Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.Н-д холбогдох эрүүгийн 1820001000063 тоот хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, охин нарын хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х овогт Ц.Н,   

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Н нь Ц.З-н нэр, биеийн байцаалт бүхий дугаартай гадаад паспортыг ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос замаскийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ хийх ажилтай болсон юм.Тэгээд 23-ны өдрөө өөрийн гадаад паспортаар галт тэрэгний билет авах гэсэн чинь паспортын хугацаа дууссан байсныг мэдээд улсын бүртгэл рүү очсон чинь сунгалт хийхгүй байгаа, заавал шинээр авах гадаад паспортаа захиал гэсэн. Тухайн өдөр 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байсан юм. Тэгэхлээр нь хурдан гаргах боломж байна уу гэсэн чинь яаралтайгаар 3 хоногт гарна, дараагийн 2 дахь өдөр гарна гэж хэлэхээр нь паспорт захиалалгүйгээр буцаад явсан. Гэртээ ирээд Эрээнд очиж гэрээ хийх ёстой байсан хүн рүүгээ би юу ч гэсэн Замын-Үүд рүү яваад очъё, болбол Замын-Үүдэд оруулаад ирээч гэсэн чинь би Монгол руу орох боломжгүй байна, өөрөө хүрээд ир гэхээр нь гэрт байсан ах Ц.З-н гадаад паспортыг аваад тэр өдрөө гэртээ хоноод 5 дахь өдрийн орой Замын-Үүд рүү явдаг машинд суугаад, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө Замын-Үүдэд ирээд хил рүү явж, хил нэвтрэхээр заал руу ороод штамп даруулахаар оочирт зогсоод, хилийн цэргийн шалгагчид гадаад паспортаа өгч шалгуулсан чинь таны гадаад паспорт мөн үү гэж асуухаар нь би “мөн” гэж хэлсэн чинь ондоо байна гэж хэлээд намайг саатуулсан. Миний гадаад паспорт хотод гэрт байгаа. 2 удаа авч байсан. БНХАУ-ын Эрээн хотод очиж тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийх зорилгоор ахынхаа гадаад паспортыг гэрээсээ авсан юм. Би ахтайгаа хамт амьдардаг юм. Тухай үед ах маань гэртээ байгаагүй. Хугацаа дуусаад, сунгах боломжгүй, дээрээс нь хугацаа давчуу байсан учир ахын паспортыг ашиглаж БНХАУ-руу явах гэж байсан юм. Тухайн үед ахдаа паспортыг нь авсан талаараа юу ч хэлээгүй. Сүүлд хил дээр саатуулагдсаны дараа юу болсон тухайгаа хэлсэн. Өмнө нь ашиглаж байгаагүй. Ахын гадаад паспортын зургийг харсан чинь төстэй болохоор нь авчихсан юм. Би өөрийн гадаад паспортын хугацаа дууссаныг мэдээгүй бөгөөд урагшаа явахаас 2 хоногийн өмнө мэдсэн юм. Хоног хугацаа давчуу байсан учир шинэ паспорт авч чадалгүй ийм зүйл хийчихсэн. Хэн ч хэлээгүй. Төстэй болохоор нь л мөнгө төгрөгөөр тохирсон зүйл байхгүй, гадаад паспортыг нь авсан талаар ахдаа ч хэлээгүй гэжээ. /хх-ийн 72-75/

- Шүүгдэгч Ц.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Миний гадаад паспортын хугацаа дууссан байсан. Дахин сунгуулах гэсэн чинь сунгахгүй шинээр олголт хийж байгаа гэсэн. Хугацаа давчуу байсан учир гэртээ очоод ахын паспортыг аваад Замын-Үүд явсан. Эрээнд гэрээ хийх гээд хүн хүлээлгэсэн байсан учир нэг гуйгаад болох байх гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах чиглэлд зорчигчийн баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан. Тэр өдрийн өглөөний 8 цагаас 8 цаг 30 минутын үед байх Ц.З гэх нэртэй гадаад паспорттай эрэгтэй хүн над дээр ирж баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Тэгээд тус иргэний гадаад паспортыг авч паспортын зургийг эзэмшиж явсан эрэгтэй хүнтэй тулгалт хийхэд чих болон духны хэсэг нь өөр харагдсан болохоор нь нарийвчилж шалгахаар иргэний үнэмлэхийг нь асуухад “иргэний үнэмлэх байхгүй гэртээ орхисон” гэж хариулсан. Тэгэхлээр нь гадаад паспорт дээрх мэдээллийг асуухад регистрийн дугаар болон овог, нэрийг зөв хэлж байсан. Тэгээд сэжигтэй санагдахаар нь иргэний бүртгэл мэдээллийн санд орж иргэний үнэмлэхийн лавлагааг харахад паспорт эзэмшиж явсан хүнээс ондоо царайтай хүн гарч ирсэн. Тэгээд тус иргэнээс хүүхэдтэй юу гэж асуусан чинь “2 хүүхэдтэй” гэж хариулахаар нь иргэний бүртгэлээс Ц.З гэх хүний хүүхдүүдийн овог нэрийг харахад овог нэрийг зөв хэлж байсан учир хүүхдүүдийнх нь төрсөн он, сар, өдрийг асуухад буруу хариулсан. Тэгээд дахин түүнээс төрөл садангийн хүмүүсийг нь асуухад ах нас барсан, дүү байхгүй гэж хэлсэн. Иргэний бүртгэл мэдээлэл дээр дүүтэй гэж гарч ирсэн. Тэгээд дүү гэх Н-н иргэний үнэмлэхийн лавлагааг харахад паспорт эзэмшиж яваа хүн байсан. Тэгээд түүнээс паспорт дээрх зураг таны зураг биш юм бишүү гэж хэлсэн чинь “мөн, итгэхгүй байвал би яваад бүх бичиг баримтаа аваад ирье, тэгвэл намайг явуулах юм уу” гэж хэлэхээр нь Ц.З гэх хүний иргэний бүртгэл дээр гэрийн хаягийг асуухад өөр хаяг хэлсэн. Тэгээд шалган нэвтрүүлэх албаны орлогч, ахмад Э-т шилжүүлсэн. Ц.Н гэдэг хүн авч явж байсан. Тэр хүн ахынхаа гадаад паспортыг аваад явж байсан гэжээ. /хх-ийн 46-47/      

-Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би энэ талаар 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр анх мэдсэн миний дүү Ц.Н над руу утсаар яриад “... надад гэнэт ажил гараад таны гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан та тагнуул дээр ирэх хэрэгтэй байна...” гэж надад хэлсэн би энэ үед нь би Д аймгийн Б суманд ажил дээрээ байсан. Энэ үед л анх мэдсэн. Би өөрийн ээж Ц.Д, дүү Ц.Н түүний охин Н.Х нарын хамт нэг гэрт амьдардаг. Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д аймгийн Б сум руу ажил хийхээр гэрээсээ явсан явахдаа өөрийн гадаад паспортыг гэртээ байдаг шүүгээнд үлдээгээд явсан. Дүү Ц.Н маань миний үлдээгээд явсан байсан гадаад паспортыг аваад БНХАУ-руу явах гэж байгаад баригдсан юм байна би энэ талаар сүүлд нь мэдсэн. Түүнээс биш би өөрийн гадаад паспортыг дүү Ц.Н-д албаар ашиглуулаагүй. Би энэ талаар нь мэдэхгүй байна. Гэртээ хадгалж байсан миний гадаад паспортыг л аваад явсан байсан. Миний дүү Н.Н нь хорт муу зуршил байхгүй, хүмүүстэй зөв харилцдаг, хүнд их тусархуу, шулуун шударга зантай, гэнэн цайлган тийм л хүн. Миний дүү одоо өөрийн охин Н.Х, ээж Ц.Д нарын хамт амьдардаг юм. Би хамт амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд Д аймагт ажиллахаар явсан. Одоо миний дүү Н.Н л ажил хийж гэр бүлээ авч явж байгаа. Миний дүү Н.Н нь 2010 онд У гэж хүнтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаад сүүлд салсан. Эхнэрээсээ салах үедээ өөрийн охин Н.Х-г өөр дээрээ авч үлдсэн одоо охин нь дунд сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Миний дүү Ц.Н бол өрх толгойлсон эцэг юм. Миний дүү Ц.Н нь Говь-Алтай аймагт төрсөн 4 хүүхэдтэй айлын бага хүүхэд нь. 1988-1998 онд Төв аймгийн 2 дугаар 10 жилийг төгссөн. Цэрэгт яваагүй. 1998-2002 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хувиараа ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Миний дүү бол мөнгө олж гэр бүлээ тэжээх бүхий л хар бор ажилд явдаг хүн гэжээ. /хх-ийн 48-50/

-Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Ц.Н ах бид хоёр N ХХК-д 2014 оноос хойш хамт ажиллаж байгаа хуурай ах дүүс байгаа юм. Ажилд их сайн, гэр бүлийн хувьд өөрийн ээж, төрсөн ах, өөрийн охин нарын хамт 4-лээ хамт амьдардаг юм. Ц.Н-н эхнэр нь салаад явсан гэж байсан өөрөө охиноо өсгөж байгаа. Одоо охин 3 дугаар ангид сурдаг охин байдаг. Ээж өндөр настай тэтгэвэрт байдаг хүн байдаг. Ах нь болох Ц.З гэж хүн хамт амьдардаг гэж байсан гэхдээ ахынх нь талаар сайн мэдэхгүй байна. Ц.Н ах найрсаг, яриа сайтай, ажилд маш сайн, бусадтай зөв харилцдаг. 2017 онд манай байгууллагын шилдэг ажилтан болж байсан тийм л хүн гэжээ. /хх-ийн 51-52/

- Хилийн зөрчлийг шалгасан тухай акт /хх-ийн 06/

- Хил зөрчихийг завдагчийн тухай бүртгэл /хх-ийн 07/

- Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-42/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай  /хх-ийн 43/

- 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 3490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/

- 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 3489 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн дугаартай Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг, харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Ц.Н-н нааж ирүүлсэн 2 хувь гэрэл зураг, регистрийн дугаартай Ц.З-н нааж ирүүлсэн 2 хувь гэрэл зураг шинжилгээнд тэнцэнэ. Ц.Н-н хэвлэж ирүүлсэн 1 хувь гэрэл зураг, Ц.З-н хэвлэж ирүүлсэн 1 хувь гэрэл зураг шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Ц.З-н гэрэл зурагтай тохирно. Харин регистрийн дугаартай Ц.Н-н гэрэл зурагтай тохирохгүй байна. 3.Тохирч байгаа шинж тэмдгүүдийг үзлэг шинжилгээ болон гэрэл зургийн үзүүлэлтээс харна уу гэжээ. /хх-ийн 57-64/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 70-71/

-Иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 78/

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 81/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/09 дугаартай тогтоол /хх-ийн 82/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 87/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүгдэгч Ц.Н нь Ц.З-н нэр, биеийн байцаалт бүхий дугаартай гадаад паспортыг ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Б“...Тэр өдрийн өглөөний 8 цагаас 8 цаг 30 минутын үед байх Ц.З гэх нэртэй гадаад паспорттай эрэгтэй хүн над дээр ирж баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Тэгээд тус иргэний гадаад паспортыг авч паспортын зургийг эзэмшиж явсан эрэгтэй хүнтэй тулгалт хийхэд чих болон духны хэсэг нь өөр харагдсан болохоор нь нарийвчилж шалгахаар иргэний үнэмлэхийг нь асуухад “иргэний үнэмлэх байхгүй гэртээ орхисон” гэж хариулсан. Тэгэхлээр нь гадаад паспорт дээрх мэдээллийг асуухад регистрийн дугаар болон овог, нэрийг зөв хэлж байсан. Тэгээд сэжигтэй санагдахаар нь иргэний бүртгэл мэдээллийн санд орж иргэний үнэмлэхийн лавлагааг харахад паспорт эзэмшиж явсан хүнээс ондоо царайтай хүн гарч ирсэн. Тэгээд тус иргэнээс хүүхэдтэй юу гэж асуусан чинь “2 хүүхэдтэй” гэж хариулахаар нь иргэний бүртгэлээс Ц.З гэх хүний хүүхдүүдийн овог нэрийг харахад овог нэрийг зөв хэлж байсан учир хүүхдүүдийнх нь төрсөн он, сар, өдрийг асуухад буруу хариулсан” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д аймгийн Б сум руу ажил хийхээр гэрээсээ явсан явахдаа өөрийн гадаад паспортыг гэртээ байдаг шүүгээнд үлдээгээд явсан. Дүү Ц.Н маань миний үлдээгээд явсан байсан гадаад паспортыг аваад БНХАУ-руу явах гэж байгаад баригдсан юм байна би энэ талаар сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлгүүд болон зөрчлийн хэрэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Н-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өрхийн орлого, түүний шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг харгалзан үзээд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ.  Ц.З-н дугаартай энгийн гадаад паспорт нь хуурамч биш цаашид эзэмшигч нь ашиглах боломжтой бичиг баримт байх тул эзэмшигч Ц.З-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Х овогт Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 1400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг бичлэгтэй СД-г хавтаст хэрэгт хадгалж, Ц.З-н энгийн гадаад паспортыг эзэмшигч Ц.З-д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.Б