Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

                                          Э.Тэнгист  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч Э.Тэнгис /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар  /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.Тэнгист холбогдох эрүүгийн 2332000860123 дугаартай, *********************** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэнд овогт Энхбаатарын Тэнгис, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ****** оны ***** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ***** боловсролтой, ************* мэргэжилтэй, ам бүл ********** хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ****** сумын ***** дугаар баг, ****** ***** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ90123053/

Шүүгдэгч Э.Тэнгис нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа голын эрэг орчимд байрлах Үижү нэртэй амралтын газрын гадаа иргэн Ч.Цэнгэнбаяр, Ц.Баясгалан нартай та нар Зүүнхараад ирчихээд давраад байгаарай бид нар Зүүнхараагийн томчууд шүү гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ч.Цэнгэнбаяр, Ц.Баясгалан нарын толгой, нүүр болон нуруу, гар луу нь модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Э.Тэнгисийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Цэнд овогт Энхбаатарын Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Тэнгисийг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тэнгисийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Тэнгист оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тэнгис нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Тэнгис нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Тэнгист өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч С.Баатар би эрүүгийн 2332000860123 тоот хэрэгт шүүгдэгч Энхбаатар овогтой Э.Тэнгистэй анхан шатны шүүх хуралдаанаас хойш “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Э.Тэнгис нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэл, хохирол , хор уршиг дээр маргах зүйлгүй үйлдсэн гэмт хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа нөгөөтэйгүүр тогтвор суурьшилтай ажил эрхлэх зорилготой байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгох ялаар өөрчилж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Э.Тэнгис нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн болон зүйлчлэлийн хувьд маргах маргаан байхгүй. Мөн хохирол төлбөр дээр маргах зүйл байхгүй. Нийт 3,000,000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан. Э.Тэнгис нь эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй. Их говь энержи гэх газарт цехийн засварчнаар орохоор шийдэгдчихсэн байгаа. Сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажилд орохоор бэлэн болсон. Э.Тэнгис нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байгаа гэж үзэн хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг гаргаж, шүүхээс буцаагдсан байдаг. Буцаагдсан шалтгаан нь Э.Тэнгисийн буруугаас болоогүй. Э.Тэнгис нь хэрэгт хуулийн шаардлагыг хангаж байвал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Ингээд ердийн журмаар шийдвэрлэж анхан шатны шүүхээс 320 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэсэн байдаг. Эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Бага насны 3 хүүхэдтэй тул торгох ялаар шийтгүүлээд явах бүрэн боломжтой. Нийтэд тусдаа ажил нь тухайн сумандаа байж байдаг. Дуудсан цагт нь очихгүй бол болдоггүй хариуцлагатай ял. Их говь энержи ХХК нь кемпэд байрлаж ажилладаг юм байна лээ. Дуудсан цагт нь очиж чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа учраас, гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөр барагдуулчихсан учраас торгох ялаар шийтгэхэд болохгүй гэх зүйл байхгүй байна гэв.  

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараасаа уучлалт гуйсан. Миний 100% миний буруутай үйлдлээс болж ийм болсон учраас 320 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Прокурорын хувьд энэ хэрэг дээр анхнаасаа хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс нэг удаа буцаасан байдаг. Яагаад буцаасан бэ гэхээр хохирогч хэдэн төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байна вэ? Э.Тэнгис нь хэдэн төгрөг өгөх талаар тодорхойгүй учир анхан шатны шүүхээс буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд Э.Тэнгис нь хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Мөн хэрэг бүртгэлтийн шатнаас эхэлж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялаар сольж өгнө үү гэсэн тайлбарт татгалзах үндэслэл байхгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Тэнгист холбогдох эрүүгийн 2332000860123 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Э.Тэнгис нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа голын эрэг орчимд байрлах Үижү нэртэй амралтын газрын гадаа иргэн Ч.Цэнгэнбаяр, Ц.Баясгалан нартай та нар Зүүнхараад ирчихээд давраад байгаарай бид нар Зүүнхараагийн томчууд шүү гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ч.Цэнгэнбаяр, Ц.Баясгалан нарын толгой, нүүр болон нуруу, гар луу нь модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тэнгисийн өгсөн “...Тэгэхээр нь би хөгжмөө багасга гэснээс нь болж хоорондоо маргалдсан. Эхлээд Цэнгэнбаяр, намайг цохиж унагаасан. Би босч ирээд газраас бургас мод аваад тэр хоёрыг цохиж зодсон...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Цэнгэнбаяр, Ц.Баясгалан нарын, гэрч Н.Баярчимэг, К.Марина, Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрмаа, Ж.Наранзул,  нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Тэнгисийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Тэнгист Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,  2-д “Энэ гэмт хэргийг 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э.Тэнгис нь хэдийгээр 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  торгох ялаар сольж шийдвэрлэх  боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Э.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч 2 дахь заалтаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж техникийн шинжтэй алдаа гаргасныг засч өөрчлөлт оруулахаар тогтсон.

Иймд шүүгдэгч Э.Тэнгис болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад  өөрчлөлт оруулж, 5 дахь заалтыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Тэнгисд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Тэнгист оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Тэнгис торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тэнгис түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ