Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

 

                                      Г.*******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэг

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ************* индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн ****** суманд төрсөн, ***** настай, *****эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “” ХХК-д мод тарьдаг ажилтай, ам бүл ********* хамт, Улаанбаатар хот, ************ дүүрэг, ****** дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: *******/;

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ******* ******* улсын дугаартай, “Тоуоtа Succeed” маркийн тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Э.Мөнхдэлгэрийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас хүний амь нас хохироосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г. эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Г.*******эс оршуулгын зардал 13.356.332 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82.500.000 төгрөг бүгд 93.856.332 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэгт олгож,

Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан, тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус хэргийг үйлдсэн ******* овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар гэм буруутайд тооцож,  3 жил  6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. ийтгэх тогтоолын 6 заалтаар *******эс оршуулгын зардал 13.356.332 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү хохирол зөвхөн цаасан дээр бууж үлдэж төлөгдөх боломжгүй байдал үүсч байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл зовниж байна.

Өмгөөлөгчийн зүгээс хохирлыг бодитойгоор төлүүлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх үндэслэлтэй хэдэн хэдэн хуулийн боломж байгаа талаар саналаа хэлсэн боловч шийдвэрлэсэнгүйд гомдолтой байна. Осол гарах үед уг машиныг анх ******* барьж яваад чи замын хажуу орох гээд явж чадахгүй байна би барина гэж ******* жолоо шилжүүлж авсан байдаг. Тухайн машинд хамт явж байсан , , Өсөхбаяр нарыг иргэний хариуцагчаар татаж хохирол төлбөрөөс төлөлцөх үндэслэлтэй гэсэн байр суурьтай байдаг. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө миний зүгээс ч хүсэлт гаргаж эдгээр этгээдүүдийг иргэний хариуцагчаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497-р зүйлийн 497.3 заалтаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол гэм хорыг хамтран хариуцах , хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Тиймээс гэм хор болон оршуулгын зардлыг дээрхи 3-н хүнээр хувааж төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой юм.

2.Иргэний хуулийн 498-р зүйлийн 1 заалтаар Г. хувьд ““ ХХК-ны мод үрсэлгээний ажлаар УБ хотоос Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ирж ажиллаж байсан нь тогтоогдсон.

Хэдийгээр тухайн компанийн зүгээс *******тэй “хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй гэсэн асуудал яригддаг ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч заавал хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна, хэрэв байгуулаагүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Тиймээс бусдад учруулсан гэм хорын хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн хуулийн заалтаар ХХК-ны хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.

3.Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирол төлөх тал дээр сэтгэл гаргасангүй гэдэг асуудлыг тавиахад би 7 сар ажилласан боловч /сард 2.500.000 төгрөг цалинтай гэх/ миний цалинг байгууллага өгөхгүй байгаа талаар хзлэхэд нь уг компанийн захирал гэдэг хүнтэй холбогдоход *******д 13 сая төгрөгийн цалин гарсан .Энэ мөнгийг машины хохиролд нь суутгасан, одоо энэ сарын /3-р сар /цалин 2.500.000 бодогдоно гэж хэлж байсан.

Гэтэл иргэний нэхэмжлэгч ******* нь уг мөнгийг машиныхаа хохиролд авч, дээрээс нь дахин машинаа авсан үйл баримт яригдсан. Шүүх хуралдаан дээр ******* мэдүүлэхдээ машины хохирол төлбөрийг нэхэмжлэхээс татгалзаж байна гэж мэдүүлдэг. Яагаад гэвэл 13 сая төгрөг машины хохирол гэж аваад дээрээс нь осол гаргахад унаж явсан машинаа авсан байдаг.

Тиймээс ажил олгогчоос гэм хорын хохиролыг төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.

4.Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1 заалтаар ...тухайн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

Энэ хуулийн зохицуулалтаар осол гаргасан гэх ******* ******* улсын дугаартай “Тоёото Сисид" машины эзэмшигч нь ******* боловч Дэлгэр-Сүлд ХХК-д барьцаалуулсан байдаг. Энэ машиныг унаж явах зөвшөөрөлийг ******* олгосон байдаг. Тиймээс машины эзэн болон Дэлгэр-Сүлд ХХК хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний сайхан хүү Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг байсан. Энэ нөхдүүд авч яваад ийм асуудал болсон. Шүүгдэгчтэй хамт явж байсан хүмүүсийг яагаад хэрэгт татдаггүй юм бэ? Шүүгдэгчийг ганц буруутгаад байж болохгүй байх. Гэхдээ сайхан хүүгээ алдсандаа маш их хэцүү байна. Би 2 оюутан хүүхэдтэй. Өөр ярих зүйл байхгүй байна. Тэр нөхдүүд юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байна. Адилхан л нэг нутгийн улсууд байгаа, аль нь ч ирж надтай уулзаагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг дээр хуулийн заалтыг дахин хэлье. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 498 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалтуудыг зайлшгүй хэрэглэнэ. Улсын яллагч шүүгдэгчийг удаан хугацаагаар ажиллаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Шүүгдэгч нь 7 сар ажиллачихсан. Улаанбаатар хотоос Хүдэр сум руу явсан нь мод үржүүлгийн ажил хийх байсан. Явж байсан маршрут нь ажиллаж байсан газар луугаа явсан гэж шүүх хуралдаанд ярьсан. Шүүгдэгч сарын 2,500,000 төгрөгийн цалинг тооцоолж 7 сараар үржүүлэхэд 17,500,000 төгрөгийн цалин авах боломжтой байсан. Би хохирогчийн өмгөөлөгч мөртлөө шүүгдэгчийн өмгөөлөгч рүү утасдаж байсан. Шүүх хурал дээр 500,000 төгрөг өгсөн. Дараа нь 2,000,000 төгрөг өгсөн. ******* нь бүх мөнгөө төлүүлчихсэн, машинаа авчихсан учраас шүүх хурал дээр ирээд нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж байгаа. “Энх ногоолон” ХХК-г иргэний хариуцагчаар татах ёстой гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хэрэг холбогдсон цагаас Г.******* уг компанид ажилладаг байсан. Машиныг унаж явахад тодорхой хэмжээний хохирол гарсан. Ажилласан цалинг өгдөггүй. Шүүх хурал болтлоо ажилласан. Цалинг нь өгөхгүй байхаар нь Р.Атарцэцэг өмгөөлөгч бид хоёр цуг байж байгаад ярихад  *******т шилжүүлчихсэн гэсэн асуудал яригдсан. Энэ хүн тодорхой хэмжээгээр хохирчихсон хүн байгаа учраас шилжүүлчихсэн гэсэн асуудал яригдсан. Хохирол төлбөр гарвал тодорхой хэмжээгээр компаниас төлнө гэдгээ илэрхийлээд яваад байгаа гэв. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

....Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг хэлж байгаа. Тэгэхээр “Энх ногоолон” ХХК нь ямар байдлаар ямар хуулийн зохицуулалтаар учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах эрх үүсээд байна гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ нь Г. хийсэн үйлдэлтэй холбогдуулах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй.

...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг яригдаж байгаа. Энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж тухайн тээврийн хэрэгслийг жолоодохгүй байх эрх нь өөрт нь байсан гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч ******* овогт *******гийн “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэвч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хамтран хариуцвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж,

499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй “ гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Г. жолоодож явсан тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж, жолоодож явсан гэрч *******, машины өмчлөгч ******* нар эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдав.  

4. Анхан шатны шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хохирогч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад агуулга болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.1 дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

3.Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ