| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/05804/И |
| Дугаар | 183/ШШ2024/04098 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/04098
2024 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2024/04098 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхцэцэг, хариуцагч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч Б.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд 2010 онд хариуцагчтай гэр бүл болсон. Түүнээс хойш хамт амьдарч байгаад гэр бүлийн хүчирхийлэлд зөндөө орж байсан. 3 хүүхдээ бодоод 10 гаруй жил хамт амьдарсан. Сүүлдээ болохоо болиод салсан. Тэр 5 жилийн хугацаанд хүүхдүүддээ мөнгөн тэтгэмж өгч байгаагүй, хүүхдүүдээ эргэж ирж уулзаж байгаагүй. Хуулиар нь 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв.
2. Хариуцагч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Анхцэцэг тухайн үед бүх зүйлийг минь блоклочхоод уулзаагүй гэж байна. Өөрөө уулзахгүй гэсэн. Би 2023 онд хүүтэйгээ холбогдсон. Хүүхдийн тэтгэмж өгөхөөс татгалзахгүй. Гол нь бид хамтран амьдарч байхдаа хоёулаа зээлтэй байсан. Би өөрийнхөө нэр дээр 44,000,000 төгрөгийн зээл байсныг 64,200,000 төгрөг болгоод төлөөд дуусгасан. Одоо Б.Анхцэцэгийн зээл миний дансыг барьчихсан, хилийг хориг тавиад намайг ажилгүй болгосон байгаа. Давхар нэхэмжлэгчийн зээлийг төл гээд сард 1,000,000 төгрөг хийгээд төлж байгаа. Би хүүхдийн тэтгэмжээ өгье эсвэл зээлийг нь төлье гэж байгаа. Хүүхдийн тэтгэмжээ өгөх юм чинь зээлээ өөрөө төл. Би хилийн хориг тавигдаад ажилгүй болчихсон байгаа. Урагшаа хил рүү гардаг ажилтай байсан. Одоо ажилгүй сард 1,000,000 төгрөг олоход ч хэцүү болоод байна. Эсвэл хилийн хоригоо цуцлуулаад өг... гэв.
3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******, нарын Дархан-Уул аймаг Шарын гол сумын Ерөнхий боловсролын 2 сургуульд сурч байгаа тодорхойлолт, 2023.12.27-ны өдрийн 1176 дугаар албан бичиг, 2024.08.30-ны өдрийн 00381 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******, нарын төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар, 2023.09.04-ний өдрийн 135/ГХ2023/00703 дугаар гүйцэтгэх хуудам олгох тухай гүйцэтгэх хуудасны хуулбар, голомт банкны дансны хуулганы хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь хариуцагч Б.Мөнхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, харин зээл төлдөг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь хариуцагч Б.Мөнхбаяр нар нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 6/
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин нар төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 8-9/
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг хариуцагч Б.Мөнхбаяр нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 6/
Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Б.Мөнхбаяртай хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Б.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг хариуцагч Б.Мөнхбаяр нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн хүү *******, охин нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь хүү *******, охин нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн бөгөөд хариуцагч Б.Мөнхбаяр нь хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамжид маргаагүй байна.
Иймд 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.Анхцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь хүү *******, охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт ... банкны зээл төлдөг ... хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй ... хилийн хориг тавьсан учир ажил хийх боломжгүй байгаа ... зээл төлөхгүй бол хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй ... гэж тайлбарлаж байна, харин нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт ... би ч гэсэн тэр зээлээс төлөөд явж байгаа ... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь сар бүр банкинд зээл төлдөг эсэхээс үл хамааран тэрээр өөрийн төрсөн хүү *******, охин нарыг тэжээн тэтгэх, асран хамгаалах, өсгөн хүмүүжлүүлэх үүрэгтэй бөгөөд банкинд зээл төлдөг гэх үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг, хариуцагч Б.Мөнхбаяр нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
Хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Б.Мөнхбаяр нь хүү *******, охин нартай уулзах болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Анхцэцэгт сануулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Анхцэцэг нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Анхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч*******, хариуцагч******* нарын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин нарыг эх Б.Анхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү *******, охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнхбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Б.Мөнхбаяраас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Б.Анхцэцэг, эцэг Б.Мөнхбаяр нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Б.Энхсайхан нь хүү *******, охин нартай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Анхцэцэгт сануулсугай.
8. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Анхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхцэцэгт олгосугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ