Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 32

 

Г.А-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхзаяа, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 177 дугаар тогтоолтой, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай, хяналтын прокурор Б.Дэлгэрмаа нарын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...овогт Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...36 412 920 төгрөг” гэснийг “35 863 700 төгрөг” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай” гэсэн заалт оруулж, шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа бичсэн дүгнэлтдээ “...Г.А  нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны 18 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн .... замд согтуурсан үедээ “Тоёота Приус” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Э-ийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Ц-ийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Э, зорчигч Н.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.Ц-ийн амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлийг шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулахад, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1473 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр “...Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Б.Ц нь их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цус харвалт, аксоны тархмал гэмтлийн улмаас тархины комын байдалд удаан хугацаанд байснаас олон эрхтэний дутагдлаар хүндэрч нас барсан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт гарсан.

Иймд Г.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтийг хяналтын шатны шүүхэд бичив” гэжээ.

Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай дээрх агуулга бүхий дүгнэлтийг хяналтын шатны шүүхэд бичиж ирүүлсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүх Г.А-д  холбогдох хэргийг шийдвэрлэх үед хохирогч амьд байсан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Гэмт хэрэг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болсноос хойш 1 жилийн дараа нас барсан байдаг. Хохирогч их, бага тархины гэмтлийнхээ улмаас удаан хугацаанд хэвтэж олон эрхтний дутагдлаар нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хэлсэн саналдаа “...Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж байх үед хохирогч нас барсан. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 177 дугаар тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.1, 2.3-т заасан зүйлчлэл гэж бичих ёстой байтал хууль буруу хэрэглэсэн тул заалтыг анхаарч үзэхийг хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.А ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол, магадлалд хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Г.А-д  холбогдох хэргийг шүүхүүд хянан хэлэлцэх үед хохирогч Б.Ц нь амьд байсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Ц нь дээрх гэмт хэргийн улмаас авсан гэмтлээсээ шалтгаалж комын байдалд удаан байснаас олон эрхтний дутагдлаар хүндэрч нас барсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу хуулийн хүчин төгөлдөр анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, хэргийг сэргээн шалгахаар прокурор дүгнэлт бичсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь Г.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш, авсан гэмтлийнхээ улмаас хэвтэрт байсаар нас барсан нь Г.А-д  урьд ял шийтгүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтаас илүү хүндрэх ялтай хуулийн зүйл, хэсэг, заалт хэрэглэх эсэхийг шалгаж тогтоох нөхцөл байдал үүссэн, уг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жилийн хугацааны дотор илэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн”, энэ нь мөн хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор байх шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх нь зүйтэй.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч Г.А-д  холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолыг тус тус хүчингүй болгож, Г.А-д  холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 828 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Г.А-д  холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасугай.

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН