Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00401

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00401

 

 

 

МД ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02235 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МД ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ӨАЗ ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 11,747,653 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд нийт 11,747,653 төгрөгийг ӨАЗ ХХК-аас гаргуулна.

Нэхэмжлэгч компани нь МН ХХК-тай хөрөнгийн даатгалын №20/00387613 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгалын зүйл нь шилэн кабел байдаг. Гэтэл гэрээний хугацаанд даатгуулагч МН ХХК-ийн дараах байршил дахь шилэн кабелиудад нийтдээ 7 удаагийн үйлдлээр ӨАЗ ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдон хохирол учруулсан. Үүнд:

-2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад Баян-Овоо чиглэлийн Кокс сайтын замд байдаг шилэн кабелыг замын засвар хийх явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 2,128,921 төгрөг,

-2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Оюутолгойгоос Кокс үйлдвэр чиглэлийн шилэн кабелийг замын засвар хийх явцдаа тасалсан ба засварлах зардалд 1,993,386 төгрөг,

-2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд чиглэлийн шилэн кабелийг авто зам барих явцдаа тасалсан ба засварлах зардалд 1,926,589 төгрөг,

-2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа эксватороор ухаж байгаад тасалсан байх ба засварлах зардалд 2,567,523 төгрөг,

-2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 1,797,462 төгрөг,

-2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 1,279,557 төгрөг,

-2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг тус компанийн ажилчид нүх ухах явцдаа тасалсан байх тул засварлах зардалд 1,430,642 төгрөг тус тус гарсан.

МД ХК-аас дээрх МН ХХК-ийн хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу барагдуулсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Хөрөнгийн даатгалын гэрээний 5.5.1-д заасны дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан.

Энэ даатгалын гэрээний зүйл өөрөө онцлогтой, шилэн кабел тул гэрээгээр бага дүнтэй хохирлыг даатгагчийн зүгээс нягтлах, очиж үзэж гуравдагч этгээдээр дүгнэлт гаргуулах боломжгүй. Иймд ирүүлсэн материалыг судалж үндэслэлтэй гэж үзсэн тул нөхөн төлбөрийг олгосон. Түүнчлэн, гэрчүүд хариуцагч компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км зам барих ажлыг гүйцэтгэх явцдаа шилэн кабел тасалсан гэдгийг мэдүүлсэн. Хуульд зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгагддаг тул даатгуулагчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс татварын 10 хувийг хасч үлдэх 90 хувийг шилжүүлж байгаа тул мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй зүйл байхгүй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 7 удаагийн даатгалын тохиолдол гарсан үндэслэлээр хохиролд 11,747,653 төгрөг гаргуулахаар шаардсан. Манайх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай зам барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байгаа. Үүнээс өмнө уг замын ажлыг бүхэлд нь хариуцаагүй, харин 150 км орчим хэсгийг хариуцаж байсан. Даатгалын гэрээ, хавсралт зэргээс үзвэл эхний удаагийн тохиолдлын хувьд даатгалын зүйлд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул хүлээн зөвшөөрнө. Харин сүүлийн 6 удаагийн тохиолдлын хувьд даатгалын зүйл мөн эсэх тодорхойгүй, энэ тухай баримтгүй байна. Иймд даатгалын зүйлд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Түүнчлэн манай буруугаас үүдэлтэй болох нь баримтаар тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан даатгалын нөхөн төлбөр шилжүүлсэн мөнгөний баримтуудыг үзвэл нэг өдөрт гурван удаагийн төлбөр шилжүүлсэн тул аль нь энэ хэрэгт хамааралтай даатгалын тохиолдлынх гэдэг нь тодорхойгүй. МН ХХК-аас нөхөн төлбөр нэхэмжилсэн дүн, нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн мөнгөн дүн бүгд зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, гэм буруутай гэж үзэж байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ӨАЗ ХХК-аас 10,578,279 /арван сая таван зуун далан найман мянга хоёр зуун далан есөн/ төгрөг гаргуулж МД ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,169,374 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,920 /89,810+58,320+84,790/ төгрөгөөс 202,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30,008 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184,202 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

5.а. Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Даатгалын зүйлд учирсан хохирол мөн эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой нотлох баримтаа нэхэмжлэгч гаргаагүй. Хариуцагчийн зүгээс даатгалын зүйлд учирсан хохирол биш гэж маргаж байгаа нөхцөлд энэ талаар нотлох баримт чухал ач холбогдолтой.

Нийт 7 удаа шилэн кабель тасарсан гэх тохиолдлоос 1 удаагийн тохиолдол буюу 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийг зөвшөөрнө.

Бусад 6 тохиолдлуудын байршлыг харвал Оюутолгой-Кокс үйлдвэрийн чиглэлийн кабель, Ханбогд сумын чиглэлийн кабель, Тавантолгой-Даланзадгад чиглэлийн кабель, БаянОвоо-Оюутолгой чиглэлийн кабель, Даланзадгад-Оюутолгой чиглэлийн кабелиуд гэж заасан байна. Гэтэл эдгээр кабелиуд нь бүгдээрээ ӨАЗ ХХК-ийн ажил гүйцэтгэж буй байршилд байсан кабелиуд буюу ажил гүйцэтгэж байгаад таслах боломжтой эсэх нь эргэлзээтэй.

Жишээ нь Тавантолгой-Даланзадгад чиглэлийн кабелийг ӨАЗ ХХК таслах боломжгүй. Учир нь ӨАЗ ХХК гүйцэтгэж байсан зам барилгын ажил нь эсрэг чиглэлд буюу Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд баригдаж буй зам бөгөөд замын эхлэл цэг нь Тавантолгойн уурхайгаас нэлээд наашаа эхлэлтэй байдаг.

 

5.б. Даатгалын зүйл мөн эсэх нь эргэлзээтэй, даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй.

Нэхэмжилж буй нийт 7 удаагийн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд судлан үзвэл даатгуулсан зүйлд учирсан хохирол буюу даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй. МН ХХК болон МД ХК хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №20/00387613 тоот Хөрөнгийн даатгалын гэрээ-ний 2.1-т даатгуулсан зүйлийг тодорхойлохдоо Энэхүү даатгалын гэрээний хавсралт 1-т дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан бөгөөд энэхүү Даатгалын гэрээгээр даатгаж буй Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, компыотер, тавилга эд хогшлыг гээд гэрээний хавсралт 1-т нийт 64,362,988,858 төгрөгийн үнэлгээ бүхий электрон тоног төхөөрөмж гэж ерөнхийд нь тодорхойлоод даатгалын зүйлийн дэлгэрэнгүй мэдээллийг болон даатгалын зүйлийн байршлыг талууд даатгуулагчийн ирүүлсэн файл /еmail/ дээр үндэслэн баталгаажуулсан байх бөгөөд хөрөнгийн байршил өөрчлөгдсөн даруйд даатгагчид мэдэгдэж байх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл даатгалын зүйл гэх шилэн кабелуудын дэлгэрэнгүй мэдээлэл буюу тус бүрийн нэршил, код, үнэлгээ, бүртгэлийн дугаар байршил зэргийн жагсаалтыг даатгуулагчаас даатгагчид файл / еmail /-ээр ирүүлж баталгаажуулснаар тухайн эд хөрөнгүүд нь даатгалын зүйлд тооцогдож баталгаажихаар заасан байна. Гэтэл хэрэгт эдгээр даатгалын зүйлүүдийн жагсаалт авагдаагүй буюу тасарсан гэх шилэн кабелиуд нь даатгалын зүйл мөн эсэх талаар нотлох баримт авагдаагүй.

Даатгалын тохиолдол үүсээгүй байхад нөхөн төлбөр олгосон байвал энд гэм хорын асуудал яригдахгүй буюу даатгагч өөрөө өөртөө гэм хор учруулсанд тооцогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

1.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн гэм хор учруулсан гэх нөхцөл байдалд хамааралтай 7 удаагийн тохиолдол тус бүрээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Гэвч талууд бүрэн мэтгэлцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч МД ХК нь хариуцагч ӨАЗ ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд буюу шилэн кабельд 7 удаагийн үйлдлээр учруулсан гэм хорын хохиролд 11,747, 645 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэг удаагийн тохиолдлоос бусдыг эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 49/

 

3. МД ХК нь МН ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр МН ХХК-ийн өмчлөлийн электрон тоног төхөөрөмжид гуравдагч этгээдийн зүгээс хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоор, 10,000,000 төгрөгөөс доош үнэтэй хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт шаардахгүйгээр даатгуулагчийн бүрдүүлж өгсөн нөхөн төлбөрийн баримтыг үндэслэн олгохоор тохиролцон нэг жилийн хугацаатай 20/00387613 тоот хөрөнгийн даатгалын гэрээг байгуулжээ. /хх 9-18/

 

3.а. Даатгуулагч МН ХХК нь Тавантолгойгоос Оюутолгой чиглэлд 136,21 га газарт шилэн кабелийг сүлжээний зориулалтаар ашиглах эрхтэй болох нь хэрэгт авагдсан 000343246 тоот гэрчилгээгээр тогтоогдсон. /хх89-90/

 

Даатгуулагчийн зүгээс даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус тус нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг МД ХК-д хүргүүлж байсан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх 19-20,30,76,82/

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр заасан тул даатгагч МД ХК нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.

 

4. Хариуцагч ӨАЗ ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг талаар талууд тайлбарласан. /хх 100-108, 117-126/

 

4.а. Хариуцагч дээр дурдсан ажлыг гүйцэтгэх явцдаа 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад-Баян-Овоо чиглэлийн Кокс сайтын замд байдаг шилэн кабелийг замын засвар хийх явцдаа тасалсан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Уг кабель тасалсан гэх үйлдлийн улмаас 2,128,921 төгрөгийн хохирол учирсан гэх боловч нэхэмжлэгч нь 758,486 төгрөгийн нөхөн төлбөр олгосон талаар баримт авагдсан байна.

/хх208/

 

4.б. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Оюу-толгойгоос Кокс үйлдвэр чиглэлийн шилэн кабелийг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд чиглэлийн шилэн кабелийг, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг хариуцагч нь замын засвар хийх болон компанийн ажилчид нүх ухах явцдаа тасалсан гэх бөгөөд хариуцагч даатгалын зүйл мөн эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэл заан маргажээ.

 

Нэхэмжлэгч МД ХК-ийн МН ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 2.1, гэрээний хавсралтын 1-т тоног төхөөрөмж, электрон тоног төхөөрөмж гэх нэршлээр даатгалын зүйлээ тохиролцож, талууд ажил хэргийн хүрээнд шилэн кабелийг даатгалын зүйлээр тооцож, хохирлыг зөвшөөрч төлсөн байна. Нэхэмжлэгчийн даатгуулагчтай байгуулсан гэрээнд тухайн компанийн нийт цахилгааны тоног төхөөрөмж гэсэн байх бөгөөд уг шилэн кабель даатгалын зүйлд хамаарч байгаа нь дээрх даатгалын гэрээгээр тогтоогдсон. Иймд дээрх кабелийн гэмтлийг даатгалын зүйл биш гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

 

Хэргийн баримтаас нэхэмжлэгч даатгалын байгууллага нөхөн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус олгосон баримт авагдсан.

/хх6-8, 39-40, 80, 87/

 

Зохигчид даатгалын тохиолдол мөн эсэх, хариуцагчийн ажиллаж байсан чиглэлд хохирол учирсан эсэх, учирсан хохирлын хэмжээ нөхөн төлбөрийн баримт үндэслэлтэй эсэхэд голлон маргасан байх бөгөөд МН ХХК-ийн өмчлөлийн зүйл болох кабель тасарсан үйлдлийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

 

Дээрх баримтууд шилэн кабель тасарсан үйлдлүүд, хохирлын хэмжээтэй цаг хугацааны хувьд тохирч байна. Дээрх 4 тохиолдол буюу шаардлагын хувьд шилэн кабель тасалсан хариуцагчийн хууль бус үйлдлээс даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзнэ.

 

4.в. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа эксватороор ухаж байгаад тасалсан тул засварын зардалд 2,567,523 төгрөг, 1,279,557 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч Манай ажиллаж байсан чиглэл биш гэж маргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын дээрх 2 тохиолдлыг манай ажиллаж байсан чиглэл биш гэж тайлбарласныг нэхэмжлэгч эргэлзээгүй баримтаар няцааж чадаагүй. Учир нь мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт байхгүйгээс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Тавантолгой-Даланзадгад чиглэлд, мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлд замын ажил гүйцэтгэж байгаад шилэн кабель тасалсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй юм.

 

Түүнчлэн, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт зэргийг үндэслэж даатгалын нөхөн төлбөрийг даатгалын компани олгох юм.

 

Нэхэмжлэгч энэ талаар даатгалын гэрээний зүйл нь онцлогтой, шилэн кабель тул бага дүнтэй хохирлыг даатгагчийн зүгээс нягтлах, очиж үзэж гуравдагч этгээдээр дүгнэлт гаргуулах боломжгүй. Ирүүлсэн материалыг судалж үндэслэлтэй гэж үзсэн тул нөхөн төлбөрийг олгосон гэж тайлбарлаж, гэрчүүдийн мэдүүлгийг иш татжээ.

 

Иймд энэхүү 2 тохиолдлын хувьд хариуцагчийн буруугаас даатгалын тохиолдол үүссэн буюу гэм хор учруулсныг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох шаардлагатай.

 

5. Анхан шатны шүүхээс учирсан бодит хохирлыг буюу нэхэмжлэгчээс МН ХХК-д нөхөн төлбөрт бодитоор шилжүүлсэн үнийн дүнг хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага тус бүрээс 10 хувийг хасч тооцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэмтлийн 2,310,770 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1,151,600 төгрөгийн гэмтэлтэй холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, үлдэх хэсгийг анхан шатны шүүх хангасныг хэвээр үлдээв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 7,175,909 төгрөгийг хангаж, үлдэх 4,571,744 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг нэхэмжлэлийг хангасан дүнд тохируулан өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10.578.279 /арван сая таван зуун далан найман мянга хоёр зуун далан есөн/ гэснийг 7,175, 909 гэж, 1.169.374 гэснийг 4,571,744 гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 184.202 гэснийг 129,765 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД