Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

                                          *******т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Ч.Батзориг /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/59 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, *************** индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ы *******, Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ***** настай, ****эгтэй, ********боловсролтой, ******** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн ******* ******* даргаар ажиллаж байсан, одоо ****** тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот **********дүүрэг ***** хороо, ***** байрны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ************/

Шүүгдэгч ******* нь ******* ерөнхий ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь ******* ******* дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх. 35.1.7 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь ******* ******* төрийн сангийн ******* тоот дансанд хүлээн авч, Тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны ******* дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах ******* ******* албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, ******* ******* үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан,

Хэрэгт шүүгдэгчийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах зөвшөөрөл олгосон прокурорын № 1089 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

Тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг дурьдан, тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын ******* хяналтын прокурор Ч.Батзориг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №49 дугаартай эсэргүүцэлдээ:

... Цагаатгах тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь зээл олгох, авах, зээлийн төлбөр гүйцэтгэх, зээл хувиргах, мөнгөн хөрөнгө нэгдсэн зориулалтаас гадуур банканд данс нээх, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг авах, хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах эсхүл төсвөөс зардал гаргах учиргүй үйл ажиллагааг санхүүжүүлсэн зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас төсөвт хохирол учирсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна,

Уг тайлбарт “...хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах эсхүл төсвөөс гаргах учиргүй үйл ажиллагааг санхүүжүүлсэн...” гэх үйлдлийг тайлбарласан байх бөгөөд цагаатгагдсан этгээд ******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, гэснийг тус тус зөрчиж,

Эх үүсвэр нь байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах, цаашлаад байгууллагын шатах, тослох материалд л зарцуулах 30,000,000 төгрөг буюу үлэмж хэмжээнээс их мөнгийг бэлэн мөнгө болгон байгууллагын эд хогшил, засварт зарцуулж байгаа нь тухайн шатах, тослох материалын төсөвт шууд хохирол учруулсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

2.Анхан шатны шүүхээс: “...******* нь ******* ******* албаны байрны өрөө тасалгааны засварт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авсан үйлдэл нь...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гарч танилцуулахдаа “*******ийн үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн атлаа цагаатгах тогтоолд “...хэлбэрийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мэт боловч хууль зүйн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх ойлголтод хамаарахгүй байна...” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэсэн үндэслэлд хамаарч байна.

Мөн цагаатгагдсан этгээд *******ийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг нотолсон буюу “******* ерөнхий ******* 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6/2216 тоот”, "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******”, “гэрч *******” нарын мэдүүлгийг няцаасан баримт, хууль зүйн дүгнэлтийг цагаатгах тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3.Анхан шатны шүүхээс *******ийн үйлдэл нь төсөвт хохирол учруулаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн атлаа уг тогтоолд дахин “...Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, гэснийг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй” гэж дүгнэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхээс Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолд заасны дагуу ойлгож дурдаагүй байна

4.Цагаатгах тогтоолын 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэж заажээ.

Хуулийн уг ойлголт нь тухайн гэмт хэргийг шүүгдэгч этгээд үйлдээгүй гэж үзсэн тохиолдолд хэрэг бүртгэлтэд буцаахаар хуульчилсан ба энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж хуульчилсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024.03.27-ны өдрийн 2024/ШЦТ/59 тоот дагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн Прокурорын эсэргүүцэлтэй 2024.04.19-ний өдөр танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.3-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэхүү тайлбарыг гаргаж байна.

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч *******т холбогдох “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй боягон цагаатгасан бөгөөд прокуророос цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч 4-н үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байх бөгөөд үндэслэл тус бүрд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг: Прокурорын эсэргүүцлийн “...шатах тослох материалын төсөвт шууд хохирол учруулсан” гэх гомдлын талаар:

1.       Сэлэнгэ аймгийн ******* газар нь Ерөө суманд ажиллаж байгаа 4-н постны шатахууны зардлыг дээрх мөнгө орж ирэх хүртэлх буюу 2022.04.01-ээс 2022.07.29-ний өдрийн хооронд өөрийн байгууллагын шатах тослох материалын төсвөөс гаргаж байсан байдаг. Үүний улмаас тухайн байгууллагын шатах тослох материалын төсөвт ямар нэгэн доголдол, тасалдал үүсээгүй, бусад үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэж байсан байна.

2.       Прокурор Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1.4-т “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн заалтыг иш татжээ. Тэгвэл Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт 8-н төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхийг хориглосон байх бөгөөд эдгээр нь бүгд гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд байна,

Үүнээс үзвэл прокурорын иш татсан 7.1.4-т заасан зөрчил нь Эрүүгийн хуулийн 22.8-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тохиолдолд дээрх хуулийн хориглосон зөрчилд тооцогдохоор байна.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.8-р зүйл нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан байх төдийгүй үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг онцлогтой.

Миний үйлчлүүлэгчийн шатах тослох материалын зардлыг байгууллагын төсвөөс урьдчилан гаргасан, улмаар нөхөн орж ирсэн мөнгөнөөс байгууллагадаа эд хөрөнгө худалдан авсан, засвар үйлчилгээ хийсэн, худалдан авсан эд хөрөнгөө байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэсэн зэрэг үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн цагдаагийн ******* шатах тослох материалын төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байна.

3.******* нь тухайн нехөн орж ирсэн төсвийн зохицуулалтыг хийхдээ Төсвийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.4 дэх хэсэгт “...төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсөв захирагчийн зөвшөөрлийг авна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байгаа бөгөөд мөн хуулийн 70-р зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 48-р зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.1-48.1.5-д заасан арга хэмжээнээс сонгон хэрэглэх зохицуулалттай байна.

Хоёр: “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэх гомдлын талаар:

Эсэргүүцлээс харахад шүүх хуралдаан даргалагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн агуулгыг уншин сонсгосоныг бичигдэн гарсан тогтоолтой харьцуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

1.Тухайн үед уншин танилцуулсан шүүхийн шийдвэрийн агуулга нь гардуулсан шийдвэрийн агуулгатай зөрчилдөөгүй байна. Ө/х: Цагаатгах тогтоол гаргасан үндэслэл нь өөрчлөгдөөгүй бөгөөд уншин сонсгосонтойгоо зөрчилдөөгүй байна.

2.******* Ерөнхий ******* 2023.03.07-ны өдрийн 6/2216 тоот албан бичиг нь миний үйлчлүүлэгчийн гэм бурууг нотлох баримт биш байна.

Түүнчлэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг нь дангаараа яллах нотлох баримт биш бөгөөд объектив үйл баримтын хувьд миний бие болон миний үйлчлүүлэгчийн хувьд маргаагүй болно.

Гурав: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15-р зүйлийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас зөрүүтэй ойлгож хэрэглэсэн” гэх гомдлын талаар:

Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ЭХ-ийн ЕА-ийн 2.1-р зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна.

ЭХ-ийн ЕА-ийн 2.1-р зүйлийн 4 дэх хэсэгг “Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн ******* ******* төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй бөгөөд Ерөө сумын төсөвт бүүр ч хохирол учруулаагүй болно.

Дөрөв: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19-р зүйлийн 3, 36.9-р зүйлийн 4 дэх хэсгүүдийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх гомдлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  дээрх хоёр зохицуулалт нь агуулгын хувьд хочр өөр утгыг илэрхийлнэ:. Тухайлбал: 1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19-р зүйлийн 3 дахь хэсэг нь тухайн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдод хэрэг бүртгэлтэд буцаана.

 3.Мөн хуулийн 36.9-р зүйлийн 4 дэх хэсэг нь тухайн хэрэгт холбогдсон этгээд уг хэргийг үйлдээгүй буюу жинхэнэ эзнийг олж тогтоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр зөвхөн тухайн шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэргийг прокурорт буцаана.

Тэгэхээр миний үйлчлүүлэгч *******ийг анхнаасаа энэ хэрэгт холбогдуулан шалгасан төдийгүй түүнээс өөр хүнийг холбогдуулан шалгаагүй бөгөөд анхан шатны шүүхээс *******ийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  2024.03.27-ны өдрийн 2024/ШЦТ/59 тоот цагаатгах тоггоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн учир прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд  дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь ******* ерөнхий ******* даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь ******* ******* дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх. 35.1.7 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь ******* ******* төрийн сангийн ******* тоот дансанд  Сэлэнгэ аймгийн ******* газар  хүлээн авч, дээрхи байдлаар бүрдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны ******* дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах ******* ******* албаны байрны өрөө тасалгааны засварт 16,520,000 төгрөг, хурлын танхимын сандалд 13,200,000 төгрөг, ******* ******* үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөг тус тус зарлагадаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэлд холбогдох хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, нягтлан дүгнэсэн боловч түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3.Шүүгдэгч *******ийн үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж үйлдэгддэг, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

Шүүгдэгч ******* байгууллагын барилга, албан хаагчдын өрөө тасалгаа нь ажиллах нөхцөлийг хангаж чадахгүй, хурлын танхимд албан хаагчид суух сандалгүй байсан гэх үндэслэлээр ажил үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй, түүний үйлдлийн улмаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албан хаагчдын цалин томилолт, шатахууны зардалд зарцуулагдах ёстой зардлыг өөр байдлаар зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн тухайн үйлдлийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Энэ нь шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

4.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс “....Прокуророос *******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж байгаа нь хэлбэрийн төдий байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсөв захирагчийн зөвшөөрлийг авна гэж заасан. Тухайн үед миний үйлчлүүлэгч *******ийн хувьд Сэлэнгэ аймгийн ******* ерөнхий газарт нэмэгдэл санхүүжилтийн дансанд орж ирсэн мөнгийг мэдэгдээд зориулалтыг өөрчлөн тавиулж захиран зарцуулсан бол хууль ёсны байх байсан. Хэдий ингээгүй захиран зарцуулсан гэж үзэхээр байгаа боловч төсвийн ерөнхий хүрээнээс халиагүй. Энэ нь санхүүгийн зөрчил байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Тийм учраас анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү..” гэж тайлбарласан.

5.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж,

16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж,

16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж,

Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно” гэж,

******* албаны тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно” гэж,

Гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 46.2-д “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт нь энэ хуулийн 46.1-д зааснаас гадна хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ” гэж,

46.7-д “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

Сэлэнгэ аймгийн ******* ******* дарга нь Төсвийн тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд тэрээр дээрх хуульд тогтоомжид заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллах, хууль тогтоомжийн биелэлтэнд шууд хяналт тавьж ажиллах эрх бүхий этгээд тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухай орон нутагт тулгамдаад буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг үр дүнтэй болгох зорилгоор байнгын 4 пост гаргаж эргүүл хийлгэх, тухайн төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өөрийн төсөвт байгууллагуудаас хэмнэгдсэн төсвөөс зориулалтыг өөрчилж тус цагдаагийн газарт шилжүүлэн ирүүлснийг зориулалтын бусаар зарцуулсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

3.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

,

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ