Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 224/МА2021/00021

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэртэй,

О.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагатай,  хүүхдээ өөрийн асрамжиндаа авах тухай Ц.Б-ын  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б-тай 2017 оны эхээр танилцаж үерхээд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Б.Чинзориг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн.

Гэр бүл болж байх үеэс Ц.Б  архи уудаг байсан бөгөөд үр хүүхэдтэй болоод засрах байх гэж найдаж байсан. Гэтэл энэ байдал нь даамжирсан. Би гэрлэхээсээ өмнө “Хөрс” клонкид түгээгчээр ажилладаг байсан ба жирэмсэн болсон учир өөрийнхөө ажлын байранд нөхрөө ажилд оруулсан. Клонкийн байнгын үйлчлүүлэгч нартай харддаг болсон. Ингээд ажлаа тогтвортой хийж чадахгүй, өр зээл тавиад ажлын байраа орхиж яваад эргэж очоогүй. Үүний дараа манай дүү О.Баяртуул Улаанбаатар хотод Эмээлт өртөөнд фермерийн ажилд оруулж өгсөн боловч мөн ажлаа хийж чадалгүй гарсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр Ц.Б барилгын ажил хийхээр явсан ба би араас нь хүүгээ аваад очсон. Тэнд яваад очиход намайг бусадтай хардаж зодсон. Архи уух байдал нь ерөөсөө засрахгүй байсан ба мөн 2019 оны 11 дүгээр сард хотод ажил хийхээр очсон байхад намайг зодож миний толгойг хагалсан. Би энэ асуудлаар нэг ч удаа цагдаад хандаж байгаагүй юм.

Бид хамтран амьдарч эхлээд намайг жирэмсэн болоод төрөх гэж байхад гэр нь манай аавын хашаанд байсныг хадам аавын хашаа руу надад хэлэхгүйгээр ачаад явсан байсан. Ингээд намайг төрснөөс хойш бид 2 нэг гэрт амьдраагүй юм. Гэхдээ хоорондоо холбоо харилцаатай байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард намайг зодсоны дараа бидний харилцаа хөндийрсөн.

Би 2020 оны 5 дугаар сард уушиг усжилттай гэх шалтгаанаар сүрьеэгийн тасагт  эмчлүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед манай дүү нар хот явсан, 2 бага дүү хөдөө явсан байсан, манай ээжийн зүрх өвддөг учир бага насны хүүхдийг ганцаараа харах боломжгүй байсан учраас би хүүгээ аваад хадам аавын гэрт очиж “намайг эмнэлэгт эмчлүүлээд гартал миний хүүг хараад өгөөч” гэж гуйгаад гэрт нь түр үлдээсэн юм.

Би 1 сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул хүүгээ эргэж тойрч байгаад эмчилгээ дууссаны дараа хүүгээ өөр дээрээ авах гэхэд “чи хаяж явсан, одоо чамд өгөхгүй гэж хэлээд надад хүүг минь өгөөгүй. Хүүгээ архи уудаг хүмүүсийн орчинд өсөхийг хүсэхгүй байна. Би амьдралаа бүтэн авч үлдэхийг маш их хүссэн боловч нэг хүн ганцаараа хичээгээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгосон. Архи уудаг байдлыг нь тэвчиж болох ч зодож хүчирхийлэл үйлддэг байдлыг нь олон удаа тэвчих боломжгүй гэдгийг би ойлгосон.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хандсан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дуусаж, улмаар хугацааг нь сунгасан боловч Ц.Б нь нэг ч удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй болно. Миний бие цаашид энэ хүчирхийлэл дарамтыг тэсвэрлэж амьдрах боломжгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой үр дагавар үүсгэх магадлалтай байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргагасан.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Ч-ийг миний асрамжид үлдээж, эцэг Ц.Б-ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхнэр бид хоёрын гэр бүл цуцлуулах шалтгаан нь бидний 4 аав ээжээс болоод 2 тийшээ болсон. Анх 2018 оны 6 дугаар сард манайх хадам аавын хашаанд очиж буугаад сар өнгөрүү болж байтал хадам аав Отгонбаяр намайг Зүүнговь суманд байдаг, дүүтэй нь гэрлэсэн хүргэнийд очиж туслах малчин хий гэхэд би зөвшөөрөөгүй. Тиймээс би энэ тухайгаа аав ээжтэйгээ ярьж зөвлөлдөе гэж бодоод аавындаа ирэхэд хадам аав Отгонбаяр миний аав Цэнд-Аюуш руу утасдаж“ хүүгийнхээ гэрийг ирж ав, би охиноо өгөхгүй, охиныхоо эд хөрөнгийг граждаа хийгээд авчихсан, мөн хүүхэд нь төрөхөөр танайд аваачиж өгнө” гэж хэлсэн байсан.

Ингээд миний аав Цэнд-Аюуш, ээж Буянжаргал нар худтайгаа очиж уулзаж ярилцахаар явахад нь би хамт очиход манай гэр дотроос хадмууд  өөрийнхөө эд хөрөнгийг авчихсан байсан ба хадмууд “та нар гэрээ одоо ачиж ав” хэлж байсан. Бид арга буюу өөрийнхөө гэрийг ачиж авсан. Үүнээс хойш эхнэр О.Б бид хоёр утсаар холбоотой байсан.

Эхнэр О.Б 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрж, хүү Б.Чинзориг мэндэлсэн. Би эхнэр хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж тойрч, цай хоолыг нь зөөж байсан. Удалгүй миний хүү 1 сар 5 хоногтой байхад эхнэр О.Б хүүхдийг маань авчирч өгөөд өөрөө Улаанбаатар хот руу явна гэж хэлсэн.  

О.Б-тай утсаар холбогдоход “би Улаанбаатар явлаа, гурвуулаа хамт явья” гэж хэлэхэд би зөвшөөрч хүүгээ аваад аав, ээждээ хэлэлгүй эхнэртэйгээ хамт явсан. Улаанбаатар хотод очоод би барилгын ажилд орж, эхнэр хүүгээ хардаг байсан. Тэнд ажиллаж байгаад бид гурав 2019 оны 01 дүгээр сард Увс аймагт ирээд манай аавынд ирцгээсэн. Хавар 3 дугаар сард би Өмнөговь сумын Цогтцэций суманд барилгын ажлаар явсан.

Энэ үед миний араас эхнэр О.Б, дүү О.Баяртуул, хүү Б.Чинзориг нар ирсэн. Ингээд эхнэр О.Быг Өмнөговь суманд барилгын ажилчдын тогоочийн ажилд оруулж ажиллуулсан. Энэ үед О.Б 1 сар ажиллаад Улаанбаатар хот руу яваад тэндээсээ Увс аймагт ирсэн. Барилгын ажил дуусахад би Улаанбаатар хотод махны цехэд ажилд орсон.

Эхнэр О.Б хүүг маань өөрийнхөө аавынд орхиод дүү О.Баяртуулын хамт Улаанбаатар хотод ирэхэд би тэр хоёрыг тосч аваад түрээсийн байранд оруулсан. Энэ хугацаанд бид хоёр 5 сар орчим тусдаа амьдарч байгаад би 2020 оны 02 дугаар сарын эхээр Увс аймагт өөрийнхөө гэрт ирсэн. Эхнэр О.Б аавындаа очсон юм. Би О.Бд хоёулаа нэг гэртээ оръё, хэдий болтол тусдаа амьдрах юм бэ гэж хэлэхэд эхнэр зөвшөөрсөн. Энэ үед эхнэр маань жирэмсэн болсон байсан юм.

Би эхнэр, хүүхдээ авах бэлтгэлээ хангаад эхнэрээ дуудахад О.Б намайг Зүүнговь сум уруу хүргэн ахынд малчнаар яв гэж хэлэхэд нь тэгвэл би чамтай хамт хүүхдээ аваад явна гэхэд эхнэр зөвшөөрөөгүй. Тэр үеэс хойш бидний хоорондын холбоо тасарсан. Энэ үед би хөдөө ажлаар явсан байхад хүү Б.Ч-ийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай аав ээжид авчирч өгсөн байсан.

Тухайн үед хүү 1 ой 5 сартай байсан. Хүү минь бие султай, юм л бол ханиад авдаг, халуурдаг, шингэлэг алддаг хүүхэд ирсэн учир хоёр ч удаа хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Хүүхэд өвчтэй, эмнэлэгт хэвсэн талаар аав биеэрээ очиж хэлсэн, мөн би эхнэрт удаа дараа хэл дуулгахад хүүхдээ эргэж тойрч өнөөдрийг хүртэл ирээгүй. Тухайн үед эхнэр О.Б “Хөрс” колонкод түгээгчийн ажил хийж байсан. Би хүүгээ өдөр шөнөгүй асарч байж хүн болгосон. Одоо миний хүү эрүүл, саруул өсөн торниж байгаа. Би одоо хүүгээсээ салж чадахгүй. Миний хүү Б.Чинзориг 3 настай, ээжийгээ одоо танихгүй болсон.

Би хүүгээ нялх байхаас нь өдий хүртэл асарч хамгаалж байгаа тул хүүхдээ эхнэр О.Бд өгч чадахгүй. Иймд хүүгээ өөрийн асрамждаа авна. Нэхэмжлэлд намайг архи уудаг, удаа дараа зодож гэмтэл учруулж байсан гэж худлаа зохиож бичсэн байна. Бид хоёрт архи ууж зодолдоод байх тийм удаан амьдрал үргэлжлээгүй, ихэнхдээ 2 тусдаа байсан. Тэгээд ч эхнэр бид хоёрын хооронд маргаан нэг их гардаггүй байсан.

Харин хоёр талын аав ээжийн таарамжгүй харьцаанаас болж бид хоёрын харилцаа муудсан. Эхнэр О.Б нэхэмжлэлдээ энэ талаар ер тусгаагуй байна. Миний эргэн тойрны орчин нь архи уудаг таагүй орчин биш. Бүгд  л өөр өөрийн ажил амьдралын төлөө зүтгэж явдаг ажилсаг хүмүүс байдаг. Ер нь нэхэмжлэлд дурдаж бичсэн зүйлүүд нь худлаа зүйл бичсэн байна. Нэгэнт эвлэрч хамт амьдрахгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүг маань миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийг ээжид нь өгч явуулаагүй нь үнэн, уйлах байх гээд өгч явуулаагүй, ирээд уулзахыг нь хориглоогүй” гэжээ.

Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О.Бын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Би 2017 онд О.Бтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Гэр бүл болоод 2018 оны 8 дугаар сарын 26-нд хүү Чинзориг төрсөн.

Хүү төрөхөөс өмнө эхнэр маань ээжтэй маргалдаад өөрийн  гэр лүү явсан, түүнээс хойш бид хоёр нэг гэрт амьдраагүй боловч харилцаа холбоотой байсан. Эхнэр маань хүүг 1 сартай, мөн 6 сартай байхад манай гэрт авч ирж өгч байсан. Эхнэр О.Б нь хүүгээ төрснөөс хойш асрахаас зайлсхийж байсан бөгөөд 1 нас өнгөрч байхад аавынд хөгшин хүнд бие нь сульдаатай, гэдэс нь өвдсөн, ханиадтай хүүхэд авч ирж өгөөд явсан. Би хүүгээ  2 удаа нэгдсэн эмнэлэгт авч хэвтэн эмчлүүсэн. Хүүг эмнэлэгт хэвтэж байхад эхнэр ганц ч удаа хүүгээ эргэж тойрч ирээгүй хүү түүнээс хойш миний асрамжинд байдаг.

Хүү Б.Чинзориг одоо ээжээ танихгүй, эхнэр хааяа нэг ирдэг, ирсэн үед нь хүү зугатаад ээж дээрээ очдоггүй юм. Эхнэр О.Б нь хүүг төрснөөс хойш асарч өсгөн бойжуулах үүргээ огт биелүүлээгүй бөгөөд одоо 3 нас хүрч асаргаанаас гарсны дараа хүүхдээ авна гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хүү Б.Ч-ийг Ц.Б миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч О.Б хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Б-ын  гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү Чинзоригийг төрсөн цагаас нь эхлээд 3 нас хүртэл Ц.Б асарсан мэтээр бичсэн байна. Би зөвхөн хатгалгааны хордлогод орсны улмаас сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаанд төрүүлсэн эцэгт нь түр хугацаагаар хадгалуулахаар гэрт нь өөрийн биеэр хүргэж өгсөн.

Энэ нөхцөл байдлыг хүүгээ орхиж явсан гэж үзвэл эндүүрэл болно. Ийм байдлыг ашиглаж, Баттулга хүүгээ насан туршид асарч өргөж, хүн болгоно гэх ойлголт хэзээ ч байхгүй. Би анх 2021-02-25-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, хүү Чинзоригийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 8 сарын хугацаанд шүүх бидний маргааныг хуулиар хүлээсэн тэгш эрхийн зарчмыг баримталж, хангалттай ажиллагаа явуулж, энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаа болсон гэж үзэж байна. Тийм учраас Ц.Б-ын  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл нь цаг хугацаа хожих гэсэн шалтгаан гэж үзэж байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Булгадар овогт Цэнд-Аюушийн Баттулга, Бурдууд овогт Отгонбаярын Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Ч-ийг эх О.Бын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Ч-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Бар тэжээн тэтгүүлэхээр, нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бас 175.564 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, хариуцагч Ц.Б-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч О.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Эхнэр О.Б нь хүү Чинзоригийг төрсний дараа 1 сар 5 хоногтой,1 нас дөнгөж өнгөрч байхад бас гэрт нь авч ирж өгсөн бөгөөд хүү нь гэдэс нь өвдсөн, сульдаатай хүүхэд ирснийг Ц.Б нь хоёр ч удаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт авч хэвтэн эмчлүүлсэн байдаг. Тэр үед өөрөө сураггүй алга болсон. Хүү Б.Чинзориг нь одоо 3 настай, ээжийгээ танихгүй. О.Б нь хүү Чинзоригийг бага байхад нь авч ирж өгчихөөд одоо том болоод асаргаанаас гарахад авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдээ гэх сэтгэл байсан бол бага байхад нь яагаад аавд нь өгсөн юм.

Хүүхдээ бага байхад нь бараг эргэж ирдэггүй байсан гэдэг. Сүүлийн үед хааяа нэг эргэж тойрч ирдэг болсон. Тэгэхдээ хүү нь ээжийгээ огт таньдаггүй, зугтдаг гэсэн. Ц.Б нь хүү Б.Ч-ийг 1 нас өнгөрч байхаас 3 нас хүртэл эрүүл саруул өсгөн бойжуулж асран хамгаалж тэжээн тэтгэж ирсэн байдаг.

О.Б нь хүүхдийнхээ мөнгийг хүртэл одоо болтол өгөөгүй. Ц.Б нь “Аянжин" ХХК-д жолооч, ачигчийн ажил хийдэг. Тухайн ажил нь улирлын чанартай ажил байгаа. Тэгэхдээ тухайн компанид ажилладаг Ц.Б нь хаана, ямар ч ажил хийгээд хүүгээ тэжээн тэтгэх чадвартай.

Иймд хүү Чинзоригийг нь эцэг Ц.Б-ын  асрамжинд үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч болон хариуцагч Ц.Баттулгыг оролцуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч О.Бын зүгээс “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч Ц.Б нь “хүүхдээ өөрийн асрамжид авах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүүхдийг эхийн асрамжид үлдээж, Ц.Бас тэтгэлэг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Хүү Б.Чинзориг нь төрөөд 1 сартайгаасаа аав Ц.Б-ын  асрамжид одоо л болтол байдаг. Хүү нь 3 нас 3 сартай эрүүл, саруул өсөж байгаа. О.Б нь хүүгээ 1 сартай байхад нь аав болох Ц.Бд үлдээгээд явснаас хойш дахин хүүгээ авахаар ямар нэгэн оролдлого хийгээгүй. Хүүгээ 3 нас хүрч асаргаанаас гарахаар хүүгээ авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

О.Б хүүгээ 1 настай байх үед Ц.Б-ын  аавын гэрт “ханиадтай мөн гэдэс нь өвдөж сульдсан” байдалтай биеийн байдал муу хүүхэд авч ирж өгөөд явсан байдаг. Хүүгээ 1 сартай байхад мөн 1 настай байхад хоёр удаа хүүхэд авч яваад 2 удаа авч ирэхдээ хүүгийн биеийн байдал маш муу байсан. Тухайн үед Ц.Б хүүгээ авч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байх явцад О.Б руу залгаж эмнэлэгт эргэж ирэхийг хүссэн боловч ирээгүй байдаг.

О.Б 1 сартай хүүгээ аавд нь үлдээгээд явснаараа “хүүхдээ эхийн хайраар хайрлаж, асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлж, тэжээн тэтгэх эрхээсээ татгалзсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл одоо хүү 3 нас хүрэхээр хүүхдээ авна гэж маргалдаж байгаа нь учир дутагдалтай юм.

Нөхцөл байдлын үнэлгээгээр Ц.Баттулгыг ядуу амьдралтай тул хүүхэд асран хамгаалах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаагүй. Хүү Б.Чинзориг аавдаа дассан байдалтай, амьдрах орчин цэвэр цэмцгэр, хүүхэд дутагдах гачигдах зүйлгүй өсөж байна гэсэн агуулгатай дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгч тал тайлбартаа “Ц.Б-ын  хэрэг зөрчилд холбогдож байсан болох нь хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж тайлбарладаг.

Ц.Б тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан болохоос биш гадуур архидан согтуурч явдаг хүн биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно. О.Б нь Ц.Бтай 2018 онд гэр бүл болсон боловч 3 жилийн хугацаанд хамт амьдраагүй.

О.Б анх Ц.Б-тай гэр бүл болж байхдаа 1 настай хүүхэдтэй байсан ба Ц.Б-ын  зүгээс дагавар хүүхдээ нэг удаа ч муу хандаж байсан зүйл байхгүй. Эцгийн ёсоор хандаж байсан талаараа тайлбарласан.

О.Б нас залуу учир цаашид өөр хүнтэй гэр бүл болох байх, Ц.Б-ын  хувьд өөрийн хүүгээ хойд эцгийн гар харуулахгүй гэсэн байр суурьтай байгаа тул хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа.

Ц.Б-ын  аав ээжийн хувьд нас залуу хүмүүс учир хүүхдийг 3 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсэн, үргэлжлүүлээд асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн. Нөхцөл байдлын үнэлгээгээр О.Б, Ц.Б нарт адил үнэлгээ гарсан боловч Ц.Б “Аянчин” ХХК-д жолоочоос гадна өөр ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээн тэтгэхээр хөдөлмөрлөдөг. Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлдээ “Ц.Баттулгыг архи ууж ажил хийдэггүй” байсан талаар дурдсан. Гэтэл Ц.Б-ын  хувьд архи уудаггүй талаараа, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг талаараа тайлбартаа дурдсан.

Хүү Б.Чинзориг аавдаа дассан ба ээжийгээ таньдаггүй. О.Б хүүгээ 3 нас хүртэл хугацаанд ирдэггүй байсан ба шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш хүүтэйгээ уулзахаар ирдэг болсон гэдэг тайлбарыг өгсөн. Гомдлын шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Быг манай хүү огт таньдаггүй ” гэв.

О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүүгээ 1 нас 8 сартай байх үед нь Ц.Б-ын  аавын гэрт хүргэж өгч байсан. Өөрийн хүүхдийг 2 настай байх үед 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ц.Бтай нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн нь үнэн.

Ц.Б-ын  аавын гэрт хүмүүс ихээр ирж архиддаг. Хадам аавын гэрт хүмүүс ирж архидсан үед хүүгээ аваад гарахаар намайг их уурладаг байсан. Чи хүүгээ бидэнд ойртуулахгүй байна, хүүгээ миний ээжээс авч зугатаж байна гэх зэргээр хэлж байсан үе байдаг. Хүмүүс хадам аавынд ирж архидсан үед хүүхдийн хүмүүжилд муу байх болов уу гэсэндээ хүүгээ авч явдаг байсан. Яагаад хүүгээ өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан бэ гэвэл хүү Б.Чинзоригийн ах нь дүүгээ байнга асуудаг ба би хоёр хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна.

Манай том хүү одоо 6 настай, 1 дүгээр ангид сурдаг. Манай гэр Ц.Б-ын  гэртэй ойролцоо байдаг учир Ц.Б-ын  гэрийн ар талаар зөрөх явцад миний том хүү дүүгээ асууж, “миний дүү энэ гэрт байгаа болов уу, нөгөө хүн архи ууж миний дүүг зодож байгаа болов уу, би хурдан цагдаа болж, дүүгээ орж авмаар байна” гэх мэтээр сэтгэл өвтгөсөн үг хэлдэг.

Намайг цаашид хүнтэй гэр бүл болно гэж бодоод хүүхдийг минь өгөхгүй гэж байгаа юм шиг байна. Надад дахин хүнтэй гэр бүл болох ямар нэгэн итгэл байхгүй, яагаад гэвэл хүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлах хүн байхгүй. Би хүүгээ орхиж явсан, хаясан зүйл байхгүй. Би төрөх гээд өвдөлт өгөөд эмнэлэгт ирчихсэн байхдаа Ц.Б руу залгаж хэлтэл согтуу байсан ба “битгий худал ярь” гэж хэлээд ирээгүй. Төрсний дараа Ц.Б ирсэн боловч би хүүгээ аваад өөрийн гэртээ гарсан чинь Ц.Б-ын  зүгээс “миний хүүхэд биш болохоор манай гэрт авч ирээгүй юм уу, миний хүүхэд биш болохоор чи надтай уулзуулахгүй байна уу” гэдэг байдлаар утсаар ярьж байсан. Би Ц.Б-ыг хүүхэдтэйгээ уулзуулах эрхээр нь хязгаарлаж байгаагүй. Ц.Б миний аав ээжээс айдаг байх, гэхдээ гэрийн гадна ирээд хүүхэдтэйгээ уулзана гэвэл би гэр рүүгээ дагуулж ороод хүүхэдтэй нь уулзуулах боломжтой байсан.

Гэтэл дандаа согтуу үедээ утсаар залгаж, үг хэлээр дарамталдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2020 оны 12 дугаар сард би хүүтэйгээ уулзаж, 1 хоног авч хоноод ирье гэсэн боловч “аав нь өгч явуулж болохгүй” гэсэн гээд хадам ээж өгөөгүй. Тухайн үед Ц.Б Улаанбаатар хотод байсан. Ц.Б миний толгойг цохиж хагалснаас хойш хамт амьдрахаас айдаг болсон.

Хүүг 1 нас 8 сартай байх үед нь Ц.Б-ын  аавын гэрт авч ирэхэд сульдаатай хүүхэд байсан мэтээр ярьж байна. Тухайн үед 1 нас 8 сартай хүү маань ханцуйгаа хойш хийгээд гараа угаадаг,  коршонк дээр сууж сурсан байсан.

Би сүрьеэ өвчний хүндрэлтэй, уушиг усжилттай байсан учир 1 нас 8 сартай хүүгээ Ц.Б-ын  аавын гэрт хүргэж өгсөн. Ийм нөхцөл байдалтай байсан талаараа Ц.Бд тайлбарлаж хэлээгүй. Эмчилгээгээ дуусгаад 2020 оны 12 дугаар сард Ц.Б-ын  аавын гэрт очиж хүүгээ авах гэсэн боловч хүүг минь өгөөгүй. Хүүхдийн байгууллагаар явж хүүгээ авах гэтэл,  энэ хүмүүс намайг хүүхдийн төрсөн ээж нь биш гэж хэлээд надад хүүг минь өгөөгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт цугларсан нотлох баримт болон нөхцөл байдалд үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр О.Б, Ц.Б нарын гэрлэлт цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн. О.Б сүрьеэ өвчний хүндрэлтэй уушиг усжилттай байсан учир 1 нас 8 сартай хүүгээ Ц.Б-ын  аавын гэрт хүргэж өгсөн байсан.

Ийм нөхцөл байдалтай байсан талаараа Ц.Бд тайлбарлаж хэлээгүй ба эмчилгээгээ дуусгаад 2020 оны 12 дугаар сард хүүгээ авахаар очсон боловч Ц.Б-ын  ээж нь “ та хоёр нэг гэрт орж амьдарвал би хүүг чинь өгнө” гэсэн шаардлага тавьсан талаар тайлбартаа тодорхой дурдсан. Энэ хугацаанд О.Бын зүгээс хүүхэдтэйгээ уулзахаар очихдоо хүүгийнхээ сонирхдог зүйлсийг авч очсон талаарх зургийг дарж баримтжуулсан байдаг. Ингэхдээ хүүтэйгээ уулзаж хамт байх зорилгоор Увс аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүсэлт гаргаж, хариуцлагын гэрээгээр хүүг 7 хоногоор авах гэсэн боловч хүүхдийг өгөөгүй талаараа илэрхийлсэн. Ц.Баттулгыг архи ууж явахыг уучилж болох боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг нь уучилж чадахгүй байгаа талаараа хэлж байсан. О.Бын зүгээс хүүхдээ бодоод эвлэрэх боломж байгаа болов уу гээд эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Ц.Б ирж уулзаагүй ба эвлэрэх оролдлого хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон .  

Хариуцагч талын “Хүү нь ээжийгээ сайн танихгүй, аавдаа дассан хүүхдийг эх нь асран хамгаалж чадахгүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нийцэхгүй байгаа учир Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ц.Бд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай О.Бын үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,  хүүхдээ өөрийн асрамждаа авах тухай Ц.Б-ын  сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.  

Анхан шатны шүүх  хариуцагч Ц.Бас гэрлэлтээ цуцлуулж, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Ч-ийг өөрийн асрамжид авч, эцэг Ц.Бар тэжээн тэтгүүлэх тухай  нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хүү Б.Ч-ийг эх О.Бын асрамжид үлдээснийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.  

Нэхэмжлэгч О.Б, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Ч-ийг эхийн асрамжид үлдээн, эцэг Ц.Бар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэлээ.   

1. О.Б, Ц.Б нар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн  гэр бүл болж, тэдний дундаас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Чинзориг төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/-аар нотлогдсон.  

Нэхэмжлэгч О.Б нь гэр бүлийн гишүүдийн хоорондын таарамжгүй харилцаа болон нөхөр Ц.Б-ын  байнгын согтууруулах ундаа хэрэглэдэг, зодож хүчирхийлдэг байдлаас шалтгаалж, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй талаар нэхэмжлэл болон тайлбартаа дурдаж гэрлэлтээ цуцлуулахыг шаардсан байх бөгөөд тэрээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус  нотлогдсон байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч  эвлэрээгүй байх тул хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.2, 14.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

2. Нэхэмжлэгч О.Б хүү Б.Ч-ийг өөрийн асрамжид авч, эцэг Ц.Б-ар тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч Ц.Б эс зөвшөөрч хүү Б.Ч-ийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцоогүй байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Ч-ийг төрүүлсэн эх О.Бын асрамжид үлдээж, эцэг Ц.Бар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн   14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг  зөрчөөгүй байна.

Хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах журмаар гаргасан : “Эхнэр О.Б нь хүү Чинзоригийг 1 сар 5 хоногтой байхад нь Ц.Б-ын  гэрт авч ирж өгч байсан. Мөн 1 нас дөнгөж өнгөрч байхад бас гэрт нь авч ирж өгсөн бөгөөд хүүгийн гэдэс нь өвдсөн, сульдаатай ирснийг аа  в Ц.Б нь хоёр ч удаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт авч хэвтэн эмчлүүлсэн байдаг. Тэр үед өөрөө сураггүй алга болсон. Хүү Б.Чинзориг нь одоо 3 настай, ээжийгээ танихгүй. О.Б нь хүү Чинзоригийг бага байхад нь авч ирж өгчихөөд одоо том болоод асаргаанаас гарахад авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдээ бага байхад нь бараг эргэж ирдэггүй байсан гэдэг. Сүүлийн үед хааяа нэг эргэж тойрч ирдэг болсон. Тэгэхдээ хүү нь ээжийгээ огт таньдаггүй, зугтдаг гэсэн. Ц.Б нь хүү Б.Ч-ийг 1 нас өнгөрч байхаас 3 нас хүртэл эрүүл саруул өсгөн бойжуулж асран хамгаалж тэжээн тэтгэж ирсэн байдаг.

О.Б нь хүүхдийнхээ мөнгийг хүртэл одоо болтол өгөөгүй. Иймд хүү Чинзоригийг нь эцэг Ц.Б-ын  асрамжинд үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү"  гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэрлэгчид 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Чинзоригийг төрснөөс хойш  өөрсдийн гэрт хамт амьдраагүй боловч Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт хүүтэйгээ 3-лаа хамт амьдарч, ажиллаж байсан, 2020 оны 4 сараас хойш хүү нь эцэг Ц.Бтай хамт амьдарч байгаа, О.Б нь 2020 оны 12 дугаар сард хүүгээ өөр дээрээ авах талаар нөхөр Ц.Бд хэлж байсан, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор шүүхэд 2021 оны 5 дугаар сард нэхэмжлэлээ гаргасан зэрэг хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч О.Быг хүүгээ 3 нас хүртэл огт асарч байгаагүй, өөрийн асрамжид авах санаачлага гаргаагүй, асрахаас зайлхийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч нь “би 2020 оны 5 дугаар сард уушиг усжилттай гэх шалтгаанаар нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт эмчлүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед манай дүү нар хот явсан, 2 бага дүү хөдөө явсан байсан, манай ээжийн зүрх өвддөг учир бага насны хүүхдийг ганцаараа харах боломжгүй байсан учраас би хүүгээ аваад хадам аавын гэрт очиж “намайг эмнэлэгт эмчлүүлээд гартал миний хүүг хараад өгөөч” гэж гуйгаад гэрт нь түр үлдээсэн юм.

Би 1 сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул хүүгээ эргэж тойрч байгаад 12 дугаар сард эмчилгээ дууссаны дараа хүүгээ өөр дээрээ авах талаар ярихад  “чи хаяж явсан, одоо чамд өгөхгүй гэж хэлээд надад хүүг минь өгөөгүй” гэж тайлбарласан байх бөгөөд тэрээр өвчний улмаас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эмчилгээтэй байсан нь хэрэгт авагдсан Мөнхбишрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 6 сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдсон байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр гэрлэгчид хүүхдээ асрамждаа авах тохиолдолд тэд хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, боловсролд анхаарал, халамж тавьж чадах эсэх, хүүхэд ая тухтай, амар тайван өсөж бойжих орчин, ахуй нөхцлийг бүрдүүлсэн эсэх, хүүхэд, эцэг, эхийн хоорондын харьцааны байдал, тухайн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл байгаа эсэх, аливаа гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс хүүхдээ хамгаалах арга хэмжээ авах чадвартай эсэхийг тогтоолгох зорилгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь хэрэг/ хх-ийн 119-123/-т авагдсан байна. Дээрх  дүгнэлтээр гэрлэгчдийн хэн аль нь ч хүүхдээ өсгөх, асрамждаа байлгах боломжтой талаар дүгнэсэн байх ба хүүхдийн насны байдлыг харгалзан хүү Б.Ч-ийг эхийн асрамжид үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Ч-ийг эх О.Бын асрамжид үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа  хариуцагч Ц.Б-ын  “ хүү Б.Ч-ийг өөрийн асрамжид авахыг хүссэн” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөх боломжтой  байна.

 Давж заалдах шатны шүүхээс хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 430 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар гэрлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Ч-ийг эх О.Б-ын асрамжид үлдээж, хариуцагч Ц.Б-ын  “хүү Б.Ч-ийг өөрийн асрамжид авах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.МӨНХЖАРГАЛ

 

 ШҮҮГЧИД                                     Н.ТУЯА

 

                                                                                     Л.АЛТАН