Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч А.Т, М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт А.Т, Б овогт М.Э нарт холбогдох эрүүгийн 1720000000036 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багт оршин суух хаягтай, Д овогт А.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт оршин суух хаягтай, Б овогт М.Э,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг Т зөрлөг дээр архи уусан үедээ Т-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Т нь 2017 оны  08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг Т зөрлөг дээр архи уусан үедээ Э-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөдөөний малчин О ах манайд ирэхдээ Э-тай наймаа хийсэн архи уусан гэсээр орж ирээд гэрт сууж байтал Э нь 0.75 литрийн Е архи барьчихсан О ахтай ууна гээд О нь манай гэрт унтаж байхад нь дагуулж гараад би тухайн үед гэрийнхээ гадаа мал ажиллаж байсан. О, Э нар нь миний дэргэд суугаад архиа тойруулаад надад өгөхөөр нь би уухгүй амсаад өгөөд байсан, тухайн архийг Э, О нар нь хувааж уугаад дуусгасан байх, ингээд сууж байх үед О-г Э нь авч явна гээд зарсан адуугаа ачна гэхээр нь би та нар согтуу байж боль гэсэн Тэгээд О-г гэр рүүгээ авч ороод унтуулсан, тэгтэл Э нь араас гэр рүү орж ирээд авч явна гээд хэрүүл өдөөд согтуурхаад намайг хэл амаар доромжилж эхэлсэн, бид гэрээс гараад эхлээд М.Э нь над руу чулуу авч чулуудахад миний нуруун тус газарт оносон тэгэхлээр нь би түүнийг нүүр шанаан тус газарт нь цохисон чинь М.Э нь арматурын богинохон төмрөөр миний зүүн талын чамархай хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд Э бид 2 бие биенийгээ өрсөж цохих гээд зодолдсон, би түүнийг араас нь тэвэрч аваад газарт унагаагаад түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй бид салцгаасан. Уг болсон асуудлыг манай 12 настай охин Т.А өөрийнхөө утсаар камерын бичлэг хийсэн байсан. Уг бичлэгийг хэргийн материалд хавсгах хүсэлт гаргаж байна. Уг гэмтлийг М.Э нь намайг арматур төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Би М.Э-н араас нь тэвэрч байгаад газар унагаасан энэ үед газарт унах үед нь үүссэн гэмтэл хохирол байх уг гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр Д.А, М.Э-н эхнэр Х.Б, манай хадам ах Ш.А нар байсан санагдаж байна. Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. М.Э нь надад мөн хөнгөн хохирол учруулсан надад гаргах гомдол санал байхгүй гэвэл надад мөн гаргах гомдол санал хүсэлт байхгүй. Энэ хэргийг хурдан хуулийн шийдвэрлүүлмээр байна гэжээ. /хх-ийн 55-56/

-Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:  Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай ойролцоо байдаг малчин О гэх хүнтэй адууны наймаа хийгээд бид хоёр 0.75 литрийн Е нэртэй архи хувааж уугаад бид юм яриад сууж байсан бид нэлээд согтсон байсан тэгээд үхэр малын тухайн ярьж байсан, тэгсэн Т бид 2 маргалдаж намайг зодсон, машины агаар шүүгч, торон сээтик шиг юмаар толгой руу цохисон, тэгээд миний дээр гараад миний толгойн тус газар руу балбасан О ирээд намайг аваад гэр рүү орсон. Тэгээд би хэсэг байж байгаад Т-н гэрийн гадаа ирээд хөөе Т гээд дуудсан чинь Т гэрээс гарч ирсэн түүнээс хойш би чи намайг юу гэж зодож байгаа юм бэ? хоёулаа зайд гарая гээд түүнээс хойш яг юу болсон эсэхийг санахгүй байна. Маргааш нь Дорноговь аймгийн Цагдаагийн газар дээр байцаалт өгөөд надад болсон асуудлын талаар гар утсаар хийсэн бичлэг харуулахад би А.Т надруу чулуу шидээд бид 2 бие биенийгээ цохих гээд зодолдсон байсан. Би А.Т-н толгойн зүүн хэсэг 2,3 удаа цохиж байсан, Т ч гэсэн миний толгойн тус газарт 2,3 удаа цохиж байгаа, дараа нь намайг араас тэвэрч байгаад газар савж унааж байгаа бичлэг байсан тэр бичлэгийг хараад би ийм асуудал болсон юм байна гэж мэдсэн, түүнээс би өөрөө яг тэр асуудлыг санахгүй байгаа. Би А.Т-н толгой зүүн талд цохиж биед нь гэмтэл хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, бид 2-ын дундуур зодоонд оролцсон хүн байхгүй. Манай эхнэр Х.Б байсныг санаж байна. Сүүлд нь О ирсэн байсан. Би дахин бусадтай маргалдаж муудалцахгүй гэм буруугаа ухамсарлаж байгаа гэжээ. /хх-ийн 53/

- Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр О ах манайд ирэхдээ М.Э-тай наймаа хийсэн архи уусан гэсээр орж ирээд гэрт сууж байтал М.Э нь 0.75 литрийн “Е” архи барчихсан О ахтай ууна гээд О нь манай гэрт унтаж байхад нь дагуулж гараад би тухайн үед гэрийнхээ гадаа мал ажиллаж байсан, О М.Э нар нь миний дэргэд суугаад архиа тойруулаад надад өгөхөөр нь би уухгүй амсаад өгөөд байсан, тухайн архийг М.Э, О ах нар нь хувааж уугаад дуусгасан байх, ингээд сууж байх үед О ахыг М.Э нь авч явна гээд зарсан адуугаа ачна барина гэхлээр нь “би та нар согтуу байж боль” гэсэн. Тэгээд О ахыг гэр рүүгээ авч ороод унтуулсан, тэгтэл М.Э нь араас гэр рүү орж ирээд авч явна гээд хэрүүл өдөөд согтуурхаад намайг хэл амаар доромжилж эхэлсэн, бид гэрээс гараад эхлээд М.Э нь над руу чулуу авч чулуудахад миний нуруун тус газарт оносон тэгэхлээр нь би түүнийг нүүр шанаан тус газарт нь цохисон чинь М.Э нь арматурын богинохон төмрөөр миний зүүн талын чамархай хэсэг рүү 1 удаа цохисон, тэгээд М.Э бид 2 бие биенийгээ өрсөж цохих гээд зодолдсон, би түүнийг араас нь тэвэрч аваад газарт унагаагаад түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй бид салсан. Уг гэмтлийг М.Э нь намайг арматур төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Надад нэхэмжлэх зүйл бол байхгүй, М.Э нь намайг хэл ам, нутаг усаар орж доромжилж мөн миний биед гэмтэл учруулсанд нь гомдолтой байгаа гэжээ. /хх-ийн 14-15/

- Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:  Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай ойролцоо байдаг малчин О гэх хүнтэй адууны наймаа хийгээд бид хоёр 0.75 литрийн Е нэртэй архи хувааж уугаад бид юм яриад сууж байсан бид нэлээд согтсон байсан тэгээд үхэр малын тухайн ярьж байсан, тэгсэн Т бид 2 маргалдаж намайг зодсон, машины агаар шүүгч, торон сээтик шиг юмаар толгой руу цохисон, тэгээд миний дээр гараад миний толгойн тус газар руу балбасан О ирээд намайг аваад гэр рүү орсон тэгээд би хэсэг байж байгаад Т-н гэрийн гадаа ирээд хөөе Т гээд дуудсан чинь Т гэрээс гарч ирсэн түүнээс хойш би юу болсон эсэхийг сайн санахгүй байна, дараа нь сумын цагдаа дээр ирээд надад бичлэг үзүүлсэн Т бид хоёрын зодолдож байгаа бичлэг харагдсан тэгээд би ийм асуудал болсон юм байнаа гэж харж мэдсэн, Т нь намайг араас тэвэрч байгаад газар савж дагзаар унагаасан байсан. А.Т нь надад гэмтэл хохирол учруулсан, өөр хүн намайг зодож цохиогүй. А.Т намайг 2015 оны 08 сард зодож байсан. Энэ хүн намайг зодоод байгаа үйлдэлд нь гомдолтой байгаа. Ямар санаатай зодоод байгаад нь гайхаад байгаа. Өөр надад санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 16-18/

- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим манай нөхөр Э С шатахуун түгээх станц орж Ерөөл 0.75л архи 1 шилийг авчирч О, манай нөхөр Э, Т 3 хувааж уусан ба Т бол архинаас бага уусан ба архи ууж байхдаа Т манай нөхрийг 2 хоногийн чөлөө илүү авсан, адуу үхэр яриад маргалдаад байсан ба Т гэнэтхэн модон дамраар манай нөхрийн зүүн талын шанаа руу нь 1 удаа цохисон ба газар унасан байхад нь дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан ба зодож байхад нь туслах машинист О ирж салгасан ба манай нөхрийг гэрлүүгээ орж унт гээд О оруулж унтуулах гэсэн орж унтахгүй буцаж Т-нд орж хэрүүл хийгээд байсан ба Т-н гэрийн гадаа гарч ирээд муудаад хэрэлдээд байсан ба манай нөхөр Т руу чулуу чулуудсан ба хоорондоо зодолдоод харилцан цохилцоод байсан ба Т манай нөхрийг өргөж аваад газар унагахдаа толгойг нь хагалсан байх өөр зүйл болоогүй удалгүй цагдаа ирсэн. Манай нөхөр Э нэлээн согтолттой харагдаж байсан, Т гайгүй байсан архинаас бага уусан. Т намайг зоддог юу юм 2016 онд намайг зодож байсан чадахгүй гээд надад дийлдэхгүй, миний үгэнд орохгүй байсан Т-нд орж хэрүүл хийж байгаад хоорондоо зодолдсон. Толгойдоо 3 оёо тавиулсан, нуруу нь хөх эрээн болсон одоо цусаар шээс алдаад байгаа. Гомдолтой байна, бие нь өвдөөд хэцүү байна, хэрэв бие нь өвдөөд хэвтэрт орвол би л харж хандана, эмнэлгээр сайн үзүүлж харуулмаар байна. Мөнгө төгрөг муутай болохоор Улаанбаатар явж чадахгүй байна гэжээ. /хх-ийн 23-24/

- Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим манай гэрийн гадаа амбаарт мал гаргаад манай нөхөр Т, манай ах А бид 3 байж байсан Э, О ах 2 Ерөөл 0.75л 1 шил архи аваад ирсэн ба ирэхдээ нэлээн согтуу ирсэн ба амбаарын гадаа авчирсан архиа задлаад уусан манай нөхөр лүү архи өгөхөөр нь Т уугаагүй жижиг хундагаар 1 татсан байх О ах, Э 2 авчирсан архиа өөрсдөө хуваагаад уусан байх амбаарын гадаа сууж байхдаа Э-с О ах нэг алаг азарга авсан юм шиг байна лээ Э согтуу байж машинаа унаад О ахыг хүргэж өгнө гээд байхаар нь Т чи согтуу байж машинаа жолоодож яах гээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй Дорноговьд ирсэн цагаач минь хүүхний бөгс долоогоод сууж байгаа чи муу бууны нохой биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан ба манай нөхөр Т чи юу гээд байгаа юм бэ гээд боссон Э сууж байсан дамран сандлаараа цохих гээд далайсан ба Т сандлыг нь булааж аваад чулуудсан ба бид больцгоо гээд салгасан ба Э-г эхнэр нь аваад гэр лүү явсан ба удалгүй буцаж ирээд Т-г гэртээ хэвтэж байхад нь Э хэл амаар доромжлоод муу хошного минь гараад ир гээд янз бүрээр хэлээд байхаар нь Т гэрээсээ гараад очсон ба гэрийн гадаа Т, Э нэлээн маргалдсан Э манай нөхөр Т-г хэл амаар доромжлоод байсан ба хошного минь, шоронгийн хадаас минь гэх мэтээр хараагаад байсан ба нэг чулуу шидэж байсан, 20 см урттай арматурын төмрүүд манай гэрийн гал зуухны цонхны доор байсныг өмднийхөө халаасанд хийчхээд манай нөхрийн гэдэс рүү бүлэх гээд дайраад байсан ба арматурын төмрөөр манай нөхрийн толгойг цохиж хагалсан, төмөр замын хавчаар төмөр Э-н гэрийнх нь гадаа байдаг юм тэндээс авчирч Т руу чулуудсан манай нөхөр бултсан ба удалгүй цагдаа ирсэн. Манай нөхөр Т ер нь архи уугаагүй, Э, О ах 2 хувааж уусан. Манай нөхрийг арматурын төмрөөр цохиж толгойн тус газар зүүн чамархай орчимд хагалсан байсан, зүүн эгэмний доор зүсэгдсэн байсан, том чулуугаар нуруун тус газар нь чулуудаж оносон, төмөр замын хавчаар төмөр чулуудаж онохыг завдсан. Хэрэв Э-н ар гэр гомдолтой гэвэл би ч гэсэн гомдолтой байна. Э өөрөө согтуу манай гэрт ирж хэл амаар доромжлоод өдөөд байсан тэр урт арматурын төмрөөр Т-г цохиод янз бүр болгосон бол бид нар яах ч байсан юм билээ зургаан хүүхэд маань өнчрөөд хоцрох байсан байх надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 25-26/

- Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим манай гэрийн гадаа амбаарт мал гаргаад манай нөхөр Т, манай дүү А бид 3 байж байсан Э, О гээд 2 хүн ирсэн ба Ерөөл 0.75л 1 шил архи авчирсан нэлээн согтуу ирсэн ба амбаарын гадаа авчирсан архиа задлаад уусан манай хүргэн дүү Т руу архи өгөхөөр нь жижиг хундагаар 1 татсан байх ахиж уугаагүй О, Э гэдэг 2 хүн авчирсан архиа өөрсдөө хуваагаад уусан байх амбаарын гадаа сууж байхдаа Э гэдэг залуугаас О гэдэг хүн нэг азарга авсан юм шиг байна лээ Э согтуу байж машинаа унаад О гэдэг хүнийг хүргэж өгнө гээд байхаар нь манай хүргэн дүү Т чи согтуу байж машинаа жолоодож яах гээд байгаа юм гэсэн чамд хамаагүй Дорноговьд ирсэн цагаач минь хүүхний бөгс долоогоод сууж байгаа чи муу бууны нохой биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан Т чи юу гээд байгаа юм бэ гээд боссон Э сууж байсан дамран сандлаараа цохих гээд далайсан ба Т сандлыг нь булааж аваад чулуудсан ба бид больцгоо гээд салгасан Э-г эхнэр нь аваад гэр лүү нь явсан ба удалгүй буцаж ирээд Т-г гэртээ хэвтэж байхад нь Э гэрийнх нь гадаа оччихоод хэл амаар доромжлоод муу хошного минь гараад ир гээд янз бүрээр хэлээд байхаар нь Т гэрээсээ гараад очсон гэрийн гадаа Т, Э нэлээн маргалдсан Э, Т-г хэл амаар доромжлоод байсан ба хошного минь, шоронгийн хадаас минь гэх мэтээр хараагаад байсан ба нэг чулуу шидэж байсан, 20 см урттай арматурын төмрүүд манай гэрийн гал зуухны цонхны доор байсныг өмднийхөө халаасанд хийчхээд Т-н гэдэс рүү бүлэх гээд дайраад байсан ба арматурын төмрөөр Т-н толгойг цохиж хагалсан. ...Тэр Э гэдэг залуу манай хүргэн дүүгийн гэрлүү ороод хэл амаар доромжлоод байлгаж суулгахгүй байсан. Э гэдэг залуу архи уухаараа үнэхээр муухай зантай янз бүрийн үг хэлж Т-г доромжилсон төмөр, чулуу гээд янз бүрийн юм их авч чулуудсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

- 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 295 дугаартай дүгнэлтэд: 1.М.Э-н биед хуйхны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ. /хх-ийн 38/

- 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 294 дугаартай дүгнэлтэд: 1.А.Т-н биед зүүн талын чамархайд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хэсэгт урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно гэжээ. /хх-ийн 45/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-04/

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тухай тогтоол /хх-ийн 11/

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, иргэний цахим үнэмлэхнүүд /хх-ийн 58-67/

- 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/0139 дугаартай дүгнэлтэд: 1.2. 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр М.Э-н биед үзлэг хийхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 3. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн № 2148 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд /хэсэг газрын үзлэгээр: хуйхны хэсэгт 4 см орчим шархтай, шархнаас цус гарна, мөчдөд саа саажилгүй. Шархыг ариутган арчиж өнгөц 3 ширхэг оёдол тавив/ гэж бичигдсэн байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэс заслын эмчийн үзлэгт хэсэг газрын үзлэгт: Толгойн хуйханд босоо шархтай 3 оёдол тавигдсан, зүүн нүд орчимд зовхи хөхөрсөн, зүүн мөр орчмоор цөөн тооны хөхрөлт няцралттай. Онош: Толгойн ар хэсгийн шарх, нүүр болон мөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт/ гэж бичигдсэн байна. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М.Э-н биед толгойн ар хэсгийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн мөр орчмын цөөн тооны цус хуралт, нүүр болон мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Энэ нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр маргалдаж зодолдсон гэх шалтгааны улмаас үүссэн байх боломжтой. М.Э-н биед нуруу хөхрөх улайх, дотор эрхтэн доргисон эсэхийг тухайн цаг хугацаанд өөрийн биеэр үзээгүй тул тогтоох боломжгүй. 4. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эмчийн үзлэгт бөөрний архаг үрэвсэл гэсэн онош бичигдсэн байна. Бөөрний архаг үрэвслийн үед шээстэй цустай гарах шинж тэмдэг илэрч болох ба энэ нь өвчний улмаас үүсгэгдэх тул бусадтай зодолдох үед үүсэх боломжгүй. 5. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эмчийн үзлэгээс үзэхэд Э-н биед илэрч байгаа цусаар шээх зовиур нь бөөрний архаг үрэвсэл өвчний гаралтай ба энэ нь гэмтэлд хамаарахгүй. 6. /2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн No 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн № 2148 дугаартай яаралтай тусламжийн хуудас/, 2017.08.20-ны мэс заслын эмчийн үзлэг зэргийг үзэхэд М.Э-н биед толгойн ар хэсгийн шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн мөр орчмын цөөн тооны цус хуралт, нүүр болон мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.Э-н биед учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн мөр орчмын цөөн тооны цус хуралт, нүүр болон мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн № 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /2017.08.20-ны Мэс заслын эмчийн үзлэг, 2017.08.28-ны Мэс заслын эмчийн үзлэг, 2017.08.28-ны Дотрын эмчийн үзлэг, 2018.08.29-ны ЭХО, 2017.09.04-ны амбулаторийн үзлэг, 2017.09.25-ны Эмчийн үзлэг, 2018.01.15-ны Эмчийн үзлэг, 2018.01.15-ны Рентген/ зэрэг эмнэлгийн бичиг баримтууд тусгагдаагүй байна. Дээрх эмнэлгийн бичиг баримт урьд гаргасан дүгнэлтэнд тусгагдсан ч гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй гэжээ. /хх-ийн 192-193/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 71-72, 196-197/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүгдэгч М.Э, А.Т нар нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р баг Т зөрлөг дээр архи уусан үедээ маргалдаж харилцан зодолдож улмаар бие биеийнхээ толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны үед шүүгдэгч, хохирогч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Б “...манай нөхөр Э С шатахуун түгээх станц орж Е 0.75л архи 1 шилийг авчирч О, манай нөхөр Э, Т 3 хувааж уусан ба Т бол архинаас бага уусан ба архи ууж байхдаа Т манай нөхрийг 2 хоногийн чөлөө илүү авсан, адуу үхэр яриад маргалдаад байсан ба Т гэнэтхэн модон дамраар манай нөхрийн зүүн талын шанаа руу нь 1 удаа цохисон ба газар унасан байхад нь дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан ба зодож байхад нь туслах машинист О ирж салгасан ба манай нөхрийг гэрлүүгээ орж унт гээд О оруулж унтуулах гэсэн орж унтахгүй буцаж Т-нд орж хэрүүл хийгээд байсан ба Т-н гэрийн гадаа гарч ирээд муудаад хэрэлдээд байсан ба манай нөхөр Т руу чулуу чулуудсан ба хоорондоо зодолдоод харилцан цохилцоод байсан ба Т манай нөхрийг өргөж аваад газар унагахдаа толгойг нь хагалсан байх өөр зүйл болоогүй удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.А “...гаргаад манай нөхөр Т, манай ах А бид 3 байж байсан Э, О ах 2 Ерөөл 0.75л 1 шил архи аваад ирсэн ба ирэхдээ нэлээн согтуу ирсэн ба амбаарын гадаа авчирсан архиа задлаад уусан манай нөхөр лүү архи өгөхөөр нь Т уугаагүй жижиг хундагаар 1 татсан байх О ах, Э 2 авчирсан архиа өөрсдөө хуваагаад уусан. ... Э согтуу байж машинаа унаад О ахыг хүргэж өгнө гээд байхаар нь Т чи согтуу байж машинаа жолоодож яах гээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй Дорноговьд ирсэн цагаач минь хүүхний бөгс долоогоод сууж байгаа чи муу бууны нохой биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан ба манай нөхөр Т чи юу гээд байгаа юм бэ гээд боссон Э сууж байсан дамран сандлаараа цохих гээд далайсан ба Т сандлыг нь булааж аваад чулуудсан ба бид больцгоо гээд салгасан ба Э-г эхнэр нь аваад гэр лүү явсан ба удалгүй буцаж ирээд Т-г гэртээ хэвтэж байхад нь Э хэл амаар доромжлоод муу хошного минь гараад ир гээд янз бүрээр хэлээд байхаар нь Т гэрээсээ гараад очсон ба гэрийн гадаа Т, Э нэлээн маргалдсан Э манай нөхөр Т-г хэл амаар доромжлоод байсан ба хошного минь, шоронгийн хадаас минь гэх мэтээр хараагаад байсан ба нэг чулуу шидэж байсан, 20 см урттай арматурын төмрүүд манай гэрийн гал зуухны цонхны доор байсныг өмднийхөө халаасанд хийчхээд манай нөхрийн гэдэс рүү бүлэх гээд дайраад байсан ба арматурын төмрөөр манай нөхрийн толгойг цохиж хагалсан, төмөр замын хавчаар төмөр Э-н гэрийнх нь гадаа байдаг юм тэндээс авчирч Т руу чулуудсан манай нөхөр бултсан ба удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ш.А “...Э согтуу байж машинаа унаад О гэдэг хүнийг хүргэж өгнө гээд байхаар нь манай хүргэн дүү Т чи согтуу байж машинаа жолоодож яах гээд байгаа юм гэсэн чамд хамаагүй Дорноговьд ирсэн цагаач минь хүүхний бөгс долоогоод сууж байгаа чи муу бууны нохой биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан Т чи юу гээд байгаа юм бэ гээд боссон Э сууж байсан дамран сандлаараа цохих гээд далайсан ба Т сандлыг нь булааж аваад чулуудсан ба бид больцгоо гээд салгасан Э-г эхнэр нь аваад гэр лүү нь явсан ба удалгүй буцаж ирээд Т-г гэртээ хэвтэж байхад нь Э гэрийнх нь гадаа оччихоод хэл амаар доромжлоод муу хошного минь гараад ир гээд янз бүрээр хэлээд байхаар нь Т гэрээсээ гараад очсон гэрийн гадаа Т, Э нэлээн маргалдсан Э, Т-г хэл амаар доромжлоод байсан ба хошного минь, шоронгийн хадаас минь гэх мэтээр хараагаад байсан ба нэг чулуу шидэж байсан, 20 см урттай арматурын төмрүүд манай гэрийн гал зуухны цонхны доор байсныг өмднийхөө халаасанд хийчхээд Т-н гэдэс рүү бүлэх гээд дайраад байсан ба арматурын төмрөөр Т-н толгойг цохиж хагалсан. ...Тэр Э гэдэг залуу манай хүргэн дүүгийн гэрлүү ороод хэл амаар доромжлоод байлгаж суулгахгүй байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 294, 295, 02/0139 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.Т, М.Э нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Хохирогч М.Э нь эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хэдэн төгрөгийн эм тариа хэрэглэсэн, эмнэлэгт хэвтэхдээ хэдэн төгрөгийн ор хоногийн мөнгө төгрөг төлсөн нь тодорхойгүй, нотлох баримтын хүрээнд нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт А.Т, Б овогт М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, М.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, М.Э нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, М.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч М.Э-н эмчилгээний зардалд нэхэмжилсэн 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г хавтаст хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.Б