2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05324

 

 

 

 

 

2025 06 19

192/ШШ2025/05324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: Т,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.Б

хариуцагчийн өмгөөлөгч Б.З

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

/Хариуцагч С.Т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд оролцохгүй эзгүйгээр шийдвэрлүүлэх талаар өмгөөлөгч Б.З хүсэлтээ илэрхийлсэн байх тул түүний эзгүйд, түүний өмгөөлөгчийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр, тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******** хариуцагч С.********д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******** би бригадаа төлөөлж 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.***** нь ах С.********ыг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2.0х.4.0 хэмжээтэй дөрвөлжин хос хоолой ажлыг хийж гүйцэтгэхээр 60 00 000 төгрөгөөр тохиролцож, ажлыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохирсон. Ингээд гэрээгээр тохирсоны дагуу Б.*****аас урьдчилгаа болгож 6 000 000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд ажил хийх газарт буюу Хэнтий аймгийн Баянбүрд сумаас Дархан сумын хооронд хийгэ гүүр барих ажил явагдаж байсан газарт очсон. Би өөрийн ажилчид болох 7 хүнээ аваад очиход хийх ажил нь 2х4 хэмжээтэй биш 2х4, 4х4 хэмжээтэй 4 хос гүүр барих ажил байсан учраас манай бригад хийж чадахгүй гээд гуйлтыг зөвшөөрөөгүй. Тиймээс *****т том гүүр байна гэж хэлээд буцсан. Тухайн ажлыг ********ХХК хийлгэж байсан бөгөөд компанийн захирал болох ******** гэх хүн Б.*****ын ах гэх хүн утсаар ярьсан. Тэгээд ******** би 7 хүн гаргаж танай мужаан гаргаад хамтаръя гэж гуйж эхэлсэн. ******** нь надтай болон манай нөхөртэй ирж уулзаж утсаар ярьсаар байгаад 80 000 000 төгрөгөөр хийлгэхээр болоод бид нар арван хоёулаа очсон тэгээд ажлаа хийж эхэлсэн нь 2024 оны 10 дугаар сарын 04-нд очсон учраас усаа шавхаж хаалт хийж байж авахын хүйтэнд бүгд л чадан ядан ажилласан бид нар ********аас мөнгө асуухаар бөөнд нь өгнө л гэж хэлнэ. Ажлын явцад бага багаар хоол хүнсний мөнгө авч байсан 80 000 000 төгрөг гэрээ хийе гэхээр би найдвартай шууд л өгнө гэж бид нарыг өвлийн 12 сарын 10-ныг болтол ажлуулж ажил дууссан би мессежээр хэдэн баримт аман гэрээ болгож авсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 10-нд ******* ХХК-д ажлын хүлээлгэж улсын комисс нь авсан боловч мөнгө улсаас орохгүй хүлээсээр байгаад 2024 оны 12 дугаар сарын 31-нд үдээс хойш ******* ХХК-д гүйцэтгэл нь орж бидний мөнгийг өгөх нь гэж байтал 2024 оны 12 дугаар сарын 31-нд 35 000 000 төгрөг өгсөн. Тэгээд ах аа яасан бэ гээд ярьсан чинь ах нь бие муу байна. он гарахаар үлсэн тооцоогоо хийе гэхээр нь за гэж хэлсэн боловч утсаар ярьсан чинь танайх ажил муу хийсэн өгч чадахгүй гээд бидний утсыг блок хийсэн. Ажил хийх явцад хоолны мөнгө болон бусад зардалд нийтдээ 47 00 000 орчим төгрөгийг дансаар авсан. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.******** хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээг бид нар Б.***** гэх хүнтэй хийсэн гэж тайлбарладаг. Ингэхдээ гэрээг 60 000 000 төгрөгөөр тохирсон. Урьдчилгаа 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд дамжуулсан байдаг. Үүн дээр нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Явцын дунд хариуцагчаас дансны нийт 7 удаагийн гүйлгээгээр 18 490 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байдаг. Мөн Б.*****аас авсан 6 000 000 төгрөг байгаа. Сүүлд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын гүйцэтгэл үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээнд тааруулж, ерөнхий захиалагчаас өгсөн мөнгөний хэмжээ нь 35 000 000 төгрөг ба нийтдээ 54 490 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр ажил дутуу байгаа гэж хэлж байна. Гагцхүү бид нарын хийх ажил дутуу биш гэж хэлсэн юм байна гэж ойлголоо. Ажил дутуу хэмжээнд үүнийг манай талаас бүрэн гүйцэт өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа, 2024.09.28-ны өдрийн ***** угаар ажил гүйцэтгэх гэрээ, 2024.09.28-ны өдрийн ***** дугаар гэрээ гэрчилсэн тэмдэглэл, мессэж чатаар харьцсан зураг, депозит дансны хуулга, фото зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-30/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.***** нь ах С.********ыг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2.0х.4.0 хэмжээтэй дөрвөлжин хос хоолой ажлыг хийж гүйцэтгэхээр 60 00 000 төгрөгөөр тохиролцсон хэдий ч С.********тай ажлыг 80 000 000 төгрөгөөр тохирсон. Ажлыг хүлээлгэж өгсөн, 47 000 000 орчим төгрөг авсан, үлдэгдэл төлбөрт хариуцагчаас 30 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.

3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Б.********, Б.***** нарын хооронд 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ***** дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр 2.0х4.0 хэмжээтэй дөрвөлжин хос хоолойн ажлыг хийж гүйцэтгэж, ажлын хөлс 60 000 000 төгрөг ба гэрээнд гарын үсэг зурагдаж ажил эхлэхэд урьдчилгаа 10 хувь болох 6 000 000 төгрөг, ажлын явцад гүйцэтгэлээр дундын санхүүжилт 50 хувь болох 24 000 000 төгрөгийг олгох, ажил 100 хувь дууссаны дараа үлдэгдэл 50 хувь болох 30 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6/

4.1 Дээрх гэрээг 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ***** дугаар Нийслэлийн тойргийн нотариатчын тэмдэглэлээр гэрчлүүлсэн байна. /хх-ийн 7/

4.2. Дээрх гэрээгээр тохирсон ажил нь ********ХХК-ийн гүйцэтгэж байсан ажил болох нь түүнчлэн нэхэмжлэгч Б.******** нь уг ажлаас туслан гүйцэтгэгчээр ажилласан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон байна.

5. Нэхэмжлэгч Б.******** нь гэрээгээр 60 000 000 төгрөгийн хөлс авахаар тохирсон хэдий ч уг ажил нь гэрээгээр тохирсон ажлаас их байсан тул хариуцагч С.********тай харилцан тохиролцож, гэрээний үнийг 80 000 000 гэж тохирсон гэж шаардсан хэдий ч энэ талаараа нотлоогүй байх ба хэрэгт энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

5.1 Харин хэргийн баримтаар хариуцагчаас нийтдээ 8 удаагийн гүйлгээгээр 47 500 000 төгрөгийг авсан талаар нэхэмжлэгч тайлбар гаргаж, өөрийн Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн ба хариуцагч тал маргаагүй. /хх-ийн 15-26/

6. Талууд хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

6.1 Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.******** нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн байх тул гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

7. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.********аас дутуу авсан ажлын хөлсөнд 12 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.********т олгож, илүү нэхэмжилсэн 17 500 000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.********аас 12 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.********т олгож, илүү нэхэмжилсэн 17 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.********аас улсын тэмдэгтийн хураамжинд 214 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.********т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ