| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01007/И |
| Дугаар | 320/ШШ2025/00999 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, **-р гудамжны *** тоотод оршин суух, Ц*** овогт Ч.Н***,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 320/2025/001007/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Н***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н**** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Миний бие Ч***-н Н**** нь Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1972 онд Ч***-н гурав дахь охин болж мэндэлсэн бөгөөд тус сумынхаа найман жилийн дунд сургуулийг төгсөж 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн салхивч, нимгэн төмрийн ангид элсэн суралцаж 1990 оны 6 дугаар 30-ны өдөр төгссөн. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр багийн малчнаар 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон. Түүнээс хойш тус нэгдэлд 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр орох гэтэл 1991-1993 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас цалин авч байсан гэсэн баримт гарч ирээгүй.
Иймд Ч.Н**** миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ч.Н****д Завхан аймаг дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 657819 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн лавлагаа, Завхан аймгийн Улиастай хот дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн захирлын 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төгсөгчдийг үйлдвэр аж, ахуйн газарт хуваарилах тухай гэх тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан бичиг, Ч***-н Н****гийн ХААТР1А, ХААТР21Б, ХААТР21А маягтуудын хуулбарт тус тус иргэний бүртгэлийн байгууллагын хуулбар үнэн дарж баталгаажуулсан баримт, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн хариу албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай ажилд томилох тухай, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн хорооны даргын 1991 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай, ажилд томилох тухай тушаал, тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай тогтоол, хавсралтын хамт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай Түнэл сумын Ялалт нэгдлийг хувьчлах тухай тогтоол, 1990 оны 7 дугаар сарын 15-ны Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай, 1991 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалуудын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн хуулбарын үнэн тэмдэг дарж баталгаажсан баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-11 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Б***, С.Э**** нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Н****гийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ч.Н****гийн нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр бий эсэх, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газраас Ч.Н****гийн ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр, цалин хөлсний баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18-25, 49-52 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н**** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ч.Н**** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Ц**** Ч****-н Н****гийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Завхан аймгийн Барилга техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч*** овогтой Н****д нээж олгосон №357819 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)
Ардын боловсролын яамны харъяа Завхан аймгийн Улиастай хот дахь барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №36 дугаартай Төгсөгчдийг үйлдвэр аж ахуйн газарт хуваарилах тухай гэх бичилт бүхий тушаалын хавсралтад ...Хөвсгөл аймагт БУК 2. Ч**** Н****... гэх бичилт бүхий тушаал хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 6-7 дугаар)
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №26 дугаартай ...Завханы барилгын ТМС төгссөн Ч.Н****, Б.М**** нарыг 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн барилгачнаар тус тус томилсугай... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №26 дугаартай ...Завханы барилгын ТМС төгссөн Ч.Н****, Б.М**** нарыг 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн барилгачнаар тус тус томилсугай... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №11 дугаартай 1. Өөрийн хүсэлтээр Ч.Н****, Ж.Ш**** нарыг барилгын ажилчнаас ....2-р сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус чөлөөлж, .....2-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл түр 2-р бригадын аж ахуйгаар Н.С***-г мужаанаар, Ч.Н****, Ч.Д**** Х.Б****нарыг ТМС төгссөн Ч.Н****, Б.М*** нарыг 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн барилгачнаар тус тус томилсугай... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)
Гэрч Х.Б****-ы ...Ч.Н**** нь 1990 онд Завхан аймгийн ТМС-ийг төгсөж ирээд 1991 оноос Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1993 он хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум руу хүнтэй суугаад явж байсан. Би 5 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиас гарч 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн ногоо бригадад 1987-1990 оны хооронд ногоочноор, тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1990-1994 оныг дуустал буюу нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байгаад одоо хувийн малаа маллаж байна.... гэх мэдүүлэг,
Гэрч С.Э****-ы ...Ч.Н**** нь 1990 онд Завхан аймгийн ТМС-ийг төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1991-1994 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1976-1987 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1987 онд Хөдөө аж ахуйн ТМС-д элсэн орж 1990 онд сургуулиа малын эмчээр төгсөж ирээд түүнээс хойш малын эмчээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Н**** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц**** Ч****-н Н****гийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН