Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 226/МА2022/00010

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07-ны өдөр            226/МА2022/00010                                   Хэрлэн сум

 

 

 

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй,

Д.О-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2022/00010/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У- /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр /цахимаар/,

Гуравдагч этгээд Н.Ж- /цахимаар/,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ганхуяг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/00023 дугаар шийдвэртэй М.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох “Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах”, “Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэр гаргах хүртэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг Хэнтий аймгийн нотариатч Д.О-т даалгах тухай” нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний 1 хавтас 176 хуудас бүхий хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1814000145 дугаарт бүртгэлтэй маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарыг 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Хэдийгээр Р.Н-, Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд огт амьдраагүй, Н.Ж- нь гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан тусдаа амьдарсан, Н.Ж-гийн аав Р.Н- нь 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, ээж Ш.Х- нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус нас барсан байна. Тэгвэл өвлүүлэгч Р.Н-, Ш.Х- нарыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч Н.Ж- нь тийнхүү тухай бүр өв нээгдсэнээс хойш жилийн дотор хуульд заасны дагуу эд хөрөнгийг эзэмшэн аваагүй, эрхлэн удирдаагүй, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Гэтэл Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-ээс Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж олгосон байна. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч М.Н- нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-т холбогдуулан “Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 847 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Уг нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь иргэн Н.Ж-гаас надад холбогдуулан “бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2106 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Харин хариуцагч талаас нэхэмжлэгч Н.Ж-д холбогдуулан “Н.Ж- нь маргаан бүхий орон сууцыг өвлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг уг иргэний хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан.

Уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н.Ж- сөрөг нэхэмжлэлийн хувийг гардан авсан өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зориуд санаатайгаар маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-т гаргаж, улмаар нотариатч Н.Ж-д 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Н.Ж- нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө дээр дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Иймд уг иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэж шийдвэр гарах хүртэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-т даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байрны маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н.Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь хэрэгт нөлөөлж байна. Бид уг байранд 2017 оноос хойш амьдарч байгаа бөгөөд Б гэдэг хүнээс худалдаж авч байсан. Б “Ш.Х- гэдэг хүн өвлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгнө гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн. Бид нар байрны ордероо аваад удаагүй байхад Ш.Х- нас барсан. Гэрчилгээ нь Д, С, Б гэдэг хүмүүсээр дамжаад бидэнд зарагдсан” гэв.

 Хариуцагч Д.О- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ж- 2020 оны 12 дугаар сард ирээд “манай байрны гэрчилгээнд шүүхэд маргаан гарсан, намайг өв залгамжлах эрхийн гэрчилгээгээ шүүхээс аваад ир гэсэн юм” гэж хэлээд өв залгамжлах эрхийн гэрчилгээг авах хүсэлт гаргасан. Тэгэхээр нь би Бэрх тосгоны Ү181400145 улсын бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээнд ямар нэгэн хүмүүс өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан эсэх талаар Монголын нотариатчдын танхимд хүсэлт гаргасан. Мэдээллийн сангийн ажилтан М гэдэг хүнээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3544 тоот “уг байрны талаар ямар нэгэн хүсэлт гаргасан хүн байхгүй” гэсэн албан бичиг ирсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан Р.Н-ийн 01 тоот, Ш.Х-гийн 02 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн байрыг 4 хүн өмчлөх эрхтэй байсан. 4/1 хэсэгт хуваан нас барагч тус бүрд нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Энэ гэрчилгээг гаргахын тулд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, байрны өмчлөгчийн талаар Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас баримт, Н.Ж-гийн хурууны хээгээр 4 хүн өмчлөх эрхтэй эсэхийг тодорхойлох Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, Б-н өв залгамжлах эрхээсээ татгалзсан хүсэлт, Х.Ү-н 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт зэргийг хавсаргаж авсан. Энэ байрыг өв залгамжлах эрхтэй Баярчимэг, Үүрийнтуяа нар өв залгамжлахаас татгалзсан учраас охин Н.Ж-г ирэхэд нь өвийг бичиж өгсөн. Өвийг бичиж өгснөөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэсэн үг. Тэгээд эх гэрчилгээгээ авсны дараа Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн зөвлөгөөг өгсөн. Өөрөөр хэлбэл эх гэрчилгээ байхгүй учраас энэ үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл түдгэлзсэн байгаа гэсэн үг. Нэгэнт энэ өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдсон байхад дахин гэрчилгээ олгохгүй байх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна” гэв.

Гуравдагч этгээд Н.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи уг байранд аав, ээж, эгчийн хамт амьдарч байсан нь үнэн. Аав байр хувьчилж аваад найз Гаравсүрэн гэдэг хүнд орон байр байхгүй гээд байрандаа байлгасан. Гаравсүрэн нь 2 охинтой байсан. Охидууд нь байрыг зарсан байсан. Аав нас барсны дараа би тусдаа гараад ээжтэйгээ өвлөх эрхийн асуудал дээр маргаагүй. Ээж нас барахаасаа өмнө байраа асууж байгаарай, байр байгаа шүү гэж хэлж байсан, ээж маань тэргэнцэртэй байсан болохоор тэр болгон хөөцөлдөөд явж чаддаггүй байсан” гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэнийх хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/00023 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т зааснаар нэхэмжлэгч М.Н-ийн Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, №0002 өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Ж- нь маргаан бүхий орон сууцыг дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, М.Н- маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэр гарах хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 59 дугаар байрны 10 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг Хэнтий аймгийн нотариатч Д.О-т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн М.Н-ээс Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.Оюунэцэцэгт холбогдуулан маргаан бүхий орон сууц /цаашид маргаан бүхий орон сууц гэх/-ны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг иргэн Н.Ж-д өвлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны лөөх 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-нй өдрийн 847 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

Улмаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буу 2021оны 12 дугаар сарын03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Ж- нь маргаан бүхий орон сууцыг дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, М.Н- маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэр гаргах хүртэл маргаан бүхий бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг Хэнтий аймгийн нотариатч Д.О-т даалгах” гэж ихэсгэсэн.

Дээрх нэхэмжлэлийг гаргасан болсон үндэслэлийг тайлбарлавал иргэн Н.Ж-гаас маргаан бүхий орон сууцыг одоо эзэмшиж байгаа буюу уг орон сууцанд амьдарч байгаа иргэн М.Н-т холбогдуулан “Бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2106 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Харин уг иргэний хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч тал нэхэмжлэгч Н.Ж-д холбогдуулан “Н.Ж- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавах болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч Н.Ж- сөрөг нэхэмжлэлийн хувийг шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж авсан бөгөөд ийнхүү маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн суудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н.Ж- нь сөрөг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөртөө маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг Хэнтий аймгийн тойргийн нотриатч Д.О-т гаргаж, улмаар нотариатч мөн өдөрт нь Н.Ж-д 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Улмаар нэхэмжлэгч Н.Ж- нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө дээр дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бусад бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн учраас хариуцагч талын хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 202 дугаартай захирамжаах нотариатч Д.О-ийг Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Гэрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул хариуцагч М.Н- нь нотариатч Д.О-т холбогдуулан тусад нь бие даасан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм.

Харин шүүх М.Н-ийн нэхэмжлэлтэй, нотариатч Д.О-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 893 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн байгаа болно.

Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулга болон зорилгыг харгалзан үзвэл нотариатаар гэрчүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэх гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ гэж заавал биелүүлэх императив хэм хэмжээг хуульчилжээ.

Тодруулбал нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлснээс гадна уг баримт бичиг буюу эрхийг гэрчлүүлж буй тухайн этгээд өөрөө нотариатчид энэ тухай мэдэгдсэн /нотариатч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт Н.Ж- байрны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж хэлсэн/ тохиолдолд ч нотариатч уг заалтыг хэрэгжүүлэх ёстой.

Ингэснээрээ тухайн нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэргийг шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Гэтэл нотариатч Д.О- нь Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-ийн “Н.Ж- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзасан болохыг тогтоолгох, М.Н- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлээгүй байхад иргэн Н.Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус бөгөөд уг үйлдэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан эрх зүйн харилцаа үүсэх “гэм хор учруулах” гэсэн үндэслэлд хамаарна. Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх хууль зүйн фактын нэг төрөл нь иргэн, хуулийн этгээлийн хууль бус үйлдэл бөгөөд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулсан нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ. Тус гэрээний бус үүргийн харилцаатай холбоотой асуудлыг Иргэний хуулийн тусгай ангийн 52 дугаар бүлэгт зохицуулсан байдаг.

Тиймээс нотариатчийн хууль бус үйлдэл нь иргэн М.Н-ийн өмчлөх эрх буюу эд хөрөнгөд гэм хор учруулж байгаа учраас анхан шатны шүүхийн “Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар маргаантай байрны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл нотариатад ирсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр иргэн Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарыг 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл иргэн Н.Ж- болон бусад хамтран өмчлөгчид 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Н.Ж-гаас М.Н-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 19 жил 04 сар гаруй хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдлого огт хийж байгаагүй. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

Орон сууц хамтран өмчлөгч Р.Н- 2002 оны 12 дугаар сарын 20, Ш.Х- 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус нас барсан бөгөөд Н.Ж- нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатч Д.О-т гаргаж, улмаар нотариатч мөн өдөр нь Н.Ж-п 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан.

Өв хүлээн авахаас татгалзах, өвлөхөөс татгалзах гэсэн ойлголтуудыг эрх зүйн хувьд ялгаж салгаж ойлгох шаардлагатай. “Өвлөхөөс татгалзах” гэдэг нь эрх зүйн хувьд нэг талын, өвлөх эрх зүйн харилцаанд оролцох хүсэлггүй байгаагаа бодитой илрэхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгоно.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлөгч Н.Ж- нь өвийг хүлээн авсан байлаа ч мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар хэрэв өвлөгч Н.Ж- нь өвлүүлэгч Р.Н-, Ш.Х- нарыг нас барах хүртэл тэднээс усдаа амьдарч байсан бол мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийнг мөн л өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Тиймээс иргэн Н.Ж- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгийн алинынх нь өвлөгч байсан мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан байхад нотариат Д.О-ээс түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан нотариатчийн үйлдэл хийхээс татгалзах “хуульд заасан бусад” тохиолдолд хамаарна.

Тодруулбал нотариатч Д.О- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 ддүгээр зүйлийн 31.1.1.6-д заасныг тус тус үндэслэн иргэн Н.Уаргалмаад өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байтал уг заалтыг зөрчин түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Тиймээс Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэсэн заалтыг үндэслэн уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэг, Нотариатын тухайх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан иргэн Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрохийн гэрчилгээ олгосон Хэнтий аймгийн тойргийн нотариатчийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч М.Н-ийн “Н.Ж- нь маргаан хүхий орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргах хүртэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг Хэнтий аймгийн тойргийн нотариат Д.О-т даалгаж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/00023 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-т холбогдуулан Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, №0002 өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай“ иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг наториатч Д.О-т даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Н.Ж-гийн аав Р.Н- 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, ээж Ш.Х- нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус тус нас барсан. Н.Ж- нь хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн аваагүй, өвлөх эрхийн гэрчилгээ хүсч өргөдөл гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Гэтэл Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-ээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр № 0001, № 0002 дугаартай өвлөгдөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ж- 2020 оны 12 дугаар сард манай байрны гэрчилгээнд шүүхэд маргаан гарсан. Өв залгамжлалын гэрчилгээг авч ир гэсэн гээд ирэхэд нь өв залгамжлалын гэрчилгээ олгосон үнэн. Би хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгооогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 “Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлснээс гадна уг баримт бичиг буюу эрхийг гэрчлүүлж буй тухайн этгээд өөрөө нотариатчид энэ тухай мэдэгдсэн /нотариатч Д.О- шүүх хуралдаанд “Н.Ж- байрны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж хэлсэн”/ тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх талаар Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Н.Ж-гийн нэхэмжлэлтэй С.М.Н-т холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх үед Н.Ж-д Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О- 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, № 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. /хх-16-20-110х/

Хариуцагч Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-ийн “Н.Ж- 2020 оны 12 дугаар сард ирээд байрны маргаан гарсан, өв залгамжлах эрхийн гэрчилгээг шүүхээс авчир гэж хэлээд өв залгамжлалын гэрчилгээг олгосон” гэх, гуравдагч этгээд Н.Ж-гийн “2020 оны 09 дүгээр сард шүүхэд байртай холбоотой нэхэмжлэл өгсөн гэж нотариатч Д.О-т хэлсэн” гэх зохигчдын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч Д.О- нь шүүхэд маргаан байгаа гэдгийг мэдсэн хэрнээ Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан “Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Д.О- нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д заасныг зөрчсөн гэх баримт хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж “Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгч М.Н-ээс “Н.Ж-гийн нэхэмжлэлтэй “бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэр гарах хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 59 дүгээр байрны орон сууцны хамтран өмчлөгч Р.Н-, Ш.Х- нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг нотариатч Д.О-т даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон  нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заажээ.

Нотариатч ямар үйлдэл хийх, нэхэмжлэгч М.Н-ийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь болох нь тодорхойгүй байхад “нотариатын үйлдэл хийхгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  210.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн 156/ШШ2022/00023 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О-ээс иргэн Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №0001, №0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж,

 

2 дахь заалтад “Хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-т олгосугай.” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

          

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                        Б.ДЭНСМАА

                                                                                                

                                                                                                      Я.АЛТАННАВЧ