Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/01018

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Х**** сумын ***-р баг, Х****гудамжны **** тоотод оршин суух, Х*** овогт Ж.Б****(,,,,)

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Д*** овогт П...Б**** (Й*****)

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, Х*** овогт Ж. Б****(Р****)

Нэхэмжлэлийн шаардлага: 30,000 юань буюу 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б**** (цахим)

Хариуцагч: Ж.Б*****, түүний өмгөөлөгч Д.О****

Хариуцагч П.Б****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц**** нь хариуцагч П.Б****, Ж.Б****нарт холбогдуулан 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б**** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн Д.Ц**** Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ***** ХХК-д хоол хүргэлтийн ажил хийдэг байсан. Тухайн үед найз, нөхөд гэж нөхөрлөж байсан П.Б****, Ж.Б****нар автомашин худалдан авах санал тавьсан. ***-*** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа 30.000 юань өгчих, үлдэгдэл төлбөрийг нь сар бүр цалингаасаа төлөөд яв гэх саналыг тавьсан. Д.Ц**** нь уг саналыг хүлээн зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бэлэн 30.000 юань буюу 13,007,700 төгрөг өгсөн. Мөнгө өгснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч уг автомашины зөвшөөрлийн гэрчилгээ гаргахыг хүлээгээд байж байтал өөр хүн ирээд автомашиныг аваад явсан. Үүний дараа Ж.Б*****, П.Б**** нартай холбогдож автомашиныг танихгүй хүн аваад явлаа гэхэд автомашины эзэн болох хятад хүн аваад явлаа. Өөр автомашинаар сольж өгнө гэсэн тайлбарыг хэлж байсан. Одоо өөр автомашин болон урьдчилгаанд өгсөн 30.000 юань байхгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч Д.Ц**** нь Өмнөговь аймгийн Х**** сумын Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудаас гэрчийн мэдүүлэг авч Д.Ц****г хохирогчоор тогтоосон. Прокурорын шатнаас гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Д.Ц**** уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны прокурорт нь дахин гомдол гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулсан. Хамгийн эцсийн байдлаар буюу 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаахдаа 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000 юань бэлнээр Ж.Б*****, П.Б**** нарт хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна. Ж.Б*****, П.Б**** нар нь хүлээн авсан нь нотлогдож байна. Талуудын хооронд тээврийн хэрэгсэл хулдалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Энэ нь өөрөө гэрээний эрх зүй буюу иргэний эрх зүйн маргаан байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000 юань бэлнээр өгч 13,007,700 төгрөгөөр хохирсон. Ийм учир тээврийн хэрэгслийн үнэ гаргуулъя гэсэн ерөнхий байдлаар шаардаж байгаа. Иймд хариуцагч нараас хувь тэнцүүлэн 13,007,700 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч П.Б****, Ж.Б****нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Х**** сумын 5-р багийн иргэн Д.Ц****гоос гаргасан нэхэмжлэлд хариуцагч П.Б****, Ж.Б****бид доорх тайлбарыг гаргаж байна.

П.Б****, Ж.Б****бид нар 2021 онд Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд байрлах ****ХХК-д харъяалагддаг хятад хүний нүүрс тээврийн машины жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хятад эзэн нь нүүрс тээврийн машинаа монголчуудад зарахаар болсон. Тэгээд бид хоёр өөрсдөө Horth benz маркийн машиныг 21 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд авахаар болж Хятад улсын хил рүү орохдоо боссдоо мөнгөө бэлнээр өгсөн. Тэгээд Цагаанхад гэх суурьшлын бүсэд амьдарч байсан найз нөхдийн холбоотой байсан Д.Ц**** түүний хамтран амьдарч байсан Баатар нарт бид хоёр ийм машин авлаа гэж ярихад тэр хоёр ч гэсэн бид хоёр ч гэсэн авъя гэсэн. Тэгээд бид хоёрт 30,000 юань буюу монгол мөнгөөр 13,007,700 төгрөг машины урьдчилгаанд өгөөрэй гээд өгсөн. Тухайн үед нүүрсний ажил ханш сайн байсан болохоор адилхан л ажиллаж амьдарч мөнгө олохын төлөө явж байгаа болохоор тэр хоёрт туслая гэсэн санаагаар хэлсэн болохоос бид өөрсдөө ашиг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа сэдэлт огт байгаагүй. Тэр хоёрын өгсөн мөнгийг бид хоёр мөн Хятадын хил гарахдаа хятад боссдоо өгсөн. Тэгээд нэхэмжлэлд дурдсан Horth benz маркийн **-** ӨМҮ дугаартай машиныг манай нөхөр Б**** хятадаас унаж оруулж ирээд Ц****д өөрсдийн биеэр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Д.Ц**** болон хариуцагч П.Б****, Ж.Б****бидний хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй болно.

Ийм учраас бид дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ж.Б****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б**** бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс. Урьдчилгаа өгөөд үлдэх төлбөрийг цалингаасаа суутгуулах нөхцөлтэйгээр нөхөр бид хоёр автомашин худалдаж авсан. Д.Ц****д энэ талаар ярихад би өөрөө машин авъя гээд урьдчилгаа төлбөрт 30.000 юань өгөхөд болно гэсэн. Д.Ц****гийн хамтран амьдрагчтай дөрвүүлээ цуг явж юань авч аваачиж өгсөн нь үнэн. Манай нөхөр өөрөө автомашиныг нь унаж аваачиж хашаанд нь тавьж өгсөн. Би өөрөө мөнгийг нь хүлээлгэж өгсөн, машиныг нь ч хилээр оруулж ирж өгсөн. Автомашин явуулах зөвшөөрөл гэж гардаг. Уг зөвшөөрлийг хүлээгээд байж байсан. Автомашинаа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Бид хоёр ч бас хохироод байж байгаа. Ковид өвчин гарснаас хойш хятад хүнтэйгээ холбоо барьж чадаагүй. Хөтөчтэйгээ ярих гэхээр тэр хүн нутаг руугаа явсан. Нутгийн гүн лүүгээ гэр нь байдаг, амьд, үхсэн нь мэдэгдэхгүй байгаа гэж тайлбарласан. Ийм учир холбогдож чадахгүй байгаа. Д.Ц****г автомашинаа аваад явчихлаа гэж ярихаар нь би хөтөч рүүгээ ярьсан чинь өөрсдөө авахгүй гэсэн учир өөр хүнд зарах гэж байна гэсэн хариулт өгсөн. Мөнгийг нь өгөөч гэхэд өөр хүнд зарж байж өгнө гэсэн. Ийм л зүйл болсон. Би мөнгийг нь аваачиж өгч зуучилснаараа буруудаж байна. Мөнгийг нь хувьдаа аваад өөрөө юм хийж баяжсан зүйл байхгүй. Тухайн үед ийм зүйл болно гэдгийг би мэдээгүй байсан. Зуучилснаараа бид хоёр буруутан болж байна. Бид нар өөрсдөө хохирсон.. Автомашинаа өөрсдийн нэр дээрээ шилжүүлж авъя гэхээр Хятад талаас шилжүүлж өгч болно тамгатай бичиг авч ир гэдэг. Өвөр монгол хүнээр дамжуулаад хэл хүргүүлэхээр тэр хүн мэднэ, бид нар мэдэхгүй гэдэг. Босс өөрөө шилжүүлж өг гэсэн зөвшөөрөл өгөх юм болно гэдэг. Тэр миний бодлоор Д.Ц**** тухайн автомашинаа буцааж өгөхгүйгээр өөртөө байлгаад байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. Би мөнгийг нь аваад үрээд юм хийсэн зүйл байхгүй. Хүнд өгсөн мөнгийг би төлнө гэдэг надад хэцүү байна. 10,000,000 гаруй төгрөг их хэмжээний мөнгө. Би өөрөө өргөмөл ганц охинтой. Охин маань Хятад улсад сурдаг. Охины хичээлийн төлбөр өндөр байдаг. Би ажил хийж том машин барьдаг. Сарын цалингаа хүүхдийнхээ төлбөрт нь хийгээд явдаг амьдралтай хүн. Бид нар бүгд л найз, нөхөд гэж байсан. Миний өөрийн буруу. Тэр үед ханш өндөр сайн байсан. Ковид болоод бичиг баримт гарахаа байгаад автомашин явахаа байсан. Монгол компанид хэлэхээр хятад талаас зөвшөөрлийн бичиг ав гэдэг. Хятад талаас ямар ч холбоо сураг байдаггүй. Би үүнийг төлж чадахгүй. Өдий насыг насалж яваа хүн. Тэр мөнгийг би өөрөө аваад үрсэн бол миний сэтгэл, толгойд юм бодогдоно. Аваагүй учир яаж төлөх вэ. Би залилан хийе гэсэн бодолтой байсан бол өөр байх байсан. Тус болох санаатай найз, нөхдийн журмаар болоод өнгөрсөн процесс. Өөрөө мөнгөө өгчихөөд авч чадахгүй байгаа. Их мөнгө гэж бодогдоод явж байгаа. Үнэхээр хэцүү байгаа. Би төлж чадахгүй гэв.

Хариуцагч П.Б****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Өмнөговь аймгийн Цагаан хаданд байрлах Хятад нүүрс тээврийн автомашины жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед Хятад хүн нүүрс тээврийн автомашинаа монгол хүмүүст зарахаар болсон. П.Б**** болон Ж.Б****нар нь өөрсдөө 21,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд нүүрс тээврийн автомашин авахаар болж Хятад улсын хилээр орохдоо мөнгөө бэлнээр өгсөн. Мөн найз, нөхдийн холбоотой байсан Д.Ц****, н.Б**** нарт бид хоёр ийм машин авах гэж байна гэж ярихад өөрсдөө машин авъя гэж 13,007,700 төгрөгийг автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн. Бидний амьдрал адилхан дээшлэх болов уу гэдэг үүднээс тусалъя гэсэн санаа зорилгоор 30.000 юанийг хятад хүнд өгсөн байдаг. Найз, нөхдийн харилцаатай хүмүүс байж цагдаад шалгуулж их муухай зан гаргаж байсан ба 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан. Нэг нэгэндээ тус болох сэтгэлээр хандсан байхад залилах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж цагдаад өгч муухай зан гаргасан. **-** ӨМҮ улсын дугаартай автомашиныг Д.Ц****, н.Б**** хоёр хүлээгээд авсан. Мөнгө өгөөгүй байсан бол автомашин орж ирэхгүй байх байсан. Энэ хүмүүсийн дунд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Зуучлаад мөнгийг нь дамжуулж өгсөн. Автомашиныг нь хүлээж аваад өөрсдийн эзэмшилд байлгаж байсан учраас цаашаа дамжуулж өгсөн 13,007,700 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй юм гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд А**** Д***-н Ц****, Хариад Ж***-н Б*****, Д**** П***-н Б**** нарын иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, харилцагчийн нэр Д.Ц**** дансны дугаар 5**** дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар баримт, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргах нь гэх Д.Ц****гоос гаргасан гар бичвэр бүхий өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч н.Гантамирын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, мөн 2023 оны хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн 2024 оны 4 дүгээр сарын 24-өний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбаруудын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан тээврийн хэрэгслийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Х**** сум дахь сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 208 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Х**** сум дахь сум дундын прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, гомдлын хариу, Өмнөговь аймгийн Х**** сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Mongol bank.mn 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юань 43359 гэх баримтын хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1892 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ц****гоос О.Б****д олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, Монголын татварын алба гэх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 222,989 төгрөгийг төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж өгнө үү гэх бичгээр гаргасан хүсэлтүүдийг, (хавстат хэргийн 5-40 дүгээр хуудас)

Хариуцагч нараас 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр П.Б****гээс Д.О****т олгосон 0734 дугаартай итгэмжлэл, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ж.Б*****оос Д.О****т олгосон 0604 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар (хавстат хэргийн 53-55 дугаар хуудас) зэргийг тус тус гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нордбенз маркийн **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг хариуцагч П.Б****, Ж.Б****нараас гаргасны дагуу урьдчилгаа төлбөрт нь 30,000 юанийг өгч, үлдэх төлбөрийг цалингаасаа сар бүр төлөх нөхцлийг тохирсон. Гэрээ ёсоор урьдчилгаа 30,000 юанийг П.Б****, Ж.Б****нарт хүлээлгэн өгснөөр тээврийн хэрэгслээ хүлээн авсан. Уг тээврийн хэрэгсэлдээ бирж гаргуулах хүсэлтийг гарган ээлжээ хүлээж байтал машиныг өөр хүн аваад явсан. Хариуцагч нарт энэ талаар хэлэхэд хятад хүн нь машинаа аваад явчихлаа, чамд өөр машин сольж өгнө гэх тайлбарыг өгснөөс хойш 2 жил машин ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон. Нэгэнт уг тээврийн хэрэгсэл Д.Ц****гийн өмчлөлд шилжих боломжгүй бодит нөхцөл бий болсон учир худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000 юань буюу тухайн үеийн ханшаар 13,007,700 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Д.Ц****г Нордбенз маркийн 2143 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахад нь бид зуучилж өгсөн ба түүнээс авсан 30,000 юань буюу монгол төгрөгөөр 13,007,700 төгрөгийг хятад боссдоо өгч нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийг хятадаас унаж оруулж ирж өөрсдийн биеэр Д.Ц****д хүлээлгэж өгсөн. Бидний хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, мөнгийг өөртөө авч ашиглаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар Д*** овогтой Ц****гийн Хаан банк дахь 50**** дугаар дансны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Ц****гоос цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Цагдаагийн дэслэгч Х.Г***-н Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоор тогтоох болон Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Д****-н Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагааны тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нотлох баримтаар авагджээ. (хавтаст хэргийн 8-33 дугаар хуудас)

Дээр дурдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.Ц**** нь Нордбенз маркийн **-** ӨМҮ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг худалдаж авахаар 30,000 юань буюу монгол төгрөгөөр 13,007,700 төгрөгийг хариуцагч П.Б****, Ж.Б****нарт хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авсан боловч тус тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сард өөр этгээд эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байна.

Зохигч нь тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгөн дүн, түүний ханш, төлбөрийг хүлээн авсан эсэх, тээврийн хэрэгсэл бусад этгээдийн эзэмшилд орсон зэрэг үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай худалдах-худалдан авах хэлцлийг хийж дээрх тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авсан болоч өөр этгээдээс тээврийн хэрэгслийг буцаан авч гэрээ биелэгдээгүй учир урьдчилгаа төлбөрт өгсөн 30,000 юань буюу 13,007,700 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нар дээрх мөнгийг хятадын хил гарахдаа хятад боссдоо дамжуулан өгч Нордбенз маркийн **-*** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хятадаас унаж оруулж ирж Д.Ц****д хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээ биелэгдээгүй учир гэрээнээс татгалзаж хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна гэх боловч хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.Ц**** хариуцагч Т.Б****, Ж.Б****нарын хооронд Нордбенз маркийн **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хариуцагч нар нь Д.Ц****д хүнд даацын тээврийн хэрэгслийг өөр этгээдээс авч өгөхөөр тохиролцсон байна.

Дээрхээс үзвэл талуудын хооронд тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн болоод эрхийн доголдлын талаар тохиролцоо хийгдээгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагч нарын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдохгүй тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, зохигчийн хооронд шууд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч П.Б****, Ж.Б****нар нь нэхэмжлэгч Д.Ц****гоос тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 30,000 юань буюу 13,007,700 төгрөгийг авсан үйл баримтын талаар маргаагүй, мөн хариуцагч нар нь Нордбенз маркийн **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч Д.Ц****гийн эзэмшилд өгсөн боловч уг тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн эзэмшилд очсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Д.Ц****гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Цагдаагийн дэслэгч Х.Г***-н Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоор тогтоох болон Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоолын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 9-24, 26-27, 29-33 дугаар хуудас)

Нэхэмжлэгч нь 30,000 юань буюу 13,007,700 төгрөгийг буцаан авах нөхцөлгүйгээр буюу хариу төлбөргүй хариуцагчид өгөөгүй, бусдаас тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр өгсөн боловч хүсэл зориг биелэгдээгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Ц**** нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас 30,000 юань буюу 13,007,700 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан 30,000 юань буюу 13,007,700 төгрөгийг бусдад дэмжуулан өгсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнө ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр өөрийн өгсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаж буй тохиолдолд хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийг тээврийн хэрэгсэл худалдан авахад зөвхөн зуучилж өгсөн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо нь зуучлалын гэрээний шинж болох бусадтай худалдах-худалдан авах гэрээг хийхэд худалдагчтай холбож өгөх, үүний үндсэн дээр хариу хөлс, шанг өөрт гаргуулахаар тохиролцсон тохиролцоо байгаагүй нь дээрх гэрээний шинжийг үгүйсгэж байгаа ба хариуцагчийн уг тайлбар татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б****, Ж.Б****нараас 222,989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц****д олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нар нь Нордбенз маркийн 21-43 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг өгсөн этгээдээс дээрх төлбөрийг гаргуулахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б****, Ж.Б****нараас 13,007,700 (арван гурван сая долоон мянга долоон зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц****д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,989 (хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б****, Ж.Б****нараас 222,989 (хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун наян ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН