Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын*** дугаар багт оршин суух, Д*** овогт Н.Д****,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 320/2025/01011/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Д****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д**** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н***-н Д**** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийг төгсөж, илгээлтээр тус сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад хуваарилагдаж, 1989 оны 10 дугаар сараас эхлэн 1992 он буюу нэгдэл татан буугдах хүртэл малчнаар малласан. Би төрсөн ээж Н***-р овоглодог бөгөөд 55 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох гээд нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгтөл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эхийн нэр засвартай бичигдсэн шалтгаанаар нэгдэлд ажиллаж байсан үеийг ажилласан жилд хамруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн.Тухайн үед нэгдлийн боловсон хүчин надад хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ миний эхийн нэрийг андуурч Н*** гэж тэмдэглэсэн, сүүлд Н*** гэх нэрэн дээр засвар оруулж Н**** болгосон байсныг саяхан мэдлээ. Миний иргэний үнэмлэх болоод 70-р дансны дуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудад миний эхийн нэрийг Н**** гэж бичсэн байгаа.

Иймд Н****ын Д**** намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчин байсан Н.Д****ы 1989-1990 оны цалингийн лавлагаа гэх 1989 оны 10, 12 дугаар сар, 1990 оны 1, 9, 10, 11, 12 дугаар саруудын цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбар, Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн захиргаанаас Н**** гэх засвартай Н.Д****д 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Д***ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Үндэсний Архивын сан архивын лавлагаа гэх 1989 оны хүн амын тооллого бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст 2-9, 48 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.А***, Л.Ц***нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Д***-ны төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас Н.Д****ы ажиллаж байсан хугацааны цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Н.Д****ы ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр байгаа эсэх талаар лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18-23, 34-38 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д**** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Д**** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Н.Д**** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д*** Н****ын Д****ы иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н****ын Д****ы 1989 оны 10-11 дүгээр сар, 1990 оны 1-6 дугаар сар, 8-9 дүгээр сар, 11-12 дугаар Энх-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 3-6, 35-38 дугаар хуудас)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Энх-Амьдрал нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт 6-р бригад, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Цэцэрлэг гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)

Гэрч Н.А****-н ...... Н.Д**** нь 1988 оны 6 дугаар сард 10 дугаар анги төгсөөд Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад илгээлтээр малчнаар 1992 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Би мөн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Л.Ц****-н ......Н.Д**** нь 1988 онд 10 дугаар анги төгсөөд 1989 оноос Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар ажилд орж 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1981-1989 оны хооронд бригадын нярав, 1990-1997 он хүртэл бригадын дарга, тоо бүртгэгч зэрэг ажлыг хийж байсан гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст 57-60 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Д**** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д**** овогт Н****ын Д****ы Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН