| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03746/И |
| Дугаар | 183/ШШ2024/04099 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/04099
2024 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2024/04099 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох
Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,
******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (ЕКF Danmarkskredit) нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит И Ки Эф Данмаркс Экспорткредит ХХК-ийн зүгээс дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү 2 шаардлага гаргах үндэслэл нь нэхэмжлэгчийн зүгээс Монголын алт ХХК-д зээл олгосон. Энэхүү зээлтэй холбоотой маргааныг Германы арбитрын институт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр Монголын алт ХХК-аас 85,350,466.08 долларыг гаргуулж, нэхэмжлэгч И Ки Эф Данмаркс Экспорткредит ХХК-д олгуулах, мөн 856,450 еврог гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, тус шийдвэрийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн шүүхэд 2022 оноос хүсэлт гаргаад явсан. Тухайн хүсэлтийг шүүх 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7691 дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжаар шийдвэрийг баталгаажуулсан байдаг шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 673 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж олгогдсон Ингээд Герман улсын арбитрын шийдвэрээр Монгол улсын нутагт дэвсгэрт албадан биелүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон. Шүүхийн шийдвэр баталгаажсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний гаргасан хүсэлтийг хүлээн аваад, Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн өмнө дурдсан 673 дугаар гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7691 дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Монголын алт ХХК-аас 135,721,947,897 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 40,567,542 ам.долларыг шийдвэрийн дагуу төлсөн. Энэ төлбөр төлөгдсөний дараа Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Үүнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гомдол гаргаад явсан. 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 01 дугаартай тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь сая дурдсан 85,350,466.08 доллар, 856,450 еврогийн асуудал яригдаж, энэ төлбөр бүрэн төлөгдөөгүй байна гэсэн байгаа. Монголын Алт ХХК-аас нэхэмжлэгчид зээлийн хүү болгож төлсөн өмнөх 109,000,000,000 төгрөгийг энэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн гээд хаасан. Энэ нь буруу байсан гэсэн дүгнэлт гарсан тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл 04 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч дахиад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа өмнө яригдсан 109,000,000,000 төгрөгийг төлөөгүй байна гэдгийг төлбөр төлөгч Монголын алт ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал үүсэж байгаа. 109,000,000,000 төгрөг төлчихсөн гээд хаасан байсан аж ахуй нэгж нэмээд 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосноос 1 хоногийн дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 109,443,842,736 төгрөг буюу 32,357,718 ам.долларыг шилжүүлсэн. Үүнээс харахад өмнө төлөгдсөн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр дурдаад байгаа 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2,250 доллароор Хаан банк болон Голомт банкны данснуудаар төлөгдөж байсан 109,000,000,000 төгрөг бол өнөөдрийн яриад байгаа 673 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу биелэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр биш болох нь тодорхой болсон. Ингээд 109,000,000,000 төгрөг төлөгдөнгүүт ахлах шийдвэр гүйцэтгэгч энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн төлөгдсөн байна гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Гэтэл төлбөр төлөгчөөс төлсөн 135,721,947,897 төгрөг, 109,443,842,736 төгрөгийг тухайн үеийнх нь долларын ханшаар бодоод үзэхээр 72,925,260 долларыг төлсөн байгаа. 85,350,466.08 ам.доллароос дутуу төлсөн байгаа. Хэдэн доллар дутуу байгааг тооцоолоод сүүлд хэлье. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж, шүүхийн шийдвэрт заасан мөнгө бүрэн төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болно гэсэн зохицуулалт байгаа. Төлсөн мөнгөн дүнгүүдийг нэмээд үзэхээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн гаргуулсан зүйл байхгүй. Яаруу сандруу, өмнөх тогтоолыг нь хүчингүй болгохоор маргааш нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөл зохих мөнгө бүрэн төлөгдөөгүй байна. Ийм учраас энэхүү төлбөрийг бүрэн гүйцэд гаргуулж өгнө үү гэсэн байр суурьтай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Арбитрын шийдвэрээр гарга гэсэн дүнг шийдвэр гүйцэтгэх газар Монгол төгрөгөөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр хувиргаад, тэр Монгол төгрөгөө биелүүлснээ бүрэн биелүүлсэн гэж үзээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаачихсан. Гэтэл арбитрын шийдвэр дээр заагдсан ам.доллар болон еврогийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа. Энэ хооронд 13,000,000 орчим доллар буюу 40,000,000,000 орчим төгрөгийн зөрүү гарч байгаа. Ийм их хэмжээний төлбөр дутуу, арбитрын шийдвэр биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна Гэтэл энэ төлбөрүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага арбитрын шийдвэр гарсан өдрийн Монгол төгрөгт хувиргаад, тэр Монгол төгрөгийг гаргуулна гээд шийдэж байгаа хууль хэрэглээ нь эргээд Арбитрын шийдвэр заавал биелэгдэх тухай конвенцын зохицуулалт болон Арбитрын хуулийн зарчимтайгаа зөрчилдөж байгаа. Арбитрын шийдвэр бүрэн биелсэн гэж юуг үзэх вэ гэдэг асуудлыг харахаар арбитрын шийдвэр гүйцэтгэх хуудас дээр бичигдэж байгаа. Энэ гүйцэтгэх хуудас дээр бичигдсэн дүнгүүд төлөгдсөнөөр бүрэн төлөгдсөн гэж үзнэ. Түүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө тухайн арбитрын шийдвэрт заасан валютыг хуулиа буруу хэрэглэж ойлгож Монгол төгрөгт хувиргаад үүгээрээ барагдуулсан гэж ойлгох нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх заалттай зөрчилдөж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндсэн баримт бичиг бол шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан захирамж болон гүйцэтгэх хуудас байдаг. Гүйцэтгэх хуудсанд төгрөгөөр дүн тавигдаагүй. Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 183 дугаар гэж байгаа. Үүн дээр хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй эргэн төлөлтөд 67,857,348.35 ам.доллар, төлөгдөөгүй хүүнд 10,449,648 ам.доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү 6,600,000 ам.доллар, төлөгдөөгүй тохирсон нөхөн төлбөрт 430,000 ам.доллар, арбитрын зардалд 856,750 евро гэж байгаа. Гүйцэтгэх хуудас дээр бичигдсэн дүн дандаа ам.доллар болон еврогоор байна. Тэгэхээр арбитрын шийдвэр бүрэн биелнэ гэхээр арбитрын шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагдсан дүн энэ валютаараа төлөгдсөн байхыг ойлгохоос өөр аргагүй болж байгаа. Хэрвээ тэгэхгүй бол арбитрын шийдвэр бүрэн биелэхгүй байх нөхцөлд хүрнэ. Шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоол гаргаад ажиллагааг хаахдаа Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг баримталсан. Энэ заалт нь шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл энэ заалтын утга нь шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээж авахад ийм журам үйлчилнэ гэдэг байдлаар зохицуулсан заалт нь байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг нь хувийн хэрэгт хавсаргана гэсэн байгаа. Тус заалтын 2 дахь хэсэгт бэлэн мөнгө хүлээн авах баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна, 3 дахь хэсэгт бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна, 4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор төлбөр авагчид олгож, эсхүл шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ. Тус хуулийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж байгаа. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгийг төлбөр төлөгчөөс хүлээж авахдаа энэ тохиолдолд гадаад валютыг хүлээж авахдаа ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож хүлээж авна гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг арбитрын шийдвэр биелүүлэхэд баримталж, хүрээ хязгаарыг нь тогтоохгүй буруу хэрэглэснээр энэ маргаан үүссэн байгаа. Арбитрын шийдвэрт заасан гадаад валютыг шийдвэр гарсан өдрийн валютын ханшаар бодож төгрөгөөр тооцоод, тэр төгрөгөө биелэгдсэнийг арбитрын шийдвэр биелэгдсэн гэж буруу тайлбарласнаас болж маргаан үүсээд байгаа. Гэтэл энэ нь эргээд арбитрын шийдвэр, гүйцэтгэх хуудсанд доллар, еврогоор заагдсан дүнгээс 13,000,000 ам.доллароор зөрөх үр дүнд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар төлөлт хийгдсэн дүнг харахаар 2 удаагийн төлөлт хийгдсэн. Нийтдээ 72,000,000 орчим ам.доллар шилжсэн. Гэтэл цаана нь 12,425,206 ам.доллар, евро төлөгдөөгүй. Арбитр нь хүү, нэмэгдүүлсэн хүү, арбитрын зардалд тэдийг төл гээд заасан байдаг. Гэтэл тэр нь төлөгдөөгүй. 12,425,206 ам.доллар төлөгдөөгүй, арбитрын зардал огт төлөгдөөгүй байдалтай байна. Энэ эргээд конвенцын дагуу арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх Монгол улсын үүрэг, арбитрын шийдвэр зайлшгүй биелэх хуулийн зарчим Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг буруу хэрэглэснээс болж зөрчигдөхөд хүрээд байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Бусад төлөөлөгч нар үндсэн саналыг хэллээ. Би нэг зүйл нэмье. Дани улсын И Ки Эф Данмаркс Экспорткредит ХХК нь төрийн өмчит компани байгаа. Үндсэндээ бол зээл олгодог, хөгжлийн төсвийг санхүүжүүлдэг байгууллага. Монголын алт ХХК-д цементийн үйлдвэр босгоход нь зээл олгосон байгаа. Энэ зээлтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудал төлөгдөөгүй учраас арбитрын хэрэг үүсээд, шийдвэр гарсан байдаг. Зээлдүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь олгосон зээлээ бүрэн дүүрэн, гэрээгээр тохирсон хүү, торгуулийг бүрэн нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй байгаа. Тиймээс Монгол улсад Герман улсад гарсан арбитрын шийдвэрийг албадан хэрэгжүүлэх гээд явж байгаа. Өмнө хэлдгээр Нью Иоркийн конвенц, Арбитрын хууль болон бусад хууль тогтоомжоор бүрэн гүйцэтгэх эрх зүйн үндэслэл үүсээд байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилготой хууль юм. Шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэдэг нь энэ хуулийн үндсэн зарчим гэж ойлгож болохоор байгаа. Энэ шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулаагүй байж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. 13,000,000 орчим ам.долларын хохирол нэхэмжлэгчид үүсэж байгаа. Нэхэмжлэгч нь төрийн өмчит буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг компани байгаа. Энэ компанийн хувьд нэг цент, нэг доллар ч үнэтэй. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэглэж байгаа заалт нь тухайн төлбөрийг хэрхэн шилжүүлэх талаар зохицуулж байгаа процессын шинж чанартай заалт байгаа. Үндсэн агуулга буюу шүүхийн шийдвэрт заасан нийт хөрөнгө, мөнгийг гаргуулах үндсэн материаллаг талын зарчмыг хөндөхгүй байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл энэ 2 хоорондоо зөрчилдөж байна. Хоёр хуулийн заалт зөрчилдөж байна гэж үзвэл хуулийн үндсэн агуулгыг харах ёстой гэж бодож байна. Тэр нь Монгол улсын хэмжээнд нэгэнт баталгаажсан арбитрын шийдвэр заавал биелэгдэх ёстой гэсэн зарчмаар тайлбарлах ёстой гэж хуульчийн хувьд үзэж байна гэв.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... энэхүү И Ки Эф Данмаркс Экспорткредит ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Герман улсын арбитрын институтийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны шийдвэрээр Монголын алт ХХК-аас төлбөрийг гаргуулахаар болсон. Үнийн дүнг давтан хэлэх шаардлагагүй байх. Бүртгэлийн ******* дугаартай гүйцэтгэх баримт бичгээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 107.5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно. Мөн хуулийн 108.2 дахь хэсэгт гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгчтэй хамтран батална гэж заасан байдаг. Энэ журмын 2.5 дахь хэсэгт төлбөрийн мөнгийг шилжүүлэх, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тодорхойлно гэж заасан байдаг. Дээрх заалтыг шүүхийн шийдвэртэй холбогдолтой заалт гэж үзэж байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох гэж байгаа.
Тус хуулийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасан байгаа. Төлбөр төлөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 03 дугаар сарын 22-ны өдөр, 04 дүгээр сарын 30-ны өдөр нийтдээ 246,517,008,635 төгрөгийг нийт төлсөн байдаг. Дээрх төлсөн үнийн дүнг арбитрын шийдвэр гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл тухайн шийдвэрийг бүрэн төлсөн байна гэж үзэхээр байгаа. Төлбөр төлөгчийн зүгээс дансанд төвлөрүүлсэн мөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, тус оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагчийн ирүүлсэн дансны хүсэлтээр шилжүүлэг хийж амжилттай хүлээн авсан гэх дансны хуулга мэдээлэл байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2023.05.03-ны өдрийн 183/ГХ2023/00673 Гэв.-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасын хуулбар, 2024.04.27-ны өдрийн 183/ГЭВ.2023/07691 дугаа Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, 2023.05.19-ний өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024.04.30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024.04.30-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримтын хуулбар, 2024.05.15-ны өдрийн 9-1/1481 тоот албан бичгийн хуулбар, улсын тэмдэгтйин хураамж төлсөн баримт, *******, ******* нарт олгосон итгэмжлэл, баталгаат орчуулгын хамт, 00001330 дугаар төлбөрийн даалгаварын хуулбар, 2024.03.22-ны өдрийн 24-3/279 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024.03.29-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, 15.12.2022 02/1417 дугаар албан бичиг орчуулгын хамт, 2024.04.29-ний өдрийн 01 дугаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: Д.Мөнхбаяр, ******* нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс ******* дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материаллыг баримтыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулан авсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит И Ки Эф Данмаркс Экспорткредит компан (ЕКF Danmarkskredit)-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит И Ки Эф Данмаркс Экспорткредит компан (ЕКF Danmarkskredit) нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Германы Арбитрын Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрээр Монгол Улсын хуулийн этгээд болох Монголын алт МАК ХХК-иас зээлийн хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй төлбөрт 67.857.348,35 ам.доллар, төлөгдөөгүй хүүд 10.449.648,01 ам.доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6.612.524,43 ам.доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430.946,01 ам.доллар, арбитрын зардалд 856.570,33 еврог тус тус гаргуулан нэхэмжлэгч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 77-130/
5. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/07691 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжаар Германы Арбитрын Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Арбитрын шийдвэрт оруулсан засварт арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 6-14/
6. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2023/00673 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж Монголын алт МАК ХХК-иас хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй төлбөрт 67.857.348,35 ам.доллар, төлөгдөөгүй хүүд 10.449.648,01 ам.доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6.612.524,43 ам.доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430.946,01 ам.доллар, арбитрын зардалд 856.570,33 еврог тус тус гаргуулан нэхэмжлэгч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-д олгох гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 5/
7. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Цэрэнлхагва шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болжээ. /хх-ийн 15/
7.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол-оор төлбөр төлөгч Монголын алт МАК-нд холбогдох ******* дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 30 хоногийн хугацаагаар тус тус сунгаж байжээ. /хх-ийн 141-152/
8. Германы Арбитрын Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэрээр төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК нь зээлийн хугацаа хэтэрсэн болон төлөгдөөгүй төлбөрт 67.857.348,35 ам.доллар, төлөгдөөгүй хүүд 10.449.648,01 ам.доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6.612.524,43 ам.доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430.946,01 ам.доллар буюу нийт 85.350.466,8 ам.доллар, арбитрын зардалд 856.570,33 еврог төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-д төлөх үүрэгтэй.
9. Төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр барагдуулах дансанд:
9.1. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 135.721.947.897,00 төгрөг,
9.2. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 109.433.842.736,00 төгрөг,
9.3. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.361.218.002,00 төгрөг буюу нийт 246.517.008.635 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 186, 201, 162/
10. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-ийн дансанд:
10.1. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 137.037.158.058,30 төгрөг буюу гадаад гуйвуулгаар 40.567.542,35 ам.доллар,
10.2. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 109.433.842.742 төгрөг буюу гадаад гуйвуулгаар 32.357.718,14 ам.доллар нийт 72.925.260,49 ам.долларыг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. /хх-ийн 191/
11. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нар ... төлбөр төлөгчийн шилжүүлсэн 135.721.947.897,00 төгрөг нь 40.567.542 ам.доллар, 109.433.842.736,00 төгрөг нь 32.357.718 ам доллар буюу нийтдээ 72.925.260 ам.доллар болгон шилжүүлснийг хүлээн авсан ... гэж тус тус тайлбарлаж байна.
12. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК-иас Арбитрийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн төлбөрөөс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-нд 72.925.260,49 ам.долларыг шилжүүлсэн, төлбөр авагч нь 72.925.260,49 ам.долларыг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
12.1. Харин нэхэмжлэгч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit) нь Арбитрын шийдвэрт заасан 85.350.466,8 ам.доллар, арбитрын зардалд 856.570,33 евро төлөх үүргээ төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК нь биелүүлээгүй гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Арбитрийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан гадаад валютын ханшаар тооцож ам.доллар 2.854 төгрөг, евро 3.319 төгрөг байхаар тооцож төлбөр төлөгчөөс төлбөрийг барагдуулсан гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж тайлбарлан тус тус маргаж байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заажээ.
13.1. Дээрх хуулийн заалтыг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн гадаад валютын ханшийг Монгол банкнаас зарласан ханшаар тооцох хуулийн зохицуулалт гэж ойлгож хэрэглэнэ.
13.2. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зохицуулалтыг хэрэглэн төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
13.3. Тодруулбал: төлбөр барагдуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тухай хуулийн заалтыг тайлбарлан, хэрэглэж байгаа нь үндэслэлгүй.
14. Түүнчлэн төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК-ийг гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн эсэх, нийт 246.517.008.635 төгрөг төлснийг хэрхэн, яаж тооцон Арбитрын шийдвэрт заасан 85.350.466,8 ам.доллар, 856.570,33 евро болсон гэж үзэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон эсэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зохих журмын дагуу явагдсан талаараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан.
15.1. Энэхүү заалт нь шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт гадаад валют хүлээн авахдаа шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож авах харилцааг зохицуулсан хуулийн заалт байна.
15.2. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс гадаад вальют гаргуулж төлбөр авагчид шилжүүлэхэд дээрх хуулийн заалтыг хэрэглэж, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож төлбөрийг гаргуулахад гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн хэмжээ багасаж төлбөр авагчид шилжсэн байгааг төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
15.3. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн гүйцэт гаргуулж төлбөр авагчид шилжүүлснээр төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзнэ.
15.4. Тиймээс төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-нд бүрэн төлж барагдуулаагүй гэж дүгнэлээ.
16. Арбитрын шийдвэрээр төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК-иас нийт 85.350.466,8 ам.доллар, 856.570,33 еврог төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit)-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч нь 72.925.260,49 ам.долларыг хүлээн авсныг арбитрын шийдвэрт заасан төлбөрийг бүрэн гүйцэт, бодитой хүлээн авсан, төлбөр төлөгч Арбитрын шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ шударгаар биелүүлсэн байна гэж үзэхээргүй байна.
17. Төлбөр авагч И Ки Эф Данмаркс Экспорткредит компани (EKF Danmarkskredit) нь гүйцэтгэх баримт бичигт заасан 85.350.466,8 ам.доллар, 856.570,33 еврог бүрэн гүйцэт хүлээн аваагүй, төлбөр төлөгч Монголын алт МАК ХХК нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байхад төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг төлбөр авагч нь эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй байх тул шүүхэд хандах эрхтэй гэж үзнэ.
18. Иймд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
19. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар тогтоолыг төлбөр авагч талд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан байна, төлбөр авагч нь уг тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай албан тоотоор хариу өгснийг хэрэгт хавсаргажээ. /хх-ийн 199, 203/
20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх албанаас гомдлыг хүлээн аваагүй дээрх албан тоотыг төлбөр авагч талд хэзээ мэдэгдсэн, гардуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандсаныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
21. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
22. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/394 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ******* бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ