| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000680046 |
| Дугаар | 2024/ДШМ/59 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/59
Б.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Өсвөр насны шүүгдэгч*******
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох эрүүгийн дугаартай, ************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ын *******, Монгол Улсын иргэн, *****оны ***** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, **** нас*** сар ***** хоногтой, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн ****** сумын ерөнхий боловсролын ****дугаар сургуулийн **** ангид сурдаг, ам бүл-************* хамт Сэлэнгэ аймгийн ********* сумын **** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, /РД:******/ урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж ,1 жил 2 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******** овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Өсвөр насны шүүгдэгч ын *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Өсвөр насны шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 2 сарын оногдуулсан ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 1 сарын хугацаагаар эдлэх ялыг тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д оногдуулсан хорих ялыг сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
Хэрэгт хураагдсан ирсэн баримт бичиггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие өсвөр насны шүүгдэгч*******д эрх зүйн туслалцаа үзүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх*******д ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:
Б.*******д урьд буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жил 02 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсэн.
Сүүлийн шийтгэх тогтоолд дурьдан гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байх ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацаа 10 сар 5 хоног байхад шүүх энэ хугацааг 1 жил 2 сар гэж бүхэлд нь тооцсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан ба анхан шатны шүүх энэхүү заалтыг баримталсан хэдий ч эдлээгүй үлдсэн ялын хугацааг буруу тооцсон гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхээс нийг зөвтгөн насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулах ялын хугацааг багасгаж өгнө үү.
Миний үйлчлүүлэгч******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн талаар огт маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа байдал, аав нь хол газар ар гэрээ тэжээн тэтгэхээр ажил хөдөлмөр эрхэлдэг, ээж нь жирэмсэн, бага насны дүү арын хамт амьдардаг ар гэрийн нөхцөл байдал болон одоо 15 настай буюу цаашид суралцах, мэргэжил эзэмших, нийгэмд зөв хүн болон төлөвшихэд нь ар гэрийн зүгээс байнгын анхаарал тавих хүсэлтэй байгаа зэргийг нь харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс санал хэлэхгүй. Анхан шатны шүүх боломжит бүхий л нөхцөл байдал дээр харгалзаж ялыг халдаасан гэж харж байна. Бидний зүгээс энэ эрсдэлтэй нөхцөл байдлыг үйлчлүүлж байгаа насанд хүрээгүй хүүхдэд өөрт нь ч ойлгуулсан. Яагаад гомдлыг өмгөөлөгчийн хувьд гаргасан бэ гэхээр 15 настай хүүхэд сургууль төгсөж байх цаг хугацаанд шоронд ял эдэлж байгаа нөхцөл байдал байна. Уг агуулга дээр давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэх, энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлж шийдэх ямар боломж байна. Түүнийг ашиглаж өгнө үү гэж миний зүгээс шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байгаа юм. Түүнээс биш хуульчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх тайлбарыг хэлэхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
40 хоног ганцаараа байхад үнэхээр хэцүү байсан. Сэтгэл зүйгээрээ маш их хохирлоо. Би дахиж хулгай хийхгүй. Аав, ээж дүүтэйгээ баймаар байна. Аав, ээжийнхээ үгэнд сайн орно гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүг минь ээж, аав, дүү нартай нь үлдээж өгөөч. Мөн шалгалтанд нь оруулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Өсвөр насны шүүгдэгч*******ын хувьд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх заалттай, бусдын орон гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэх зүйл ангиар ял шийтгэгдсэн. Өсвөр насны шүүгдэгч*******ын хувьд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 149 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 2 сарын хугацаагаар албадлагын арга хэмжээ, зан үйлийг засах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн байсан. Өсвөр насны шүүгдэгч нь тэнсэнтэй байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч*******д хуульд байж болох боломжит нөхцөл байдлыг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, мөн өсвөр насны хүүхдэд оногдуулах ялын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар 2 дахин багасгах, хуулинд заасан тухайн хүнд оногдуулах ямар боломж байх бүх боломжийг хэрэглэж ял оногдуулсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
2.Өсвөр насны шүүгдэгч*******ыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ийн байшингийн цонхоор нэвтэрч 312,000 төгрөгийн, 2023 оны 12 сарын 30-ны өдөр иргэн *******ийн байшингийн цонхоор нэвтэрч 692,000 төгрөгийн, 2023 оны 12 сарын 21-ний өдөр иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч 578,500 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн *******ын байшингийн цонхоор нэвтэрч 1,700,000 төгрөгийн эд зүйлүүдийг тус тус хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
хохирогч ийн “...өрөөний цонхыг онгойлгож орсон байсан... өрөөний цонхны харалдаа саарал өнгийн тавцан дээр хөлийн мөр үүссэн байсан... ээмэг бөгж, гинж, .... гитар ...зэрэг эд зүйл хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг,
хохирогч *******ийн ”... Цонх онгорхой байсан. ... ороод үзэхэд нөтбүүк алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,
хохирогч *******ын “...хаалганы хажууд байрлах цонхыг чулуугаар цохиж хагалаад балконоор байшинд нэвтэрч гитарын цүнх хүүхдийн цүнх, мөнгөн ээмэг бөгж зэрэг зүйлийг хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг,
хохирогч *******ын “... таамбарын цонхоор орж 5 ширхэг мөнгө аяга, монетон бөгж зэргийг хулгайлсан байсан..” гэсэн мэдүүлэг, болон насанд хүрээгүй гэрч *******, *******, *******, гэрч ******* нарын мэдүүлэг болон насанд хүрээгүй шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... айлуудын байшингийн цонхоор нь орж эд зүйлийг хулгайлж авсан, би эд зүйлсийг цагдаагийн байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримт болох эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч*******ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Шүүгдэгч******* нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 15 нас 02 сар 09 хоногтой байсан ба анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед 15 нас 06 сар 27 хоногтой насанд хүрээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасныг баримталсан нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нийцсэн гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан /хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх/ ялыг нэг дахин багасгаж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Өсвөр насны шүүгдэгч******* нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 01 жил 02 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэгт ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Тус хуулийн зохицуулалтаар өсвөр насны шүүгдэгч*******ын энэ хэрэгт оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нэмж, түүний нийт эдлэх ял нь 02 жил 02 сарын хугацаагаар /хоёр жил хоёр сар/ тогтоохоор заасан боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар буюу хорих ялыг хоёр дахин багасгаж тогтоосон байна.
Ийнхүү анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх хуульд заасан бүхий л боломжийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг дахин хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтгүй тул түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хангах боломжгүй байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч нь ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг бөгөөд дунд сургууль төгсөх элсэлтийн шалгалтаа өгөх боломж олгох зорилгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нь энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж дунд сургууль төгсөх шалгалтад хамрагдах боломжоор хангуулах тухай хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж болохыг тайлбарлах нь зүйтэй.
5.Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН