Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/53

 

 

                                       *******ад  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Хохирогч *******, ******* /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0041 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн ын *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *****-ний өдөр ***** аймгийн ******** суманд төрсөн ****** настай ********эгтэй, ***** боловсролтой ****** мэргэжилтэй ******** аймгийн ********** суманд “ ” ХХК-д жолооч ажилтай ***** аймгийн ********** сумын *********** баг *********** тоотод оршин суух /РД:***************/

Яллагдагч ******* нь “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг Дархан-Эрдэнэтийн төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд ******* ******* улсын дугаартай Тоёота Харейр загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрдугаар бүлэг.12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч 1 тооны адуу мөргөж эсрэг урсгалд явсан *******ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ын эрүүл мэндэд хүндэвтэр, гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Яллагдагч *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг Прокурорт буцааж, шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд хэргийг  буцаасан шүүгчийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 дугаартай захирамжийг 2024 оны 4 сарын 3-ны өдөр хүлээн авч, прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэн гомдлыг гаргаж байна.

1.Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэн буцаасан үндэслэлийн талаар:

1.1.Шүүхээс яллагдагч *******ыг шинжээчийн дүгнэлт танилцуулах үед болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэжээ.

Мөрдөгчөөс 2023 оны 11 сарын 20-ны өдөр оролцогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд яллагдагч нь “дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар дүгнэлт гаргуулах, хүсэлтдээ тогтоолгох ажиллагааг дэлгэрэнгүй гаргана” гэж бичсэн байх боловч яллагдагч талаас хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, тогтоолгох ажиллагааг дэлгэрүүлж гаргана гэх утга агуулга бүхий зүйлийг бичиж. тэмдэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэж заасан бөгөөд яллагдагч *******ын дүгнэлт танилцуулсан баримтад бичсэн хүсэлт гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй, дараа дэлгэрүүлж  гаргана гээд байгаа эсэх нь тодорхойгүй зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуульд заагдсан журмын дагуу гаргасан...” хүсэлт гэж үзэн мөрдөгч шийдвэрлэх боломжгүй юм.

1.2. Анхан шатны шүүхээс “2023 оны 12 сарын 15-ны өдөр яллагдагч *******аас анх удаа мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгтээ хэргийн газрын үзлэг дахин хийлгэх, бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилуулж, ослын дүгнэлт гаргуулах, приус машины үнэлгээг хэт өндөр гарсан ба адууны эзнийг яаралтай тогтоолгох хүсэлт гаргажээ” гэх дүгнэлтийг хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт гаргах журмыг 15 дугаар бүлэгт хуульчилж өгсөн бөгөөд хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна" гэж заасан.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн мэдүүлэг” нь нотлох баримт болохыг заасан. Өөрөөр хэлбэл оролцогч нь хүсэлт гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргах үүрэгтэй тул яллагдагчийн мэдүүлэгт дурдагдсан хүсэлтийг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй, боломжгүй юм.

1.3.Яллагдагч талаас хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдлыг гаргадаг.

Хэргийн 79-р талд 2023 оны 12 сарын 09-ний өдөр оролцогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл авагдсан. Энэхүү тэмдэглэлд мөрдөгч Ч.Батсайханы “яллагдагч хэргийн материал танилцах талаар утсаар мэдэгдсэн болно” гэх тэмдэглэгээ хийгдсэн. Түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “хэргийн материалыг яллах дүгнэлт гардуулах үед танилцсан боловч гарын үсэг зураагүй болно” гэх хэрэгт хяналт тавьж буй прокурор тэмдэглэгээ хийж, гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж хуульчилж өгсөн, энэхүү хуульд заагдсан чиг үүргийг мөрдөгчийн зүгээс хэрэгжүүлсэн байна. Мөрдөгчөөс оролцогчид хэргийн материалыг танилцуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгохоор хуульчилж өгсөн бөгөөд прокурорын хяналтад хэрэг байхад яллагдагч, түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан атлаа хуульд заасан хүсэлт, гомдлыг гаргаагүй байна. Цаашлаад прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд ч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үе шат болгонд хуульд заагдсан хэрэг танилцах эрхээ хэрэгжүүлэхгүй, гомдол хүсэлтээ бичгээр гаргаагүй байж шүүхийн шатанд эрх зөрчигдсөн гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулж байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 11-т зааснаар мөрдөгчийн үйл ажиллагаанд гомдолтой бол прокурорт гомдол гаргах ч эрх нь нээлттэй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Прокурорын бүрэн эрх”-ийг, хуулийн 32.10 дугаар зүйлд “яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх” ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд яллах дүгнэлт үйлдэх хугацаа, хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг тодотгон хуульчилж өгөөгүй бөгөөд энэ нь зөвхөн хяналт тавьж буй прокурорын бүрэн эрхийн хүрээнд хийгдэх ажиллагаа юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан бодит үндэслэл тогтоогдохгүй байхад хэргийг дээрх үндэслэлүүдээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2.Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан талаар:

2.1.Хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт Индранил” авто сургуулийн дүрмийн багш, мөрдөгчийн 2023 оны 11 сарын 08-ны өдрийн тогтоолоор томилогдсон шинжээч Ч.Үнэнмөнхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 13 тоот дүгнэлт авагдсан.  Уг дүгнэлтээр шинжээч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлж, харьцуулан, үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж дээрх дүгнэлтийг гаргаж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон.

Гэтэл шүүгчээс яллагдагч *******, түүний өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд гаргасан шийдвэрлэгдээгүй хүсэлт нь дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлт бөгөөд хэрэгт мөрдөн байцаалт явагдах үед энэ хүсэлтээ дахин тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч тал мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан эсэх нь тодорхой бус, шүүгчийн зүгээс дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзсэн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

2.2.Машинд дайрагдсан им тамгаар эзнийг тогтоох ажиллагааг дутуу эзнийг олоогүй байна” гэжээ.

Шүүгчээс дээрх ажиллагааг хэрэгт ач холбогдолтой, зайлшгүй гүйцэтгэх  ажиллагаа гэж үзэж байгаа эсэх, машинд дайрагдсан адууны эзнийг олж тогтоосноор хэргийн бодит байдлыг тогтооход ямар ач холбогдолтой эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. Дайрагдсан адууны эзнийг олж тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хангалттай явуулсан, тодорхой нэр бүхий гэрчүүдээс тодруулах, нэр бүхий айлын адуунд үзлэг хийх  зэрэг хэрэгт ач холбогдолтой бүхий ажиллагаа хийж гүйцэтгэсэн байдаг.

Хэрэг учрал 2023 оны 10 сарын 01-ний өдөр болсон, түүнээс хойш 06 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд хэрэв зайлшгүй автомашинд дайрагдсан адууны эзнийг олж тогтоох шаардлагатай гэж үзвэл хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүйд хүрч, нэр бүхий хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжихгүй байх зэрэг ноцтой үр дагаварт хүрэхээр байна. Хохирогч нар тухайн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, тэдэн дунд бага насны 2 хохирогч байгаа, цаг хугацаа, ахуй амьдралын хувьд хохирогч нарт хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байна.

Хэрэгт авагдсан 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 13 тоот дүгнэлтээр “гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл” нь яллагдагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж дүгнэсэн бөгөөд дайрагдсан адууны эзнийг хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнээгүй. Үүнийг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид заагдсан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий захирамж гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар оролцогчдын эрхийг зөрсөн. Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулаагүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт үйлдсэн бол өмгөөлөгч нар гомдол хүсэлт гаргаж өгөх эрхгүй болоод хязгаарлагдчихдаг.  Яллах дүгнэлтийг 1 сарын дараа гардуулсан байдаг. Ирэхгүй байсан гэх нотлох баримтгүй зүйл ярьж байна. Яллагдагч ирэхгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаад байгаа, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөд, дуудаж авчирч байгаад гардуулна.

...Оролцогчдыг хэргийн материалтай танилцуулахгүйгээр, мэдүүлэг авч байхдаа яллах дүгнэлтийнхээ дугаарыг авчихсан байдаг байх. Хэргийн материалтай танилцах гэхэд хэргийн материалаа үдээгүй навсайсан байж байсан. Бид нар дугаарласан материалтай танилцаж байж нотлох баримтыг дурдаж ярих ёстой. Бид нар ийм хэрэгтэй танилцаж чадахгүй. Та нар хэргийн материалаа боосныхоо дараа дуудаарай гэж хэлсэн. Тэгтэл удаа дараа дуудсан гэж байгаа юм. Дуудаад ирэхгүй байгааг нотлоод ороод ирэх ёстой. Уг үндэслэлүүдээ маш тодорхой тайлбарлаж өгөх ёстой. Яллах дүгнэлтийг гардаж ав гэхэд би үйлчлүүлэгчийн хамт очсон. Тэр процессыг ярьж байх шиг байна. Бид нар Баасандорж гэх мөрдөгчид хүсэлтээ өгөхөд байхгүй болгочихсон байсан. Цагдаагийнхан нүүх гэж байгаа гээд мэдүүлэг авдаг өрөөнд нь ч камер байгаагүй. Хүсэлтээ надад өгчих, би прокурорт өгье гэж авч үлдчихээд тэр хүсэлт нь байхгүй. Хүсэлтийн талаар асуухад мөрдөгчөө дууд гэж хэлсэн. Мөрдөгчийг дуудахад хоёулаа өрөөнд ороод хаалга түгжчихэж байгаа юм. Та нар хүмүүсийг ингэж хохироож болохгүй. Миний хүсэлтийг гаргаж ир гэж хэлсэн. Бид нарын шат шатны шүүхэд гомдол гаргах эрхийг маань хязгаарлаж байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хувьд хохирогч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ******* зам тээврийн осол гаргасны улмаас бусдын бие болон эд хөрөнгөд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогддог. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн захирамжид заасан яллагдагчийн эрхийг зөрсөн байна гэдэг дээр улсын яллагчийн зүгээс санал нийлээгүй. Учир нь хэргийн материалтай танилцах талаар боломжоор хангаж оролцсон. ....яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт гомдол нь үндэслэлгүй байсан учир анхан шатны шүүх хуульд нийцээгүй захирамж гарсан гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч *******ад холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 43 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн эрх хязгаарлагдсан болон дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6-д “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана.

6.1-д мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;

6.2-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;

6.3-д шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэж,

7-д “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж,

8-д “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж,

9-д “Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэж, тус тус заасан.

Гэтэл яллагдагч  *******ад хэргийн материалыг яллах дүгнэлт гардуулсан өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулан мөн өдрөө шүүхэд шилжүүлсэн нь түүнийг шат шатны прокуроруудад гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд түүний эрхийг хязгаарласан зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч Захирамжид үйл баримт болох үед машины урдуур гүйж орж ирсэн адууны эзнийг эрэн сурвалжлах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал,  нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д  “Шүүх  хуралдааны   явцад   нотлох   баримтаар   тогтоогдсон   хэргийн   нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх   хуулийн   заалтын   дагуу   ажиллагааг   явуулахаар   хэргийг  Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд шүүгчийн захирамжид заасан агуулгаас адууг олох ажиллагааг нөхөн гүйцэтгэх тухай асуудлыг хасаж байгаа боловч шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт өөрчлөлт орохгүй болохыг дурьдав.

6.Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцсэн тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, яллагдагчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдсон тул дээрх зөрчлийг арилгуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ