ерөнхийдөө ойролцоо нутагладаг саахалт айлын хүмүүс. Бид хоёр урьд өмнө нь маргалдаж муудалцаж, зодолдож байгаагүй. Мөн бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Д.Б надад эмчилгээний зардал болох 1200000 төгрөг өгсөн. Би Д.Бид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-07 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ш.Өнөрмөнх мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр Цогтгэрэл бага охин Намуунсондор нартайгаа сахалт айл Сумъяабазарынд 19 цагийн орчим очиход тэднийд Сумъяабазар болон түүний эхнэр хүүхэд Бямбацэрэн, Д.Б нар байсан. Сумъяабазар, Бямбацэрэн, Д.Б нар 2,5 литрийн савтай пиво тавьчихсан уугаад сууцгааж байхаар нь манай нөхөр тэр гуравыг та гурав манайд очоорой гэж хэлээд Бямабацэрэн манай машинд суугаад бид хоёртой хамт манайд ирсэн араас нь төд удалгүй Сумъяабазар, Д.Б нар ирцгээсэн. Тэгээд би тэд нарт хоол хийж өгсөн. Манай 0,5 литрийн Соёрхол архи, 2,5 литрийн Нийслэл пиво задлаад тэд нар ууцгааж байгаад Сумъяабазар гэр лүүгээ яваад өгсөн. Бямбацэрэн бас араас нь гарсан чинь манай машинд унтаж байсан байна лээ. Д.Б манай нөхөр Цогтгэрэл хоёр сууж үлдээд Цогтгэрэл архи  аяглахаар согтуу болохоор ууж чадахгүй асгалаад хийж өгөхгүй хийж өгөхгүй болохоор харамлалаа гэж үг хаяад сүүлдээ Д.Б харилаа би явган явлаа гэхэд нь манай нөхөр түүнийг чи одоо харанхуй болчихсон байхад явган яваад яах бэ би чамайг хүргээд өгье гээд машинд суу гэхэд би суухгүй танайд орж пиво ууя гээд ахиад манайд орж ирээд пиво хийж өгөхөөр  мөн ууж чадахгүй асгалаад тэгээд энэ хоёр муудалцаад Д.Б эхлээд Цогтгэрэлийг хацар луу нь алгадах шиг болохоор нь би юу болж байнаа гээд гайхаад хартал манай Цогтгэрэл Д.Бийг хамар луу нь хальт цохиход Д.Бийн хамарнаас цус бага зэрэг дусалсан. Тэгээд Д.Б босч ирээд Цогтгэрэлийн хамар луу нь цохиход манай гэрийн зүүн талын орны толгой руу дарж унагаагаад дээрээс нь гараараа цохихоор нь би салгасан. Салгатал Цогтгэрэлийн хамарнаас нь их хэмжээний цус гарчихсан байхаар нь би нойлын цаас авах гээд эргэтэл ахиж Цогтгэрэл рүү дайраад Цогтгэрэлийн дух руу нь өшиглөсөн чинь духнаас нь цус гараад тогтохгүй байхаар нь сумын эмнэлэг рүү явцгаасан. Сумын эмнэлэг дээр шөнө ирээд Цогтгэрэл духандаа 4 оёдол тавиулсан. Манай 4 сартай охин Цогтгэрэл, Д.Б бид 4 л гэрт байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Цогтгэрэл Д.Бид пиво аягалаж өгөхөөр Д.Б ууж чадахгүй асгалаад өгөхгүй байхаар нь харамлалаа гээд тэгээд энэ хоёр маргалдацгаасан ер нь бол энэнээс л эхэлсэн дээ. Гараа хамар хэсэгт нь нэг удаа хальт цохих шиг болсон. Хамар болон нүүр хэсэг рүү нь хоёроос гурван удаа цохьсон дух руу нь нэг удаа өшиглөсөн. Нэлээд согтоцгоосон байсан. Гэхдээ хоёулаа мэдрэлтэйгээ юу болж байгаагаа мэдэцгээж байсан” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч П.Бямбацэрэн мэдүүлсэн: “2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад би Сумъяабазарын гэрт Сумъяабазар болон түүний эхнэр хүүхэд саахалт айлын Д.Б нартай хамт байсан юм. Тэгээд Сумъяабазар, Д.Б бид гурав 2,5 литрийн Нийслэл гэдэг пиво уугаад сууж байтал гаднаас Цогтгэрэл эхнэр хүүхэдтэйгээ орж ганц нэг аяга пиво уучихаад бид хэдийг “та нар манайд очихгүй юу араас хүрээд оч” гэхээр нь би Цогтгэрэлтэй хамт тэднийд очтол араас Д.Б, Сумъяабазар нар орж ирсэн. Тэгээд Цогтгэрэл 0,5 литрийн нэг шил Соёрхол, 2,5 литрийн савтай пиво гаргаад тэр архинаас нь хүмүүс нэг их уугаагүй харин пивоноос нь л ууцгаасан .Тэр пивыг дуусчихаар нь Сумъяабазар гэр лүүгээ харьсан миний нойр хүрээд би гараад Цогтгэрэлийн портер дотор унтчихсан юм. Гэр дотор Өнөрмөнх хүүхэдтэйгээ, Цогтгэрэл, Д.Б нар үлдсэн. Тэгээд шөнө Цогтгэрэлийн эхнэр Өнөрмөнх машины хаалга онгойлгож намайг сэрээгээд “Цогтгэрэлийг Д.Б аллааш дээ дух руу нь өшиглөчихлөө Цогтгэрэлийн духнаас нь цус гоожоод байна чи ороочээ” гэж хэлэхээр нь гэрт нь ортол тэр хоёр гэрийн хоймор хэсэгт өөд өөдөөсөө харчихсан Цогтгэрэлийн духнаас нь цус гоожчихсон сууж байхаар нь би “та нар чинь юу болов оо” гэтэл миний өөдөөс хэн ч юу ч гэж хариулаагүй тэгээд Цогтгэрэлийг сумын эмнэлэг рүү аваад явсан. Би тэр үед унтаж байсан бүх зүйл болж өнгөрсний дараа мэдсэн. Намайг гэрт нь орсноос хойш хэн ч хэрэлдэж маргаагүй. Ер нь бол бүгд архи пиво ууцгаасан гэхдээ ухаан мэдрэлтэйгээ болсон зүйлийг санахаар байсан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

                -Хохирогч Ж.Цогтгэрэлийн гаргасан өргөдөл /хх-03 тал/,

                -Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №264 тоот шинжээчийн дүгнэлтэд

                1. Т.Цогтгэрэлийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, таславчийн мурийлт, дух, уруулын салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                2.3.4.5. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                7.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

                -Яаралтай тусламжийн хуудас /хх-37 тал/,

                -Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-38 тал/,

                -амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар  /хх-39-43 тал/,

    -Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Авдрангийн ар” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Цогтгэрэлийн нүүрэн тус газар гараар цохиж, мөн дух руу нь хөлөөрөө өшиглөн зодож улмаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясанд хугарал, таславчийн муруйлт, дух уруулын салстад шарх, духанд зулгаралт, дух, баруун, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

            мөрдөн байцаалтад хохирогч Т.Цогтгэрэл мэдүүлсэн: “...гэрт манай эхнэр Өнөрмөнх, Д.Б бид 3 үлдээд Д.Б бид хоёр нөгөө архи пивоноосоо уусан тэр үед бид хоёр ам мурийж маргалдаж би архи аягалахаар Д.Б асгалаад архи хийж өгөхгүй байхаар нь харамлалаа гээд над руу үг хаяад тэгээд миний баруун талын хацар луу нэг удаа алгадахаар нь би баруун гараа зангидаад цохих гэтэл Д.Бийг оноогүй тэгтэл Д.Б босч ирээд намайг миний хамар луу нэг удаа цохиход миний хамарнаас их цус гарсан тэр үед ахиад миний дух руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд төд удалгүй сумын эмнэлэг дээр ирж духандаа оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-07 тал/,

                гэрч Ш.Өнөрмөнх мэдүүлсэн: “...тэгээд энэ хоёр муудалцаад Д.Б эхлээд Цогтгэрэлийг хацар луу нь алгадах шиг болохоор нь би юу болж байнаа гээд гайхаад хартал манай Цогтгэрэл Д.Бийг хамар луу нь хальт цохиход Д.Бийн хамарнаас цус бага зэрэг дусалсан. Тэгээд Д.Б босч ирээд Цогтгэрэлийн хамар луу нь цохиход манай гэрийн зүүн талын орны толгой руу дарж унагаагаад дээрээс нь гараараа цохихоор нь би салгасан. Салгатал Цогтгэрэлийн хамарнаас нь их хэмжээний цус гарчихсан байхаар нь би нойлын цаас авах гээд эргэтэл ахиж Цогтгэрэл рүү дайраад Цогтгэрэлийн дух руу нь өшиглөсөн чинь духнаас нь цус гараад тогтохгүй байхаар нь сумын эмнэлэг рүү явцгаасан. Сумын эмнэлэг дээр шөнө ирээд Цогтгэрэл духандаа 4 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

                гэрч П.Бямбацэрэн мэдүүлсэн: “...Тэгээд шөнө Цогтгэрэлийн эхнэр Өнөрмөнх машины хаалга онгойлгож намайг сэрээгээд “Цогтгэрэлийг Д.Б аллааш дээ дух руу нь өшиглөчихлөө Цогтгэрэлийн духнаас нь цус гоожоод байна чи ороочээ” гэж хэлэхээр нь гэрт нь ортол тэр хоёр гэрийн хоймор хэсэгт өөд өөдөөсөө харчихсан Цогтгэрэлийн духнаас нь цус гоожчихсон сууж байхаар нь би “та нар чинь юу болов оо” гэтэл миний өөдөөс хэн ч юу ч гэж хариулаагүй тэгээд Цогтгэрэлийг сумын эмнэлэг рүү аваад явсан” гэх /хх-14 тал/ мэдүүлгүүд, Хохирогч Ж.Цогтгэрэлийн гаргасан өргөдөл /хх-03 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №264 тоот шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-37 тал/,    амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар  /хх-39-43 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

             Иймд шүүгдэгч Д.Бийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл урчуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Д.Б холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Улсын яллагч шүүгдэгч Д.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах ялын төрөл хэмжээний санал гаргасан байна.

                Шүүгдэгч Д.Б нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн завшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна

                Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ .           

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь гэм хорын төлбөрт 1200000 төгрөгийг хохирогч Т.Цогтгэрэлд өгсөн байна. Хохирогч Т.Цогтгэрэл нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1834000000150 тоот хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 451000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ