Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0198

 

 

 

 

 

 

 

    2026          02           27                                     128/ШШ2026/0198   

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д*******а ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л,

Маргааны төрөл: Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэх зөрчилд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Т.Л, гэрч А.Т, Ц.Л нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг П.Анхбаяр хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ийн 6 давхарт Д*******а ХХК-ийн оффис дотор байрлах ажилчдын хоолны газрын өрөөнд хугацаа дууссан жигнэмэг, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, хэрэглэдэг гэх гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяаллын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлснийг хяналтын улсын байцаагч Т.Л дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

2.2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар Д*******а ХХК-д “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” зөрчилд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хураасан   хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлсэн.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай Д*******а ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ингэхдээ манай компанийг "Чингэлтэй дүүргийн 3-р хороо, ийн 6 дугаар давхарт байрлах оффис дотор ажилчдын хоолны газрын өрөөнд хугацаа дууссан жигнэмэг, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, ажилтнуудын хоолонд хэрэглэж байсан" гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг гаргасан.

Гэтэл улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд заагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад "хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн" бол шийтгэл ногдуулахаар заасан. Улмаар уг заалтыг хэрэглэхдээ хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин “хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам стандартыг зөрсөн бол" л зөрчилд тооцохоор байна.

Учир нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах; 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах” гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө", 9.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг ашиглан хүнсний сүлжээн дэх эрсдэл гарсан үе шатыг тогтооно”, 9.3 дахь хэсэгт “энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг хэрэгжүүлсний үр дүнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооно", 9.4 дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална" гэж зааснаас үзвэл хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй, харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй байна.

Энэ хүрээнд харвал Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заагдсан зөрчил нь манай Д*******а ХХК-д хамаарахгүй. Манай компани нь эм, эмийн бүтээгдэхүүн импортлох, худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас биш хүнсний бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаггүй, оффис үйлчилгээний барилга дотроо хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэсэггүй (гал тогоогүй). Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн хадгалах, устгах албан ёсны журамтай, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг болно.

Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л нь дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр илтэд үндэслэлгүй актыг гаргасан.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.   

3.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Б.Б*******ын тогтоолоор Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л би хүлээн авсан.

2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:48:16 цагт 99104451 дугаарын утаснаас иргэн Ц.Л нь 102 дугаарын утсанд "Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ийн 6 дугаар давхарт ******* тоот өрөөнд хоёр хүн орж ирээд лайв хийгээд байна” гэх зөрчлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ТЭС 116 чиглэл эргүүлийн офицер Цагдаагийн ахмад Ц.Г, Цагдаагийн ахлах дэслэгч Н.А, эргүүлийн цагдаагийн жолооч Цагдаагийн ахлагч Н.М нар ажиллаж,

Schar Gluten-free нэрийн

- Penne /10-12 min/ гоймон-задраагүй 35 ширхэг, задарсан 3 ширхэг 2022.07.13-2024.07.13;

- Bonta Italia нэрийн гоймон-1 ширхэг, 2020.11.04-2022.11.04;

- Choco Balls өглөөний хоол-95 ширхэг, 2022.08.01-2023.07.28;

- Hoops con miele жигнэмэг-51 ширхэг, 2023.09.06;

- Butterkeks petit Beurre жигнэмэг- 3 ширхэг, 2023.09.09-ээс 12 сар;

Цэнэг нэрийн

  • бөөр хамгаалах бэлдмэл-11 ширхэг, 2024.06.15-aac 12 cap;

- Гоо сайхны бэлдмэл-18 ширхэг, 2024.08.18-аас 12 сар;

- Барагшунтай бэлдмэл 73 ширхэг, 2023.08.04-өөс 12 сар;

- Дархлаа сайжруулах бэлдмэл-5 ширхэг, 2024.06.28-aac 12 cap хадгалах хугацаатай нийт 295 ширхэг бүтээгдэхүүнийг эрх бүхий албан тушаалтны "Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай" тэмдэглэл үйлдэж хураан авсан. Хураагдсан 9 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэлийн тасгийн байцаагч цагдаагийн дэслэгч Д.Эээс хүлээн авсан.

Нийслэлийн Прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ийн 6 давхарт байрлах Д*******а ХХК-ийн оффист 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, харуулын ажилтай О.Ж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.*******той хамтран (лайв) хийсэн тус компанид авлагын менежерээр ажилладаг Б.А, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлчлэгч ажилтай П.Д******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээж энэ талаар Д*******а ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А болон түүний өмгөөлөгч А. Ө******* нарт мэдэгдсэн.

2025 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрийн хооронд тус зөрчлийн хэргийн (оролцогч) холбогдогч Д*******а ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Адилбек, гэрч дуудлагаар тус байгууллага дээр анх очиж хяналт шалгалт хийсэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер Цагдаагийн ахмад Ц.Г, цагдаагийн байгууллагад анх гомдол гаргасан Д*******а ХХК-ийн Чанарын менежер, борлуулалтын албаны дарга Ц.Л, М******* ХК-ийн Чанарын баталгаажилтын албан дарга Б.М*******, Д*******а ХХК-д Гаалийн бүрдүүлэгч, кассын нярав С. Ж******* нараас мэдүүлэг авсан. Д******* ХХК-д Авлагын менежер Г.А, иргэн Г.******* нарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ийн 6 дугаар давхраас хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, хэрэглэсэн тухай болон бусад сэдвүүдээр 01:23:32 цагийн хугацаанд хийгдсэн лайвын бичлэгийг үзэж тэмдэглэл үйлдсэн.

Тус лайвын бичлэг дээр хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалж байгаа талаар гарсан тул 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 01/232 дугаартай албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаярт зөрчлийн мэдээллийг хүргүүлэхэд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2087 дугаартай албан бичгээр лайвын мэдээлэлтэй холбогдуулан Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тухай ирүүлсэн.

М******* ХК-ийн ирүүлсэн тайлбарт лайв дээр гарсан хугацаа дууссан Цэнэг нэрийн бүтээгдэхүүнүүд нь 2023 оны 08 сар, 2024 оны 6, 8 дугаар саруудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд Д*******а ХХК нь М******* ХК-аас шууд борлуулалт хийдэггүй, 2023 оны 1, 2 дугаар сард МК эм ханган нийлүүлэх төвөөс худалдан авалт хийсэн ба түүнээс хойш худалдан авалт хийгдээгүй болохыг байгууллагын дотоод хяналтаар тогтоосон тухай мөшгөлтийн тайлан ирүүлсэн байна.

Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн импортын 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалж байсан гэх зөрчил нь Д*******а ХХК-д Гаалийн бүрдүүлэгч, кассын нярав С.Ж*******ийн мэдүүлснээр “ийн В1 давхарт манай байгууллагын агуулах байдаг тэнд 2025 оны 10 дугаар сарын 01-ний орчмоос засварын ажил хийгдэх гээд тэнд барилгын материал оруулж байхад засвар хийхээр ирсэн ажилчид талбайгаа чөлөөлөөд өгөөч гэсэн тэгэхэд энэ бүтээгдэхүүнүүд байж байсан энэ ямар бүтээгдэхүүн хэрхэхийг Таас (борлуулалтын захиалга авагч) асуусан тэгэхэд акталсан устгах гэж байгаа бүтээгдэхүүн гэж хэлсэн. Тэгэхээр нь харуулын ажилтантайгаа нийлээд 6 давхар руу лифтээр гаргасан тэгээд амралтын өрөөний буланд аваачаад хураачихсан. Устгах гэж байгаа гэдэг мэдээлэл аваад хөдөөний хүмүүст малын тэжээлээр явуулчихвал зүгээр юм болов уу гэж бодоод хөдөө байдаг хуурай ах руугаа хэлтэл өө байлгаж байгаарай малд өгвөл зүгээр юм байна гээд хэд хоногийн дараа би 2 хайрцаг орчим гоймонг нь явуулсан тэгтэл малд өгч болох юм байна аа би унаа олоод авъя гэсэн. Тэгээд л би өөрөө ажил ихтэй, тэр ах ч ирж аваагүй байж байвал лайваар гараад асуудал үүсээд эхэлсэн.”,

Д******* ХХК-д Үйлчлэгч П.Д*******ийн мэдүүлснээр “Энэ хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг энэ 2025 оны зун лифтээр зөөгөөд оруулж ирээд хоолны өрөөнд оруулж ирж тавьсан. Тэр талаар бол би сайн мэдэхгүй, 2 сар орчмын өмнөөс манай нярав Жаанка хөдөө гэр рүүгээ явуулж байгаа гээд надаас хогийн уут авч байсан. Тэр гоймонгуудыг нь уутнаас нь гаргаад надаас авсан хогийн уутанд савлаад хайрцгуудыг нь хоослоод тавьдаг түүнийг нь би гаргаж хаядаг. Миний мэдэхийн 2-3 удаа л явуулсан 5-6 ширхэг хайрцаг гаргаж хаяж байсан” гэх мэдүүлгээр хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан нь тогтоогдсон болно.

Иймд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулж 10 нэр төрлийн 295 ширхэг 2.813.800 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан эд зүйл хэрэгслийг үнэлэх худалдах устгах талаар хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн. Торгох шийтгэлийн хуудастай хууль ёсны төлөөлөгч А.А танилцсан болно.

Д*******а ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Dr. Schar AG/SPA байгууллагатай хийсэн худалдааны гэрээ;

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Schar нэрийн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж гаргасан дүгнэлт, тус бүтээгдэхүүнийг хадгалж байсан агуулахын бүртгэл;

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх;

Schar нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байгууллагын чанарын ISO 9001:2008 гэрчилгээ;

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Schar нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэдэгдэл;

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Р02276 дугаартай хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын захиалгын хуудас:

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Schar нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 01/2719 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газраас "Schar нэрийн gluten free-глютингүй" бүтээгдэхүүний талаар лавлагаа тодруулга авахад 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 02-2/4873 дугаартай албан бичгээр дээрх нэрийн бүтээгдэхүүнийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний хооронд Д*******а ХХК импортолсон тухай хариу ирүүлсэн байна. Дээрх баримтуудаар Д*******а ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч мөн болох нь тогтоогдож байна.

Хүнсний тухай хуулийн 3.1.12-т зааснаар "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг хэлнэ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.6-д "хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтууд нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг болно.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1- д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа Дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална" гэж заасан нь хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа биш бөгөөд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хадгалах хугацааг заасан болно.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан торгох шийтгэл оногдуулсан байх тул 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар,

1.1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ийн 6 давхарт Д*******а ХХК-ийн оффис дотор байрлах ажилчдын хоолны газрын өрөөнд хугацаа дууссан жигнэмэг, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, хэрэглэдэг тухай 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д*******а ХХК-ийн ажилчид шууд дамжуулсан бичлэг хийж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчид уг бичлэгээр гарсан бүтээгдэхүүнүүдийг хураан авч,  “хугацаа дууссан жигнэмэг, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, хэрэглэдэг” гэх гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяаллын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлж,

1.2. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар Д*******а ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хураасан хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлсэн.

Хоёр. Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирсэн “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ийн 6 давхар, ******* тоот хаягт хоёр хүн орж ирээд лайв хийгээд байна” дуудлага, мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд бүртгэж, хэргийн газарт байсан schar gluten-free гэсэн бичигтэй тодорхойгүй 30 хайрцаг, schar гэсэн бор хайрцагтай тодорхойгүй 4 хайрцаг, цэнэг гэсэн бичигтэй цэнхэр, улаан өнгийн 107 ширхэг эд зүйлсийг хураан авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны санал, удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэст шилжүүлсэн, тус хэлтсийн хяналтын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон харьяаллын дагуу байна.

2.2. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан” 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна.

2.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хадгалах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг, 4.1.13-т "хэрэглэж дуусах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг ойлгоно, 11 дүгээр зүйлийн 11.1.7-д хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ, 12 дугаар зүйлийн 12.4.5-д хүнсний бүтээгдэхүүний шошго хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацааны мэдээллийг агуулна гэж хууль тогтоогч заажээ.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмын 6.2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг улсын байцаагч, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан зориулалтын шаардлага хангасан газарт зохион байгуулан устгана. Энэ тухай оролцогч талууд хамтарч акт үйлдэнэ” гэж заасан.

2.4. Д*******а ХХК комисс томилж хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэж устгадаг гэх бөгөөд, энэ зөрчилд хамаарах тодорхой нэр төрлийн тодорхой тооны бүтээгдэхүүний тухайд комисс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Бүтээгдэхүүн устгал хийсэн тэмдэглэл” үйлдсэнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ирүүлсэн[1], гэвч эдгээрээс тодорхой тоо хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг бодит байдал дээр устгалгүй үлдээснийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центер барилгын 6 давхар, ******* тоот хаягт байрлах тус компанийн эзэмшлийн албаны зориулалттай байранд байсныг хадгалж байсан нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ц.Г, ахлагч Н.М нарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл түр хураан авсан илтгэх хуудас, цагдаагийн ахлах дэслэгч Н.Амарзаягийн эд зүйл баримт бичиг хураан авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зөрчлийн хэрэгт авагдсан тэдгээр бүтээгдэхүүний сав баглаа боодол, түүн дээрх хадгалах, хэрэглэж дуусах хугацааны тэмдэглэл бүхий фото зургуудаар тогтоогдож байна. Тодруулбал

Импортын Schar Gluten-free нэрийн

- Penne гоймон – хайрцаг нь задраагүй 35 ширхэг, задарсан 3 ширхэг, хадгалах хугацаа 2022.07.13-2024.07.13,

- Bonta Italia нэрийн гоймон- 1 ширхэг, хадгалах хугацаа 2020.11.04-2022.11.04,

- Choco Balls өглөөний хоол-95 ширхэг, хэрэглэж дуусах хугацаа 2022.08.01-2023.07.28,

- Hoops con miele жигнэмэг-51 ширхэг, хэрэглэж дуусах хугацаа 2023.09.06,

- Butterkeks petit Beurre жигнэмэг- 3 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2023.09.09, хэрэглэж дуусах хугацаа 12 сар,

Монгол Улсад үйлдвэрлэсэн Витос Цэнэг нэрийн

  • бөөр хамгаалах бэлдмэл - 11 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.06.15, хэрэглэж дуусах хугацаа 12 cap,

- гоо сайхны бэлдмэл - 18 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.08.18, хэрэглэж дуусах хугацаа 12 сар,

- барагшунтай бэлдмэл - 73 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2023.08.04, хэрэглэж дуусах хугацаа 12 сар,

- дархлаа сайжруулах бэлдмэл - 5 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.06.28, хэрэглэж дуусах хугацаа 12 cap нийт 295 ширхэг хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хадгалж байсныг тогтоожээ.

Хураагдсан бүтээгдэхүүнүүдийн сав баглааны шошгон дахь BBD /best before date/ буюу хэрэглэхэд чанар нь алдагдаагүй байх, тухайн хугацаа өнгөрснөөр чанар байдал нь алдагдах хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа, үйлдвэрлэсэн хугацаа болон түүнээс хойш хадгалах, хэрэглэж дуусах хугацаа нь хураан авсан тэмдэглэл, фото зураг, устгалын актаар тогтоогдож байна.

2.5. Д*******а ХХК нь дотоод хяналт шалгалтын комисс ажиллуулж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгах акт үйлдсэн боловч ийнхүү акт үйлдсэнээс хойш 1-3 жилийн хугацаанд хадгалсан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” зөрчил гэж үзэж зүйлчилсэн нь зөв байна.  

2.6. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 2-т хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд уг хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шийтгэл ногдуулахаар заажээ. Д*******а ХХК “ажилтан малын тэжээлд хэрэглэхээр түр хадгалсан байна” гэж тайлбарлах ч хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр импортлон оруулж, худалдан борлуулж буй хуулийн этгээд[2] уг бүтээгдэхүүний хугацаа дууссан тохиолдолд устгах үүргээс чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг 1-3 жилийн хугацаанд өөр зориулалтаар /малын тэжээлд/  хэрэглэхээр хадгалж байсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд, хуулийн этгээдийн импортоор оруулж худалдан борлуулж байсан хүнсний бүтээгдэхүүнээс хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн ажлын байрнаас нь илэрснийг “хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” зөрчил гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

2.7. Энэ хэргийн гомдол гаргагч Д*******а ХХК нь “хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл шаардлага зөрчөөгүй”, “хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгалах боломжтой” зэргээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

Учир нь “хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл шаардлага” гэх ойлголтод хадгалалтын хугацаандаа байгаа бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл шаардлага хамаарах бөгөөд хугацаа дууссан бүтээгдэхүүний хувьд хадгалах нөхцөлийг хууль тогтоомж, стандартаар зөвшөөрч зохицуулахгүй.

Түүнчлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална.” гэсэн нь хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах тухай ойлголт биш, мөн зүйлийн 9.1-д заасан “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийг тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд хадгалах тухай зохицуулалт юм.

2.9. Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримтаар тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар зөв зүйлчилж шийдвэрлэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул гомдол гаргагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрхийг хангаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтаас гадуур явуулсан, хуулийн этгээдийг торгосон нь үндэслэлгүй гэх гомдлууд үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Д*******а ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Д*******а ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Д*******а ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 111-112, 114-115,117-118 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 45-104 дүгээр хуудас