Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/57

 

                                       *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Шинэбал /цахим/

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Хандмаа /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/33 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн дугаартай, 149/2024/0028/Э/208/2024/0049 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн *******ийн *******, Монгол Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, ****настай, ****эгтэй, ******боловсролтой,  мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ***, Сэлэнгэ аймгийн ******сумын ********* дүгээр баг *** дугаар хэсэгт /****** /оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Эстима” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхээс: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох дугаартай Эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал  2024 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн №04 дугаартай эсэргүүцэлдээ:

…Иймд тус прокурорын газраас Шүүхийн цагаатгах тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг шинэ болон хуучин хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь цагаатгах тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь: Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр хуульчлагдсан бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн албан ёсны тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох”-оор салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “уг өдрөөс эхлэн” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн...” гэж ойлгон эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож тухайн зүйл, заалтын агуулга, албан ёсны тайлбараас өөр нэмэлт нөхцөлийг дурдаж, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаж байсан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүгдэгч *******гийн хувьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, уг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон буюу дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ....бол...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

2.Шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдалд тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтын үзүүлэх нөлөөллийг тодорхойлон дүгнэж болох хэдий ч шүүгдэгч *******гийн холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлах байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Тодруулбал, прокуророос эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэх болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч *******д холбогдох хэрэгт эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхээр, мөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх, хэрэглэхгүй талаар ямар ч санал, дүгнэлт гаргаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, уг заалт зөрчигдсөн мэт дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар мөн хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно. Шүүх дээрх байдлаар дүгнэн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/ЗЗ дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

Хуулийн зохицуулалт маань практикт шинээр мөрдөгдөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Практикийг судалж үзэхэд Улаанбаатар хотод болон бусад аймгуудад шийдэж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж гэмт хэргийн субъектыг тодотгож өгсөн.  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан байсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасуулсан хүн гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд шигтгэж өгөөд гэмт хэргийн субъектыг тодотгож өгсөн байдаг. Шүүх эрх зүйн байдлыг дордуулсан гэж хэлж байна. Эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-д зааснаар арга хэмжээ тооцох боломжтой гэж байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-д тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан мансуурсан тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шинэ заалт ороод ирсэн байгаа. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан. Уг заалтаар *******д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж байгаа ч *******д хэрэглэх боломжгүй заалт.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдэг маань огт жолооны үнэмлэх авч байгаагүй жолооч болж байгаагүй хүнийг хэлж байгаа юм. *******гийн хувьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болсон хуулиар эрхээ хасуулчихсан хүн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн субъектын шинжийг бүрэн хангаж байгаа юм. Мөн анхан шатны шүүх хурал болон мөрдөн байцаалтын шатанд ******* болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Цагаатгах тогтоол гарснаас хойш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн зүйл ярьж байна. ******* нь нэгэнт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан 400,000 төгрөгөөр торгуулчихсан хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дахин хасаж, 400,000 төгрөгөөр торгоно гэхээр Зөрчлийн тухай хуульд зааснаар боломжгүй юм. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилсэн нь зүйтэй гэж үзэж байна. Өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй байна гэж үзэн цагаатгах тогтоол гаргасан. Өмгөөлөгч миний бие сум дундын шүүхийн 33 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна.  

Учир нь ******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай гэж прокурорын зүгээс үздэг. Уг хууль маань 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2 удаа зөрчил гаргасан бол уг хуулиар ял шийтгүүлбэл гомдол саналгүй. Харин ******* нь 2023 ондоо зөрчил гаргасан байгаа юм. Уг хуулиар шийдэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордож байна гэж үзэж байна. Тийм учраас сум дундын шүүхийн 33 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх А.*******д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдов.

Прокуророос шүүгдэгч *******г  2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн  нутаг давсгарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Эстима” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримт болох гэрч *******ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 18-ны орой ******* намайг дуудаад хамт *******ийнд очсон...  *******ийн гэрт ирээд нэг шил архийг ******* бид хоёр хувааж уугаад гэрээс нь гарч явсан. ******* өөрийн машинаа жолоодоод би хажууд нь сууж явсан чинь асфалтан замын  баруун талд нь цагдаа  зогсоож шалгасан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн14/,

шүүгдэгч А.*******гийн яллагдагчаар өгсөн: “... *******ийн гэрт ******* бид хоёр нэг шил архи хувааж уусан... би машинаа жолоодоод *******ыг хажуудаа суулгаад явж байхад цагдаа таарч шалгаж үлээлгэсэн. 1,92% согтолттой гэж гарсан. ...” /хх.18/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 3/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 03/, Цагдаагийн Ерөнхий газрын  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл,  Зөрчлийн хайлтын системийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Тоёота Эстима” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үйл баримт тогтоогджээ.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох хуулийн зохицуулалт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Хэргийн 7, 44 дүгээр талд авагдсан  жолоочийн лавлагаа мэдээлэл, 0300743  дугаар шийтгэлийн хуудсаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх тул  түүнийг жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж  мэтгэлцсэн байх ба анхан шатны шүүх  шүүгдэгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрээр  1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухайн шийтгэлийг үгүйсгэж, өөрөөр хэлбэл  түүнийг жолоодох эрхтэй байсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэргийн субьект болохгүй гэж түүнийг цагаатгасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн ...” үйлдлийг  эрүүгийн хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд энэхүү хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилсэн үгийн хуулийн тухайн ойлголт нь шүүгдэгчийн  хуулиар олгосон эрхийг  дордуулсан ойлголтод хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                             ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН