Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Н.*******т  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Шүүгдэгч Н.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ***************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл ************* хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ***** дугаар баг ****** тосгоны төвийн ******** тоотод оршин суух хаягтай, /РД:**********/ урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. 

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их Алт” нэртэй газарт 66,4 метр квадрат хэмжээтэй Ерөө голын мөсийг цөмлөн Daewoo 280 ЛС-3 загварын экскаватор, ус татах насос, гитаран буу зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 255,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******ын хэрэг үйлдэхдээ ашигласан 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 280 LС-3” маркийн ******* УБ улсын дугаартай, шар энгийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч *******ын Эрдэнэбаярт /Улаанбаатар хот ******** дүүрэг, **** дугаар хороо, ******* хотхон *********** тоотод оршин суух хаягтай *********/ олгож, түүний үнэ болох 7.500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар алт угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэг, ус татах насос помп 1 ширхэг зэргийг хураан авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар алт угаах төхөөрөмж гитаран буу, ус татах насос /помп/ төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.*******оос гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр 255.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдан, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:    

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил би Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2024/ШШТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардан аваад шүүгдэгчийг « Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан » гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож нэг жилийн хугацаагаар жирийн дэглэмд ял эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа учир энэ гомдлыг гаргаж байна.

Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Н.******* нь « Хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж » байсан үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм  буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай түргэн явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байсан гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хэргийн бүхий л ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж зөвхөн гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хянан үзэж шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болохоос нь өмнө алдаа эндэгдэл гарах вий, хүний эрхийг дордуулах вий гэхээс урьдчилан сэргийлж анхан шатны шүүхийн гаргасан алдааг богино хугацаанд засаж залруулах бололцоог олгож, шүүхийн шийдвэрийг хуулийн шаардлагад яв цав нийцүүлэн явуулахад тус дөхөм болж байдаг билээ.

Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн зорилтыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж зааснаас гадна, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг зааж өгсөн. Тэр тусмаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хүнд хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болох талаар хуульд зааж өгсөн.

Хэргийн материалд авагдсан баримтуудыг судлан үзэхэд миний үйлчлүүлэгч хуулийн дээрх шалгуурыг бүрэн хангасан, энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар огт маргаагүй, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан, нөхөн сэргээлтийн зардал болох 255.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ялын бодлогыг хэрэгжүүлж төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа улсын яллагч хүртэл шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж 6000-н нэгжээр торгох санал гаргасан байна.

Ийм учраас Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталж энэрэнгүй ёсны зарчмын үүднээс эрх зүйн байдлыг нь дээрдүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нийгмээс тусгаарлахгүй байж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгөхийг хүсье  гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байгаа байдал, сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хор уршгийг сайн дураар төлсөн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай түргэн явуулахад туслалцаа үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн саналыг хүлээж авч нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Гэм буруугаа маш сайн хүлээн зөвшөөрч байна. Хууль үнэхээр чанга байдаг юм байна. Дахин хууль бус үйлдэл хэзээ ч хийхгүй. Надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалт, шүүх, прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хор уршиг, тухайн хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан торгуулийн саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Өмгөөлөгчөөс гаргаж байгаа хүсэлтэд улсын яллагчийн зүгээс тусгайлан хэлэх санал байхгүй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.*******т  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Н.******* нь   2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их Алт” нэртэй газарт 66,4 метр квадрат хэмжээтэй Ерөө голын мөсийг цөмлөн техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ы /хх-ийн 33-р ху/, гэрч *******йн /хх-ийн 40-41-р ху/, *******ын /хх-ийн 43-44-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, “Эко Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн  дүгнэлт /хх-ийн 56-93-р ху/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  дүгнэлт /хх-ийн 116-130-р ху/, /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д заасныг баримтлан  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Daewoo 280 LС-3” маркийн ******* УБ улсын дугаартай, шар энгийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч буюу түүний өмчлөгч *******ын Эрдэнэбаярт олгож, техникийн үнэ болох 7,500,000 төгрөгийг  улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.  

3.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль экологид учруулсан хор уршгийн шинж чанар  зэргийг харгалзан торгох ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх уг саналыг хэрхэн няцааж буй хууль зүйн үндэслэлээ дурьдалгүйгээр нэг жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж  шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль  экологид  225.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан  прокурорын саналын хүрээнд торгох ялаар шийтгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.     

Шүүгдэгч Н.*******т оногдуулсан 01 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна”  гэж заасны дагуу шүүгдэгч Н.*******ын  2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл  нийт 57 хоног  цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгт дүйцүүлэн тооцож, 855,000 төгрөгийг 5,400,000 төгрөгийн торгох ялаас хасч нийт эдлэх ялын хэмжээг 4,545,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******ын  *******ийг  5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

4 дүгээр заалтыг:

“4.Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******т  анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын  2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгт дүйцүүлэн тооцож /15,000 х 57 = 855,000/ 855.000 төгрөгийг  5,400,000 төгрөгийн торгох ялаас хасч нийт торгуулийн  ялын эдлэх хэмжээг 4,545,000 төгрөгөөр тогтоосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                         ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН