Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З холбогдох 1707003750119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхэд, дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо арьс, ширний 2-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Б.З  гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Чанар” амралтын газарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний иргэн М.Мэргэний амарч байсан гэрт орж уулзаад гарахдаа орон дээр байсан М.Мэргэний ашиглаж байсан Ай фоне-6 маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар авч,  372000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Прокурорын газраас Б.З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, ял тохиролцож ирсэн.” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

            мөрдөн байцаалтад хохирогч М.Мэргэн мэдүүлсэн: “Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой найз охин Анугийн ажлын хамт олонтой Налайх дүүрэг Тэрэлжид Чанар гэх амралтын газарт амрахаар ирсэн юм. Тэгээд тус амралтын газрынхаа нэг гэрт нь найз охин бид хоёр хоночихоод өглөө 06 цагийн үед ажлынх нь ихэнх хүмүүс нь явчихсан Ану бид хоёртой нийлээд 5 хүн байсан бөгөөд нөгөө 3 нь байшинд амарч байсан. Тэгээд 07 цаг 30 минут болж байхад өөрийн Iphone-6 маркын гар утсаа орон дээр тавьчихаад гарч бие засах гээд надтай зөрөөд нэг залуу такси дуудсан уу гээд ороод ирсэн. Тэр үед нь би бие засчихаад орж ирээд орондоо ороод тэр үед нөгөө залуу байгаагүй бөгөөд манай найз охин надтай зөрж гараад бие засах гээд гарах үед нь би нүдээ анайд хэвтсэн. Тэгсэн удалгүй хаалга дуугарахаар нь сэртэл Ану гаднаас орж ирэх үед нөгөө такси дуудсан уу гээд байсан залуу миний зүүн талын орон дээр байхаар нь та хоёроос өөр хүн энд байхгүй байна та хоёроос өөр хүн дуудах ёсгүй гэхээр нь би уурлаад бид хоёр бишээ гээд гэрээс гаргаад хаалгаа түгжээд буцаад өгсөн юм. Тэгээд 10 цаг өнгөрч байх үед сэрээд гар утсаа хайсан чинь алга болчихсон байсан бөгөөд гэр дотор болон гадна хэсгээр хайсан чинь олдоогүй 88109966 дугаарын утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би өглөө орж ирсэн такси дуудсан уу гээд байсан залууг авсан болов уу гэж сэжиглэж байгаа юм. Тэр залууг би такси дуудаагүй яв гэж хэлэх үед явахгүй миний гар утас тавьсан орон дээр суугаад байсан. Тухайн шөнө таксины жолоочтой утсаар ярьсан гэх захиралын туслахын утсан дээрээ тухайн жолоочийн 80913100 гэх дугаарыг аваад залгаж эндээс утас алга болсон байна та мэдэж байна уу нар хүн дуудчихаад хоосон буцаалаа дуудсан хүнийг чинь олж уулзнаа эргээд холбогдоё утсаа битгий салгаарай гэж хэлээд утсаа хойш орой 17 цагийн үед хотруу орж ирээд дахин залгаад таниас өөр хүн гэрт орж ирээгүй гээд тулгах маягтай ярихад өөдөөс хүнийг хоосон  хүнийг чинь олж уулзана, юу гээд хүн гүтгээд байна гэж яриад тэрнээс хойш холбоо бариагүй. Тийм учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.  Манай ээжийн гар утас бөгөөд 2016 оны 05 сарын үед 700 000 төгрөгөөр худалдан авсан юм. IPhone-6 маркийн шаргал өнгийн гар утас байгаа бөгөөд камерны доор төмрөн наалттай 8 /навчны зурагтай/ шаргал өнгийн кейстэй байгаа. Тухайн өдөр утасгүй байсан учраас ээжийнхээ гар утсыг авч явсан юм” гэх мэдүүлэг /хх-05-06 тал/,.... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би найз охин Ану болон түүний ажилчдынх нь хамтаар Тэрэлж орж “Чанар” нэртэй амралтын газар очиж хонож амарсан юм. Найз охин Ану бид хоёр тусдаа нэг авч байрласан. Маргааш өглөө нь 07 цагийн үед нэг ах орж ирээд такси дуудсан уу гэж асуухаар нь үгүй гэж хэлээд гаргасан. Би 00 орчихоод буцаад ороод иртэл тэр ах орон дээр сууж  байсан. Тэр залуу чи такси дуудсан юм биш үү гэхээр үгүй гэж хэлээд гаргасан юм. Би тэр ахыг гаргасаныхаа дараа хаалгаа түгжээд унтсан. 11 цагийн үед сэрээд утсаа хартал байхгүй байсан. Утас гэрийн зүүн талын орон дээр байсан юм. Миний алдагдсан утас I phone -6 маркийн шаргал өнгөтэй утас байсан. Би гар утсаа авсан одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Б.Анугийн мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдөр шиг санаж байна. Би өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Найз залуу Мэргэний болон хамт ажилладаг хүмүүсийн хамтаар Тэрэлж рүү зугаалганд явсан юм. Би очсон өдрийнхөө орой найз залуу Мэргэний хамтаар тусдаа нэг Монгол гэрт орж хоносон юм. Мэргэн тухайн үед өөрийнхөө машинтай уг амралтын газар очсон. Манай ажилчид 2 машинтай явсан юм. Манай ажилчдын зарим нь үүрээр явцгаасан. Манай найз залуу Мэргэн тухайн үед I phone-6 маркийн шаргал өнгийн гар утастай явсан. Бид хоёрыг унтаж байхад таксины жолооч бололтой нэг ах орж ирээд такси дуудсан юм уу гэж асуусан, бид хоёр үгүй, мэдэхгүй гэж хэлсэн, тэгэхэд 1 цагийн өмнө нь такси дуудсан гээд байсан. Тухайн үед гэрийн хаалга цоожтой байхад хаалга тогшоод орж ирсэн. Би сэрсэн учир биеэ засах гээд гарсан. Найз залуу гэрт үлдсэн. Би биеэ засчихаад ороод ирэхэд Мэргэн хаалга руу хараад хойд талын орон дээр хэвтэж байсан. Таксины жолооч ах толгойнх нь дээд талын орон дээр сууж байсан. Таксины жолооч ямар хүмүүс дуудсан юм бэ гээд л байсан. Би нэг хүн байж магадгүй гээд нэг утасны дугаар өгөхөд тэр ах за за гээд гараад явсан. Тэр таксины жолоочийг гарч явсаны дараа би хаалгаа цоожлоод Мэргэний өвөрт орсон юм. Бид хоёр өдөр сэрсэн. Мэргэн удалгүй утас алга болсон байна гэж байсан. Утас руугаа залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Урьд орой цэнэг нь дуусаад унтарсан байсан юм. Мэргэн унтахын өмнө нь таксины жолоочийн сууж байсан орон дээр тавьсан байсан юм. Мэргэний утас нь хэвийн ажилдаг байсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхбатын мэдүүлсэн: “Чанар амралтын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хамаардаг. Налайх дүүргийн 6 дугаар хороотой хил залгадаг. Хилийн зааг нь голынхоо зүүн тал нь тэр чигтээ Төв аймгийн Эрдэнэ сумд баруун тал нь тэр чигтээ Налайх дүүргийн 6 дугаар хороо юм. Чанар амралтын газар нь Тэрэлжийн голынхоо зүүн талд байрладаг бөгөөд Төв аймгйин Эрдэнэ сумын нутагт хамаарч байгаа юм. Манай эзэн Оюунбилэг дээр тусгай зөвшөөрлийн бичиг баримтууд нь байгаа утас 88097338. Чанар амралтын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хамаардаг нь үнэн болно” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Б.Насанчулуун мэдүүлсэн: “..Би уг хороонд одоогоор 5 жил хэсгийн байцаагчаар 1 жил гаран ажиллаж байна. Чанар амралтын газар нь Төв аймгийн Эрдэнэ сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг. Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс голоороо /Тэрэлж гол/ хиллэдэг юм” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Батжаргал мэдүүлсэн: “...Б.З нь эцэг, эхээс 3, айлын ууган хүүхэд юм. Бүрэн бус дунд боловсролтой, ухаан санаа нь эрүүл, архаг хууч өвчин байхгүй, авторт орж толгойдоо гэмтэл авч байсан. Одоо эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг, хувиараа таксинд явдаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнд их тусархуу, эхнэр, хүүхэддээ халамжтай, архи, тамхины хэрэглээ байхгүй, нийтэч зантай, хүнд тус болно гээд л явж байдаг. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хааяа надад загнуулаад явдаг. Би чи өөрийгөө бодох хэрэгтэй, дандаа хүнд тус болно гэж юу байхав гэхэд мэдлээ л гэдэг. Үг дуу, цөөтэй, төлөв даруу цагаанхан сэтгэлтэй. Надад холбогдсон хэргийнхээ талаар ярьж байгаагүй ээ” гэх мэдүүлэг /хх-20 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ц.Ариунтөгсийн мэдүүлсэн: “Би Б.Зтой 2010 оноос хойш найзалж нөхөрлөж явна. Б.З эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг . Хувиараа таксинд явдаг. Б.З зан байдлын хувьд төлөв даруу, шударга зантай, хүнтэй их нөхөрсөг, элдэв ааш байхгүй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, хүн чанар сайтай, хэлсэн үгэндээ байдаг, архи, дарсны хэрэглээ байхгүй, эхнэр, хүүхэддээ халамжтай, архи ууж байгааг нь би огт харж байгаагүй, найрсаг зантай, амьдралын төлөө зүтгэлтэй залуу, ухаан санаа нь эрүүл, архаг  хууч өвчин байхгүй, улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Надад холбогдсон хэргийнхээ талаар яриагүй” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

                -М.Мэргэний цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 тал/,

                -М.Мэргэний цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-09 тал/,

                -“Дамню” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27-28 тал/,

                - Мөрдөгчийн тэмдэглэл /хх-80 тал/,

                -Шүүгдэгч Б.Зын ял шийтгэлийн тэмдэглэлийг  шалгахад “урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн” гэх тэмдэглэл /хх-30 тал/,

                -Ялын төрөл хэмжээний тухай санал /хх-100 тал/,

    -Шүүгдэгч Б.З-ын урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.З нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Чанар” амралтын газарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний иргэн М.Мэргэний амарч байсан гэрт орж уулзаад гарахдаа орон дээр байсан М.Мэргэний ашиглаж байсан Ай фоне-6 маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар авч,  372000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            мөрдөн байцаалтад хохирогч М.Мэргэний: “ ... Маргааш өглөө нь 07 цагийн үед нэг ах орж ирээд такси дуудсан уу гэж асуухаар нь үгүй гэж хэлээд гаргасан. Би 00 орчихоод буцаад ороод иртэл тэр ах орон дээр сууж  байсан. Тэр залуу чи такси дуудсан юм биш үү гэхээр үгүй гэж хэлээд гаргасан юм. Би тэр ахыг гаргасаныхаа дараа хаалгаа түгжээд унтсан. 11 цагийн үед сэрээд утсаа хартал байхгүй байсан. Утас гэрийн зүүн талын орон дээр байсан юм. Миний алдагдсан утас I phone -6 маркийн шаргал өнгөтэй утас байсан. Би гар утсаа авсан одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Б.Анугийн: “...Тэр таксины жолоочийг гарч явсаны дараа би хаалгаа цоожлоод Мэргэний өвөрт орсон юм. Бид хоёр өдөр сэрсэн. Мэргэн удалгүй утас алга болсон байна гэж байсан. Утас руугаа залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Урьд орой цэнэг нь дуусаад унтарсан байсан юм. Мэргэн унтахын өмнө нь таксины жолоочийн сууж байсан орон дээр тавьсан байсан юм” гэх мэдүүлэг /хх-15 тал/,  “Дамню” ХХК-ын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27-28 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

             Иймд шүүгдэгч Б.Зыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Б.З-д холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Б.Зод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн шүүгдэгч Б.З-д 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын төрөл хэмжээний санал гаргасан Б.З нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

          Шүүх Б.З-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа. 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тав: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  Б.З нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Эрдэнийн Б.З-ыг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгүйгээр хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ