| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2022/03728/И |
| Дугаар | 183/ШШ2024/04097 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/04097
2024 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2024/04097 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-нд холбогдох
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг тауэр 2-206 тоот 106 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь Экоконстракшн ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг тауэр 2-206 тоот 106 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн арматур худалдах худалдан авах гэрээний дагуу 185,2 тонн арматур нийлүүлж, 315,000,000 төгрөгийн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Чинг тауэр 2-206 тоот 106 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг "Дулаан чанар" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Энэ үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, хавтаст хэргийн 34 дэх талд байгаа нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа яагаад татгалзаад байгаа вэ гэхээр 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эко констракшн ХХК-д уг орон сууцыг н.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлээд, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан учир энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад хавтаст хэргийн 34 дүгээр талд байгаа 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь Дулаан чанар ХХК-аас гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч Эко констракшн ХХК өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байсан. Иймд илүү төлсөн буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 35,913,600 төгрөгийн илүү төлсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна ... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн байгаа. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нийт 315,000,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийлүүлэх үүрэгтэй байсан. Гэвч хэргийн материал дээр гаргаж өгсөн байгаа нэхэмжлэгч компани Эко констракшн компанийн ерөнхий захирлын С.Нямдаваа гээд байгаа. Үүн дээр 315,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлсэн байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Дулаан чанар ХХК буюу нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ зөрчсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор алданги тооцогдоно. Үүн дээр 9,409,000 төгрөгийг нэмж төлсөн гэж байгаа. Хариуцагч компанийн зүгээс алданги бодсон. Алданги бодогдох юм бол нэхэмжилж байгаа 35,900,000 төгрөгөөс хэтэрнэ. Дараагийн асуудал нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж байдаг. Үүнд үндэслэж байгаа нотлох баримт болон тэмдэгтийн хураамжийг урьдчилж төлөх ёстой байдаг. Өнөөдрийн хувьд нэхэмжлэгч нь нийтдээ 1,908,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдаг. Би 35,900,000 төгрөгөөс тооцоход нэхэмжлэгч нь 4,250 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна. Нэхэмжэллийн шаардлагаа 35,900,000 төгрөг гэж байсан боловч саяын нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлснээр бол 35,913,600 төгрөг гээд нэмэгдүүлчихлээ гэж хараад байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ хуралдаан эхлэхээс өмнө нэмэгдүүлэх ёстой байдаг. Хуралдаан эхлээд хэрэг хэлэлцүүлж байхад ингэж нэмэгдүүлж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж харж байгаа. Нөгөө талаасаа 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлсэн гэж байгаа. Гэхдээ он сар нь засвартай байгаа. Үнэхээр яг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлсэн эсэх талаар баримт авахаар "Эко констракшн ХХК-аас шүүлгэсэн. Баримт байхгүй байсан. Нэгдүгээрт энэ бол 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээтэй ямар ч холбоогүй нэхэмжлэлийн шаардлага яваад байна гэж харж байгаа. Хоёрдугаарт улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байна. Гуравдугаарт, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа нотлох баримтууд нь хангалттай нотолж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна ... гэв.
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлгийн гэрчилгээний хуулбар, Д.Батмөнхөд олгосон итгэмжлэл, 2010.04.3-ны өдрийн 0300484 дугаар орлогын баримт, 2019.11.14-ний өдрийн 0300416 дугаар орлогын баримт, 2021.05.19-ний өдрийн зарлагын баримт, 2020.04.30-ний өдрийн зарлагын баримт, 2019.11.14-ний өдрийн зарлагын баримт, 2022.05.11-ний өдрийн нэхэмжлэх, Дулаан чанар ХХК-ийн захирал Л.Энхбаатарын хүсэлт, 2019.09.02-ны өдрийн 02/2019090201 тоот арматур худалдах худалдан авах арилжааны гэрээ, экоконстракшн ХХК-ийн гэрчилгээний хуулбар, 2022.06.10-ны өдрийн 183/ШЗ2022/10487 дугаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захиармжийн хуулбар, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэний улсын тэмдэгтийн хураамжийн хуулбар, *******д олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: Хариуцагчаас Э.Сайнсанаа, Д.Ууганбаяр, ******* нарт олгосон итгэмжлэл, экоконстракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2022.10.06-ны өдрийн 196 дугаар байрны эрх шилжүүлэх хүсэлтийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс 2023.10.06-ны өдрийн 5/9065 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь хариуцагч Экоконстракшн ХХК холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг тауэр 2-206 тоот 106 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчаас 35.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. /хх-ийн 1, 34/
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Батмөнхөд олгосон итгэмжлэлдээ ... нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх ... эрхийг олгосон байна. /хх-ийн 6/
Хариуцагч Экоконстракшн ХХК нь 35.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь хариуцагч Экоконстракшн ХХК нар нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Арматур худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулсан байна. /хх-ийн 15-17/
Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь 1 тонн арматурыг 1.700.000 төгрөгөөр нийт 315.000.000 төгрөгт 185.2 тонн ф12 диаметртэй арматур нийлүүлэх үүрэгтэй, хариуцагч Экоконстракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауэр хотхон, Кинг Тауэр 121 байр 2-206 тоот 105 мкв талбайтай орон сууцыг 1мкв-ыг 3.000.000 төгрөгөөр тооцон нийт 315.000.000 төгрөг бүхий орон сууцыг шилжүүлэн өгөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь Арматур худалдах, худалдан авах арилжааны гэрээний үүргээ биелүүлж хариуцагч Экоконстракшн ХХК-нд:
1. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 126.820.000 төгрөгийн үнэ бүхий 74.6 тонн арматур,
2. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 126.820.000 төгрөгийн үнэ бүхий 74.6 тонн арматур,
3. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 66.483.450 төгрөгийн үнэ бүхий 35.937 тонн арматур буюу нийт 320.123.450 төгрөгийн үнэ бүхий 185.137 тонн арматурыг Экоконстракшн ХХК-нд шилжүүлэн өгсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 14/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь нь 320.123.450 төгрөгийн үнэ бүхий 185.137 тонн арматурыг Экоконстракшн ХХК-нд гэрээнд заасан хугацаа хожимдуулан хүлээлгэн өгсөн, харицагч Экоконстракшн ХХК нь 320.123.450 төгрөгийн үнэ бүхий 185.137 тонн арматурыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн хүлээн авсан талаараа маргаагүй байна.
Хариуцагч Экоконстракшн ХХК нь гэрээнд зааснаар ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауэр хотхон, Кинг Тауэр 121 байр 2-206 тоот 105 мкв талбайтай орон сууцыг Дулаан чанар ХХК-ийн хүсэлтээр Б.Батцэцэгийн нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь Дулаан чанар ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 196 дугаартай Байрны эрх шилжүүлэх хүсэлт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/9065 дугаартай лавлагаа, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 57, 64/
Тодруулбал нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь нийт 320.123.450 төгрөгийн үнэ бүхий 185.137 тонн арматурыг хариуцагч Экоконстракшн ХХК-нд нийлүүлсэн, Экоконстракшн ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-нд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Өөрөөр хэлбэл Дулаан чанар ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Арматур худалдах, худалдан авах арилжааны гэрээний дагуу хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 66.483.450 төгрөгийн үнэ бүхий 35.937 тонн арматурыг Экоконстракшн ХХК-нд нийлүүлснээр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна, харин Экоконстракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауэр хотхон, Кинг Тауэр 121 байр 2-206 тоот 105 мкв талбайтай орон сууцыг Дулаан чанар ХХК-ийн хүсэлтээр Б.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж үзнэ.
Харин Дулаан чанар ХХК нь Экоконстракшн ХХК-нд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ф18 диаметртэй 12.384 ширхэг арматурыг 2.900 төгрөгөөр тооцож 35.913.600 төгрөгийн арматурыг хүлээлгэн өгсөн тул 35.900.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагчийн төлөөлөгч энэ арматурыг аваагүй тул 35.900.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зарлагын баримт үйлдэн 35.913.600 төгрөгийн арматурыг Экоконстракшн ХХК-нд хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэхүү баримтад ф18 арматур, 516, кг, 12.384, 2.900, 35.913.600 төгрөг, хүлээлгэн өгсөн хариуцагч, хүлээн авагч шалгасан нягтлан бодогч гэж бичиж хоёр байгууллага нь санхүүгийн тэмдэгээ дарж баталаажуулжээ. /хх-ийн 9/
Өөрөөр хэлбэл Дулаан чанар ХХК нь 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг Экоконстракшн ХХК-нд шилжүүлэн өгсөн болох нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зарлагын баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг шилжүүлэн өгөхдөө хариуцагч Экоконстракшн ХХК-тай гэрээ байгуулаагүй байх тул талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзлээ.
Харин Экоконстракшн ХХК нь 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг хүлээн авч үйл ажиллагаандаа зарцуулсан байх тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж хуульчилжээ.
Тодруулбал: нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нийт 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг Экоконстракшн ХХК-нд шилжүүлэн өгсөн байх тул арматурынхаа үнийг буцаан шаардах эрхтэй, харин Экоконстракшн ХХК нь 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгчийн шаардсан 35.913.600 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Экоконстракшн ХХК-иас 35.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь 35.913.600 төгрөгийн үнэ бүхий арматурыг Экоконстракшн ХХК-нд шилжүүлэн өгсөн болох нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 35.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... энэ арматурын хэсэг нярав гэсэн тэмдэг дарагдсан байгаа нь манай компаний тэмдэг мөн байна ... харин гарын үсэг нь биш байна ... манай компани энэ арматурыг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй. Мөн дээрх баримт /хх-ийн 9/ дээр зурагдсан гарын үсэгтэй холбоотой шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаатай холбоотой санал хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэлээ. /хх-ийн 42/
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Мөн нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.908.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 162.450 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 337.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Экоконстракшн ХХК-иас 35.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.908.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 162.450 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас 337.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ