Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

Шүүгдэгч Л.Ц, Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас

-/2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Г.Т,

-/2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт  Л.Ц нарт холбогдох эрүүгийн 201710000148Т тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайхандулаан сумын 1 дүгээр багт оршин суух, 4 удаа ял шийтгэгдэж байсан, 2005 оны 09 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 04 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2012 оны 12 сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2015 оны 04 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогтой Г.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багт оршин суух, 2 удаа ял шийтгэгдэж байсан. 2006 оны 06 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 10 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Д овогтой Л.Ц,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

1. Шүүгдэгч Л.Ц нь Б.Б, О.И, Л.Х нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Г.Т, Б.Б, О.И, Н.Б нартай нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Г.Т, Б.Б, О.И, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Г.Т нь Б.Б, О.И, Н.Б, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Л.Ц, Б.Б, О.И, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд ирэхгүй болохоор нь бид нар тэгвэл хэдүүлээ Сайхандулаан сум руу явцгаая гээд хөдлөөд явсан ба Б, И 2 мотоцикль дээр сундлаад араас нь бид нар явж байтал зүүн урагш чигтээ зам орж ирэхээр нь тэр замаар явж байтал уг зам нь нэг том уул ороогоод эргэтэл замын хажууд нэг айл байсан, тэгсэн Б, Ц 2 түрүүлээд уг айлд очиж үзчихээд ирье гэж хэлж яваад ирэхдээ хүнгүй айл байна, хонь нь хашаатай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт уг айлын гадаа очоод хашаатай байсан хониноос нь 4 эр ямаа, 1 эм ямаа, 2 эр хонь, нийт 7 бог мал Пажеро маркийн машин дээр ачиж аваад Сайхандулаан сумын чигтээ явцгаасан. Сайхандулаан сумын баруун талд ойрхон ирээд Пажеро маркийн машин нь эвдэрчихсэн. Тэгээд Ц, И хоёр Б-н мотоциклоор нь машин олж ирэхээр Сайхандулаан сум руу явцгаасан. Тэгээд тэр шөнөдөө Ц, И 2 мотоциклоо үлдээчихээд ногоон өнгийн Портер маркийн, улсын дугаарыг нь анзаарч хараагүй машинтай Ө гэх залууг дагуулж ирээд 7 тооны бог малаа машин дээр нь ачаад машиныг нь чирээд Сайхандулаан сумын төв рүү явсаар байгаад өглөө ирсэн. Тэгээд Ц, Б нар нь уг эвдэрсэн машинаа У гэх залуугийн хашаанд нь оруулж үлдээчихээд Ө гэх залуугийн машин дээр нь сууцгаагаад гэрт нь очсон. Тэгээд Ц нөгөө хүнтэй уулзаж байгаад тэр хүний машинтай нь Айраг хүргүүлэхээр болсон ба Б бид 2 мотоцикльтой, нөгөө хэд машинтай нь явцгаасан ба орой гэхэд Айраг суман дээр ирсэн ба Б бид 2 араас нь ирэхэд нөгөө хүргэж ирсэн Ө гэх хүндээ бензин тос хийж өгөөд буцаагаад явуулж байсан. Бид 2-ыг очиход 4 бог малыг нь Ц ахынхаа хашаанд янзлаад тэгээд зарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь Ц-н ахынх нь хашаанд бид нар бүгд янзалсан ба түүхийг эдийг нь Ц өөрөө ченжид аваачиж өгсөн. Тэгээд /хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна/ орой 17 цагийн орчимд би Б-тай хамт мотоциклийнх нь эвдэрсэн эд зүйлийг нь аваад 33 дугаар зөрлөгөөс мотоциклийг нь авчрахаар Б-н мотоциклийг нь унаад 33 дугаар зөрлөг рүү яваад мотоциклийг нь янзалчихаад бид 2 эргээд Айраг руу явж байтал 31 дүгээр зөрлөгөөс хойш засмал замын хажууд олон үхэр байсан ба тэр үедээ би хараад өнгөрсөн, бид 2 Айраг дээр нөгөө айлдаа ирсэн. Тэгсэн Б тэд нарт урд замын хажууд олон үхэр байна, тэрнээс авъя гэж хэлэхээр нь тэд нар тэгье гэж хэлж байсан ба би тэр үед дуугүй л байж байсан. Тэгээд тэр шөнөдөө Б өөрийнхөө мотоциклоор Б өөрийнхөө мотоцикльтой, И сундлаад тэр 3 урагшаа явцгаасан. Тэгээд тэр 3 маргааш өглөө нь үүрээр /цагийг нь мэдэхгүй байна/ тэр 3 ирээд нэг үхэр төмөр замын баруун талд гаргачихлаа гэж хэлж байсан. Тэгээд өдөржингөө байцгааж байгаад орой харанхуй болж байх үед Ц, нөгөө айлын Б ах 2 үлдээд бид нар нөгөө 3 мотоцикль дээрээ сундлаад 5-лаа үхэр үлдээсэн газар луу явцгаасан. Очиход нөгөө үхэр нь холдоогүй 64 дүгээр зөрлөгийн гармын баруун талд айлын үхэртэй нийлсэн байсан ба бид нөгөө үхрийг тасдаж Айраг сум руу чиглүүлээд тууж байгаад Айраг сумаас баруун урд талд мөсөн дээр унагааж хүлж орхисон. Тэгээд байж байтал Б, И, Б 2-той муудалцаад Б мотоцикльтойгоо И-г суулгаж аваад Айраг чиглэлтэй давхиад яваад өгсөн. Тэгтэл Б Ц луу утсаар яриад машинаа аваад хүрээд ир гэж хэлсэн ба Б, Б бид 2 уг үхрийг нядлаад байж байсан, удаагүй Ц Улаанбаатар хотоос дуудсан гээд цагаан өнгийн жижиг суудлын авто машинаар ирсэн ба машин дотор нь нэг танихгүй хүүхэн, залуу 2-ын хамт ирсэн. Тэгээд янзалсан үхрийнхээ толгой, мах болон арьсыг нь жижиг машины багажид нь хийгээд Ц уг машинтайгаа Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. Тэгээд бид 3 Айраг дээр нөгөө айлд нь очсон. Тэгээд бид 3 хоносон Ц маргааш нь билүү нөгөөдөр нь 150,000 төгрөг шилжүүлээд бид 3 нөгөө Б, Б-н 2-ын мотоцикльд нь бензин хийж аваад бид 3 Дундговь аймгийн Гурвансайхан сумын төв дээр Э-н гэрт нь Б, П буюу Б бид 3 очоод 2 хоносон ба Б үлдээд, харин Б бид 2 Дундговь аймгийн төв рүү Б-н найз нь гэх Э гэж дуудаж байсан найзынх нь гэрт очоод 3 хоносон.  Дундговь аймгийн төв дээр байхад Б гарч яваад өөрийнх нь унаж байсан улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоо зарчихлаа гээд 100,000 төгрөгтэй ирсэн. Тухайн үед Ц, Б, Б, Б, И нар мал хулгайлах санаа зорилготой явцгаасан. Харин тэр үед нь би зүгээр дагаад явж байсан. Хулгай хийх санал санаачилгыг дээрхи хэд л хоорондоо ярилцаж байгаад гаргасан гэжээ. /1-р хх-ийн 163-169/

-Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Ш-н 7 тооны малыг М сумаас хулгайлсан. Айраг сумаас хойшоо 31-р тойрог дээр олон тооны үхэр байсан нэг үхрийг нь тасалж туусан. Тэгээд Ц-г дуудаж махыг нь заруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол 320.000 төгрөгийг хохирогч нарт төлсөн. Дахин ийм хулгайн хэрэг хийхгүй гэв.  

-Шүүгдэгч Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын эхээр танил ах И нь өдөр 15-16 цагийн орчимд над руу дугаарын утсаар яриад намайг хаана байна гэхээр нь би Айраг суман дээр ирж байна гэхэд 33 дугаар зөрлөг дээр мотоцикл эвдэрчихлээ, айлын гадаа орхичихлоо унаа байдаггүй, чи унаа олоод намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 19 цагийн орчимд найз Б-н эзэмшлийн улсын дугаартай, ногоон өнгийн Пажеро маркийн тээврийн хэрэгслээр надтай хамт явж байсан З гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй найзынхаа хамт 33 дугаар зөрлөг дээр ирсэн. Тэгээд И ахтай уулзсан чинь 2 мотоциклтой 5-лаа явж байсан чинь нэг мотоцикл нь эвдэрчихсэн гэж хэлсэн. Тэгээд Б, П гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх 2 залуу нь мотоцикл унаад харин миний унаж ирсэн машинд И, Б, Т нар сууцгаагаад тэр өдөртөө Айраг суман дээр ирцгээсэн. Тэгээд бид нар Айраг суманд зүүн гэр байранд байдаг Б ахынд очоод архи ууцгааж хөзөр тоглож байгаад хоноцгоосон. Тухайн үед би И ахтай хамт явж байсан залуучуудтай тэр үед танилцсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 2-н билүү, 3-ны өглөө ногоон өнгийн Пажеро маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б, И ах, Т, З бид нар, мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклоор П, Б 2 явсан ба бид нар Дундговь аймгийн Өндөршил сум руу явцгаасан. Тэр үед П гэх залуу нь цэрэгт хамт алба хаасан найзтайгаа уулзаж, бид нарт мал худалдаж авч өгнө, өөрөө бас хувийн уулзах ажилтай гэж ярьж байсан. Тэгээд бид нар замдаа хөдөө газар хоночихоод өглөө эрт 08 цагийн орчимд цааш явсаар Өндөршил сумын төв дээр ирсэн. П гэх залуугийн найзын гэрт нь очсон. Тэгээд тэр өдөртөө уулзчихаад мал зарахгүй гэхээр нь Сайхандулаан сум руу явж байсан ба тэр үед Б мотоцикльтой түрүүлээд явж байсан ба эргэж ирээд энд ойрхон эзэнгүй айл байна аа малаа хашчихсан байна хэдүүлээ хэдэн хонь, ямаа ачаад аваад явъя гэж хэлэхээр нь бид нар бүгд тэгье гэж хэлээд уг айл руу нь явж очсон. Тэр үед гэр нь цоожтой, бог малаа хашчихсан байсан, тэр үед Зоригоо л машиндаа сууж байсан, харин бусад нь бүгд бууж очоод хашсан байсан хониноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь нийт 7 тооны бог малыг тээврийн хэрэгсэл дээрээ ачиж аваад Сайхандулаан сумын чигтээ явцгааж байтал Сайхандулаан сумаас баруун тийш ойролцоогоор 5 км орчим газарт машин эвдэрсэн. Тэгээд И ах бид 2 нөгөө мотоциклоор нь Сайхандулаан сумын төв рүү машин олохоор явсан ба Сайхандулаан сумаас хойш 10 км газарт хөдөө байдаг танил Ө ахын машиныг нь гуйсан. Тэгээд Ө ах цэнхэр өнгийн Портер маркийн машинтайгаа очоод 7 бог малаа Ө ахын машины ачаан дээр нь ачаад эвдэрсэн тээврийн хэрэгслийг чирч аваад Сайхандулаан суман дээр авчирсан. Тэгээд эвдэрсэн улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг танил У гэдэг залуугийн хашаанд нь тавиад орхисон, харин Ө ахын тээврийн хэрэгслээр нь бид нар Айраг сум руу нөгөө Б ахын гэрийн гадаа хүргүүлчихээд Ө ахыг тэр өдөртөө машинтай нь буцаагаад явуулсан. Тэгээд тэр өдөртөө З-с бусад явсан хэд бүгд нөгөө хулгайлсан 7 бог малаа Айраг сумаас урагш 500 метр газар буюу хогийн хонхрын ойролцоо нядалсан. Тэгээд бид нар арьс махыг нь Э гэх ченжид 640,000 төгрөгөөр өгсөн. Тэгээд уг мөнгөөр нь бид нар бензин тос, масло, мотоциклийн сэлбэг, тамхи, архи, утаснууддаа нэгж зэрэг зүйлс аваад дууссан ба бид нар тэндээ хоноцгоосон. Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна Т, Б, П гурав над руу өдөр 15 цагийн орчимд утсаар яриад намайг машин олоод өгчих урд нэг үхэр мах болгож зарж мөнгөтэй больё гэж гуйхаар нь би таньдаг А-тай утсаар яриад “таксинд явж байгаа юу, миний машин эвдэрчихсэн юм, хот руу мах оруулаад өгөөч, хөлсийг нь өгнө” гэж хэлээд хөлсний мөнгө болон бензиний мөнгө нийлээд 200,000 төгрөг өгье гэж хэлсэн ба махаа борлуулж байж өгье хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд А ногоон өнгийн Аксент маркийн машинтай ганцаараа 23-24 цагийн үед Айраг дээр ирсэн. Тэгээд би А-н машинтай тэр 3 дээр очих гэсэн чинь Айраг сумын урд төмөр замынхаа баруун талын гармаар гараад ир гэж хэлээд тэгээд бид 2 мотоцикльтой тосч аваад нөгөө махаа ачсан. Тэгээд би А-н хамт Улаанбаатар хот руу явж, уг үхрийн махаа Баянзүрх зах дээр махны ченжид нь 650,000 төгрөгнд зарсан. Тэгээд машиныхаа хөлс гээд 200,000 төгрөг өгсөн, тэр хэд рүү бензин тосны мөнгө гэж 250,000 төгрөг шилжүүлээд өөрөө үлдсэн 200,000 төгрөгийг авсан. Тухайн үед тэд нар карт байхгүй гэхээр нь би өөрийн Хаан банкны дугаарын данс руу өөрийнхөө нэрээр шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш огт холбогдоогүй, салцгаасан. Тухайн үед Т, Б бид 2 оргоод зугтаагаад явж байна, мөнгө цаасны хэрэг байна, чи нутгийн хүн туслаач бид 2 хот руу орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед архи уучихсан байсан болохоороо зориглоод тэд нарт тусалчихсан юм. Тэрнээс анхнаасаа хулгай хийх ямар нэгэн санаа зорилго бол байгаагүй. Уг тээврийн хэрэгслийг би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр танил найз Б-с 2,350,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин уг тээврийн хэрэгслийн 1,150,000 төгрөгийг нь өгчихсөн байгаа, харин үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр болгоогүй байгаа ба мөн Батхуягийн нэр дээр ч гэсэн байдаггүй өөр хүний нэр байдаг гэж байсан. Дээрхи мотоциклийг хэний эзэмшлийнх гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэд нар л унаж ирж байсан гэжээ. /1-р хх-ийн 133-139/

-Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: О-н 1 тооны үхэр, Г-н 9 тооны адууг хулгай хийх үйлдэлд нь би оролцоогүй боловч махыг нь зарж өгсөн. Ер нь хулгайн мах гэдгийг би мэдэж байсан. Шинэбаярын 7 тооны малыг хулгай хийхэд оролцсон. Би өөрөө машин барьж явсан, миний машинд ачаад аваад явсан. Мөн махыг нь би зарж борлуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хулгайн хэргээс болж биедээ хүнд гэмтэл аваад одоо хэр эмчилгээтэй явж байна. Маш их харамсаж байна. Хохиролд 320.000 төгрөгийг төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй. Биеийн байдал хүнд байна гэв.

-Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна би өөрийн хадам ах И, мөн түүний найз нар болох Б, Т нарын хамт хоёр мотоцикольтой Айраг сумын чиглэлд яваад өмнөөс Ц мотоцикольтой тосож аваад Айраг сум руу хамтдаа очоод танихгүй нэг айлд хоночихоод маргааш орой нь бид нар хар өнгийн Пажеро, хоёр мотоцикольтой Дундговь аймгийн Өндөршил сум руу явж очоод машин тэргээ янзалж аваад Мандах сумын чиглэлд явж байтал замын хажууд эзгүй айлын хашаатай хонин дотроос 5 ямаа, хоёр тооны хонь амьдаар нь Пажеро машиндаа ачаад Сайхандулаан сумын чиглэлд явсан. Тэгтэл машины бөгс голоороо хугараад уначихсан чинь И, Ц хоёр машин олж ирнэ гээд Сайнхандулаан сум уруу явж Портер маркийн машинтай нэг хүнтэй ирээд хонь ямаагаа ачаад машинаа чирээд Сайхандулаан сумын төв ороод айлын хашаанд машинаа орхиод Портер машинтайгаа Айраг сум орж айлын гадаа очиж хонь ямаагаа төхөөрч махыг нь танихгүй ченжид зарсан ба мөнгийг нь Ц авсан. Тэндээс И, Б, Т бид нар хоёр мотоцикольтой хөдлөөд 30 дугаар зөрлөгийн зүүн талд олон тооны үхрүүд байхаар нь нэг тооны улаан мухар эр үхрийг хоёр мотоцикольтой тасдаж хөөгөөд төмөр замын нүхэн гарцаар гараад Т, Б хоёр Айраг сум руу хөөгөөд Ц-тай уулзахаар явсан. И ах бид хоёр мотоциколио унаад шууд аймгийн төвд гэртээ ирсэн. Т, Б, Ц гурав энэ үхрээ янзлаад хот уруу авч явсан гэсэн. Ц ах надтай утсаар яриад ах нь Шандад ирчихсэн байна хоёулаа уулзъя гэхээр нь И ах бид хоёр Ц-тай уулзсан чинь хэдүүлээ дахиад нахиж зүүн тийшээ гаръя гэж яриад байсан. Тэгээд намайг мотоциклдоо янзал гээд 36.000 төгрөг өгөхөөр нь мотоцикольдоо аккумлятор аваад гагнуур хийлгэсэн. Ингээд тэр шөнөө би мотоцикольтой И, Ц хоёр дугаарыг нь мэдэхгүй яагаан саарал өнгийн аксент, маркийн машинтай ирээд хамтдаа Хэнтий аймгийн Баяндэлгэр сумын чиглэлд яваад хулгай хийчих мал олдоогүй. Ингээд хээр машиндаа хоночихоод маргааш нь Баяндэлгэр сум орж бензин, тос, идэж уух юм аваад Дорноговь аймгийн төв рүүгээ чиглээд машин мотоцикольтойгоо явсан. Замдаа машинаа хээр орхиод И ах бид хоёр мотоцикольтой явж яг хаанаас гэдгийг мэдэхгүй Өргөн сумын ойролцоо хээр байсан азаргатай 10 тооны адуу байхаар нь мотоциколоороо тууж Ц-тай уулзаад туусаар байгаад хар зам орж хөндлөн гараад төмөр замын нүхэн гүүрээр гаргаж орхиод аймгийн төв орж гэртээ унтсан. Маргааш нь И ах бид хоёр мотоцикольтой нөгөө адуун дээрээ очиход олдоогүй. Маргааш нь бид хоёр дахиж яваад төмөр замын нүхэн гарц дээр очиход нөгөө адуунууд ирсэн ба азарга нь буцаад давхисан 9 тооны адуу байсан. Ингээд И ах, Ц хоёр машинтай Айраг сум уруу яваад би өөрийн найз Хүpэлсүхийн хамт мотоцикольтой нөгөө 9 тооны адуугаа тууж Айраг сумын баруун хойно хөдөө айл дээр очоод хүрэн, хул зүсмийн хоёр тооны охин адууг нь төхөөрч махалж тэр шөнөө Ц, И хоёр машиндаа махаа ачаад Айраг сум руу явж зарсан. Маргааш нь дахиад хээр, хүрэн зүсмийн хоёр тооны эм адууг Х бид хоёр нядалж махлаад Ц, И ах хоёр махыг нь машиндаа ачаад хот уруу яваад нэг хоночихоод эргэж ирээд дахиад хул адууг нь нядалж байхад Ц, И хоёр дахиад гурван адуу хийж янзал гэхээр нь би та хоёр тэгвэл тооцоогоо хийлдээ гэхэд чи муу яахаараа тооцоо нэхдэг юм гээд Ц гараараа намайг цохиж зодсон гэжээ. /1-р хх-ийн 124-132/

-Яллагдагч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 дугаар сарын 02-ны үед Дорноговь аймгийн Айраг сумаас найз И, Ц, бас нэг танихгүй залуу бид нар Ц-н эзэмшлийн ногоон өнгийн Пажеро маркийн, улсын дугаарыг нь мэдэхгүй байна тээврийн хэрэгслээр харин “Т, Б 2 болохоор миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоор Дундговь аймгийн Өндөршил сумаар дайраад Мандах сум руу явцгаасан. Тэгээд Мандах сумын хойд талаар явж байтал нэг эзэнгүй айл таарсан ба бог мал нь хотондоо байж байсан чинь Ц хэдүүлээ эндээс хэдэн мал ачаад аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар уг айлын хотноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь Пажеро маркийн машиндаа ачаад Сайхандулаан сум руу чиглээд явж байх замдаа Сайхандулаан сумаас баруун тийш 10 гаран км газарт машиных нь мост хугараад зогссон. Тэгээд тэндээсээ Ц, И 2 улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой Сайхандулаан сум руу унаа олохоор явцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд Ц, И 2 Сайхандулаан сумаас Б.Ө гэдэг залууг цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй нь дагуулж ирсэн. Тэгээд уг машины ачаан дээр нь нөгөө 5 тооны ямаа, 2 тооны хонио ачаад эвдэрсэн машинаа чирээд Сайхандулаан сумын төв рүү орсон. Тэгээд эвдэрсэн машинаа Ц-н найз Сайхандулаан сумын иргэн У гэж айлын хашаанд орхичихоод Ө гэдэг хүний машинаар Ц, И, Б нөгөө танихгүй залуу нар, харин Т бид 2 мотоцикьлоор араас дагаж яваад Айрагт хүргүүлсэн. Тэгээд нөгөө малнуудаа Ц-н ах нь гээд Айраг суманд байдаг айлын хашаанд буулгаж, уг газраа эхлээд 3 тооны ямааг нядлаад арьс махтай нь Ц ченжид тушаачихаад ирсэн. Тэгээд маргааш өдөр нь үлдсэн 2 тооны хонь, 2 тооны ямааг нядлаад мөн л Ц ганцаараа арьс махтай нь ченжид өгчихөөд ирсэн. Уг орой нь Ц Улаанбаатар хот руу явсан.  .....2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 64 дүгээр зөрлөгийн баруун хойд хээр газарт И, Б, Т, Ц бид нар Ц-н эр үхрийг нь нядалж өгсөн. Ц нь ер нь Улаанбаатар хотод амьдардаг ба эхнэр хүүхэд нь байдаг, тэгээд гэр лүүгээ явсан. Харин явахдаа нядалсан эр үхрээ махлаад мөн л өөрийнх нь найз нь гээд нэг танихгүй залуугийн машинтай нь хамт явсан. Харин энэ нядалсан гэх үхрийг худалдаж авсан гэж ярьж байсан. Ер нь бид нар Өмнөговь аймгийн Ханбогд сум руу явж байсан ба Ц нь хүнээс авлагатай гэж байсан. Тэгээд бид нар хамт архи ууж байгаад архиныхаа халуунд бүгд хамт явцгаасан. /1-р хх-ийн 141-147/

-Яллагдагч О.И мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би Айраг сумаас Б, Т, Б, Ц, Б нарын хамт Дундговь аймгийн Өндөршил дамжаад малын хулгай хийхээр явсан. Тухайн үед Ц-н Пажеро маркийн автомашинтай явсан. Харин Б өөрийн мотоцикльтойгоо Б-н хамт явсан. Тэгээд бид нар 2017.02.01-02-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумаас зүүн хойш нэг эзэнгүй айл байсан ба хонь ямаа нь хашаатай байсан. Тэгэхээр нь бид нар 2 хонь 5 тооны ямаа аваад Ц-н автомашинд ачсан. Тэгээд бид нар хонь ямаагаа ачаад Сайхандулаан сумын зам руу нийлээд явж байтал зам дээр автомашин эвдэрсэн. Тэгээд би өглөө болж байсан учир Сайхандулаан сум орж Ц бид хоёр Б-г гуйж Портероороо Айраг сум хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би Б-тэй цуг Ц-н автомашиныг У гэж хүний хашаанд чирч аваачиж тавьсан. Харин тухайн үед бол У гэртээ байгаагүй. Тэгээд Б-г гуйж түлшийг нь өгөөд Б, Т, Б, Ц, Б бид нар хүргүүлсэн. Тэгээд бид нар Айраг сум дээр ирээд ченжид Ц хонь, ямаагаа өгсөн. Тэгээд Айраг суманд 2 хоног архи ууцгаасан. Тухайн үед Айраг суманд айлд архи дарс ууцгаасан. Тэгээд Айраг суманд байж байх үед Б, Т хоёр мотоцикльтой 30-р зөрлөг орсон. Тэгээд тэр хоёр буцаж ирээд 30-р зөрлөгийн тэнд үхэр байна гэж хэлсэн. Тэгээд Б, Т, Б бид нарыг очиход 2 үхэр байсан. Тэгээд Б нэг мотоцикль дээрээс бугуйлдсан. Тэгсэн харин тэр бугуйлдсан үхрээ алдчихсан. Харин нэг үхрийг хөөж тууж Айраг сумаас баруун урагш аваачиж орхичихоод Айраг сум орсон гэжээ. /1-р хх-ийн 155-161/

-Хохирогч Н.Ш  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би эхнэр Б-г эмнэлэгт үзүүлэхээр Мандах сум руу явсан юм. Тухайн үед эхнэр Б бид 2 хонио хотлуулж орхичхоод явсан байсан. Тэр үед манай гэрт хэн ч үлдээгүй харин манай том хүү Б нь Сайншанд суманд дээр ажилтай ирчихсэн байсан, харин дунд хүү Б маань Мандах сумын төв дээр байсан ба бага хүү Ө болохоор Мандах суманд ерөнхий боловсролын 2 дугаар ангид сурдаг болохоор сумын төв дээр байсан. Тэгээд бид нар тухайн өдөр сумынхаа төв дээр хоночихоод 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө дунд хүү Б-г хөдөө гэр лүүгээ ганцааранг нь явуулсан. Тэгээд хүү маань хөдөө гэртээ оччихоод над руу утсаар яриад мал маань бүрэн бүтэн зүгээр байна аа гэж хэлж байсан. Тэгээд эхнэр Б-г эмнэлэгт үзүүлчихээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09-10 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь хүү Б байж байсан ба хэлэхдээ өчигдөр шөнө хонио хашчихаад орой гэртээ ганцаараа болохоор саахалт айл болох Б-н гэрт очиж хоночихоод өглөө эрт ирсэн чинь хашсан хонь маань гарчихсан, хашааны хаалга нь онгорхой байсан, мөн машин явсан мөр байна гээд надад харуулсан. Тэгээд бид нар бүгд малаа тоолж үзэхэд 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь дутаж байсан. Би хулгайд алдагдсан гэх 3 улаан зүсмийн эр ямаа, хар халзан эр ямаа, хар толгойтой цагаан эр ямаа, эвэртэй хар толгойтой эр хонь, хар халзан эр хонь нийт 7 тооны бог мал алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй. Манайх хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 10-нд өөрсдөө бог малаа тоолоход бүрэн бүтэн байсан. Би үнэлгээний дагуу 820,000 төгрөг болон мөн унаа зардлын мөнгө зэргийг нэхэмжилж байна. Миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулчихвал ямар нэгэн санал байхгүй гэжээ. /1-р хх-ийн 25-27/

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Манайх Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Дорноговь аймгийн Сайн ус гэх газарт отроор өвөлжихөөр 2016 оны 11 дүгээр дундуур /хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна/ ээж Ц-н хамт ирсэн айл байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30 дугаар зөрлөгөөс зүүн хойд дээр манай үхэр байсан юм. Тэгээд би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд үхрээ харахаар гэрээс урагш ойролцоогоор 12 км газар буюу 30 дугаар зөрлөгийн зүүн хойд дээр үхрээ очиж харсан. Тэгээд үхрээ тоолж бүртгэсэн чинь эвэртэй улаан халзан эр үхэр буруу чих нь араасаа хөндлөн имтэй, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй, мухар улаан халзан шүдлэн эр үхэр нь мөн буруу чих нь араасаа хөндлөн имтэй, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй, 2 эр үхэр дутсан. Тэгээд ойр орчмоор эрж хайгаад тэр өдөртөө олоогүй. Тэгээд уг орой нь Айраг сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчимд гэрээс урагшаа ойролцоогоор 10 км газарт эвэртэй улаан халзан эр үхэр нь бугуйл чирчихсэн явж байхаар нь олж авсан. Харин мухар улаан халзан шүдлэн эр үхэр нь олдоогүй юм.Тэгээд танай байгууллагад хандсан юм. Би өдөр болгон үхрээ харж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчимд үзэхэд мал маань бүрэн бүтэн байж байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 04-ний орой 17 цагийн орчимд дурандсан чинь үхэр харагдахгүй байхаар нь би маргааш өглөө нь үхрээ харахаар гарсан юм. Алдагдсан гэх мухар улаан халзан шүдлэн эр үхэр байсан ба буруу талын чих нь араасаа хөндлөн, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй байсан. Өөр содон шинж тэмдэг бол байгаагүй. Харин зах зээлийн үнээр л үнэлэгдэнэ гэж бодож байна. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Санал нийлж байна. Миний хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа. Миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулчихвал надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 28-30/

-Хохирогч Ц.Г  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 03 сарын 02-ны өдөр хөдөө гэртээ очих үед миний адуунууд байхгүй. Харин будан азарга маань л байсан. Харин азаргатай маань цуг байсан 9 адуу нь байхгүй байсан. Манай хөдөө гэр маань Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын шар жирэм гэх газар байдаг юм. Тухайн үед миний саарал зүсмийн бүдүүн гүү, сартай зээрд зүсмийн бүдүүн гүү, хүрэн халзан зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн соёолон гүү, хонгор зүсмийн соёолон гүү, эрлийз зээрд халзан зүсмийн соёолон гүү, хонгор зүсмийн хязаалан байдас, хээр халзан зүсмийн шүдлэн байдас, хонгор зүсмийн даага зэрэг адуунууд байсан. Одоо манай азарга нь байгаа. Харин 9 тооны адуу алдагдсан. Манай адуунууд саран тэмдэгтэй зуузай тамгатай адуунууд байгаа юм. Харин хонгор зүсмийн гүү нь гурван нүдний чандмань тамгатай юм.Би одоо тэр эрлийз гүүг дааганд нь 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гомдолтой байна. Би одоо өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /1-р хх-ийн 31-33/

-Насанд хүрээгүй гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөдөө гэрээсээ Мандах суман дээр ирчихээд тэр өдөртөө Сайншанд сум руу шагайны тэмцээнд оролцохоор  явсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд тэмцээндээ оролцчихоод 01 дүгээр сарын 24-ний өдөр Мандах сум руу явсан. Тухайн үед би өвөө Ц-д туслаад сумын төв дээр байж байсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шиг санаж байна аав Ш, ээж Б нар хөдөө гэрээс ээжийг эмнэлэгт хэвтүүлэхээр ирцгээсэн. Тухайн өдөртөө бид нар бүгд сумын төв дээр хоносон юм. Тэгээд аав Ш намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэрт хүнгүй байгаа гээд гэр болон малаа харуулахаар намайг ганцааранг хөдөө гэр лүү явуулсан юм. Тэгээд би 10-11 цагийн орчимд гэртээ ирэхэд бог мал хашаандаа хашаатай байсан ба гэрийн хаалга үүд цоожтой зүгээр байсан. Тэгээд би хотноосоо малаа гаргаж бэлчээж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед бог малаа хашаанд нь хийгээд хашчихаад би гэртээ ганцаараа байж чадахгүй болохоор саахалт айл Б-н гэрт нь хонохоор явсан ба тэр өдөртөө хоночихоод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь бог мал хашсан байсан хашааны хаалга онгорхой, хонь, ямаа гарчихсан, мөн гэрийн урдуур болон хашааны урдуур машины мөр тод гарсан байсан. Тэгээд би аав Ш-т хэлэх гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан ба удаагүй аав Ш, ээж Б нар хүрч ирсэн. Тэгээд би аав Ш-т дээрхи асуудлын талаар хэлсэн чинь аав тэр үедээ машин болон мотоциклын мөр байна гэж байсан. Тэр үед бид үлдсэн бог малаа тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь нийт 7 бог мал хулгайд алдагдсан байсан. Би алдагдсан гэх 7 бог малаа сайн зүсэлж хэлж мэдэхгүй байна. Манай аав Шинэбаяр сайн мэднэ, Тэр үедээ аав Ш хэлэхдээ 3 улаан зүсмийн эр ямаа, хар халзан эр ямаа, хар толгойтой цагаан эр ямаа, эвэртэй хар толгойтой эр хонь гэж байсан ба нөгөө эр хонь нь тэр үедээ хэлж байсан ба би одоо хэлж мэдэхгүй байна. Намайг анх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр очих үед бог мал хашсан хашааны хаалга зэрэг зүгээр байсан. Тухайн үед өөр алдагдсан зүйл байгаагүй. Мөн надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 45-48/

-Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай дүү Ц нь Улаанбаатар хотод эхнэр Н-н хамт хадмындаа байдаг гэж байсан. Гэхдээ бид нар хадмынх нь гэр нь хаана байдаг ямар хүмүүс байдаг талаар бол мэдэхгүй танилцаж байгаагүй. Харин эхнэртэй нь бол танилцаж байсан ба манай гэрт ирж байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын дундуур би 13 цагийн орчимд хөдөөнөөс ганцаараа гэртээ ирсэн чинь дүү Ц нь нэг үл таних намхан биетэй залуугийн хамт Пажеро маркийн хар билүү цэнхэр өнгийн, улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай манай гэрт ирчихсэн байсан ба хашаан дотор хонь ямаа, нядлаад байж байсан ба тухайн үед намайг харах үед 3 тооны ямаа, 2 тооны хонь байгаа харагдсан. Тэр үед би дүү Ц-т уурлаад хаанаас юун мал авчираал манай хашаанд нядлаад байгаа талаар асуухад найзаасаа авсан юм гэж хэлсэн ба хаанаас, хэн гэдэг хүнээс авсан талаараа хэлээгүй. Тэгээд би тэр үедээ уурлаад хашааныхаа хогийг цэвэрлээрэй гэж хэлээд байшин руугаа орсон. Тэгээд 15 цагийн орчимд Ц ганцаараа байшинд орж ирчихээд надаас ах мах зараад өгчих гэж гуйсан. Тэгээд би өөрийнхөө цагаан өнгийн бонго маркийн улсын дугаартай машины ачаан дээрээ миний санаж байгаагаар 3  ямаа, 2 хонины гулууз мах, болон арьсыг Ц хамт явж байсан залуу хоёроор ачуулсан.  Тэгээд Ц бид 2 миний машинтай хамт Э ченж дээр очоод би Э-т манай дүүгийн гулууз мах байгаа юм чи 1 кг 2300 төгрөгнд авчих гэж хэлээд тэгээд өгсөн. Харин тооцоог нь Ц өөрөө хийсэн ба яг хэдэн төгрөг авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд арьс шир авдаг ченж Э-нд очоод Э-д 3 ямааны арьс, 2 хонины нэхийний хамт өгсөн ба мөн л Ц мөнгийг нь авсан. Тэгээд Ц бид 2 гэрт ирсэн, тухайн үед хамт явж байсан залуу нь машин дотроо үлдсэн байсан ба Ц машин дотроо үлдсэн, би гэртээ үлдсэн. Тэр үед Ц явлаа гэж хэлж байсан хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй, би ч хаашаа явах гэж байгааг нь асуугаагүй. Тухайн үед би Ц-т хашаанд хог үлдэхгүй шүү гэж хэлж байсан юм. Манай хашаан дотор байнгын байдаг чиргүүлэн дээр бид нар хог хаягдлаа хийдэг юм. Тэгээд Ц тэр чиргүүлэн дээр хог хаягдлаа хийгээрэй гэж хэлж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн хэдэн тооны ямаа, хонь зэрэг бог малыг мах болгоод зарсан байсан учир тэр хонь, ямааны толгойнуудыг мөн чиргүүлэн дээр хаясан байсан юм. Тэгээд саяхан толгойнууд өмхийрчихсэн байхаар нь би хогийн цэг дээр аваачаад хаячихсан юм. Тэр дунд Ц-н нядалсан малын толгойнууд байсан байх. Ц-н нядалсан гэх хонь ямааг нь зүсэлж хэлж бол мэдэхгүй байна. Тэр үед би арьсыг нь өгөхдөө анзаарч хараагүй юм. Яагаад гэхээр ченж рүү би Ц-г дагуулж очсон ба харин Ц өөрөө арьсыг нь өгсөн. Тийм болохоор би Ц-г нөгөө үл таних залуугийн хамт 5 тооны бог мал нядалсан байх гэж бодож байсан. Тэр үедээ 3 ямаа, 2 хонь байна гэж харж байсан. Тухайн үед Ц хамт явж байсан залуугаа дүү хүү гээд л байсан, тэрнээс нэрээр нь дуудаагүй. Намайг хөдөөнөөс ирэхэд Ц, нэг танихгүй залуугийн хамт ирчихсэн байсан. Тэр үед Ц ямар нэгэн ажлаар явж байгаа талаараа хэлээгүй. Мөн манай гэрт бол эргэж ороогүй. Ц нь 1979 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн юм. Сайхандулаан суманд цэцэрлэгээр хүмүүжиж байсан ба 8 настайдаа Сайншанд сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд орж суралцаад миний мэдэхийн 4,5 дугаар ангид байхдаа Айраг сумын ерөнхий боловсролын 10-н жилийн сургуульд  орж суралцаад 10 дугаар анги төгсөж байсан. Сургуульд сурч байхдаа хугацаандаа анги дундаа нэр хүндтэй, сурлага, урлаг спортдоо амжилттай байсан хүүхэд байгаа юм. Ц-н хувьд дээд сургуульд орж суралцаагүй. Тэгээд 2003 онд Польш улс руу ажил хийхээр явсан ба тэндээ баригдаад эргээд монголдоо ирсэн. Тэр үед ээж Ц /талийгаач/ байсан болохоор ээжтэй их ойр байдаг байсан даа. Ц-н хувьд ихэвчлэн Улаанбаатар хотод л амьдардаг болсон. Миний хувьд өвөө, эмээ дээрээ өссөн, мөн хөдөө ихэвчлэн байдаг байсан болохоор Ц-тай нээх ойр дотно байгаад байддаггүй, яалтачгүй ах дүү болохоор манайхаар хаа нэг ирчихээд л яваад өгдөг юм. Миний дүү Ц нь нэг хүнтэй зүгээр байж байгаад танилцчихаад маргааш нь гэхэд л манай ах байгаа юм, дүү найз маань байгаа юм гэх зэргээр хэлээд явж байдаг хүн байгаа юм. Ц-н хувьд хүнтэй их амархан найзалж нөхөрлөдөг, хүнд тусархаг хүн байгаа юм. Ер нь ч барагтай хүний үгэнд ороод байхаа больсон хүн дээ. Ц нь элдэв таньж мэдэхгүй хүнтэй архи уучихаад орж ирэхээр  нь би их загнаж хөөдөг байсан юм, тэгээд сүүлдээ манайхаар орж  ирэхээ байсан. Ц нь эхнэр, 2 хүүхэдтэй юм. Тэгээд том охин нь Б эгч дээр байдаг юм. Ц-н эхнэр болон хадам нь ямар хүмүүс байдаг талаар ч хэлж мэдэхгүй байна. Ц нь Пажеро маркийн машиныг өөрөө унаад явж байсан ба хэний эзэмшлийн машин гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 42-44/

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2009 оноос хойш одоог хүртэл түүхий эдийн ченж хийдэг юм. Б гэдэг хүнийг сайн таньдаг ба надад түүхий эд өгдөг юм. Ц гэх залууг Айраг сумынх гэдгээр нь таньдаг ба төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Харин Ц, Б хоёрыг ах дүү гэдгийг бол мэддэг юм. 2017 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна танил Ц нь манай гэрийн гадаа өдрийн цагаар /цагийг нь сайн санахгүй байна/ цагаан өнгийн верна аксент маркийн машинтай  ирсэн ба машин дотор нь хэдэн хүмүүс байгаа харагдсан. Тэр үедээ мөн машин дотор байсан хүмүүсийн царай зүсийг нь хараагүй. Миний харснаар Ц уг машиныг өөрөө бариад явж байгаа харагдсан бөгөөд Ц машинаасаа ганцаараа бууж ирээд ямааны арьс авч байгаа юу гэхээр нь би авч байгаа гэсэн чинь 2 ямааны арьс өгчихөөд яваад өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сард Б өөрийн цагаан өнгийн пронтер маркийн машинтай дүү Ц-н хамт өдрийн цагаар ирээд надад 2 ямаа, 2 хонины арьс өгсөн ба нийлээд 52,000 төгрөг болсон ба мөнгийг нь Ц өөрөө авчихаад явсан. Тэрнээс хойш надад дахиж малын арьс авч ирж өгөөгүй. Надад Ц үхрийн арьс бол огт өгөөгүй. Надад өгсөн гэх ямаа болон хонины арьснуудын зүсийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ямар учиртай арьс талаар огт асуугаагүй авсан ба яагаад гэхээр Ц-н ах Б-г сайн таньдаг, тэгээд ч тэднийх малтай, дээрээс нь манайд байнга малын түүхий эдээ байнга өгдөг учраас авсан. Тэр үед хулгай малын арьс гэж бол мэдээгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 49/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 2-р сарын эхээр байх. Би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэрт байх үед өглөө 06 цаг болж байх үед Ц, Б, И, Т өөр мөн танихгүй 2 хүн байсан. Тэгээд Ц намайг айраг сум руу хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй, Айраг сум руу Ц-н 5 ямаа, 2 хонийг нь ачиж аваад Айраг сум руу явсан. Тухайн үед миний автомашинд И, Ц-т танихгүй 2 залуу нь суугаад явсан. Харин тэр Т, Б хоёр мотоцикльтой явсан. Намайг эхлээд гэрт байхад И, Ц 2 ирсэн. Тэгээд би автомашинаа унаад Сайхандулаан сум орж тэр хэдийг авч Айраг сум руу явсан. Тэгээд Айраг сум нь дээр очоод  5  ямааны арьсыг нь зараад надад бензиний мөнгө өгөөд би өдөртөө буцаад эргээд ирсэн. Би өөр зүйл бол мэдэхгүй. Надад ийм зүйл бол яриагүй намайг гялс Айраг сум хүргээд өг гэж хэлсэн. Би тэрийг хулгайн мал байсан талаар мэдээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 52-53/

-Гэрч Б.Т өгсөн мэдүүлэг: дугаартай автомашиныг би эзэмшдэг байсан бөгөөд уг машиныг Ц гэгч залуу худалдан авсан гэрчилгээн дээрх нэрийг одоогоор шилжүүлээгүй миний нэр дээр байгаа. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц гэх залуу өөрөө байгаа юм. Би Ц гэх залуутай 2017 оны 01 сард гэрээ хийсэн болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 233-234/

-Гэрч Б.Ж өгсөн мэдүүлэг: Би И, Ц хоёрыг бол танина. Би Айраг суманд танилцаж байсан. Би Б, Б, Б, Т нарыг бол танихгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын эхээр Б, Б, гээд ах дүү хоёр мөн Ц, И, Б нар манай гэрт ирсэн. Манай гэр бол Айраг сумын төвөөс урагш 12 км зайд Ихрийн ус гэх газар байдаг юм. Тэд нар манай гэрт 2 мотоциклтой ирж хоночихоод явсан. Манай гэрт ирж орой нь нэг шил архи хувааж уучихаад явсан маргааш өглөө нь явсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр И, Б, Ц, тэгээд Б-н найз Х гээд залуу манай гэрт 4-лээ ирсэн. Тухайн үед манай гэрт 6-н адуу тууж ирсэн. Харин тэр миний танихгүй гэх залуу болох Б-н найз болох Х-г эхнэрээсээ салж хөрөнгөө авч яваа гээд 6-н адуу тууж яваа гэж надад хэлсэн. Тэгээд тэд нар манай гэрт хоносон. Харин маргааш орой нь 4-н адуу манай гэрийн гадаа хийсэн. Тэгээд адуугаа алаад махыг нь И, Ц хоёр аваад явсан. Харин Х, Б хоёр манай гэрт байсан. Ц, И хоёр 3 хоноод Улаанбаатар хот руу явж махаа зарчихаад ирсэн. Ц, И хоёр ирээд Б, Ц хоёр мөнгөнөөс болж муудалцсан. ...Харин 2017 оны 02 дугаар сарын эхээр бол Х ирээгүй Т гэж залуу манай гэрт ирсэн. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Х гэж Б-н найз манай гэрт ирсэн. Манай гэрт бол 2 адууг нь л алсан. Харин 4-н адууг нь Б гэх тэр залуу нь аваад явсан. Тэр 2 алсан адууныхаа толгой шийрийг манай гэрээс урд жошины нүхэнд шуудайнд хийж хаясан гэжээ. /1-р хх-ийн 238-240/

-Гэрч Д.Э өгсөн мэдүүлэг: Би танина. Ц айраг сумын хүн байгаа юм. Би хамаатан төрөл садан найз нөхдийн холбоо бол байхгүй. Надад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надад Ц мөн Ц-н ах Б мөн их жижиг биетэй залуу энэ хэд надад 2 адууны мах авч ирж зарсан. Тэр 2 адуу нь 1 адуу нь 138 кг, нөгөө адуу нь 182 кг болсон. Тэгээд би 1.056.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад ярихдаа хот руу авч явж зарах гэтэл автомашин маань ямар ч хүчгүй болчихлоо гэж хэлсэн.Тэгээд надад зарчхаад явсан. Би тэр талаар бол мэдээгүй. Арьс ширгүй мах байсан. Надад хэлэхдээ арьс шир гэдэс нь авч ирэх гэсэн чинь автомашинд маань багтсангүй гэж хэлсэн. Тухайн үед тэд цагаан өнгийн верна аксенттай явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 241/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5, 10, 13/

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн улаан өнгийн мотоцикл нь 250,000 төгрөг/ /1-р хх-ийн 62/

-“А” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны №ДГО 653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Даюун маркийн цэнхэр  өнгийн мотоцикл нь 250,000 төгрөг/ /1-р хх-ийн 64/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ /2 толгой эр хонь, 5 толгой эр ямаа/ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 820,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /1-р хx-ийн 66/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ /2 толгой эр хонь, 5 толгой эр ямаа хулгайлахад ашигласан супер бенни мотоциклын үнэ/ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 57/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 650,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /1-р хx-ийн 68/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ /үхэр/ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 800,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /1-р хx-ийн 71/

-“Х” ХХК-ний эд зүйлд үнэлгээ /9 толгой адуу/ хийсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 89/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 6,850,000 төгрөг/ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 251/

- Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /2-р хх-ийн 10, 18/

- Шийтгэх тогтоолын хуулгууд /2-р хх-ийн 19-32/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 36-39/

- Хэргийг түдгэлзүүлж, Л.Ц-т холбогдох хэргийг тусгаарлах тухай 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 01 дугаартай Шүүхийн тогтоол /2-р хх-ийн 137-139/

- Г.Т-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 02 дугаартай Шүүхийн тогтоол /2-р хх-ийн 146-147/

Шүүгдэгч Г.Т, Л.Ц нарын хохирол төлсөн баримт, шүүгдэгч Л.Ц-н Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх-ийн   / зэрэг баримтууд болон хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

1.  Шүүгдэгч Г.Т, Л.Ц нар нь О.И, Б.Б, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- шүүгдэгч Г.Т, Л.Ц нар нь О.И, Н.Б, Б.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Л.Ц нь О.И, Б.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ш, Б.О, Ц.Г нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Ш /1-р хх-ийн 25-27/, хохирогч Б.О-н /1-р хх-ийн 28-30/, хохирогч Ц.Г-н  /1-р хх-ийн 31-33/, насанд хүрээгүй гэрч Ш.Б-н /1-р хх-ийн 45-48/, гэрч Л.Б /1-р хх-ийн 42-44/, гэрч Д.Э-н /1-р хх-ийн 49/, гэрч Б.Б-н /1-р хх-ийн 52-53/, гэрч Б.Т-н /1-р хх-ийн 233-234/, гэрч Б.Ж-н /1-р хх-ийн 238-240/, гэрч Д.Э-н /1-р хх-ийн 241/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Шүүгдэгч Л.Ц, Г.Т нарт оногдуулах эрүүгийн хариуцлага нь /2002/ Эрүүгийн хуулиар эрх зүйн байдал нь дээрдэж байх тул тэднийг /2002/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирлын хувьд:

Хохирогч Ц.Г, Н.Ш нар нь нэхэмжлэх зүйлгүй хохирол төлөгдсөн талаарх шүүхэд ирүүлсэн тайлбар /2-р хх-ийн 129, 183/, хохирогч Б.О-т төлөх хохирлын хэмжээнээс шүүгдэгч нар нь өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан нь хохирол төлсөн Х банкны орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 187/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хувьд:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн эзэмшлийн болон бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэргийг үйлдэж байсан нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

- шүүгдэгч Л.Ц, Г.Т, /тусгаарлагдсан шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И/ нараас улаан өнгийн Даюу маркийн мотоциклын үнэ 250.000 төгрөгийг /250.000:5/ хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 50.000 төгрөг,

- шүүгдэгч Л.Ц, Г.Т, /тусгаарлагдсан шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И/ нараас цэнхэр өнгийн Даюу маркийн мотоциклын үнэ 250.000 төгрөгийг /250.000:5/ хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 50.000 төгрөг,

- шүүгдэгч Л.Ц, Г.Т, /тусгаарлагдсан шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И/ нараас Супер бени ногоон өнгийн мотоциклын үнэ 650.000 төгрөгийг /650.000:5/ хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 130.000 төгрөг,  

- шүүгдэгч Л.Ц, Г.Т, /тусгаарлагдсан шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И/ нараас хохирогч Н.Ш-н 5 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт ашигласан улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөгийг /2.800.000:5/ хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 560.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Ц нь хулгайн хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч олон удаагийн хагалгаанд орсон цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа зэрэг биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Г.Т, Д овогтой Л.Ц нарыг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Г.Т, Л.Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц, Г.Т нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. /2002/ Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Ц, Г.Т нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

5. /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Ц, Г.Т нараас тус бүр 790.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т нь нийт 149 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Э.Б