Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00400

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00400

 

 

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/02530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МТ ХХК, Т ХК-д тус тус холбогдох,

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны 18/1 тоот хаягт байрлах барилгын 4 давхрын хэсгийг буюу өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч МТ ХХК-ийн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Ж.Самбуугийн гудамжны 18/1 хаягт байрлах Марс худалдааны төв буюу Ц-3 барилгын цэвэр ус. дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах.

МТ ХХК нь 2015 оны 8 дугаар сард дулааны шугам сүлжээг салгаснаар тухайн байранд дулаангүй, усгүй, цахилгаангүй, харилцаа холбоогүй болсноор ашиглах боломжгүй болсон. МТ ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтаа зогсоохдоо цахилгаан, дулаан, суурин холбоо цэвэр усны шугамыг тасалж ажиллагаагүй болгосны улмаас манай байгууллага өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон бөгөөд өөрийн хөрөнгөө ашиглахын тулд өөрийн өмчлөлийн хэсгийг цахилгаан болон дулааны шугамд холбосон. Гэвч цахилгаанаар хэвийн хангаж байгаа боловч дулааны шугам нь төв шугамаас тусдаа явсан учраас хөлдөж хагарсан. Тиймээс дундын эзэмшлийн талбайг дулаанаар ханган, дулааны шугамыг дамжин өнгөрүүлж байж дулаанаар хангах шаардлага үүсээд байна. Мөн цэвэр усны шугам хөлдөж хагарч байхын зэрэгцээ хариуцагч компани үйл ажиллагаагаа зогсоохдоо суурин холбооны магистрал шугамын үүргийг бүхэлд нь салгасан тул ашиглах боломжгүй болсон. Тухайн барилга нь нэг техникийн нөхцөлтэй өөрийн өмчлөлийн хэсгийг тусад нь дэд бүтцийн шугамд холбуулах боломжгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч МТ ХХК-ийн тайлбарын агуулга:

Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00410 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрчилсөн ч шаардлага нь тодорхой бус хэвээрээ байна. Хариуцагч өөртөө туслах арга хэмжээ авсан бөгөөд өөртөө ашиглаагүй зардал бий болгож дэд бүтцийг холбох боломжгүй. Түүнчлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт Дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам, Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын хавсралт Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зэрэг холбогдох дүрэм журмуудад зааснаар дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр байна. Нэхэмжлэгч тал инженерийн дэд бүтцээ хариуцагчаас хамааралгүйгээр тусдаа холбуулах боломжтой эсэхийг Мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай. МТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Т ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх объектыг ашиглаагүй байж үр ашиггүй зардлыг гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Н ХХК нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцээ өөрөө холбон үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-07-118/125 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд тус барилгын нэг давхар нь төвлөрсөн дулаанаар хангагдан ажиллаж байна гэх дүгнэлтээс үзвэл дулааны шугам, халаалтын хэсгээ Н ХХК нь өөрөө салаалж, тусгаарлаж, дулааны асуудлаа шийдэх бүрэн боломжтой.

 

3. Хариуцагч Т ХК-ийн тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, Марс худалдааны төв буюу Ю-3 барилга нь анх 4 давхар, 3118.2 м.кв талбайтайгаар 2001 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Т ХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийн дагуу 1139.8 м.кв талбайг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус барилгын 3 давхар болон 2, 4 давхрын холбогдох хэсэг нь Т ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн гэрээ, хэлэлцээр, мөн өдрийн 08 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б, Ч.Б, Л.Э нарт хувьцаанд хувь тэнцүүлэн Марс худалдааны төвийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хувьцаа эзэмшигч нар нь гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, Т ХК-ийн хувьцааны асуудлаар урт хугацааны туршид шүүхэд маргаантай байсан зэргээс үүдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. МТ ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/05 дугаар албан бичигт ...Манай МТ ХХК нь уг барилгын 2, 3 дугаар давхар буюу Ю-3 барилгыг эзэмшдэг. 2015 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн Ю-3 барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн..., мөн Д.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа ...ашиглалтын зардал төлж чадахгүй болсон тул дэд бүтцээ манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж албан ёсоор салгуулсан... гэжээ. Дээрх зүйлээс үндэслэн маргаан бүхий хугацаанд Ю-3 барилгын ажиллагаатай холбоотой асуудлыг МТ ХХК бүрэн хариуцана. Т ХК хариуцах үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч МТ ХХК, Т ХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны 18/1 тоот хаягт байрлах U3 гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг даалгах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ... халаалт, цэвэр, бохир усны шугам, суурин холбоог тусдаа холбуулах боломжгүй, нэг нь нөгөөгөөс хамааралтай гэх нотлох баримт гаргаж чадаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй.

Хариуцагч МТ ХХК нь 2015 онд Н ХХК-д мэдэгдэлгүйгээр маргааны зүйл болох дөрвөн давхар Ю-3 барилгын доод давхраас дээд давхруудаа хангах чиглэл бүхий нэг техникийн нөхцөлтэй, нэгдсэн дэд бүтэц бүхий дулаан, цахилгаан, цэвэр ус, харилцаа холбооны шугамуудыг 1 дүгээр давхраас 2 дугаар давхарт шилжин орж ирэх хэсгүүдэд өөрийн эзэмшлийн талбайдаа таслан ажиллагаагүй болгож орхисноос тухайн барилгын 4 дүгээр давхрын 60,6 метр квадрат талбайн өмчлөгч болох Н ХХК нь өөрийн өмчлөлийн талбайдаа дулаан, цахилгаан, цэвэр ус, харилцаа холбоогоор хангагдахгүй болсон, өөрийн өмчлөлийн зүйлээ ашиглах боломжгүй болсноор 7 жил болж байгааг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, түүний инженерийн шугам сүлжээг, 4.1.35-д инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг тус тус ойлгохоор хуульчилсан байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээ бүхий байгууламжийг барилга байгууламж хэмээн ойлгоно гэж заасан байна. Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигчид Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх, 46.4-д зааснаар өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах. зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор барилга байгууламжийн шугам сүлжээг дур мэдэн салгах, өөрчлөхийг хориглож, бусад этгээдийн эрхийг зөрчихийг хориглосон байхад шүүх тухайн шугам сүлжээг тусдаа холбох боломжтой эсэх нотлох баримт шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч МТ ХХК-ийн эрх зөрчсөн үйлдэл нь тодорхой бөгөөд Н ХХК-ийн эд хөрөнгөө ашиглах эрхийг ноцтой зөрчиж, ашиглах боломжгүй болгосон нь тодорхой. Т ХК нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь тодорхой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд МТ ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: МТ ХХК-аас хамааралгүйгээр дэд бүтцээ шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж тодруулах шаардлагатай байсан боловч нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

 

7. Давж заалдах гомдолд Т ХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч МТ ХХК, Т ХК-д тус тус холбогдуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Ж.Самбуугийн гудамжны 18/1 хаягт байрлах Марс худалдааны төв буюу Ю-3 барилгын өөрт ногдох талбайн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж, эрх зөрчихөөс өмнөх байдалд нь сэргээхийг даалгахаар шаардсаныг хариуцагч Т ХК манайд хамааралгүй, уг барилгын өмчлөгч биш гэж татгалзсан, хариуцагч МТ ХХК нь нэхэмжлэгч тусдаа шугамаа холбох боломжтой, шугамыг холбох нь манайд ашиггүй учраас салгасан гэж маргажээ. /1хх1-2, 2хх96-98, 111-112/

 

1.а. Хэргийн баримтаас үзвэл маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 18/1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, Марс худалдааны төв буюу Ю-3 барилга нь анх 4 давхар, 3118.2 м.кв талбайтайгаар 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн баримт авагдсан. /1хх175/

 

Т ХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийн дагуу 1139,8 м.кв талбай буюу барилгын 1 дүгээр давхрыг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /1хх189-190/ Тус барилгын 3 давхар болон 2,4 давхрын холбогдох хэсэг нь Т ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр байгаа баримт авагджээ./1хх195/

 

1.б. Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн гэрээ, хэлэлцээр, мөн өдрийн Т ХК-ийн 8 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б, Ч.Б, Л.Э нарт хувьцаанд хувь тэнцүүлэн Марс худалдааны төвийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн баримт авагдсан боловч өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байна./1хх228-234/

 

1.в. Талуудын тайлбараар МТ ХХК нь маргааны зүйл болох барилгын 2, 3 дугаар давхрыг эзэмшдэг, нэхэмжлэгч 4 дүгээр давхрыг эзэмшдэг, 1 дүгээр давхрыг Г ХХК эзэмшдэг бөгөөд Г ХХК 1 дүгээр давхарт дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг төвлөрсөн шугамнаас холбож авсан хэвийн ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

1.г. МТ ХХК нь 2015 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 6 дугаар сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн баримт авагджээ./1хх12/ Мөн Н ХХК өөрийн өмчлөлийн хэсгийг цахилгааны шугамд холбосон, цахилгаанаар хэвийн хангагдаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

2. Хэрэгт Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29 өдрийн 00410 дугаар тогтоол авагдсан. Уг тогтоолд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журам тодорхой бус. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт Дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам", Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18 өдрийн 97 дугаар тогтоолын хавсралт Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зэрэг холбогдох дүрэм журмуудад зааснаар дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр байгаа талаар заасан. Уг тогтоолд нэхэмжлэгч тал инженерийн дэд бүтцээ хариуцагчаас хамааралгүйгээр тусдаа холбуулах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай талаар дүгнэсэн.

 

МТ ХХК 2015 оны 2 дугаар сараас хойш дээрх барилгад үйл ажиллагаагаа зогсоосон үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Зохигчид нэхэмжлэгч 2,3 дугаар давхраас үл хамааран 4 дүгээр давхарт тусдаа дулаан авах боломжтой эсэх, эсхүл заавал дундын эзэмшлийн талбайг дулаанаар ханган, дулааны шугамыг дамжин өнгөрүүлж байж дулаан авах шаардлагатай эсэх, хариуцагч компани үйл ажиллагаагаа зогсоохдоо суурин холбооны магистрал шугамын үүрийг бүхэлд нь салгаж, ашиглах боломжгүй болгосон эсэх, тухайн барилга нь нэг техникийн нөхцөлтэй эсэх, хариуцагч дангаараа цэвэр бохир усны дулааны шугамыг холбох үүргийг мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой эсэх зэрэг мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдсан асуудлын хүрээнд маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилохоор байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 124-125 дугаар талд хэргийн оролцогч дээрх маргаантай асуудлыг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

3. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна.

3.а. Хариуцагч МТ ХХК ... 2014 оны байдлаарх үнээр сар бүр гардаг ашиглалтын зардал болох 4,000,000-6,000,000 төгрөгийг төлж чадахгүй болсон тул дэд бүтцээ манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж албан ёсоор салгуулсан гэж тайлбарлажээ. Уг этгээд өөрийн өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой эрхээ хэрэгжүүлэхдээ бусад этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хөндөх учиргүй. Тодруулбал, хариуцагчийн салгуулсан гэх шугамтай холбоотойгоор нэхэмжлэгч Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд заасан сервитутыг хэрхэх эсэхийг тодруулах шаардлагатай.

 

3.б. Талууд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Мөн хуулийн 488 дугаар зүйлд заасан дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэн нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

3.в. Хэрэгт дулааны шугамыг залгахад заавал МТ ХХК-ийн талбайгаар дайран өнгөрөх техникийн нөхцөлтэй эсэх, МТ ХХК 2015 оноос тус барилгад эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоон гарч явахдаа өөрийн эзэмшлийн хэсэгт байх барилгын инженерийн дэд бүтцийг бүхэлд нь тасалсан эсэх үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардагдана гэж үзлээ. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг шүүхээс албан ёсоор томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. /1хх 13-14/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хууль буруу хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Тодруулбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар шугам сүлжээ гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг ойлгох юм. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар "төвлөрсөн дулаан хангамж" гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг, 3.1.19-д зааснаар "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгохтой холбоотой хуульд заасан хангагч, хэрэглэгчийн үүргээ талууд хэрхэн биелүүлсэн байдал, Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүргээ хэрхэн биелүүлсэн байдал, үйл баримтыг дүгнэх нь тухайн хэрэгт ач холбогдолтой.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/02530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД