Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/00332

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00332

 

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/03281 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Н-тэй 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Сувдмаа төрсөн бөгөөд төрөлхийн эпилепсия гэх өвчтэй, миний байнгын асаргаанд байдаг. Одоо 15 настай. 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Батзориг төрсөн. Одоо 8 настай, миний асрамжид байдаг. Би Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт бүлгийн багш хийдэг. Миний бие хариуцагчтай 15 жилийн туршид хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь архины хамааралтай байсан бөгөөд архины эмчилгээнд 2-3 удаа хамрагдсан боловч огт засраагүй. Б.Н- нь архи уудаг байсан бол сүүлдээ надад гар хүрдэг болсон. Цаашид хариуцагчтай хамт амьдрах боломж байхгүй. Миний хувьд амар тайван орчинд хүүхдээ амьдруулах хүсэлттэй байгаа. Хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд 14 хоног баривчилгаанд явж байсан. Би хариуцагчаас тусдаа амьдраад 9 сар болж байна. Хариуцагч нь одоогоор тогтсон ажил эрхэлдэггүй, хувийн байдлын хувьд ч 2 хүүхдээ асран халамжлах ямар ч боломжгүй. Дундын эд хөрөнгийн маргаанаа жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх тул татгалзаж байна. Иймд гэрлэлтийг цуцалж, Н.Сувдмаа, Н.Батзориг нарыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би одоо 46 настай, жолооч мэргэжилтэй. Бид Сэлэнгэ аймгийн Сант суманд анх хамтран амьдарч эхэлснээс хойш 15 жил хамтран амьдарсан. Би архи уудаг нь үнэн боловч байнга архи ууж, нэхэмжлэгчид агсам согтуу тавьсан зүйл байхгүй. 2 удаа архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн бөгөөд архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулмааргүй байгаа боловч нэхэмжлэгч нэгэнт шийдсэн байна. Би эхнэртээ дэндүү их хайртай. Өнөөдрийн ийм байдалд хүргэсэн явдалд би буруутай. Миний хувьд эхнэр хүүхдээ хайрлаж, халамжлаагүй нь үнэн. Би одоогоор ажил төрөл эрхэлж байгаа бөгөөд тусдаа амьдраад 8 сар болж байна. Нэхэмжлэгч өөрөө гэртээ ирэхгүй байгаа. Би одоо ч байрыг нь чөлөөлж өгөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д заасныг баримтлан, Г.Г- /рд:ОР82083009/, Б.Н- /рд:ОО76081670/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н.Сувдмаа, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Н.Батзориг нарыг эх Г.Г-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Батзоригийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, хүү Н.Батзориг, охин Н.Сувдмаа нарыг 11-16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Н-гээр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч Г.Г- нь дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 641,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 472,680 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 168,815 төгрөгийг гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цулцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чанцалдуламд даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний том охин хөгжлийн бэрхшээлтэй учир түүнд өөрийн төрсөн эцэг, эхийн асрамжид байх нь хамгаас чухал байтал Г.Г- өөрийн дур зоргоор аашлан 2 хүүхдийг төрсөн эцгээс нь салгаж байгаад гомдолтой байна. Мөн гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгэлгүй гэж гарсаар байтал шүүхийн шийдвэр гарсан байна. Бид эвлэрэх боломжтой байсан. Гэрлэлтийн бүртгэл хийгдээгүй байхад гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэнд гомдолтой байна, шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаагүй атал энэ талаар гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг гэсэн агуулгаар тайлбарласан байна. Харин хариуцагч Б.Н- нь гэр бүлтэйгээ ойлголцож эвлэрч амьдрах хүсэлтэй гэсэн агуулгаар хариу тайлбар гаргажээ. /хх1, 27-28, 41/

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Г.Г- нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /х-44/

 5. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Н.Сувдмаа, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Батзориг нар төрсөн болох нь тогтоогдсон байна. /хх-7, 9-11, 12/

6. Зохигчид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас сүүлийн 9 сар тусдаа амьдарч байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, талууд гэрлэлтийг үргэлжлүүлэх талаар санал санаачилга гаргаагүй байх тул анхан шатны шүүх Г.Г-, Б.Н- нарын гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэвэр, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Б.Н-г хүүхдүүдийн эрх ашиг, хүмүүжилд болон түүнчлэн нэхэмжлэгчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах магадлалтай гэж дүгнэн, тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

 7. Зохигчдын дундаас төрсөн охин Н.Сувдмаа, хүү Н.Батзориг нар нь эхийн асрамжинд өсөж торниж байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй байх тул тэднийг эх Г.Г-гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцсэн байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

8. Шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн хэдий ч Б.Н-гийн эцэг байх эрх хязгаарлагдахгүй бөгөөд хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл тэрээр хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

9. Хэргийн 7 дугаар талд авагдсан бичгийн баримтаар зохигчдын гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 50 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байх тул гэрлэлтийн бүртгэлгүй байхад гэрлэлт цуцалсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/03281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН