| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 156/2021/00565/И |
| Дугаар | 226/МА2022/00009 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 226/МА2022/00009
2022 оны 03 сарын 07-ны өдөр 226/МА2022/00009 Хэрлэн сум
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
С.Л-д холбогдох
иргэний хэргийн талаар
226/2022/0009/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц- /цахимаар/,
Хариуцагч С.Л- /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2022/00015 дугаар шийдвэртэй “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Л-д холбогдох “7.023.950 төгрөг гаргуулах” тухай иргэний 1 хавтас 143 хуудас бүхий хэргийг хариуцагч С.Л-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” хүнсний дэлгүүрт худалдагчаар С.Л-г ажиллуулахаар түүнтэй харилцан тохиролцож Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр байгуулж дэлгүүрийн барааг хүлээлгэх өгөхдөө нийт дүнг тулгаж гарын үсэг зуруулж 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 28.304.200 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30.688.220 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18.327.230 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 9.654.480 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.539.790 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4.314.750 төгрөгийн, 2019 оноы 12 дугаар сарын 14-ний өдөр 3.498.150 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10.680.520 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5.129.840 төгрөгийн, нийт 95.832.980 төгрөгийн бараа буюу нийтдээ 124.137.100 төгрөгийн барааг С.Л-д хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш буюу 5 сарын дараа бид бараагаа тоолоход хувь хүнд 9.710.800 төгрөгийн, цэцэрлэгт 99.700 төгрөгийн, эмнэлэгт 139.500 төгрөгийн, Төрийн банканд 144.300 төгрөгийн, Ерөнхий боловсролын сургуульд 864.350 төгрөгийн, Засаг даргын Тамгын газарт 472.600 төгрөгийн, Соёлын төвд 26.500 төгрөгийн зээл тус тус өгсөн байсан. Барааны буцаалт 6.574.500 төгрөг, талон, халамжийн үйлчилгээ 7.256.20 төгрөг, тооллогын барааны үлдэгдэл 35.698.000 төгрөг, бараа бүрээгдэхүүний бэлэн орлого 54.880.000 төгрөг, нийт 115.866.050 төгрөгийн барааны тооцоо хийгдсэн. Ингээд С.Л-д хүлээлгэн өгсөн 124.137.100 төгрөгийн бараанаас хүлээж авсан орлого болон бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ 115.866.050 төгрөгийг хасахад 8.271.050 төгрөгийн бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүү гарсан. Үүнээс С.Л-гийн цалингийн үлдэгдэл 1.247.100 төгрөгийг хасахад 7.023.950 төгрөг болсон. С.Л- мөнгөний хэрэг гарлаа гэж 800.000 төгрөгийн хүнс болон бэлэн мөнгө авсан. С.Л- дутагдуулсан барааны үнэ 7.023.950 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгэн хэлбэрийн гэрээ хийж гарын үсэг зурсан. С.Л- нь бараа материал дутаасан тохиолдолд өөрийн биеэр хариуцна гэсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгэн хэлбэрээр хийж гарын үсэг зурсан. Иргэний хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгийн хэлбэрээр хийнэ гэж заагаагүй учраас миний бие С.Л-тэй цалин хөлсийг амаар тохиролцож аман гэрээ байгуулсан. С.Л- нь өөрөө нийгмийн даатгал төлөхгүй цалингаа бүтэн авна гэсэн санал гаргасан тул нийгмийн даатгал төлөөгүй. Одоо тооцоход 7.024.000 төгрөг болж байна. Иймд С.Л-гээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох 7.024.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Х” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 7.024.000 төгрөгийн бараа дутагдуулсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хувьд М.Ц- намайг “цагдаад өгнө” гэж сүрдүүлээд байсан учир гарын үсэг зурсан. Анх худалдагчаар ороход надаар гарын үсэг зуруулсан юм байхгүй, бараагаа тоолоод зөрүү гарсны дараа он, сар, өдөр бичигдээгүй цаасан дээр гарын үсэг зуруулсан. Хэрэгт хавсаргасан барааны нэр, үнэ бичсэн 2 ширхэг дэвтрийн бичилтийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тооллого хийхэд 7 сая гаруй төгрөгийн бараа дутсан. Дахин тооллого хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаан байхгүй” гэв.
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2022/00015 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дугаар зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Л-гээс 4.916.800 /дөрвөн сая есөн зуун арван зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.107.200 /хоёр сая нэг зуун долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.916.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 93.619 /ерэн гурван мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Ц-ын нэхэмжилж байгаа 4.916.800 төгрөгийг хувьдаа авч ашиглаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Л-д холбогдуулан “7.023.950 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Л- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа “...2020 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр дэлгүүрийн барааг тоолоход бараа дутсан, дахин тооллого хийгээгүйд гомдолтой” гэжээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Л-г худалдагчаар авч ажиллуулахдаа бичгээр гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцож хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан байна.
Хариуцагч С.Л- нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Х” хүнсний дэлгүүрт 2019 оны 08 дугаар сарын 25 ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллах хугацаандаа 7.023.950 төгрөгийн бараа дутагдуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Л-г дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тооллого хийдэггүй, бараа тоолох явцад гаднаас нэмэлт бараа оруулж барааны тооллогын бодит байдлыг алдагдуулсан, худалдагчаас дахин тооллого хийлгэх хүсэлт гаргахад тооллого хийгээгүй зэрэгт компани буруутай” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Л-гийн “бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрнө, төлбөрөөс багасгаж өгнө үү, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “төлбөрийн 50 хувийг гаргуулахад татгалзахгүй” гэх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудад үндэслэн хариуцагчаас 7.023.950 төгрөгийн 50 хувь болох 3.512.000 төгрөгийг хариуцагч С.Л-гээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.619 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2022/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4.916.800 /дөрвөн сая есэн зуун арван зургаан мянга найман зуу/” гэснийг “3.512.000 /гурван сая таван зуун арван хоёр мянга/” гэж, “2.107.200 /хоёр сая нэг зуун долоон мянга хоёр зуу/” гэснийг “3.511.950 гурван сая таван зуун арван нэг мянга есэн зуун тавь/” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтын “4.916.800” гэснийг “3.512.000” гэж, 93.619 /ерэн гурван мянга зургаан зуун арван ес/ гэснийг “71.142 /далан нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Я.АЛТАННАВЧ