Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Х******* гомдолтой, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Б.Х

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э //

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Х.Ч //

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Б

Гомдлын шаардлага: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч нь 2023 оноос эхлэн өврийн фейсбүүк хуудсаар Уураг худалдаа болон уураг худалдаа, фитнес хэрэгсэл группээр дамжуулан Америкийн ******* брэндийн бүтээгдэхүүн, synthia-6 гэсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зарыг тавьсан.

1.2.Гэтэл хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчаас 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Х Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан. Тус шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан бөгөөд тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан.

1.3.Хариуцагч нь тус шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр торгосон байдаг.

1.4.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.40-т эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасны дагуу гомдол гаргагчийн зар тавьсан гэх Америкийн ******* брэндийн бүтээгдэхүүн, synthia-6 гэсэн бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд хамаарах юм.

1.5.Мөн тус хуулийн 4.1.14-т эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл гэж эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдлийн идэвхийг үнэлж, хэрэглэх заавар, шошго, тэмдэглэгээг баталгаажуулан Монгол Улсад хэрэглээнд гаргахыг хүлээн зөвшөөрснийг хэлнэ гэж тус тус зохицуулсан.

1.6.Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх ойлголт нь Монгол Улсад анх удаа оруулж ирж буй нэмэлт бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын шинжилгээ, үнэлгээ хийж хэрэглэх заавар шошго тэмдэглэгээг баталгаажуулж, Монгол Улсад хэрэглээнд гаргах зохицуулалт байдаг.

1.7.Гомдол гаргагчийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх маргаан бүхий Америкийн ******* брэндийн бүтээгдэхүүн, synthia-6 гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын албан ёсны эрхтэйгээр бүртгүүлсэн, худалдан борлуулдаг хуулийн этгээд нь И и******* ХХК байдаг.

1.8.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41.3-т Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гараа байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлнэ гэж мөн Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалын гуравдугаар хавсралт болох Эрүүл мэндийг нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам-ын 2 дахь хэсэгт бүртгэлийн үйл ажиллагаа бүрдүүлэх материалыг зохицуулсан бөгөөд 2.1.1-т Бүртгүүлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэж тус тус заасны дагуу Америкийн ******* брэндийн бүтээгдэхүүн, synthia-8 зэрэг бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрлэгч буюу Америкийн E*******, G*******, эcxүл И и******* ХХК нар бүртгүүлэх үүрэг хүлээсэн байна. Нөгөөтээгүүр, хувь хүн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх боломжгүй, энэ талаарх үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

1.9.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх хэрэгцээ шаардлага нь тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэх заавар шошго тэмдэглэгээг баталгаажуулах хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгох зэрэг зорилготой байхаар байна. Мөн нэгэнт тухайн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал үйлдлийн идэвх зэргийг үнэлчихсэн заавар, шошго, тэмдэглэгээг баталгаажуулчихсан байхад дахиж үнэлэлт хийж баталгаажуулж бүртгэлд бүртгүүлэх хуулийн үндэслэл шаардлага тогтоогдохгүй байна.

1.10.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41.12-т Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно гэж заасны дагуу үйлдвэрлэгч, эсхүл хуулийн этгээд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн бол иргэн, хуулийн этгээд худалдан борлуулж болохоор байна.

1.11.Нэхэмжлэгчийн хувьд Америкийн ******* брэндийн бүтээгдэхүүн, synthia-6 raдaг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг И и******* ХХК улсын бүртгэлд бүртгүүлсний дараагаар Монгол Улсад худалдан борлуулсан учраас тухайн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хүлээхгүй байна.

1.12.Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хусалт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ, 41.6-д Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина, 41.12-т Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно гаж заасан.

2.2. Цагдаагийн байгууллагын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11а-1/9212 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд иргэн Б.Х нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан нөхцөл байдал тогтоогдсон.

2.3.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зөрчлийн шинжтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан болно.

2.4.Иймд иргэн Б.Х******* гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Гомдол гаргагч Б.Х******* Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний Зөрчилд шийтгэл оногдуулах тухай өдрийн 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.

3.Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Б.Хыг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчил үйлдэж олсон орлого гэх 3,037,000 /гурван сая гучин долоон мянга/ төгрөгийг хурааж шийдвэрлэжээ.

4.Улмаар гомдол гаргагч Б.Х******* дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ...Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журам-д үндэслэн торгосон гэх үндэслэлээр гомдол гаргасан.

5.Хууль зүйн үндэслэлийн тухайд:

5.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 4 дүгээр зүйлийн 4.1.40-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг ойлгоно гэж заасан.

5.2.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

5.3.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаалах, ашиглах, түгээх, хуулиар хориглосон зүйл буюу зөвшөөрөгдөөгүй найрлага, бодис агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах нь зөрчил болно.

5.4.Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авах тухай тэмдэглэл, гомдол гаргагч Б.Х******* ...Солонгосоос каргогоор авдаг, цөөхнийг авчруулдаг, өөрөө хэрэглэдэг, илүү ганц нэгийг зардаг, онлайнаар зарахдаа 20-30 мянган төгрөг л нэмж зардаг, 2-3 төрлийн бүтээгдэхүүн зардаг, одоо надад бүтээгдэхүүн байхгүй... гэх мэдүүлэг зэргээс үзвэл гомдол гаргагч Б.Х Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдож байна.

5.5.2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Монгол Улсад үйлдвэрлэх, и*******лох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 41 дүгээр зүйлийн 41.1-д Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ, 41.7-д Дараах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэхгүй, 41.7.4-д иргэний хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан болон зорчигчийн хувийн хэрэглээний бүтээгдэхүүн 41.8-д Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно гэж тус тус заажээ.

5.6.Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар аль алинаар нь Synthia-6 гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээнд ашиглахаас бусад тохиолдолд худалдан борлуулж болохгүй гэж үзэхээр байна.

5.7.Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг фейсбүүк цахим орчин ашиглаж холбогдох зөвшөөрөлгүй хууль бусаар худалдан борлуулж байгаа нэр бүхий иргэдийн үйлдэл нь холбогдох хуулийг зөрчиж байх тул холбогдох хуулийн хүрээнд арга хэмжээ авч хамтран ажиллах талаар 11/а-1/9212 дугаар албан бичгийн хавсралт жагсаалтын 6-д Б.Х бүртгэгджээ.

5.8.Эм, эмнэлгийн хэрэгслийн Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, түүний хавсралт болох 2023 оны 12 дугаар сарын 19, 02 дугаар сарын 01, 2023 оны 03 дугаар сарын 19, 2023 оны 04 дүгээр сарын 04, 2024 оны 01 дүгээр сарын 01, 2024 оны 02 дугаар сарын 21, 2024 оны 04 дүгээр сарын 03, 2024 оны 04 дүгээр сарын 16, 2024 оны 11 дүгээр сарын 13, 04 дүгээр сарын 27, 2023 оны 12 дугаар сарын 18, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр[1] Б.Х Уураг худалдаа /Uurag hudaldaa/ гэх нэртэй фейсбүүк группт оруулсан нийтлэл, мөн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл тус тус авагджээ.

5.9.Гомдол гаргагч Б.Х******* Хаан банкны ******* дугаар дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх гүйлгээний хуулганаас[2] үзвэл, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн буюу 3,037,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх ба эдгээр нь уураг, судас тэлэгч зэрэг утгатай орлого болох нь тогтоогдож байна.

5.10.Иймд хуульд заасан тохиолдлоос бусад нөхцөлд аливаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулахад бүртгэгдсэн байх шаардлага тавигдах бөгөөд энэ агуулга нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус байх бөгөөд гомдол гаргагч Б.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг фейсбүүк цахим орчин ашиглаж холбогдох зөвшөөрөлгүй хууль бусаар худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх Synthia-6 гэх нэртэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг И и******* ХХК нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба нэгэнт энэ төрлийн бүтээгдэхүүнийг үнэлээд баталгаажуулчихсан байхад дахиж бүртгүүлэх шаардлагагүй гэх үндэслэлийн тухайд:

6.1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гомдол гаргагч Б.Х нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч албан ёсны хуулийн этгээдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд анхнаасаа хувийн хэрэглээний зориулалтаар авсан байна.

6.2.И и******* ХХК нь маргаан бүхий эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн тул гомдол гаргагч Б.Х үүнийг дахин үнэлүүлж, бүртгүүлэх шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбарлаж байх боловч эдгээр ойлголт нь хоёр тусдаа ойлголт юм.

6.3.Тодруулбал, И и******* ХХК нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч албан ёсны газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Монгол Улсын хууль, журамд заасан шаардлагыг биелүүлж, бүртгэл хийлгэсэн.

6.4.Харин гомдол гаргагч Б.Х нь албан ёсны үйлдвэрлэгч хуулийн этгээдтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хувийн хэрэглээний зориулалтаар Монгол Улсад оруулж ирсэн, тухайн бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулах эрхгүй.

7.Үйлдвэрлэгч, эсхүл хуулийн этгээд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн бол иргэн, хуулийн этгээд худалдан борлуулж болохоор байна гэх үндэслэлийн тухайд:

7.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэгт Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно. гэж заасан.

7.2.Бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд нь хууль, журамд заасан шаардлага, бүрдүүлбэрийг хангуулан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд худалдан борлуулах эрхтэй.

8.Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч Б.Х******* гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Х******* Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагч Б.Х******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР