Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/00766

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, 1****-р хороолол, Ч************* тоотод байрлах, **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, ***-р багт байрлах, ***** хувьцаат компани (Р****)-д холбогдох,

Тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 303,248,099 төгрөг, алданги 151,624,049 төгрөг, нийт 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 320/2025/00603/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** ХХК нь ***** ХК-тай 2023 оны 06-р сарын 23-ны өдөр Тэсрэх материал нийлүүлэх" .N20230623/01 тоот гэрээ, 2023 оны 07-р сарын 28-ны өдөр Тэсрэх материал нийлүүлэх N720230623/01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт №20230623/01-01 тоот гэрээг тус тус байгуулсан.

Тус гэрээний зүйл нь: Нийлүүлэгчээс Захиалагчид чанарын шаардлага хангасан, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг гэрээнд заасан нөхцөлөөр нийлүүлэх, захиалагчаас тэсрэх материалын үнийг төлөхтэй холбоотой харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Манай компани гэрээний дагуу захиалагчид 2023 оны 06-р сарын 23-ны өдөр савласан анфо 43 тн , 07-р сарын 31-ний өдөр 38,387 кг, 08-р сарын 31-ний өдөр 47,507 кг, 15-р сарын 01 -ний өдөр 44,772 кг задгай анфог тус тус нийлүүлсэн буюу гэрээний хугацаанд нийт 451,792,099 төгрөгийн тэсрэх материал нийлүүлсэн ба 2023 оны 10-р сарын 24-ний өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн.

Гэрээгээр нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 303,248,099 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт төлж барагдуулаагүй байна. Уг төлбөрийг төлж барагдуулах тухай "***** ХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу мэдэгдээгүй.

Иймд гэрээний 5-р зүйлийн 5.2.4-р хэсэгт Гэрээний төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцож нийлүүлэгч талд төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцвол нийт 151,624,049 төгрөгийн алданги үүсээд байна.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 303,248,099 төгрөг, алданги 151,624,049 төгрөг, нийт 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөгийг хариуцагч ***** ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** хувьцаат компанийн захирал Ц.Б**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **** ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Тус нэхэмжлэлд Тэсрэх материал нийлүүлэх гэрээний үнэ болох 303,248,099.00 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн есөн) төгрөг, гэрээний алданги 151,624,049.00 (нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөчин есөн) төгрөг, нийт 454,872,148.00 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилсэн байна. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №2023062301-01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусаж тухайн өдөр гэрээний хоёр тал гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна.

Манай компани өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл, хөрөнгө санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон. 2025 оны санхүүгийн тайлангаар 1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Нийтдээ 17 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Ажилчдын цалингаа сүүлийн хоёр сар олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 09 дүгээр сараас хойш 8 сар төлөөгүйгээс 489,337,339.00 (дөрвөн зуун наян есөн сая гурван зуун гучин долоон мянга гурван зуун гучин ес) төгрөгийн өр үүссэн байна.

Иймд манай компани санхүүгийн хувьд алданги төлөх боломжгүй байгаа тул гэрээний үндсэн үнэ 303,248,099.00 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн есөн) төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ж.Б**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани 2025 оны 05-р сарын 26-ны өдрийн ***** ХК-ийн №01/34 тоот тайлбарыг 2025 оны 06-р сарын 02-ны өдөр цахим шуудангаар хүлээн авч танилцлаа. Тус тайлбарт хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч алданги 151,624,049 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тухай, гэрээний үндсэн үнэ болох 303,248,099 төгрөгийг төлөх саналтай байгаа тухай тайлбартай танилцлаа. ***** ХК-тай байгуулсан 2023 оны 06-р сарын 23-ны өдрийн Тэсрэх материал нийлүүлэх №20230623/01 тоот гэрээний 5-р зүйлийн 5.2.4-р хэсэгт заасны дагуу мөн Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу бид гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги тооцож авах эрхтэй хэдий ч хариуцагч талын эдийн засаг, хөрөнгө санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний үндсэн үнэ болох 303,248,099 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд хувааж төлүүлэх саналтай байна.

Тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талыг хохиролгүй болгож өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээний алданги болох 151,624,049 төгрөгийг хариуцагчаас төлүүлэхгүй ***** ХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж болно гэжээ.

Хариуцагч ***** ХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: **** ХХК-ийн гаргасан үндсэн төлбөр болох 303,248,099 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн ес) төгрөгийг 6 сарын хугацаанд буцаан төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ***** хувьцаат компанид холбогдуулан тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 303,248,099 төгрөг, алданги 151,624,049 төгрөг, нийт 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** ХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 303,248,099 төгрөг, алданги 151,624,049 төгрөг, нийт 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөгөөс тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 303,248,099 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллага нь алданги болох 151,624,049 төгрөгийг гаргуулахаас татгалзсан тухай тайлбарыг тус тус бичгээр ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс алдангид нэхэмжилсэн 151,624,049 (нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөчин ес) төгрөгийг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч ***** хувьцаат компани нь тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 303,248,099 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн ес) төгрөгийг 6 сарын хугацааны дотор нэхэмжлэгч байгууллагад хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,432,310.74 (хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** хувьцаат компаниас 303,248,099 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн ес) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 1,647,190 төгрөгийн тавин хувь болох 823,595 (найман зуун хорин гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг, улсын орлогоос 823,595 (найман зуун хорин гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** хувьцаат компанид холбогдох тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 303,248,099 төгрөг, алданги 151,624,049 төгрөг, нийт 454,872,148 (дөрвөн зуун тавин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга нэг зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн нийт шаардлагаас алдангид нэхэмжилсэн 151,624,049 (нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөчин ес) төгрөгийг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, хариуцагч ***** хувьцаат компани нь тэсрэх материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 303,248,099 (гурван зуун гурван сая хоёр зуун дөчин найман мянга ерэн ес) төгрөгийг 6 сарын хугацаанд нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,432,310.74 (хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга гурван зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** хувьцаат компаниас 823,595 (найман зуун хорин гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг, улсын орлогоос 823,595 (найман зуун хорин гурван мянга таван зуун ерэн тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** хязгаарлагдмал хариуцлагатай компани компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН