Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00037

 

О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1704 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : О.Оюунтуяа,

Хариуцагч : Эйч Эн Жэй Ви ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, нарийн бичгийн дарга  И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эйч Эн Жэй Ви ХХК-тай тохиролцсоны дагуу 2015.3.01-ний өдрөөс Төв аймгийн Шинэ нисэх онгоцны буудал хавьцаа үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт ээлжийн худалдагчийн ажилд орсон.  2016.3.31-ний өдөр өөрийн хариуцсан барааг дараагийн ээлжийн ажилтандаа хүлээлгэн өгч, нягтлан бодогч Н.Энхзаяатай агуулахад үлдсэн барааны тооцоог нийлж акт үйлдсэн бөгөөд тухайн үед үлдсэн бараанаас дутсан асуудал үүсээгүй. Харин хариуцагч компанийн хүний нөөцийн ажилтан маргааш өдөр нь намайг дуудаж “...чиний хариуцсан бараанаас тооцоо нийлсэн актын 157 дугаартай болон 161 дугаартай  бараанаас нийт 29 ширхэг дутсан, чи ажилдаа хариуцлагагүй хандлаа. Яаралтай халагдах өргөдлөө бичиж өг...” гэж хэлсэн. Миний зүгээс дээрх бараа дутсан асуудлыг тодруулж асуухад өмнөх өдрийн барааны тооцоо нийлсэн актын хуулбарыг тухайн үед авсан ба дээрх дутсан бараа нь миний хуулбарласан баримт дээр дутаагүй нь илэрхий байсан. Энэ   байдлыг хэлсэн боловч анхаарч үзээгүй. Ингээд 2016.4.18-ны өдөр хариуцагч 16/03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж,намайг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан. Тухайн үед яагаад ажлаас халагдсан талаар асуухад чи 190.000 гаруй төгрөгийн бараа дутаасан учраас халсан гэж хэлсэн.Миний  зүгээс уг шалтгааныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд худалдагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О.Оюунтуяа нь ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байсан. Жишээ нь, 2015.11.18-ны өдөр нягтлан бодогч Н.Энхзаяатай А дэлгүүрийн 2015.10.18-ны өдрөөс 2015.11.14-ний өдрийн хооронд ажилласан тооцоог нийлэхдээ зарим барааны үнийг бууруулж зарсан гэж  өөртөө ашиг олсон үйлдэл гаргаж, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн тул тухайн үед амаар сануулга өгсөн.  2016.4.05-ны өдөр мөн дэлгүүрийн 2016.02.27-ны өдрөөс 2016.3.31-ний өдрийн хоорондох тооцоо нийлэхэд 195.650 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд энэ үйлдэл мөн тооцоо нийлсэн актаар баталгаажсан. Тооллого хийх үед О.Оюунтуяа, дэлгүүрийг хүлээн авч байсан худалдагч М.Ханд мөн дэлгүүр хариуцсан ажилтан Б.Ганцэцэг нар байсан. Тооллого дуусаж барааны үлдэгдэл зоосон хуудас дээр 1012 кодтой ундаа 2ш, 9017 кодтой ундаа 1ш байсан. Гэтэл барааны үлдэгдэл зоосон хуудсыг О.Оюунтуяа өөр компанийн хувилагч машинаар 3% хувилсан бөгөөд 1%-ийг худалдагч М.Хандад мөн 1%- ийг өөртөө барааны үлдэгдлийн эх хуудсыг  Б.Ганцэцэгт өгсөн. Гэтэл барааны үлдэгдлийн эх хувь болон худалдагч М.Ханд нарт өгсөн хуудас дээр дээрхи 2 ундааны үлдэгдлийн ард тус бүр 1-ийн тоог нэмж бичсэн байсан. Эдгээр 2 төрлийн ундаа нь анхнаасаа манай компанид тус бүр 12ш ирсэн бөгөөд О.Оюунтуяа нь барааны үлдэгдлийн хуудсан дээр нэмж бичсэн үйлдэл нь ажил олгогчийг хууран мэхэлж улмаар өөрөө  ундааг зарж ашиг олох санаатай байсан гэж  үзнэ. 2015.11.18-ны өдөр 2015.9.01-ний өдрөөс 2015.10.01-ний өдөр хүртэл хугацаанд С дэлгүүрт ажилласан үеийн тооцоо нийлэхэд 627.250 төгрөгийн дутагдал гарч энэ дутагдлыг 10, 11 сарын цалингаас нь суутгасан. 2015.10.18-ны өдрөөс 2015.11.14-ний өдрийн хооронд А дэлгүүрт ажилласан хугацааны тооцоо нийлэхэд 193.250 төгрөгийг илүүдэлтэй гарсан бөгөөд зарим нэг барааг зарагдсан үнээр тооцоог нийлээгүй, бууруулсан үнээр тооцоо нийлсэн. 2016.4.05-ны өдөр 2016.02.27-ны өдрөөс 2016.3.31-ний өдрийн хооронд А дэлгүүрт ажилласан хугацааны тооцоо нийлэхэд 195.650 төгрөгийг дутагдал гаргаж уг дутагдлыг 3 сарын цалингаас суутгахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэр гаргаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй Эйч Эн Жэй Ви ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1704 дүгээр магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна хэмээн нотолсон байж, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зөв байна хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

О.Оюунтуяа нь Эйч Эн Жэй Ви ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдагч-зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх  шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй  маргажээ.    

Анхан шатны шүүх О.Оюунтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.   

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эйч Эн Жэй Ви ХХК-ийн захирал  2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16/03 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г  баримтлан О.Оюунтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан /хх 4/ байна. 

О.Оюунтуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж Эйч Эн Жэй Ви ХХК О.Оюунтуяаг ажлаас нь халсан нь талуудын хооронд хийгдсэн тооцооны акт, бэлэн мөнгөний зарлагын баримт, хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогджээ.  

Нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1704 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ